Амьдралын тойрог

2009-01-12

ПОСТ СТРЕСС буюу стрессийн дараах амьдрал

Сүүлийн хэдэн өдөр юу болоод өнгөрөв өө?
1 сарын 9 - хар өдөр
1 сарын 10 - яах учираа олохгүй бухимдсан өдөр. Бямба гарагт тэгэс ингэс гээд гэр зуураа л өнжсөн.
1 сарын 11. үмхий өөдгүй юмнуудаас болж би хямраад байх нь утгагүй гэдэг шийдэлд хүрлээ. Хэн нэгэн үл бүтэх этгээдийн өмнөөс би уймараад яах вэ дээ. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үлгэрийн баатар нь болж хэрхэвч болохгүй гэж өөртөө хэллээ. Хувцасны шүүгээний мухар эвхээд хийчихсэн, бараг өмсдөггүй жинсэн өмдийг гаргаж өмслөө. Ер нь бол би жинс бараг өмсдөггүй юм. За тэгээд хаяа л өмсдөг хувцасаа гаргаж өмслөө. Гэрээсээ гарлаа. Гадаа хүйтэн. Сэтгэл дотор минь түүнээс ч дутахааргүй жавартай байлаа. Яг үнэндээ надад одоо хаачих вэ? гэсэн бодол эргэлдэж байсан. За тэгээд ёстой үлгэрт гардаг шиг хандсан зүг рүүгээ алхлаа.

Нэг мэдсэн чинь би явсаар байгаад "Интерном" дэлгүүрийн гадаа ирсэн байлаа. Эргэлзэж бодолгүйгээр хаалгыг нь татаж, босгоор нь давлаа. Номын дэлгүүр ороод элдэв янзийн баахан ном үзлээ. Эхлээд мэргэжлийнхээ номыг харав. Дараа нь хоббидоо хөтлөгдөөд олон улсын харилцааны ганц хоёр ном сонирхов. Цаашлаад түүх, тэгээд уран зохиолын номын тасаг руу чиглэв. Эрээн мяраан хавтастай ном шагайгаад байсан чинь ухаан бодолыг минь шал өөр зүйл эзэмдлээ. Өнөөх хар энергитэй муухай явдал ч түр зуурхан мартагдлаа. Мэргэлжлийн чиглэлээр гарсан нэг шинэ номыг сонголоо. Дараа нь Л.Өлзийтөгсийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд" номыг авлаа.

Шинэ жилийн өмнөхөн их дэлгүүрийн номын тасагт орохдоо "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-ыг авах гэж байснаа яагаад ч юм бэ болиж оронд нь АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райсын тухай "Конди" гэдэг номыг худалдаж авч байлаа...

Интерном дэлгүүрийн хоёр дугаар давхарт нь гарлаа. Нэг хэсэг засвартай байсан юм. Ашгүй засвар нь дууссан байна лээ. Гадаад хэлний сурах бичгийн дэргэдүүр шулуухан өнгөрч уран зохиолын номын тасаг руу зүглэв. Яруу найрагч О.Дашбалбар агсаны амьдрал уран бүтээлийн тухай шин ном гарсан байна лээ. Гэхдээ энэ номыг дараагийн удаа номын дэлгүүрийг дайлаар мордохдоо худалдан авахаар тоочиглосон. Тэгээд цааш нь алхлаа. Гадаадын уран зохиолын номын тасаг дээр өрсөн номноос Оскар УАЙЛЬД гэдэг нэр шууд л нүдэнд туслаа. Түүний бичсэн "ДОРИАН ГРЕЙН ХӨРӨГ" гэдэг роман монгол хэлээр орчуулагдсан байна. Эргэлзэх юмгүй сонголоо. Яагаад гэдэгийг нь дараа тайлбарлана аа.























