Амьдралын тойрог

2014-06-30

Бөгс өвдөөд байна шд

Бяцхан оршил
Нартай, бороотой, бас хаяа мөндөртэй энэ сайхан зуны мэнд хүргэе. Амьдралаа сонирхолтой болгочих гээд янз бүрээр л хичээж байна. Ер нь хүн өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ гэдэг их үнэн үг шүү.  (бага зэрэг философи)

Үндсэн хэсэг
Ээлжийн амралтаа авлаа. Ер ажилтай холбоотой янз бүрийн стрессийг таягдаж хаяад, хүссэн юмаа хийж цаг нөгцөөж, амьдралын баяр баясгаланг мэдрэх гээд л үзээд байна. Усанд сэлж байгаагаа өмнө нь бичиж байсан даа. Бассейн ороод анх дун сэлэлтээр сэлдэг байлаа. (Энэ бол миний ойр дотны нэг хүний хэлсэн нэр томъёо. Надад тун их таалагдсан. Гэхдээ дун сэлэлт гэж усан спортод бол байхгүй л дээ.) Дун сэлэлтээр мэлхий сэлэлт рүү шилжсэн. Овоо гайгүй эв дүйтэй болсон тул одоо гараар даллаж сэлж сурч байгаа. Усанд сэлнэ гэдэг яах аргагүй миний нэг хобби болчихлоо шүү. 


За одоо гарчигтай холбоотой асуудал бичнээ. Бөгс өвдөөд байна гэх мэтээр эрос гарчиг өгөхөөр уншигчид сонирхоод уншдаг л юм даа. Тоглоом ч үгүй нээрээ бөгс өвдөөд байна аа. Өнөөдөр үндэсний соёл амралтын хүрээлэн орж дугуй уналаа. Би ер нь унадаг дугуйн дээр мордоогүй 24 жил болсон юм байна. Одоо ч миний дугуй унаж чаддаг гэж юу байхав дээ гэх ухааны юм бодоод байсан юм. Гэхдээ дугуй унаад л салхи татуулаад явах сайхан даа гэж бодохоор л дотор хор шар буцлаад л... Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж дугуйн прокатын үйлчлүүлэгч нь боллоо. Нэг цагийн турш дугуй прокатаар унахад 7000 төгрөг гэдэг юм байна. За бичиг баримтаа барьцаанд нь үлдээж байгаад нэг дугуй авчихлаа. Дээр нь мордоод л тэнцвэрээ олох гэж хэсэг мунгиналаа. Дугуйнаасаа ойчсон, онхолдсон, тохой бугуйгаа шалбалсан.  Шилбэний арьсаа зулгартал нь унаж цусаа гоожууллаа.  Хүнтэй мөргөлдөж, хүүхэд дайрахаа шахлаа.  Товчхондоо бол бөөн будлиан тарих шахаад дугуй бид хоёр учир зүйгээ олсон. Сүүлдээ урамшаад салхи татуулан хурдлаж жийлээ. Дугуй унаад салхи татуулаад явах амьдралын бас нэгэн өчүүхэн кайф шүү.  Харин одоо гэртээ ирсэн чинь бөгс өвдөөд л байна. Маргааш өглөө сэрэхэд бөгс гэлтгүй, гуяа, шилбэ хөндүүр орох байх даа. 

2014-06-04

Цирк цирк





Монголд ирсэн Оросын циркийн тоглолт үзлээ. Хүүхэд насандаа эргээд очсон юм шиг л сайхан санагдав.

2014-05-03

Би Эдит Пиаф байна

Эдит Пиаф  гэдэг нэрийг өмнө нь сонсож л байсан биз дээ? Дэлхийн урлагийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж чадсан франц дуучин шүү дээ. Зарим хүмүүс түүнийг Эдита Пьеха гэх өөр нэг дуучинтай андуурдаг. Дуудлага нь төстэй тул гярхай бус хүмүүс эндүүрч төөрөлдөх нь энүүхэнд.
Эдит Пиафийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн моно драма Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдлоо. Моно драмам буюу ганц хүний жүжгийн уралдаан ч гадаад болдог юм байна. Ганц хүний жүжиг нь дүр бүтээж байгаа жүжигчинээс нөр их авъяас, хөдөлмөр, бас тэвчээр шаарддаг. Бүтэн цагийн турш тайзыг ганцаараа эзэгнэж, уйлж, инээж, баярлаж, гуниглаж, дуулж, бүжиглэнэ гэдэг амаргүй. Гэхдээ энэ хэцүү сорилтыг УДЭТ-ийн жүжигчин Ц.Баясгалан ажрахгүй давжээ. Түүний тоглолтын ур чадварыг гадаадын урлаг судлаачид ч өндөр үнэлжээ. Косовод болсон моно драмын уралдаанд Ц.Баясгалан "Би Эдит Пиаф байна" жүжгээрээ оролцож гранпри шагнал хүртсэн юм байна. Ингээд эх орныхоо тайзан дээр Ц.Баясгалан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлээ. 


Эдит Пиаф гэж түмэнд танигдсан боловч жинхэнэ нэрийг нь Эдит Жованна Гассьон гэдэг. 1915 оны 12-р сарын 19-нд Францын Парис хотод төржээ. Түүний хүүхэд нас тун ээдрээтэй байсан гэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны гал дүрэлзэж байхад төрсөн энэ охиныг эмээ нь өсгөж, хүмүүжүүлжээ. Хүмүүжүүлэх ч гэж дээ. Хүний бараа болж харагдахаас цаашгүй байж. Эмээ нь буурчийн газар ажиллуулдаг байв. Ажлаа хийхийн тулд нярай охинг нам унтуулах хэрэгтэй байдаг. Ингээд сүү, вино холиод угждаг байж. Сүүтэй вино уусан нярай хүүхэд "кадр" тасрах нь гарцаагүй биз дээ. Эдит Пиаф 3 настай байхад нь түүнийг сохор гэдгийг мэджээ. 1919 онд түүнийг Тереза эхтэй уулзуулав. Уулзалтаас хойш хэдэн өдрийн дараа Эдит охин хараа орсон гэдэг. Охин 6 нас хүрээд аавтайгаа хамт амьдрах болов. Гудамж талбайд янз бүрийн үзүүлбэр үзүүлдэг болов. Ингэснээр урлагийн ертөнцөд хөл тавив.  
1932 онд Эдит Пиаф анхны хайртайгаа учирч охин төрүүлэв. Гэвч анхны амьдрал нь бүтсэнгүй. Охин нь ч менингит тусаж энджээ. Эдит Пиафын амьдралд нэг бус нэлээн хэдэн эр хүн орон зай эзэлсэн гэдэг. 
Гэр бүлийн аз жаргалыг мэдэрч чадаагүй боловч Эдит Пиаф насныхаа эцэст сэтгэл хангалуун байсан гэсэн шүү. Тийм дээ ч "Би харамсаагүй" хэмээх энэ дууг дуулсан гэж байгаа. 



 1963 оны 10 сарын 11-нд алдарт дуучин амьсгал хурааж.  Түүнийг эцсийн замд нь үдэхэд 40 мянган хүн салах ёс гүйцэтгэхээр ирж байсан нь тухайн үеийн сонин хэвлэлийн хуудсанд бичигдэн үлджээ.