Амьдралын тойрог

2025-04-12

Вьетнамд анх удаа: 2 дугаар хэсэг. Хо Ши Мин бол хуурамч нэр

 Ханой хот дахь хоёр дахь өдөр. Өглөөний 9 цаг. Онгоцны буудлаас гарахын өмнө солиулсан Вьетнам донг маань барагдах дөхжээ. Зочид буудлынхаа ресепшинд хандаж мөнгө солиулж болох газар ойр хавьд байгаа юу? гэж асуув. Манай зочид буудал доллар сольж өгч болно гэсэн хариу өгч байна. 100 USD солиулав. Гэхдээ зочид буудлын ханш нь онгоцны буудлын валют арилжааны цэгийнхээс жаахан муу байв. 100 USD өгөхөд надад зөрүүлээд зочид буудлын ресепшин 2.500.000 донг өгөв. (Онгоцны буудал дээр 2.535.900 донг авч байсан.) 35900 донгоор бага. Онгоцны буудал дээр л нэг мөсөн ахиухан доллар солиулдаг байж гэж харамсангуй бодов. 


Дараа нь Ханой хотын төв талбай руу таксидав.  Энд Вьетнамын парламентын ордон, Ерөнхийлөгчийн ажлын өргөө, Хо Ши Мин удирдагчийн бунхан, Вьетнамын гадаад харилцааны яам гэх мэт чухал төрийн байгууллагууд нь байдаг аж.  Жишээлбэл, доорх шар хашаатай гурван давхар шар барилгад Вьетнамын гадаад харилцааны яам байрладаг юм байна. 


Харин энэ байшингаас жаахан ташуу хойд зүгт 100 метрийн цаана улсынх нь төв талбай цэлийж байна лээ. Талбайн хойморт Хо Ши Мин удирдагчид зориулсан бунхан сүндэрлэж, талбайн төв хэсэгт Вьетнамын Төрийн далбаа мандуулжээ. 


Өглөө 10:00 цагийн үед намайг ирэх үед талбай хаалттай боловч, бунхан руу жагсаад орж байгаа хүмүүс алсад харагдав. Бунхан руу орж үзэхийн тулд хаа нэг газар төлбөр төлж, тасалбар авах нь ойлгомжтой. Би гэхдээ бунхан руу орж үзье гэх хүсэлгүй байлаа. Ер нь ийм бунхантай улс орнуудад очоод орж үзье гэх сонирхол надад төрдөггүй юм. Дотор нь байгаа хүний шарилыг харна гэдэг сонирхоод байх зүйл биш. Москвад байхдаа ч Улаан талбай дахь Лениний бунхан руу орж үзэх хүсэл нэг ч төрж байгаагүй. Бунханг гаднаас нь харах бол өөр хэрэг. 
Доорх зурагт дүрслэгдсэн цагаан саарал байшин бол Вьетнамын парламентын ордон. Хаяг нь Вьетнам хэлээр байсан тул Google translate ашиглаж орчуулга хийлгэсэн юм. 


Дараа нь талбайн баруун хэсгээр тойрч хойд зүг рүү алхав. Гадаадын жуулчид ч энэ хавиар их байв. Иймд тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж байтал Хо Ши Миний музей гэсэн хаяг олж харлаа. Музейн тасалбар нь 40 000 донг юм байна. 


Аль ч газрын коммунистууд аливаа сурталчилгааны самбарыг улаан өнгө зонхилсон нэгэн хэвийн хийх юмаа. 


Музейн үзмэрүүд нь Хо Ши Миний намтар, очиж байсан газрууд, хувьсгал тэмцлийн ажлынх нь тухай байх нь ойлгомжтой доо гэсэн таамаглал дэвшүүлэв. Музейн хашаа ормогц ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо музей рүү орж байв. Вьетнамын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцасны оронд биеийн тамирын хувцсаар жигдэрдэг юм байна. Хятадын ерөнхий боловсролын сургуульд ч бас биеийн тамирын хувцсаар ижилсдэг юм шиг санагдсан. 


Музей рүү орлоо. Хамгийн түрүүнд Вьетнамын удирдагч Хо Ши Мин хойд хөрш Хятад улс руу хэдэн удаа очиж байсан тухай  сэдэвчилсэн үзэсгэлэнгийн танхим руу орлоо. 




Музейн төв хаалганы эсрэг талд Хо Ши Мины хүрэл хөшөөг залжээ.


Музейн хоёрдугаар давхарт нь Хо Ши Мины намтар, амьдрал, улс төрийн тэмцэлтэй холбоотой үзмэр байрлуулсан 3 танхим байсан.

