Бяцхан оршил
Нартай, бороотой, бас хаяа мөндөртэй энэ сайхан зуны мэнд хүргэе. Амьдралаа сонирхолтой болгочих гээд янз бүрээр л хичээж байна. Ер нь хүн өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ гэдэг их үнэн үг шүү. (бага зэрэг философи)
Үндсэн хэсэг
Ээлжийн амралтаа авлаа. Ер ажилтай холбоотой янз бүрийн стрессийг таягдаж хаяад, хүссэн юмаа хийж цаг нөгцөөж, амьдралын баяр баясгаланг мэдрэх гээд л үзээд байна. Усанд сэлж байгаагаа өмнө нь бичиж байсан даа. Бассейн ороод анх дун сэлэлтээр сэлдэг байлаа. (Энэ бол миний ойр дотны нэг хүний хэлсэн нэр томъёо. Надад тун их таалагдсан. Гэхдээ дун сэлэлт гэж усан спортод бол байхгүй л дээ.) Дун сэлэлтээр мэлхий сэлэлт рүү шилжсэн. Овоо гайгүй эв дүйтэй болсон тул одоо гараар даллаж сэлж сурч байгаа. Усанд сэлнэ гэдэг яах аргагүй миний нэг хобби болчихлоо шүү.
За одоо гарчигтай холбоотой асуудал бичнээ. Бөгс өвдөөд байна гэх мэтээр эрос гарчиг өгөхөөр уншигчид сонирхоод уншдаг л юм даа. Тоглоом ч үгүй нээрээ бөгс өвдөөд байна аа. Өнөөдөр үндэсний соёл амралтын хүрээлэн орж дугуй уналаа. Би ер нь унадаг дугуйн дээр мордоогүй 24 жил болсон юм байна. Одоо ч миний дугуй унаж чаддаг гэж юу байхав дээ гэх ухааны юм бодоод байсан юм. Гэхдээ дугуй унаад л салхи татуулаад явах сайхан даа гэж бодохоор л дотор хор шар буцлаад л... Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж дугуйн прокатын үйлчлүүлэгч нь боллоо. Нэг цагийн турш дугуй прокатаар унахад 7000 төгрөг гэдэг юм байна. За бичиг баримтаа барьцаанд нь үлдээж байгаад нэг дугуй авчихлаа. Дээр нь мордоод л тэнцвэрээ олох гэж хэсэг мунгиналаа. Дугуйнаасаа ойчсон, онхолдсон, тохой бугуйгаа шалбалсан. Шилбэний арьсаа зулгартал нь унаж цусаа гоожууллаа. Хүнтэй мөргөлдөж, хүүхэд дайрахаа шахлаа. Товчхондоо бол бөөн будлиан тарих шахаад дугуй бид хоёр учир зүйгээ олсон. Сүүлдээ урамшаад салхи татуулан хурдлаж жийлээ. Дугуй унаад салхи татуулаад явах амьдралын бас нэгэн өчүүхэн кайф шүү. Харин одоо гэртээ ирсэн чинь бөгс өвдөөд л байна. Маргааш өглөө сэрэхэд бөгс гэлтгүй, гуяа, шилбэ хөндүүр орох байх даа.






