Амьдралын тойрог

2025-01-29

2025 оны эхний аялал: Улаанбаатараас Хөх хот руу

2024 оныг сайхан үдэж, 2025 оны сайхан угтлаа. 2024 оныг эргээд бодоход, олон сайхан газраар аялсан, хувийн амьдралдаа шинэ амжилт гаргасан байна лээ. Шинэ он гармагц урд зүг рүү ганцаараа аялалд явна гэдэг төлөвлөгөөг 2024 оны 11 сард гаргасан юм. Ингээд төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүлсэн тухайгаа цувралаар бичье ээ. 
2025 оны 1 дүгээр сарын 1-нд гэртээ амарч өнжив. Бас аялалд гарах бэлтгэлээ базаав. Аян замд явахад хэрэг болдог ойр зуурын зүйлсээ (шүдний оо, шүдний сойз, жижиг нүүрийн гарын саван, гоо сайхны зориулалттай зүйлүүд, ганц ээлжийн солих дотуур хувцас, оймс) бөөгнүүлж үүргэвчинд хийв. 
1 дүгээр сарын 2-нд үдээс хойш үүргэвчээ үүргээд Улаанбаатар хотын галт тэрэгний төв өртөөнд ирлээ. Галт тэрэг хөдлөх цаг болоогүй. Гадаа хүйтэн. Иймд
дулаан байшинд орж суухыг бодов. Төмөр замын "Улаанбаатар" өртөөний жижигхэн байшингийн хүлээлгийн танхимд яваад орлоо. Зүү орох зайгүй олон хүнтэй байна. Хамт олноороо, гэр бүлээрээ, хүүхэд хөгшид, залуус гээд бүх үеийн төлөөлөл байна аа. Бүгд нэг нэг чемодантай. Хаалганы ойролцоо сул зай арай гэж олоод зогсов. Утсаа ухаж цагийг барав. Би 2025 оны 1 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотоос Замын-Үүд хот руу явах галт тэрэгний тасалбараа 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр онлайнаар худалдаж авсан юм.  Ингээд 16:00 цагт галт тэргэндээ суулаа. Улаанбаатар хотоос Замын-Үүд хүрэх галт тэрэгний (купе) тасалбарын үнэ нь 80000 төгрөг. Надтай хамт нэг купенд ахимаг насны 3 эмэгтэй таарав. Монгол хүмүүс байна даа, мэнд усаа мэдэлцэж танилцлаа. Тэд эмч мэргэжилтэй, хувийн эмнэлэгт ажилладаг хүмүүс юм байна. Нэг нь бүүр хувийн эмнэлгийн захирал юм байна. УБ-Хөх хот-Жинин гэсэн чиглэлээр аяллын компаниар жуучлуулан яваа юм байна. Оройжингоо л гурван эмчийн яриаг сонсов. Хажууд хамаг юмаа яриад байгаа юм чинь би сонсохгүй яахав дээ. Чихээ бөглөлтэй биш. Маргааш өглөө нь 7:20 цагт Замын Үүдэд ирлээ.  Галт тэрэгнээс буумагц Эрээн гаргана гэсэн жолооч нар угтав. 80 юань төлж Эрээн рүү гарлаа. 2025 оны 1 дүгээр сарын эхээр 1 юань 472 төгрөгийн ханштай байв. Эрээн рүү гарах гэсэн хүмүүсийн урт цуваа үүссэн байлаа. Хоёр улсын хилийн шалганаар нэвтэрч, бага үдийн 11:00 цагийн үед БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Ороны Эрээн хотод ирэв. Хамгийн түрүүнд зээлийн гадаа байдаг жижиг ТҮЦ-нээс 100 юаниар хятадын сим карт худалдаж авлаа. Ингэснээр Хятадад байх хугацаандаа интернэтийн сүлжээнд саадгүй холбогдох боломжтой боллоо.  Дараа нь Эрээний төв хэсэгт байдаг ресторанд хооллов. Өнгөрсөн зуны 8 дугаар сард Эрээнд ирэхдээ бас энд хооллож байлаа. Хоол нь таалагдсан учраас дахиад орлоо.  Өглөө сэрээд юү ч идээгүй байсан тул будааны зутан сонгов. Будааг усанд чанаад, багахан давс хийж, бас эрдэнэшиш, сонгино нэмжээ. Хор шаргүй хоол. Нэмээд үхрийн махтай төмстэй хуурга захиалж идэв. Ийм хоолонд 58 юань төлөв. 