Хо Ши Миний намтрыг интернэтээс хайж уншсан юм. Хо Ши Мин гэдэг нь жинхэнэ нэр нь биш юм билээ. 1890 оны 5 дугаар сарын 19-нд өнөөгийн Вьетнам улсын хойд хэсгийн тэнгисийн эрэг дагуух Нгеан мужийн Ким Лиен гэдэг тосгоны нэгэн айлд  хүү мэндэлжээ. Эцэг эх нь хүүхдээ Нгуен Шинь Кунг гэж нэр өгсөн байна. Хүүгийн аав  Нгуен Шинь Шак нь тосгондоо хамгийн мэдлэг боловсролтой, күнзийн сургаал номлол сайтар судалсан хүн байв. Хожим тосгоны даргын сонгуульт ажлыг хашсан. Эхнэр нь 32 настайдаа дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаад харамсалтай нь амь энджээ. Одоо өгүүлж байгаа түүхийн гол баатар сургуульд орох үед Вьетнамын уламжлал заншлын дагуу номын нэр авчээ. Ийнхүү түүнийг Нгуен Тат Тхань (Nguyễn Tất Thành) гэх болсон байна. 1911 онд 21 настайдаа Тат Тхань усан цэрэг болж урт хугацааны аялалд гарчаа. Аяллын эхний жилүүдэд Америк болон Европ тивд очжээ. 1916-1923 оны хооронд АНУ, Их Британи, Франц улсад амьдарч байв. Францын Парист амьдарч байхдаа тэрбээр Нгуен Ай Куок гэсэн нэр ашиглаж байжээ. 1919 онд Версалийн гэрээнд гарын үсэг зурсан дэлхийн их гүрнүүдийн удирдагчдад хандсан мэдэгдэл гаргаж, Энэтхэг-Хятадын хойгийн ард түмэнд эрх чөлөө олгохыг уриалжээ. 1920 онд Францын коммунист намын гишүүнээр элссэн бөгөөд түүний улс төрийн үзэл баримтлалд франц найз Марсель Кашен нөлөөлсөн байна. Францын коммунист намд элссэн үеэс эхлэн "Коммунист интернациональ" (Коминтерн) байгууллагын идэвхтэн болжээ. 1923 онд Коминтерны урилгаар Оросын нийслэл Москва хотод ирсэн байна. ЗХУ-д ирэхдээ тэрээр өөр нэр ашигласан байна. Москва рүү хүрэх замдаа Германы Берлин, Гамбург хотоор дамжин өнгөрчээ. 1923 оны 6 дугаар сарын 30-нд Оросын Петроград хотод усан онгоцоор ирж, тэндээсээ Москва руу гал тэргээр хүрсэн байна. Москвад ирээд Коминтерны гүйцэтгэх хороонд ажилд оржээ. Ленинтэй уулзахыг чин сэтгэлээсээ мөрөөдөж байв. Үхлээ хүлээж байгаа Ленин хаа холоос ирсэн вьетнам залууг хүлээн авч уулзах тэнхэлгүй байв. Харин Ленин амьсгал хураасны дараа Нгуен Ай Куок оршуулгад очжээ. Орос улсад амьдарч байхдаа Зөвлөлтийн "Огонёк" сэтгүүлд ярилцлага өгч байв. Орост амьдарч байхдаа Дорно дахины хөдөлмөрчийн коммунист их сургуулийг төгсжээ. 1924 онд Коминтерны тав дугаар их хуралд оролцож колоничлолын эсрэг байр сууриа илэрхийлсэн илтгэл танилцуулж байв.


