Амьдралын тойрог

2013-03-20

Өөрийгөө ялан дийлэх нь

Сүүлийн 7 хоногт өөрөө өөрийгөө ялан дийлэх тал дээр гайхалтай бахдам амжилт гаргаж байна. Бусад хүний хувьд бол миний энэ ялалт гээд нэрлээд байгаа зүйл нь чигчий хурууны хумсын дайтай л өчүүхэн юм байгаа л даа. Гэхдээ л хүн өөрийгөө удирдан жолоодож, биеэ барьж чадаж байна гэдэг тухайн хүндээ л том амжилт байлгүй яахав дээ. За жишээ нь дунд сургуулийн нэг сурагч PC тоглоомын газар орж цаг үрдэг байж гэж саная. Ганц удаа өөртөө үгүй гэж хэлээд шууд гэртээ харьж чадвал энэ нь түүний хувьд бол том л амжилт байх. Эсвэл архи уух дуртай хэн нэгэн хүн "энэ удаа би найр цэнгээн очихдоо гашуун юм уухгүй ээ" гэж өөртөө хэлээд, хэлсэн амандаа хүрч чадаж байвал тэр хүн бас яахаа алдсан арчаагүй хүн биш л гэсэн үг. За иймэрхүү жишээ олныг санаанаасаа ургуулж бичээд байж болох л юм байна. MNED гуай иймэрхүү байдлаар өөрийгөө ялан дийлж байна. /дээр дурьдсан хоёр жишээ надтай огт холбоогүй гэдгийг анхаарна уу./
Ер нь сүүлийн жилүүдэд хаа сайгүй элдэв янзийн хориг их болж байна аа. Жишээ нь тамхи хамаагүй татаж болохгүй гэсэн хориг. Энэ хориг надад тун их таалагдаж байгаа. Угаасаа тамхи татдаггүй болохоор хориг надад үйлчлэхгүй. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийг өрөвдөх сэтгэл төрөөд байгаа юм. Эрүүл саруул ухаанаар сэтгэсэн бол эхлээд тамхи татаж болох газрыг нь зааж өгөөд, дараа нь тамхи татаж болохгүй газруудыг нь нэрлэх ёстой байсан ч юм шиг. 
Хараалын үгийг олон нийтийн харилцааны хэрэгслээр хэрэглэхийг хориглох тухай шуугиан одоо өрнөөд, хүчээ авч байна. Би ч гэсэн энэ талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Хараалын үгийг олон нийтийн харилцааны хэрэгсэлээр бичиж, тараах нь уг нь буруу л даа. Гэтэл үүнийг эсэргүүцэгчид бас байх юм. Үг хэлэх эрх чөлөөг боогдуулж байна гэх ухааны үг унагасан байна лээ. Тамхины хоригийн дэргэд уг нь хараалын үгний хориг зарчимын хувьд тун зөв юм. Элдэв дээдийн хараалын үг бие биендээ хэлж байснаас сайн сайхан найрсаг үг ярилцаж байвал орчин тойрондоо эерэг энерги үүсгээд, сэтгэл санаа дээшлээд сайхан л юм. Даанч хараалын үг бичих, хэлэхээ болихгүй гэж зүтгээд байгаа нь их гайхмаар сонин байгаа биз.  Энэ хүмүүс өөрийгөө ялан дийлэх чадвартай бол уу?

2013-03-09

Бүтэн биений массаж

Ажилдаа тун эрч хүчтэй орлоо. Аян замын алжаал ядаргаанаасаа гарч чадалгүй шууд ажилдаа орох чинь аймшигтай юм байна. Та шууд ажилдаа орж байгаа юм уу? Жаахан амрахгүй дээ гэж намайг өрөвдсөн хүмүүс ч мэр сэр байна. Монголд ирсэн эхний 7 хоногт ч жингүйдлийн байдалтай л байлаа.  Түрүүчийн 7 хоногт их сургуулийн нэг найзын аав нь бурханы оронд одсон тухай FACEBOOK-ийн группээр олж мэдэв. Оюутан ахуй цагтаа нэг тогооноос хооллож байсан найздаа хэцүү үе тохиолдох үед нь туслалгүй яахав ээ. FACEBOOK-р найзуудтайгаа холбогдож байгаад буяны ажилд хэрэглэхэд нь нэмэр болоё гэж бодоод дансаар мөнгө шилжүүлэхээр шийдэв.  Амралтын өдрүүд тохиосон тул банк ажиллахгүй. За тэгээд ажлын өдөр эхлэхээр нь банкинд очиж данс руу нь мөнгө шилжүүлснээр сэтгэл амарлаа.
Дараа нь ажлын газраас зохион байгуулсан нэг хуралд суув. Зүү орох зайгүй олон хүн цугларсан бүгчим танхимд бүтэн 4 цаг сууна гэдэг тун яггүй. За ингээд ямар ч завсарлагагүй хуралд удаан суусны гор нь гарч хүзүү мөр хөшиж, толгой өвдөж зовоолоо. Аргаа бараад бариач илээж дээр очиж бүтэн биений массаж хийлгэв. Нийтдээ 5 удаа бүтэн биений массаж хийлгэнэ. Бүтэн биений массаж хийж өгч байгаа хүний жаахан магтая. Төрөлхийн хараагүй, японд очиж бариа заслын мэргэжил эзэмшсэн хүнээр массаж хийлгэж байгаа юм. Ер нь бодоод байхад Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрах орчин тун тааруухан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүү хэл, энх тунх хүн амьдрах аюулгүй орчин ч УБ хотод бага байна даа. Хэрвээ харааны бэрхшээлтэй хүнтэй таарвал туслаж байгаарай. Орчлонг хардаггүй сохор хүн авто зам хөндлөн гарах гэж байвал би хичнээн яарч байсан ч тусладаг.

2013-03-01

Гэртээ

Гэртээ ирээд 6 хонов. Сайхан байна.