Ресторанаас гараад кофе авч уулаа. Ингээд гэдэс цатгалан хүн Эрээн хотын төвийн гудамжинд байдаг онгоцны тасалбар зардаг газар ирэв. Хаалгаар нь яваад ортол хоёр хүн ажиллаж байна. Нэг нь дөнгөж 20 гаран насны залуухан, нөгөө нь 40 орчим насны гэмээр юм. 40 орчим настай байх гэж таамагласан хүүхний өөдөөс нэг монгол залуу сууж байна. 
Тэр залуу "Чи тэгээд хурдан шиг билетээ бичээч. Яасан уддаг юм бэ?" гээд ширээний ард суугаад ажиллаж байгаа нөгөө эмэгтэй загнаж, зандарч байх юм. Би 20 гаруй настай болов уу гэж таамагласан залуухан эмэгтэй рүү хандаж, нисэх онгоцны буудал руу автобус явдаг нь хэвээрээ биз? гэж лавлав. Гэтэл өөдөөс хятадаар юм хэлээд ойлголцож чадсангүй. Нөгөө 40 настай байх гэж таамагласан эмэгтэйд хандаж асуултаа давтсан чинь бүүр огт хариулсангүй. Аргаа бараад таньдаг өвөрмонгол хүн рүү wechat-р залгаж хятадаар яриулж байж би хэрэгтэй мэдээллээ олж авлаа.  Миний өмнөх монгол залуу тэр хятадтай муухай харилцаад байгаа учраас дараагийн надад ч бас таагүй хандаж байгаа нь энэ байх л даа. 
Өнгөрсөн зун 8 дугаар сард би энд хэсэг саатаж, Эрээн хотын нисэх онгоцны буудал руу явдаг чиглэлийн автобусанд суусан билээ. Өнгөрсөн зунаас хойш юм өөрчлөгдсөн байж магадгүй тул лавлах нь зөв юм. Онгоцны тасалбар зардаг газрын гаднаас нисэх онгоцны буудал руу автобус явдаг нь хэвээрээ. Автобусны тасалбарын үнэ 15 юань. Надтай хамт нэг хятад залуу бас суулаа. Би автобусны жолоочид бэлэн мөнгө төлөх гэтэл өнөөх хятад залуу миний өмнөөс гар утсаараа төлбөр хийв. Би залууд 15 юань бэлнээр нь өгөв.  Тэр хятад залуутай англиар ойр зуурын хэдэн үг солилцов. Оюутан бөгөөд хятадын өмнөд зүгийн  Шэнжэнь хот руу нисэх гэж байгаагаа хэллээ. Тэр бас манай Монгол Улсад аялж Улаанбаатарт нэг удаа ирж байсан гэсэн. Монголоор "баярлалаа, баяртай" гэх мэт мэндчилгээний үг мэддэг гэдгээ надад гайхуулав. Тэр автобусанд бид хоёроос өөр зорчигч байсангүй. 

Эрээний онгоцны буудалд ирээд Хөх хот руу явах нислэгтээ бүртгүүлэв.  Хятадын орон нутгийн нислэг үйлддэг China Express Airlines гэдэг агаарын тээврийн компанийн онгоц. Bombardier Regional Jet 900 загварын онгоц ашигладаг юм байна. Bombardier онгоцыг анх Канад улсад зохион бүтээж үйлдвэрлэсэн.  Bombardier Regional Jet 900 загвар нь 75 зорчигчийн суудалтай. Энэ өдрийн нислэгт зорчигчдын дийлэнх нь монголчууд байв. Ердөө 7,8  хятад хүн байсан шиг санагдсан. Эрээн хотоос Хөх хот руу явдаг онгоцны тасалбарыг би 12 дугаар сарын эхээр  цахимаар худалдаж авсан юм. Тухайн үед тасалбарын үнэ 52 USD байсан. 50 минут нисээд Хөх хотод газардав. 