1924 оны 12 дугаар сард Хятадын өмнөд хэсэгт  хувьсгалч Сунь Ятсен Кантоны засгийн газартай хамтран ажиллаж Коминтерноос санхүүгийн болон зэр зэвсгийн дэмжлэг авна гэж найдаж байв.  Энэ үед Коминтернээс Нгуен Ай Куокийг Кантон руу томилолтоор явуулжээ. Хятадад очоод Ли Цюй гэсэн хятад нэр бүхий бичиг баримттай болсон байна. Хятадын нутагт амьдарч байгаа вьетнам үндэстнүүдтэй холбоо тогтоож, улмаар хувьсгалын үзэл санааг сурталчлах ажлыг зохион байгуулжээ. Хятадын Гоминьдан намын төв гүйцэтгэх хорооны улс төрийн зөвлөхийн орчуулагчийн ажилд орсон байна. Мөн Коминтерны Хятад дахь төлөөлөгч Михаил Маркович Бородин хэмээх орос хүний төлөөлөгч гэсэн албан тушаалтай болов. Кантон хотод "Улс төрийн бэлтгэлийн онцгой хороо" байгуулж "нөхөр Выонг" нэрээр хятад дахь Вьетнамчуудыг зохион байгуулалттай хувьсгалт тэмцэл хийх тухай сургалт явуулжээ. Ингэхдээ Вьетнамын ардчилсан хувьсгалын хөдөлгөөний тэргүүлэгч Фан Бой Тяу хэмээх залуутай танилцсан байна. 1925 онд Фан Бой Тяу Шанхай хотод баривчлагдсаны дараа нөхөр Выонг Кантон хотод "Вьетнамын хувьсгалт залуусын нөхөрлөл" байгуулж, "Залуус" хэмээх сонин эрхлэн гаргах болжээ.  Улмаар эмэгтэйчүүдийн, тариачдын, пионерын гэх мэт байгууллага үүсгэжээ. Хөрш орнуудын хувьсгалчидтай хамтран ажиллахын тулд "Азийн дарлагдсан ард түмний холбоо" байгуулжээ. Нгуен Ай Куок Хятадын нутагт амьдарч байхдаа хятадын түргэн тусламжийн эмч Цзэн Сюамин гэдэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо тогтоожээ. Гэхдээ Вьетнамын коммунист намынхан энэ түүхийг  үгүйсгэдэг бөгөөд, Нгуен Ай Куок бүх амьдралаа хувьсгалын үйл хэрэгт зориулсан гэж мэдэгддэг. 1926 онд Нуген Ай Куок нь Коминтерны хятад дахь төлөөлөгч Михаил Маркович Бородины дэмжлэгтэйгээр вьетнамын хэсэг хувьсгалчдыг Москва хот руу "Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль"-д сургахаар илгээжээ. Мөн энэ үеэс "Хувьсгалын зам" хэмээн тараах материал бэлтгэдэг болжээ. 1927 онд Чан Кай Ши төрийн эргэлт хийсний дараа Коминтерны Хятадад дахь төлөөлөгч М.М.Бородины багийнхан нэн даруй нутаг буцжээ. Ли Цюй ажилгүй болсноос гадна баривчлагдах эрсдэлд оров. 1927 оны 5 дугаар сард Хонгконг руу явах гэж оролджээ. Гэвч түүнийг Хонгконг руу нэвтрүүлээгүй байна. Иймд хойд зүг рүү явж Хятадын нутгийг хөндлөн туулж ЗХУ-д иржээ.

1927 онд Москва хотод ирээд Нгуен Ай Куок  коминтерны даалгавраар Европын орнуудаар явжээ. Брюссель хотод "Имперлизмийн эсрэг лиг" хэмээх олон улсын байгууллагын хуралд оролцож, Франц, Швейцарь улсаар дамжин Италид иржээ. Италийн Неополь хотоос өнөөгийн Тайланд (хуучин нэрээр Сиам) улс руу явах усан онгоцонд суусан байна. Тайландад ирээд Нгуен Ай Куок Хятадад байсны нэгэн адил Вьетнам цагаачдын олноороо амьдардаг Удон мужид суурьшив. Тайландад байхдаа Тхау Тин гэдэг нэр ашиглажээ. Вьетнамд коммунист хувьсгал хийх үзэл санааг Тайланд дахь нутаг нэгтнүүдэд ухуулж эхэлсэн байна. Тухайн үед Тайландын нутагт "Вьетнамын хувьсгалт залуусын нөхөрлөл" байгууллагын салбар нь үйл ажиллагаа явуулдаг байжээ. 1929 оны 11 дүгээр сарын 11-нд Вьетнамын эзэн хааны шүүхээс Нгуен Ай Куокт цаазын ял оноох шийдвэр эчнээгээр гаргажээ. Энэ үед Франц улсаа хараат байсан Энэтхэг-Хятадын хойгт коммунист үзэл санааг дэмждэг бүлэглэлүүд тус тусдаа байсан гэдэг. Коминтернээс Нгуен Ай Куокт хандаж 1929 оны 12 дугаар сар гэхэд эдгээр тус тусдаа бүлэглэлийг нэгтгэх даалгавар өгсөн байна. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд Нгуен Ай Куок 1929 оны 12 дугаар сард Сингапураар дамжин Хонгконгт иржээ. 1930 оны 2 дугаар сарын 3-нд Хонгконгт зохион байгуулсан хурлын үеэр Нгуен Ай Куок "Вьетнамын коммунист нам"-ыг үүсгэн байгуулж байгаагаа зарлажээ. Францын коммунист намын дэмжлэгтэйгээр Нгуен Ай Куок Энэтхэг-Хятадын хойгийн коммунист бүлэглэлүүдийг нэгтгэж чадсан байна. Тэрээр энэ үеэс Хо Ши Мин гэсэн нэрийг ашиглах болжээ. 