Эцэс сүүлд нь би орос номын тасаг руу ёс юм шиг ордогийн. Санкт-Петербугийн "АЗБУКА КЛАССИКА" хэвлэлийн газраас гаргадаг цуврал романуудыг ашгүй Монголд оруулж ирээд зардаг болчижээ.
Бөөн баяр. Хамгийн гол нь үнэ нь бараг л Москвагийн дэлгүүрт зардаг жижиглэнгийн үнээрээ байсан. Английн зохиолч Мюриэл Спаркийн "Девушки со скромными средствами" романыг сонголоо.
Энэ зохиолчын номыг огт уншиж байгаагүй юм. Номын нэр нь сонирхол татсан юм. Орос номын тасагт өөр юу байгааг нь сонижиж хэсэг зогсов. Оюутан байхаасаа эхлээд цуглуулдаг байсан "100 шилдэг" гэдэг цуврал боть номыг бас энд аваад ирж. Дараагийн удаа ирэхээрээ өөрийн болгоно доо гэж төлөвлөгөөндөө оруулчихлаа. Би өчигдөр номын дэлгүүрт ороод хичнээн ч удсан юм бүү мэд. Нэг мэдсэн чинь одоо хаах дөхөж байна шүү гэж надад санууллаа. Хэрвээ дэлгүүр хаах болоогүй байсан бол би ч тэндээс гарахгүй удах байсаан. Дэлгүүрээс гараад ууттай номоо гартаа бариад ирсэн замаараа буцаад гэлдэрлээ. Хотын төвийн гудамжаар алхаж байтал нэг эмэгтэй цурхиртал уйлаад миний өөдөөс алхаж байна. Түүнийг хараад би "энэ орчлон дээрээ надаас өөр зовж, шаналж, стресст орчихсон хүн байгаа л юм байна. Магадгүй энэ хүнд тулгарсан проблем минийхээс ч илүү аймшигтай юм билүү" гэж бодсон. Орой гэртээ ирэхэд миний сэтгэл санаа арай л дээр дээр болчихсон байлаа. Сүүлийн хоёр хоног би гэрийнхэнтэйгээ бараг яриагүй юм. Манай гэр бүлийнхэн надад тохиолдсон проблемийг ерөнхийд нь мэдсэн боловч би дэлгэрэнгүй яриагүй байсан юм. Ярихыг хүсээгүйдээ биш, харин надад дахиад энэ тухай эхнээс авахуулаад дуустал нь ярих хэцүү байсан хэрэг. Харин би өчигдөр ам нээж ярилаа. Тэгээд хамгийн их дурлаж авсан "ДОРИАН ГРЕЙН ХӨРӨГ" романыг амтархан уншлаа.
Шоконд ороод гарсаны дараах эхний өдөр нэг иймэрхүү.
PS: Амьдралд зөндөө л юм тохиолдож л таараа. Тэр болгонд сэтгэлээ чилээж , өөрийгөө хямраад байх юм бол...
Одоо бол сэтгэл санаа дажгүй байна аа. (-;

2009-01-10

Тэнгэр шиг байхыг надаас шаардаж байна уу?


О.Дашбалбар: Тэнгэр шиг бай


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч,

Тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч,

Тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Амьдрал намайг аймаар том сорилтонд оруулж байх шиг ээ. Ажил төрөлтэй холбоотой проблем гарсан шүү. Гай газар дороос гэдэг дээ. Гэхдээ проблем нь надаас огт шалтгаалаагүй. Муу хүмүүсийн хийсэн муухай үйлдэлээс болж би ажил дээрээ аймаар стресст орж байна аа. Эхлээд шоконд орлоо. Бухимдлаа. Үүссэн нөхцөл байдлыг бодож үзлээ. Харин одоо жаахан тайвширч, сэхээ авахтайгаа болж байна. Бусадын буруутай үйлдэл гэдийг нь мэдэж байгаа манай ажлын газрын Дарга цэрэггүй л бүгдээрээ "Чи юундаа санаа зовсон юм бэ? Иймэрхүү юм өмнө нь ч болж байсан. Зүгээр" гээд л намайг тайтгаруулж л байна. Гэхдээ л миний хувьд амьдралд минь тохиолдож байгаа анхны хамгийн том цохилт болж байна. Сая хуучин хамт ажиллаж байсан нэг бүсгүйн блогт орсон чинь яруу найрагч Дашбалбарын "Тэнгэр шиг бай" гэдэг энэ шүлэг байна. Уншаад үзлээ. Яг хүнд байдал орчихсон байгаа над шиг хүмүүст зориулсан л шүлэг юм шиг санагдлаа. Бодож байгаа юмаа блог дээрээ бичээд орхичихоор бас сэтгэл санаа жаахан ч гайгүй болж байна аа. Ингэхэд энэ муухай стресс гээч юмнаас яаж хурдан салах вэ? Журамын анд найзууд блогчид минь арга чарга байвал сэтгэл харамгүй хэлээрэй.