Хөх хотын онгоцны буудлаас нь метронд суугаад Шинхуа талбайд (Xinhua Square ирэв. Учир нь миний захиалсан зочид буудал энэ хавьд бий. Хөх хотын метро нь тохилог сайхан юм байна. Хэр хол газар явахаас хамаарч тасалбарын үнэ нь янз бүр. Би 4 юань төлсөн. Ингээд  "Шинхуа талбай" хэмээх зогсоолд буугаад хот руу дээш гартал ийм дүр зураг намайг угтав. 



Захиалсан зочид буудлаа олоод, өрөөндөө орлоо. Ингээд дараа нь Хөх хотод сурдаг нэг танил монгол оюутан залуутай уулзах төлөвлөгөөтэй байгаа юм. Оройн 19:00 цагийн үед өнөө оюутан залуу миний байрлаж байгаа зочид буудалд ирлээ. Ингээд хамт оройн хоол идэнгээ хууч хөөрөлдөв. 


Хөх хотын төвийн хэсэг нь өндөр барилгатай, гэрлэн чимэглэл сайтай сүрхий юмоо. 


Хөх хотод сурдаг миний таньдаг монгол оюутан маргааш Улаанбаатар руу хөлгийн жолоо залах юм байна. Өвлийн амралт нь эхэлсэн тул Улаанбаатар гэртээ очно гэж байна. Оройн 23 цаг дөхүүлээд би зочид буудалдаа ирээд нам унтав. Өглөө нь 9:00 цагийн үед сэрлээ. 
Хөх хотод  миний байрласан зочид буудлын өрөө иймэрхүү байв.  Ганц шөнө хоноход боломжийн. 

Зочид буудлаас гараад ойролцоох дэлгүүр орж өглөөний цай авч уув. Ингэхэд Хөх хотын дэлгүүрт зарагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зургийг нь авсан. Гол нь үнэ ханшийн мэдээлэл нь сонирхол татна. 








Дараа нь Өвөрмонголын байгалийн түүхийн музей рүү явлаа. Музей нь үнэ төлбөргүй.  


Энэ музейд Өвөрмонголын байгаль, газар зүйн тогтоц, ан амьтан, жигүүртэн шувуудын тухай иж бүрэн мэдээлэл байна. Ихэнх нь амьтны чихмэл үзмэр. Бас хатаасан ургамал олон байлаа. Байгаль судлаач хүн үзвэл бүүр ч  сонирхолтой байх.  Бүтэн 4 давхар байшинтай том музей байсан даа. 


Музей үзэж дуусаад оройны 18:00 цагийн үед Хөх хотын Baita онгоцны буудал руу явлаа. Ингээд оройны 21:00 цагаас Хятадын дараагийн хот руу явах нислэгтээ суулаа. Миний дараагийн очих хот бол БНХАУ-ын Сычуань мужийн засаг захиргааны төв Чэндү хот юм. Чэндү хотод 5 хоног аялах төлөвлөгөөтэй.  Чэндү хотын тухай дараагийн удаа бичье.

2024-11-27

Тайваньд аялсан тэмдэглэл. 5 дугаар хэсэг. Чемоданаа чирээд урагшаа

 Өглөө сэрээд 8 цагт шүршүүрт ороод зочид буудлын лобби танхимд сууж блогоо бичих гэж оролдов. Авч яваа таблетны үсгийн товчлуур нь стандарт бус учраас кирилл үсгээр бичихэд жаахан хүндрэлтэй. ъ, ө, к зэрэг үсгийн байрлал нь нууцлагдмал учраас хайж цаг алдана. 


9:30 цагт зочид буудалд танилцсан Тайваний хөдөөгийн залуутай хамт өглөөний цай уухаар тохирсон юм. Яг товлосон цагт над руу тэр ирлээ. Ингээд хамтдаа гарч гудамжнаас сендвич авч идэцгээв. Бас шар буурцагны сүү авч уухыг тэр санал болгов. Өмнө нь Хятадын Чанша хотод явж байхдаа шар буурцагны сүүг зочид буудлын өглөөний цайны үеэр ууж байсан. Тухайн үед амт нь таалагдаагүй. Харин Тайпейд уусан шар буурцагны сүүний амт нь дажгүй байлаа.