1941 онд Энэтхэг-Хятадын хойгийг япончууд эзлэн түрэмгийлсний дараа Вьеьминь хэмээх цэрэг улс төрийн байгууллага бий болжээ. Хо Ши Мин хятадад байгаа вьетнамын цагаачид ба хятадын коммунистуудтай холбоо тогтоох зорилгоор Өмнөд Хятадад ирсэн боловч баривчлагдаж 1.5 жилийг Хятадын шоронд өнгөрүүлсэн байна. Шоронгоос суллагдаад Вьетнамд эргэж иржээ. 1945 оны 8 дугаар сард Японы эсрэг бослого зохион байгуулж амжилтад хүрсэн байна. Угаасаа тэр үед Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдах нь тодорхой болоод байсан юм.  Японы цэргүүд Энэтхэг-Хятадын хойгоос явсны дараа Хо Ши Мин улс төрийн эрх мэдлийг өөртөө авчээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хо Ши Мин Энэтхэг-хятадын хойгийг колоничлолоос ангижруулах асуудлаар Францын засгийн газартай хэлэлцээр эхлүүлжээ. 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Ардчилсан Вьетнам улсыг тунхагласан байна. 1945 оны 8 дугаар сарын 28-аас 1946 оны 3 дугаар сарын 2 хооронд, мөн 1946 оны 11 дүгээр сарын 3-аас 1947 оны 3 дугаар сар хүртэл  Вьетнамын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.  1946 оны сүүл гэхэд Францчуудтай хэлэлцээр хийх нь үр дүнгүй гэдэг нь тодорхой болжээ. Ардчилсан Вьетнам Улсын удирдлагууд Энэтхэг-Хятадын хойг дахь францын цэргүүдийн эсрэг цэрэг хөдөлгөх шийдвэр гаргажээ.  Хо Ши Мин францын эсрэг тэмцэлдээ АНУ-ын дэмжлэг авах зорилгоор ерөнхийлөгч Харри Трумэнд захидал илгээж байв. Гэвч АНУ энэ хямралд оролцоогүй юм. 1950 оны хоёрдугаар сард Хо Ши Мин ЗХУ руу нууцаар айлчилжээ. Тухайн үед ЗХУ-д БНХАУ-ын удирдагч Мао Зэ Дун айлчилж байсан юм. Сталин, Мао хоёрын хэлэлцээрийн үр дүнд ЗХУ-аас Вьетминь руу 37 мм-ийн артиллерийн их буу, ачааны машин, эмнэлгийн багаж, эм нийлүүлэх болсон байна. Харин БНХАУ-аас Вьетминь руу хуурай замын цэргийн дивиз, артиллерийн хэсэг, цэргийн зөвлөх илгээхээр болжээ. Хятадын Гуанси муж нь Вьетминий цэргийн ар талын хангамж болно гэдэг баталгааг Мао Зэ Дун гаргажээ. 1952 оны 10 дугаар сарын 6-аас 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Хо Ши Мин ЗХУ-д ирж Зөвлөлтийн коммунист намын  XIX их хуралд оролцсон байна. Москвад ирсэн гэдгээ Хо Ши Мин нууцалж байсан гэж түүхчид бичдэг. Тэрээр Москвад байх хугацаандаа Сталинд илгээсэн захидалдаа зэр зэвсэг хүсэж байгаагаа илэрхийлэхийн сацуу, хятадын хувьсгалч Лю Шаоцигийн оролцоотой боловсруулсан Вьетнамын хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийн тухай төслийг хавсаргажээ. Зөвлөлтийн удирдагч Сталин Вьетнамын хувьсгалч Хо Ши Миныг хүлээн авч уулзсан тухай баримт байдаггүй. 

