Олимпийн наадмын сүүлчийн өдөр Монголын хоёр боксчин хүчээ үзлээ. МОНГОЛ УЛС Олимпийн наадамд чансаагаараа 30-р байранд орлоо. Хүн амын тоогоо олимпийн наадмаас авсан медалийн тоотой харьцуулах юм бол энэ чинь өндөр амжилт шүү. Монголын боксчид анх удаа алтан медал авлаа. Монголын төрийн дуулал Бээжинд хоёр дахь удаагаа эгшиглэлээ.
Э.Бадар-Ууган эх орондоо хоёр дахь алтан медалийг авчирлаа
Бээжингийн олимпийн наадмын боксын 54 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган олимпийн аваргын төлөөх тоглолтод Пан Америкийн аваргын хүрэл медальт, Кубын боксчин Янкиел Леон Аларконтой тулалдаж, алтан медалийн болзол хангалаа.
Манай тамирчин нэгдүгээр үеийн тоглолтод 4:1 харьцаагаар тоглолтыг тэргүүлсэн бол дараагийн тойргийн тоглолт 4:4 харьцаагаар тэнцсэн. Харин гуравдугаар тойргийн тоглолтыг манай тамирчин илт давуу үргэлжлүүлж, 4:0 харьцаагаар дуусгасан бол төгсөлийн раундад мөн 4:0 харьцаагаар ялж, нийт 14:5 оноогоор манай тамирчин өрсөлдөгчөө илт давуу ялж, олимпийн наадмын аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын тамирчин Бээжингийн олимпийн наадмаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт гаргалаа.
Сэрдамба бэртлийн улмаас тоглолтоо дуусгаж, олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
Бээжингийн олимпийн наадмын боксын 48 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаан өндөрлөлөө. Энэ жинд манай тамирчин ОУХМ П.Сэрдамба Хятадын тамирчин Зоу Шиминтэй өрсөлдөж, мөрний гэмтлийн улмаас эхний раундын дараа эмчийн магадлагаагаар тэмцээнийг орхисноор Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин олимпийн наадмын өмнө баруун мөрөндөө гэмтэл авсны улмаас сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм. Ийнхүү манай тамирчин, боксын ОУХМ П.Сэрдамба Монголын түүхэнд анх удаа олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн боксчин боллоо.