1 сарын 9 - хар өдөр
1 сарын 10 - яах учираа олохгүй бухимдсан өдөр. Бямба гарагт тэгэс ингэс гээд гэр зуураа л өнжсөн.
1 сарын 11. үмхий өөдгүй юмнуудаас болж би хямраад байх нь утгагүй гэдэг шийдэлд хүрлээ. Хэн нэгэн үл бүтэх этгээдийн өмнөөс би уймараад яах вэ дээ. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үлгэрийн баатар нь болж хэрхэвч болохгүй гэж өөртөө хэллээ. Хувцасны шүүгээний мухар эвхээд хийчихсэн, бараг өмсдөггүй жинсэн өмдийг гаргаж өмслөө. Ер нь бол би жинс бараг өмсдөггүй юм. За тэгээд хаяа л өмсдөг хувцасаа гаргаж өмслөө. Гэрээсээ гарлаа. Гадаа хүйтэн. Сэтгэл дотор минь түүнээс ч дутахааргүй жавартай байлаа. Яг үнэндээ надад одоо хаачих вэ? гэсэн бодол эргэлдэж байсан. За тэгээд ёстой үлгэрт гардаг шиг хандсан зүг рүүгээ алхлаа.
Нэг мэдсэн чинь би явсаар байгаад "Интерном" дэлгүүрийн гадаа ирсэн байлаа. Эргэлзэж бодолгүйгээр хаалгыг нь татаж, босгоор нь давлаа. Номын дэлгүүр ороод элдэв янзийн баахан ном үзлээ. Эхлээд мэргэжлийнхээ номыг харав. Дараа нь хоббидоо хөтлөгдөөд олон улсын харилцааны ганц хоёр ном сонирхов. Цаашлаад түүх, тэгээд уран зохиолын номын тасаг руу чиглэв. Эрээн мяраан хавтастай ном шагайгаад байсан чинь ухаан бодолыг минь шал өөр зүйл эзэмдлээ. Өнөөх хар энергитэй муухай явдал ч түр зуурхан мартагдлаа. Мэргэлжлийн чиглэлээр гарсан нэг шинэ номыг сонголоо. Дараа нь Л.Өлзийтөгсийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд" номыг авлаа.
Шинэ жилийн өмнөхөн их дэлгүүрийн номын тасагт орохдоо "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-ыг авах гэж байснаа яагаад ч юм бэ болиж оронд нь АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райсын тухай "Конди" гэдэг номыг худалдаж авч байлаа...
Интерном дэлгүүрийн хоёр дугаар давхарт нь гарлаа. Нэг хэсэг засвартай байсан юм. Ашгүй засвар нь дууссан байна лээ. Гадаад хэлний сурах бичгийн дэргэдүүр шулуухан өнгөрч уран зохиолын номын тасаг руу зүглэв. Яруу найрагч О.Дашбалбар агсаны амьдрал уран бүтээлийн тухай шин ном гарсан байна лээ. Гэхдээ энэ номыг дараагийн удаа номын дэлгүүрийг дайлаар мордохдоо худалдан авахаар тоочиглосон. Тэгээд цааш нь алхлаа. Гадаадын уран зохиолын номын тасаг дээр өрсөн номноос Оскар УАЙЛЬД гэдэг нэр шууд л нүдэнд туслаа. Түүний бичсэн "ДОРИАН ГРЕЙН ХӨРӨГ" гэдэг роман монгол хэлээр орчуулагдсан байна. Эргэлзэх юмгүй сонголоо. Яагаад гэдэгийг нь дараа тайлбарлана аа.
Эцэс сүүлд нь би орос номын тасаг руу ёс юм шиг ордогийн. Санкт-Петербугийн "АЗБУКА КЛАССИКА" хэвлэлийн газраас гаргадаг цуврал романуудыг ашгүй Монголд оруулж ирээд зардаг болчижээ. Бөөн баяр. Хамгийн гол нь үнэ нь бараг л Москвагийн дэлгүүрт зардаг жижиглэнгийн үнээрээ байсан. Английн зохиолч Мюриэл Спаркийн "Девушки со скромными средствами" романыг сонголоо.
Шоконд ороод гарсаны дараах эхний өдөр нэг иймэрхүү.
PS: Амьдралд зөндөө л юм тохиолдож л таараа. Тэр болгонд сэтгэлээ чилээж , өөрийгөө хямраад байх юм бол... Одоо бол сэтгэл санаа дажгүй байна аа. (-;