1950 онд Солонгосын хойгт дайн эхэлмэгц АНУ-ын засаг захиргаа Энэтхэг-Хятадын хойгийн асуудлаар Францын бодлогыг дэмжих болжээ. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан Вьетнам улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлажээ. АНУ-ын засаг захиргаа Францыг дэмжсэн боловч Ардчилсан Вьетнамын дэглэмийг дийлсэнгүй. Францын зэвсэгт хүчин ялагдал хүлээсний дараа 1954 онд Женевийн тунхаглалд Франц, Вьетнамын талууд гарын үсэг зурснаар Ардчилсан Вьетнам нь тухайн үед эзэмшиж байгаа газар нутгаараа тусгаар улс гэж өөрийгөө баталгаажуулж авав. Өөрөөр хэлбэл, Вьетнам улс нь хойд ба өмнөд хэсэг хоёр хэсэгт хуваагджээ. Хоёр Вьетнамыг заагласан зэрэггүй бүс үүсгэв. 1955-1956 онд Хо Ши Мин улс орондоо хөдөө аж ахуйн шинэчлэл хийснээр дунд давхаргыг устгаж, хувийн өмчийг үгүй хийв. Үр дүнд нь үйлдвэрлэл буурч, эдийн засгийн хямрал болжээ. 1950-аад оны сүүлээр Женевийн тунхаглалын үед байгуулагдсан Өмнөд Вьетнамын засаг захиргаа нь АНУ-тай илүү харилцаагаа ойртуулж, Хойд Вьетнамтай нэгдэхгүй гэдэг нь тодорхой болов.  Хойд Вьетнамын удирдагч Хо Ши Мин нь Өмнөд Вьетнам дахь коммунист бүлэглэлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, "Өмнөд Вьетнамыг чөлөөлөх үндэсний фронт" байгуулав. Хойд Вьетнамыг БНХАУ, ЗХУ дэмжиж байв. Хойд Вьетнамаас Өмнөд Вьетнам руу цэрэг, зэр зэвсэг буулгахын тулд Лаос, Камбожи улсын эзэмшлийн далайн тээвэр, хуурай замыг ашиглажээ. Энэ чиглэлийг Хо Ши Мины жим гэж түүхэнд нэрлэдэг. Хойд Вьетнамын засгийн газрын алхмууд нь АНУ-ыг 1 өмнөд Вьетнам руу цэргээ илгээхэд хүргэжээ.  1965 онд АНУ-ын зэвсэгт хүчин Вьетнамын дайнд татагдан орсон байна. Вьетнамын дайны явцад өмнөд Вьетнам нь нэлээн хохирол амсаж, төрт улс гэсэн шинж тэмдэгээ алдсан юм. Хо Ши Мин Вьетнамын дайны эцсийг үзэж чадалгүй хорвоог орхисон юм. 1969 оны 9 дүгээр сарын 2-нд Хо Ши Мин 80 насандаа таалал төгсөн байна. Өөрийнх нь шарилыг чандарлаж, гурван хэсэгт хуваагаад Вьетнамын хойд, дунд, өмнөд хэсэгт гурван газар хуваан байршуулахыг гэрээслэн үлдээсэн байна. Гэвч түүнийг шарилыг нь занданшуулж, нийслэл Ханой хотын төв талбайд тусгайлан барьсан бунханд байршуулжээ.  

Хо Ши Миний тухай музейгээс гараад арын хашаанд орлоо. Мод бут ургуулсан цэцэрлэгт хүрээлэнд жуулчдад зориулсан худалдаа зохион байгуулжээ. Вьетнам гавар, бэлэг дурсгалын зүйл зарж байв.



Жуулчдад зориулсан мухлагуудыг үзээд алхаж явсаар гэнэт Хо Ши Миний бунхан байрлаж байгаа төв талбайд нь ирчихлээ. Талбайгаас зүүн тийш алхаад явж байтал ажиглалтын камер арван алхам тутамд нэг ширхэг байрлуулсан тусгай хамгаалалттай хашааны гадаа ирлээ. Зураг авахыг хориглосон тэмдэглэгээ ч байсан. Энэ бол Вьетнамын ерөнхийлөгчийн ажлын ордон юм билээ. 
Дараа нь Ханой хотын  төвийн дүүргээр нь алхав. Өмнө нь ирж байгаагүй газраа танин мэдэх хамгийн шалгарсан арга бол алхах. Алхаад явж байтал CIRCLE K таарав. Монголд орж ирээд буцаад гараад явсан бизнес. 

Ханой хотын төвөөс холдож явсны дараа нуурын эрэг дагуух кафед орж хооллов. Хулууны зутан шөл, жигнэсэн төмс. 

Хоол идэнгээ нуурын ус, цаад эргийг нь ширтэж суух нь бас нэгэн жаргал.


Хоолны дараа цааш алхав. Гэтэл орчин үеийн элит орон сууцны хотхонд хүрэв. Ирсэн гудамж мухар байв. Буцаад ирсэн замаараа сурсан дуугаа аялаад алхах болов. Энэ хавьд түрээслүүлэх орон сууц элбэг бололтой. Орон сууц түрээслүүлэх тухай зарлал англи хэлээр байв. Гадаадын иргэд энд дүүрэгт олон байдаг бололтой.

Ийнхүү үдэш болтол алхав. Ханой хотын Old quarter дүүрэгт бүрий болсон хойно ирлээ. 



Old  quarter дүүрэгт 1946 он гэсэн бичээстэй ийм баримал олж харав. Бодвол Вьетнамын баатарлаг цэргүүдийг алдаршуулсан байх. Old  quarter-ийн тухай тусад нь бичих нь зөв байх. 


2025-03-07

Вьетнамд анх удаа: 1-р хэсэг. Ойлголцоход бэрх Вьетнамчууд

Хятадын Күнминь хотоос 18 цаг 10 минутын үед хөөрсөн онгоц 1 цаг 35 минут нисээд харуй бүрий болсон хойно Вьетнамын нийслэл Ханой хотын нисэх онгоцны буудалд газардав. Хятад ба Вьетнамын хооронд 1 цагийн зөрүүтэй. Онгоц Вьетнамын цагаар 18 цаг 45 минутад No Bai олон улсын нисэх буудалд газардлаа.


Ханойд захиалсан зочид буудлынхан онгоцны буудлаас машинаар тосох боломжтой гэсэн санал тавив. Онгоцны буудлаас зочид буудал руу 18 USD төлбөр гарна гэв. Би зөвшөөрсөн юм. Вьетнамын хилийн шалган нэвтрүүлэх дээр дугаарлаж байх зуур захиалсан машин ирсэн гэдэг мессэж ирэв. Онгоцноос буугаад Вьетнамын хилийн шалган нэвтрүүлэх шалгалтаар орохын тулд бүтэн 2 цаг дугаарлаж зогсов. Сүүлдээ ч тэр жолоочийн тэсвэр алдагдсан байх оо. Та ачаа тээштэй юү? Одоо дөхөж байна уу? гэх мэтээр баахан мессэж бичиж байлаа. 
Вьетнамын хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтан миний паспортыг эргүүлж тойруулж харангаа тамга дарав. Гэхдээ гадаад паспорт дээр маань тосон балаар он сар бичиж байна. Паспортоо аваад харсан чинь 28 хоног байж болох хугацаа бичсэн байлаа. Гадаад паспорт дээр шууд тосон балаар он сар бичих нь арай л болхи юм шиг санагдав.  2025 оны 1 дүгээр сарын байдлаар би дэлхийн 15 улсад очиж үзсэн. Вьетнам бол миний хувьд очиж байгаа 16 дахь улс. Хүний паспорт дээр тосон балаар гар бичмэл тэмдэглэл хийдэг улс байдаг юм байна. Ойлгох ухаан надад дутжээ. Хаха.
Дараа нь онгоцны буудал доторх валют солих газар орлоо. 100  USD  солиулж 2.535 900 вьетнам донг авлаа. Ингээд орон нутгийн мөнгөтэй болж аваад, онгоцны буудлаас гарч захиалсан таксигаа олж суув. Үдшийн 23:00 цаг болж байхад захиалсан зочид буудалдаа ирлээ. Таксинаас буугаад тооцоогоо хийв. Жолооч надад тооны машин дээр 470.000 донг төлөх хэрэгтэй гэв. Би ч хэлсэн мөнгийг нь өгөв. Ингээд зочид буудал руугаа орлоо. 


Зочид буудлын ресепшин нь нүдний шилтэй цэвэрхэн хувцасласан вьетнам залуу байв. Энэ зочид буудалд 3 шөнө хонох төлөвлөгөөтэй. Booking.com дээр хийсэн захиалгын үнийн дүн нь 1625 000 донг. Гэтэл буудлын ресепшин залуу "Booking.com сайтын захиалгын үнэ хэт өндөр. Биднээс их хэмжээний шимтгэл авах гээд байна. Та захиалгаа цуцалчих." гэж надаас хүсэв. Би "Үгүй. Яагаад гэвэл, хэрэв би booking.com дээр захиалгаа цуцлах юм бол торгууль төлөх заалттай. Миний банкны картаас шууд торгуулийн мөнгө татаж авах болно." гэв. Зочид буудлын ресепшин ийм зүйл болохгүй гэж амлаад, "Бид таныг хүлээн авах боломжгүй гээд эндээс цуцалж болно. Гэхдээ таныг бид буудалдаа хүлээн авна." гэлээ. Би олон ч газраар аялсан. Гэхдээ ийм асуудлыг зочид буудлынхан гаргаж байсан тохиолдол байхгүй. Ойлгох ухаан бас л надад дутав. Би ч тэр дор нь "Тэгвэл та бүхэн надад зочид буудлынхаа үнийг хямдруулах боломжтой биз дээ" гэсэн хариу сөрсөн болзол тавилаа. Тэд зөвшөөрөв. Гэхдээ маргааш өглөө танд хариу өгнө. Ямар ч байсан та эхлээд 1.625 000 донг төлчих гэв. Би дотроо эргэлзэж байсан ч хэлсэн мөнгийг нь ресепшин залууд өгөөд, өрөөгөө хүлээн авлаа.


Энэ зочид буудлын өрөө нь зай талбайн хувьд миний төсөөлж байснаас том, дажгүй цэвэрхэн юм. Нэг гэм нь цонх нь арын гудамж руу харсан, үзэгдэх орчин гэх юм байхгүй. Товчхондоо харууц муутай. Шүршүүрт орж, замын тоосноос салав. Ингээд буудлаас гарч жижиг дэлгүүрээс өглөө идэх юм худалдан авахаар шийдлээ. Миний байрлаж байгаа энэ зочид буудлын эргэн тойронд 1-2 давхраас хэтрэхгүй намхан барилгууд, харанхуй гудамжнууд байлаа. Алхаж явахад үе үе таагүй үнэр мэдрэгдэв. Жижиг дэлгүүрээс чоко-пай, цэвэр ус авлаа. Үнэндээ өөр авчихаар олигтой юм харагдсангүй. Гар утсан дээрээ google map хартал зочид буудлаасаа 800 метр холджээ. Буцаад буудалдаа эргэж ирэв. Ийнхүү Ханой хотын эхний өдөр дуусав. Маргааш өглөө нь 9:00 цагт сэрээд зочид буудлын ресепшинтэй уулзав. Ресепшин солигджээ. Гэсэн ч би надад хямдрал үзүүлнэ гэж амалсан тухай сануулав. Шинэ ресепшин бүх асуудлыг мэдэж байна. Надад 125 000 донг эргүүлэн өгөв. Ийнхүү би энэ зочид буудалд 3 шөнө хонохдоо 1 500 000 донг төлөв. Зочид буудлаасаа гарахын өмнө GRAB аппликейшн ашиглаж такси дуудав. Учир нь миний байрлаж байгаа зочид буудлын ойролцоо метроны өртөө байсангүй. Хамгийн ойролцоох метроны буудал руу таксидахад 69 000 донг төлөв. Ханой хотын өнгө төрх нь нэг иймэрхүү. Мотоциклтой хүмүүс л дэндүү олон юм. Машин, мотоцикл холилдож явна гэдэг бэрх байх. Гэхдээ вьетнамчууд үүндээ дассан бололтой.


Метроны тасалбар зарж байгаа хүнээс Вьетнамын үндэсний музей рүү хэрхэн явах вэ? Аль метроны өртөө ойрхон бэ? гэж англиа хэлээр асуув. Гэтэл өнөөх тасалбар түгээгч нь англи хэл таг юмоо. Google translate ашиглаж арай хийж ойлголцов. Вьетнамын үндэсний музейн ойролцоо метроны өртөө байхгүй бололтой. Арай дөхүү байж болох өртөөг нь хэлүүлж аваад метроны тасалбар худалдан авлаа. Метроны тасалбар 10 000 донг. Метрогоор явах гэсэн гол зорилго нь нэгдүгээрт, Ханой хотын метроны сүлжээний учрыг нь олох; хоёрдугаарт, нийтийн тээвэр хямд байх учиртай гэх бодол. Ханойд метрогоор хүмүүс их явдаггүй бололтой. Метро нь хүнгүй хоосон байв. Харин төв замаар нь дүүрэн мотоциклтой хүмүүс. 


Метроноос буугаад голын эрэг дагаж алхав. Манайхаар бол Сэлбэ гол юм шиг байгаан. Өдрийн 12:00 цаг болох гэж байна. Өглөө 9 цагт сэрсэн. Гэтэл нэг ч юм үзэж хараагүй явж байдаг. Яасан бүтэл муухай байна аа гэж өөрийгөө зэмлэнгүй бодов. Өглөө зочид буудлаас гарахдаа олигтой цай унд уугаагүй. Замд Tous les jours нарийн боовны газрын салбар харагдав. Тэнд орж өглөөний цай уулаа. 


Миний худалдан авсан боов, цайны үнэ 128 000 донг. 


Гар утасны цэнэг ч талаас доошоо болжээ. Музей үзээд зураг дарна. Тиймээс гар утас дүүрэн цэнэгтэй байх хэрэгтэй. Цай уунгаа гар утсаа цэнэглэв. Дараа нь музей рүү очлоо. Гэтэл үдийн цайны цаг гээд хаачихсан байв. Музей өглөө 10:00 цагт нээгдэж 12:30 цагт хаана. Үдийн цайны дараа 14:00 цагаас эргэж нээгдээд 17:00 цагт хаадаг аж. Ингээд бодохоор ажилладаг цаг нь маш бага юм шиг санагдав.  


14:00 цаг хүртэл хийх юмгүй боллоо. Энэ хооронд Ханой хотын хүнсний дэлгүүр орж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ судлахаар болов. Вьетнамын бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг монгол төгрөг рүү шилжүүлэхэд их амархан Үнийг дүнг нь 7-д хуваахад л монгол төгрөгөөр үнэ нь илэрхийлэгдэнэ. Жишээ нь доорх зурагт харагдаж байгаа шүдний оо 39900  донг. Энэ нь 5700 монгол төгрөг гэсэн үг. 















Дэлгүүрт үйлчлүүлж байгаа хүмүүс нь дээгүүрээ өвлийн зузаан куртик, доогуураа резин усны таавчигтай байх юм. Ийм дүр зураг хаа сайгүй. Загварын зоримог шийдэл гэж л энэ байх.


Ингээд 14:00 цаг дөхүүлээд музей рүү буцаж очлоо. 



Музейн тасалбарын үнэ 30 000 донг


Музейд зураг авах нь чөлөөтэй. Сонирхолтой санагдсан зарим үзмэрийн зураг:
Энэ бол Вьетнамын үндэсний хөлөгт тоглоом юм билээ. Хэрхэн тоглох заавар нь хажууд нь байсан. Музейн үзмэр болгож байрлуулснаас гадна, музей дэргэд ажилладаг бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаж байсан.


Будда

Музейд байсан авангард модон хөшөөнүүд анхаарал татав. Эротик сэдэвтэй юм билээ.










Вьетнамын ахуй амьдралыг харуулсан үзмэртэй хэсэг нь харин ойлгомжтой байлаа.








Музейгээс гараад тэнгэр баганадсан өндөр барилгууд олж харав. Бизнесийн байгууллагуудтай аятайхан л дүүрэг юм шиг санагдав.  Дотор нь бас дажгүй ресторан ч байх шиг. Өдрийн хоолоо идээгүй байгаа хүн. Салат, шпагетти, цай захиалав.


Гэтэл гай болж, салат дотор нь хорхой хөдөлж байхыг олж хардаг юм даа. Рестораны зөөгчийг нь дуудаж хэллээ. Зөөгч нь менежерийг дуудав. 


Эцэст нь надаас салатны мөнгийг аваагүй. Ийнхүү ресторанаас гарч, явган алхалтаа үргэлжлүүлэв. Ханойд гудамжинд нь ийм жимсний модны суулгац зарж байгаа худалдаачид олон харагдсан. Чухам ямар учиртайг нь бүү мэд.


Алхаж явсаар Вьетнамын сэтгүүлчдийн холбооны гадаа ирчихсэн байсан. Бас энд нь Вьетнамын хэвлэлийн музей гэсэн хаяг харагдана лээ. Орж үзэх гэтэл хаалттай байсан.




Энэ барилгын гадаа нэг Вьетнам залуутай танилцав. Вьетнамын хэвлэлийн музей рүү яаж орох вэ? л гэж асуусан. Өнөө залуу англиар дажгүй ярьж байн. Өнөөдөр бямба гараг учраас Вьетнамын сэтгүүлчдийн холбоо, музейн аль алин нь ажиллахгүй гэв. Би түүнээс хамгийн том худалдааны төв, хүнсний дэлгүүр нь аль вэ? гэж асуув. Ингээд "BIG G" гэсэн худалдааны төвийн нэрийг мэдэж авав. Таксидаад BIG G худалдааны төвд ирлээ.  4 давхар барилгатай том дэлгүүр байсан даа. Нэгдүгээр давхарт нь үнэртэн, гоо сайхан, янз бүрийн гутал хувцас зардаг лангуунууд битүү. 2 ба 3 дугаар давхарт нь өөртөө үйлчлэх дэлгүүр, 4 дүгээр давхарт нь кино театр байв.



Дэлгүүр хэсээд нэдээн ч ядарлаа. Худалдааны төв дотор байрладаг  DING TEA хэмээх цайны газар орж хөлөө амраангаа, утсаа цэнэглэв. 


Би энэ худалдааны төвөөс ийм чемодан худалдаж авлаа. Үнэ нь 600.000 донг. Монгол төгрөгөөр бол 86 000 төгрөг.  Ийнхүү үүргэвчтэй аялагч маань чемодантай болов.


Цаг орой болжээ. Дэлгүүрээс гарч таксинд суугаад зочид буудалдаа ирэв. 


Сониноос Вьетнамд гей залуучууд нь GRINDR аппликейшн ашиглах нь түгээмэл юм байна. Үй түмэн вьетнам залуучууд янз бүрийн санал бичсэн шд. Тэдний нэгэнтэй нь чаталж байгаад уулзаж үзсэн. Ийнхүү Ханой хотын нэг өдөр дуусав.