 Капсул зочид буудалд танилцсан Тайвань найздаа би Монголоос авч гарсан тэмээний чихмэл бэлэглэв. Энэ түүний хувьд гэнэтийн бэлэг болжээ. Өглөөний цайны дараа бид хоёр салах ёс гүйцэтгээд тус тусын замаа хөөж явах болов. Тэр Тайвань арлыг тойрч явах аяллаа үргэлжлүүлнэ. Би Тайпейд дахиад 2 шөнийг өнгөрүүлнэ. Ингээд "чемоданаа чирээд урагшаа" хэмээн өөртөө хэллээ. Метронд суугаад Тайпей хотын түүхэн дурсгалт газрыг үзэхээр явлаа. Интернэтээс хайж байгаад Huashan 14 Creative Park гэсэн газар руу явлаа.Энэ парк нь Zhongzheng дүүрэгт байдаг юм билээ.  Метроноос гараад парк руу алхах замд бороо орж эхлэв. Ингээд бороотойд чемоданаа чирээд паркаар алхав. 


Энд маш бэлэг дурсгалын зүйл зардаг дэлгүүр олон юм билээ. Бүгд гар хийцийн эд зүйл учраас дахин давтагдахгүй. Цор ганц учраас жаахан үнэтэй. Би эндээс юү ч худалдаж аваагүй.


Энэ паркад байдаг урвуу харуулаад барьсан байшингийн зураг интернэтээс харсан юм. Гол нь тэр байшингийн гадаа очиж зурагаа авахуулах зорилготой байлаа. Гэвч тэр байшинг хайгаад олоогүй. Харин оронд нь иймэрхүү л байшингийн зураг дарлаа.
 

Яг үнэндээ миний сонирхол татахаар гоё зүйл байсангүй. Бараг  хоёр орчим энэ хавиар алхав. Жаахан урам хугарав. Бороонд алхах үед пүүз бага зэрэг норсон нь бас тиймхэн. Гутлын гадуур гялгар уутан углааш хийдэг байж гэж харамсав. Монголд гэрт нэг удаагийн углааш байсан. Тэрнээс аваад гарах минь яв даа гэж бодож амжив. 
Ингээд өдрийн 14 цагийн үед subway орж сендвич авч идлээ. Өглөө сендвич, өдөр сендвич... Хоолны сонголт жаахан тиймхэн болчив уу. 


Subway-д сууж байх хооронд бороо намдаж тэнгэр цэлмэв.  
Тайпей хотод анх ирсэн өдрөө онгоцны буудал дээр солиулсан 100 USD маань дуусах нь ээ. Ингээд банк орж доллар солиулахаар болов. Эхний орсон банк зөвхөн данс нээлгэсэн харилцагчдад л үйлчилдэг юм гэнэ. Ийм учраас надад үйлчилгээ үзүүлсэнгүй. Хоёр дахь орсон банк 100 USD солиулахад 100 TWD шимтгэл авна гэв. 100TWD бол нэг удаа хоол аваад идчих мөнгө. Хайран санагдав. Шимтгэл авч

байгаа нь надад таалагдахгүй байна гэж би хэлтэл, банкны ажилтан надад "Та тэгвэл Bank of Taiwan" руу яваарай. Тэнд гадаад улсын валют солиулахад шимтгэл авдаггүй." гэж надад зөвлөв. Ингээд Google map ашиглаад "Bank of Taiwan"-ны хамгийн ойрхон байгаа салбар руу нь алхав. 


"Bank of Taiwan" нь Тайвань улсын төв банк юм байна гэж би бодов. Гэвч интернэтээс тус банкны тухай мэдээлэл хайж үзэхэд, миний бодол буруу болох нь тодорхой болов. "Bank of Taiwan" бол арилжааны банк бөгөөд 1899 онд анх байгуулагдсан юм билээ. Тус банкыг Тайваний төв банктай андуурч болохгүй. 
Ямар ч байсан энэ банкад очоод 100 USD солиулахаа ямар ч шимтгэл төлсөнгүй. Тухайн өдрийн ханш: 1 USD = 31.66500 TWD. Мөнгө солиулахын тулд паспортоо шалгуулах хэрэг болов. Банкны ажилтан паспортын мэдээлэл, виз зэргийг хилийн ажилтан шиг нэг бүрчлэн шалгахдаа компьютерт байгаа мэдээлэлтэй тулгаж харьцуулж байх шиг санагдав. Бас аль зочид буудалд байрлаж байгаа вэ? гэж хүртэл асуув. Би маргааш очиж хонох гэж байгаа зочид буудлынхаа захиалгын хуудсыг үзүүлэв. Энэ бүхний дараа 3137 TWD надад өгөв. 


Банкнаас гараад дараагийн очих газраа интернэтээс хайв. Тайпей хотын сүм хийд нь ямар бол гэж гэсэн сонирхол төрж байсан учраас (Xing Tian Gong Temple)  Xingtian хэмээх сүм рүү явлаа. 1967 онд байгуулагдсан сүм юм билээ. Тайпей хотын Zhongshan дүүрэгт байдаг энэ сүмд намайг очих үед сүсэгтэн ихтэй байлаа. Доорх зураг бол сүмийн хашаан дотор ороод гол хаалга нь харагдаж байгаа байдал. Дотогшоо орсон чинь олон хүн ар араасаа дугаарлан зогсож хүж уугиулж, лам нар ямар нэгэн засал хийж байсан. 


Сүмийн гол хаалга нь хоёр талдаа луу дүрсэлсэн баганатай.  Өндөр улаан хаалгатай юм билээ. 



Хятад уламжлал ёсоор дотор талдаа сүүдрэвч бүхий зам, голдоо талбайтай, хойд хэсэгт нь тахилын гол өргөөг байгуулжээ.


Сүм дотор үйл ажиллагааг нь танилцуулсан мэдээллийн хуудас англи, солонгос, япон зэрэг хэд хэдэн хэлээр байв. Сүм шашны үйл ажиллагаанаас гадна өөр сургалт танин мэдэхүйн, бас хандивын үйл ажиллагаа зохион байгуулдаг юм билээ. Энэ бүхнээ сурталчилсан тараах материал ч бэлтгэсэн байлаа. Голдоо гоё усан оргилууртай юм.



Ингээд замдаа тааралдсан нэг хоолны газар орлоо. Аятайхан цэвэрхэн, тод шар өнгөөр дагнасан тохижилттой газар юмаа.



Энэ хоолны газрын меню нь. Хоолны үнэ нь Тайпейдаа дундажаас жаахан дээгүүр  юм билээ. Хамгийн хямд хоол нь 155 TWD бол хамгийн үнэтэй нь 209 TWD



Би ийм гоймонтой шөл захиалж идэв. 


Хоолны дараа автобусанд суугаад Тайпей хотын захиргааны ордон руу явлаа.  Автобусаар ойролцоогоор 20 орчим минут явсан.  Тайпей хотын захиргааны ордон нь Тайпей 101 цамхгаас холгүй юм билээ. Ойролцоогоор 5-8 минут алхаад л Тайпей 101 цамхаг руу хүрэх юм байна гэдгийг ойлгож авав. 


Энэ бол Тайпей хотын захиргааны ордон. Маргааш бямба гарагийн үдээс хойш энд Тайпейгийн гей парад болно. 


Ер нь Тайвань бол ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Ази тивийн анхны улс. 2017 онд Тайваний парламент ижил хүйсийн хүмүүс гэрлэлтээ батлуулж болох тухай хууль баталсан юм билээ. Мэдээж үүнийг эсэргүүцэх хүмүүс байсан. Энэ хууль батлагдсанаар Тайваний бусад хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон аж. Хэрвээ Тайваний иргэн гадаадын иргэнтэй ижил хүйсийн гэрлэл батлуулах бол хэрхэх вэ? Хүүхэд үрчилж авч болох эсэх, өмч хөрөнгийн харилцааг хэрхэн зохицуулах вэ? гэх мэт олон асуудлыг шийдэх ёстой болсон аж. 


Тайпей хотын захиргааны ойролцоо эргэн тойронд нь офис, зочид буудал, төрийн бусад байгууллагууд байдаг юм билээ. Ер нь энэ хавь нь ажил хэргийн төв юм байна гэж ойлгосон.



Тайпей хотын захиргааны дотор нь үнэ төлбөргүй үзэсгэлэн ажилладаг юм байна. Би ч ичих нүүрээ элгэндээ наагаад чемоданаа чирээд л үзэсгэлэн рүү нь орсон. Над шиг чемоданаа чирээд үзэсгэлэн үзэх гээд явж байдаг жуулчин ховор байх даа. 


Тайпей хотын үүх түүхийг харуулсан сайхан үзмэртэй юм билээ. Гол нь бага насны хүүхдүүдэд чиглэсэн үзмэр ихтэй юм билээ. 





Тайпей хотын захиргааны дотор байдаг энэ үзэсгэлэн бүтэн 3 давхарыг эзэлдэг. Өглөөнөө эхлээд оройны 17:00 цаг хүртэл ажилладаг юм байна. Би үзэсгэлэн рүү 15:45 цагт орсон. 17:00 цагаас өмнө бүгдийг нь үзээд амжсан. 
Ингээд дараа нь Тайпей 101 цамхаг руу явлаа. Тайпей хотод нар жаргаж харанхуй болжээ. Гэхдээ гадаа цаг агаар тогтуун дулаахан. 



Тайпей 101 цамхгаас холгүй өөр нэг худалдааны том төв байна. Дотор нь янз бүрийн ресторан, дэлгүүр, үйлчилгээ зөндөө... Шөнө болохоор гэрэлтүүлгээ асаагаад бүр ч үзэсгэлэнтэй харагддаг юм байна.



Дараа нь оройны хоолоо идлээ. Ер нь Тайпейгийн хоол надад их зохиж байна. Тосгүй, өөхгүй, амт шимт нь яг таарсан сайхан хоол.





Оройны 21:00 цаг болсон хойно  Taipei City Hall метроны өртөөний 4 дүгээр гарцын ойролцоо байдаг тээш хадгалах өөрөө өөртөө үйлчлэх цэг дээр очлоо. Өдөржин чирж явсан чемоданаа тээш хадгалах хайрцагт хийв. 


Өмнө нь би гадаадад аялж байхдаа ийм тээш хадгалдаг газраар үйлчлүүлж байсангүй. Ийм учраас нэлээн хаширлаж, дүрэм журмыг нь сайн уншиж ойлгож авсан юм. 


Тээш хадгалах хайрцаг нь том, жижиг гээд хэмжээнээсээ хамаараад бас үнийн зөрүүтэй. Жижиг хайрцаг нь 1 цагийн 10 TWD бол том нь  1 цагийн 30 TWD үнэтэй.  

24 цагийн турш хадгалж болно. Эхлээд тээшээ хийхдээ 30 TWD шууд төлнө. Дараа нь 24 цагийн дотор ирж тээшээ авахдаа үлдэгдэл төлбөрөө нэмэж төлнө. 

24 цаг хэтэрсэн бол метроны өртөөний ажилтан тээшний хайрцагийг онгойлгож, дотор нь хийсэн эд зүйлийг өөр газар 30 хоног хадгалдаг дүрэмтэй юм байна. Эзэн нь ирж авахгүй бол тухайн тээшийг 30 хоногийн дараа устгалд оруулдаг юм байна лээ. 
Ингээд өдөржин чирсэн чемоданаа тээш хадгалах хайрцагт хийгээд Ximeding дүүрэг рүү явлаа.
Өмнөх өдөр нь би энэ дүүргийн байр байдлыг ерөнхийд нь ажиглах гэж явсан бол харин өнөөдөр би энэ дүүрэгт байдаг үйлчилгээний газруудаар орж үйлчлүүлэх зорилготой байгаа юм.  Энэ хавьдаа хонох газраа ч олчихсон байгаа. 


Маргааш Тайпейгийн гей парад болох учраас энэ дүүрэгт нэг тийм баяр ёслолын уур амьсгал өнөөдөр оржээ. 


Тайпейгийн гей парадыг үзэх гээд дэлхийн өнцөг булан бүрээс LGBT хүмүүс ирсэн нь ойлгомжтой. Ximeding дүүрэгт Тайпей хотын гей паб, клуб, гей хүмүүст зориулсан бүтээгдэхүүн зардаг дэлгүүр, гей саун бий. 


Ximeding дүүрэгт байдаг хамгийн алдартай байшин бол Red House.  Энэ байшинд Тайпейгийн алдартай театр байрладаг. 1908 онд Японы засаглалын үед энэ байшинг барьжээ. Барилгын зураг төслийг нь Кондо Журо гэдэг япон мэргэжилтэн гаргасан байна. Анх энэ байшинд их дэлгүүр, зах ажиллаж байв.


1945 оноос энэ байшинг хятад уламжлалт дуурийн театрын зориулалтаар ашиглах болжээ. 2000 онд энэ барилгад гал түймэр гарч байв. 2007 онд Тайпей хотын соёлын сан "Улаан театр"-ыг мэдэлдээ авчээ. 2016 онд энэ байшинг хэн нэгэн хүн санаатай шатаах гэж оролдож байсан түүхтэй аж. 100 гаруй жилийн өмнө баригдсан энэ барилга одоо Тайпей хотын Ximending дүүргийн гол бэлгэ тэмдэг нь болоод байна.



Улаан байшингийн эргэн тойронд маш олон гей паб ажилладаг. 



Энэ бол Ximeding дүүрэгт байдаг клуб. Өнөөдөр gay party болох юм гэнэ. Клуб нээгдэхээс өмнө хүмүүс гадаа нь цугларч урт дараалал үүсгэжээ. Gay party руу орох такс нь 2000 TWD. Монгол мөнгөөр 212000 төгрөг.  Үнэтэй л юм. Дотор нь ороод чухам юү байх бол гэдэг нь сонин. Гэхдээ би орсонгүй ээ. 


Ximeding дүүрэгт Тайпей хотын "Hans" гэдэг эрэгтэйчүүдийн саун бий. Саун худалдааны төвийн 8 дугаар давхарт байрладаг юм билээ. Орох үнэ нь 2024 оны 10 дугаар сарын байдлаар 400 TWD. Гадаадын хүн орж үйлчлүүлэх боломжтой. Ер нь google map-с хайгаад үзэхэд Тайпей хотод хэд хэдэн гей саун байдаг юм билээ. Зарим нь гадаадын иргэдээс илүү төлбөр авдаг бол, зарим нь гадаадын хүнийг оруулдаггүй. Тийм учраас аль гей саунд орох вэ гэдгээ сайтар судалж байж очих хэрэгтэй. 


Миний орсон энэ сауны үйлчилгээ дажгүй юм билээ. Баасан гарагийн орой байсан учраас үйлчлүүлэгч олон байв. Хувцас солих шүүгээ, шүршүүр, халуун уурын өрөө, нийтийн  амрах өрөө тасалгаанууд, жижиг кабин... Дотор нь ороод энэ орчлонгийн бас нэг таатай мэдрэмжийг авч болно. Би саун орлоо. 
Бямба гараг. Өглөөний 7.00 цаг. Би саунаас гараад Taipei City Hall метроны өртөөнд очиж тээш хадгалах хайрцагнаас чемоданаа гаргаж авлаа. Нэмэлт төлбөр 80 TWD болжээ. Ингээд Mac Donalds орж өглөөний цай уув. Учир нь өглөө эрт учраас Mac Donalds өөр онгорхой хоолны газар байсангүй.


Энэ өглөө Сун Ят Сений дурсгалын төвийн гадна очиж үзэв. Өглөө эрт учраас онгойгоогүй. Гэхдээ гадаах цэцэрлэгт нь хийн дасгал хийж байгаа Тайвань эмээ өвөө нар олон байсан.



Сун Ят Сений дурсгалын төв нь 1972 онд байгуулагдсан юм билээ. Хятадын уран барилгын загвараар баригдсан энэ байшинд номын сан, Сун Ят Сений эдэлж хэрэглэж байсан зүйлийг хадгалж байгаа музей ажилладаг юм байна. Музей үнэ төлбөргүй. 


Өглөөний 10:00 цаг дөхүүлээд би Тайпей хотын захиргааны ордонд очив. Өнөөдөр үдээс хойш эхлэх гей парадын бэлтгэл ажил ид явагдаж байна. Гар утасны цэнэг багассан тул Тайпей хотын захиргааны барилга дотор орж утсаа цэнэглэв. Ингээд гей парад болох цагийг хүлээлээ. Парад 14:00 цаг эхэлнэ. Өдрийн 13:00 цагийн үед Тайпей 101 цамхагийн дотор байдаг хоолны газар руу очиж өдрийн хоолоо идэв. 

Ингээд буцаад өнөөдрийн гол үйл явдал болох гэж байгаа Тайпей хотын захиргааны барилгад эргэж ирэв.  
Хотын захиргааны байрны гадаа бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд асар майхан босгож үйл ажиллагаагаа суртчилж байв. Бас гей эрчүүдийн ашигладаг гар утасны APP -ны лого таних тэмдэгтэй асар майхан ч харагдсан. 




Гей парад яг цагтаа эхэллээ. Түм түжигнэж, бум бужигнаж байдаг шүү. Хаа сайгүй дуу хөгжим. Дөрвөн зүгээс хуран чуулсан янз бүрийн LGBT хүмүүс нэг дор. Бүгд баяр баясгалантай инээж хөгжилдөнө. Над шиг ганцаараа байгаа хүн алга. Ихэвчлэн хэсэг бүлгээрээ, найзуудаараа иржээ.









Гей парадын хамгийн эхэнд Тайванийн бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагынхан, гей залуус, транс хүмүүс, лесби эмэгтэйчүүд, bear style гэх мэт сонирхол, хэв загвараараа ялгарч жагссан байна лээ. 






Бас Малайз, Шинэ Зеланд, Тайланд зэрэг улсаас ирсэн төлөөлөгчид цуваа болж жагсав.



Тайванийн аж ахуйн нэгжүүд бэлгийн цөөнхийн эрхийг хүндэтгэж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлэн туг далбаа, байгууллагынхаа таних тэмдэгийг бариад ажилчдын төлөөлөл нь жагсаалд нэгдсэн байлаа. 





За ингээд Тайпейгийн гей парадыг үзлээ. 16:00 цаг гэхэд парад дуусав. Би чемоданаа чирээд өнөө шөнө хонох зочид буудал руугаа явлаа. 
Маргааш өдөр Тайпейгээс явна. Иймд тухтай унтаж амрах нь зөв гэж бодсон тул 1 хүний өрөө захиалсан юм. 4 одтой буудал. 1 хүний өрөө. Маш цэвэрхэн. 


Дотроо фитнесийн өрөөтэй.



Гэхдээ нийтийн жорлон, шүршүүр, угаалтууртай.



Зочид буудлын ойролцоох хүнсний дэлгүүр рүү орж Тайваньд үйлдвэрлэдэг амттан худалдан авлаа.

Маргааш өглөө эртхэн босоод зочид буудлаас гарлаа. Метронд суугаад шууд онгоцны буудал руу явлаа.  Хотын төвөөс онгоцны буудал хүртэл экспресс метротой юм билээ.





Онгоцны буудалд ирээд өглөөний хоол идэв. 


Ингээд Хятадын иргэний агаарын тээврийн Hainan Airlines компаний онгоцоор 
Тайпей хотоос Бээжин хот руу нисэв. 


Тайвань арлын байгал нь сайхан юмаа. Тайвань арлын оршин суугчид ч эелдэг найрсаг хүмүүс байна. Ингээд сайхан дурсамж бүтээсэн Тайваний аяллын тэмдэглэлээ дуусгая. Чемоданаа чирээд урагшаа...