2009-01-07

Үйлийн үр буюу алаг дэлхийд төрсөн минь учиртай.

Нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гэж сайхан шүлэг бий. Хүн бүр энэ орчлонд ямар нэгэн зүйлийг хийж бүтээх гэж л ирдэг гэж би сүүлийн үед дотороо бодоод байх боллоо. Хэрвээ энэ философи үзэлээ цааш нь үргэлжлүүлээд бодох юм бол би ямар “Mission” –той вэ? Би өөрийнхөө төлөө юу хийв? Бас хажууд байгаа хүмүүс, энэ амьдарч байгаа нийгмийнхээ сайн сайханы төлөө юу хийж чадах вэ гэж бодлоо. Хилийн чанадад явж байхад хүмүүс “Танд юугаар туслах вэ?” гэж асуудаг сан. Бараг л жижүүрийн гэж хэлж болохоор энэ асуулт дотор хүний төлөө гэсэн сэтгэл ханхлаад байх шиг санагддаг юм. Гэхдээ тусламж гэдэг зүйл гадаадын хүмүүсийн сэтгэхүйд огт өөрөөр буудаг л даа. Би танд зөвлөгөө өгч л туслаж чадна гэдэг. Оюутан байхдаа нэг гадаад найзааасаа хичээлээ асуутал “чи энэ номыг уншаад үзээрэй. Би өмнө нь уншсан. Гэхдээ чи өөрийнхөөрөө ойлгосон нь дээр байх. Энэ номын талаар би чамд ярьж өгөхдөө буруу зөрүү ойлголт өгчих вий гэж болгоомжилж байна” гэж эелдэгхэн хэлж билээ. Энэ насандаа тоост хорвоогийн шороог хөдөлгөж бусадаас илүү биш ч, бас хүний доор орохооргүй энэ зэрэгтэй амьдарч байгаа минь юутай холбоотой вэ? Өнөөдөр миний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүхэн надад эргээд арав, хорь, магадгүй дөчин жилийн дараа нөлөөлж л таарна. Ингээд бодохоор буддын шашинд байдаг “үйлийн үр” гэдэг ойлголт руу л гарцаагүй холбогдоод байгаа юм. Уг нь би аль нэг шашинд мухараар сүсэглээд байдаггүй л дээ. Гэхдээ энэ удаа “үйлийн үр” гэдэг зүйлтэй санал нэг байна.“Бусдын төлөө зориулсан амьдрал хамгийн утга учиртай” гэж нэг хүн хэлсэн байдаг. Бүхэл амьдралаа бусдын төлөө зориулна гэж амлахгүй ч бусдын аз жаргалын төлөө өчүүхэн ч гэсэн сайн зүйл хийх юм сан гэж бодож байна. Одоо энэ бодолоо цаг алдахгүй ажил хэрэг болгоно оо.


Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Аавын гэрийн амар тайвныг эвдээд би

Ачит эхээ арван сар зовоосны эцэст

Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад

Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст

Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Адуу манаж дассан атархан тал нутагтаа

Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад

Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай

Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож

Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг

Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би

Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж

Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж

Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай