Амьдралын тойрог

2026-01-20

Сиань хот: 4 дүгээр хэсэг. Мусульман хорооллоос музей хүртэл

Өглөө сэрээд Сиань хотоор тэнэх ажлаа үргэлжлүүлэв. Хотын төвд байдаг "Guangren Lama Temple" үзэв. Сүмийн нэрийг хятадаар 广仁寺 гэж бичдэг юм байна. Энэ сүм бол Шэньси мужид байдаг цорын ганц Түвдийн буддын шашны сүм юм байна.


1705 онд Манж Чин улсын хаан Кансигийн зарлигаар байгуулагджээ. Тухайн үед Түвдийн лам нар Бээжин хот руу явах замдаа түр амсхийх тохь тухтай газар шаардлагатай байсан тул энэ сүмийг байгуулжээ. Энэ сүм нь Түвд ба Хань үндэстнүүдийн хоорондын соёлын солилцооны гол бэлгэдэл болсон газар гэж хэлж болно. Энэ сүмийн гол дуган дотор алтадсан Будда бурхан бий. Буддаг 12 настай байх үеийн дүрээр нь бүтээжээ. Мөн 2006 онд  хүрлээр цутгаж гадуур нь алтадсан 1000 ширхэг жижиг бурхан өржээ.  Мөн энэ сүмд Ногоон дарь эх бурханг гол шүтээнээ гэж үздэг байна. Сүмд хадгалагдаж байгаа өөр нэг үнэт зүйл бол Манж Чин улсын хаан Кансигийн бэлэглэсэн гантиг чулуугаар хийсэн лянхуа цэцгийн баримал. Сүмийн Махавири танхимд байгаа "мөнхийн гэрэлтүүлэгч" дэн 300 жилийн турш тасралтгүй асаж байгаа гэх домог яриа байдаг байна.  Сүмийн гол дуганы гадна хана дагуу хүрд байдаг бөгөөд мөргөлчид цагийн зүүний дагуу хүрд эргүүлж нар зөв явдаг байна.


Сүмийн дараа би өдрийн хоолны цагийг хүлээлгүй гоймонтой хоол идэв. 


Дараа нь сүмийн ойролцоо байсан худалдааны мухлагийн хажуугаар явлаа. Эсэн бусын сувенир зөндөө л байна лээ. Одоо ч иймэрхүү юм тоохоо байж дээ. 



Яг одоо худалдаанд Hit болж байгаа Labubu. Гена матар, Чебурашка хоёрын дундаас нь Labubu төрсөн гэцгээх юм билээ. Мэдээж энэ яриа бол уран сэтгэмж хошигнол шүү. Labubu гэдэг энэ чихмэл тоглоомын дүрийг 2015 онд Хонгконгийн зураач Касин Лунг  "The Monsters" гэдэг цуврал зурагт номд зориулан зурсан юм гэнэ. Гэвч 2019 оноос Хятадын Pop Mart брэнд Labubu чихмэл тоглоомыг худалдаанд гаргаснаар олон нийтийн дунд энэ дүр алдаршиж эхэлсэн байна.


Дараа нь би Сиань хотын мусульман хороолол руу явж үзлээ. Сиань хотын төвд мусульман шашинтай хятадын Хуэ үндэстэнгүүд амьдардаг болоод олон зуун жил болжээ. Сиань хотод мусульман хороолол үүссэн нь "Торгоны зам"-ын түүхтэй ч холбоотой юм байна. Эртний Тан улсын үед VII зуунд Торгоны замаар араб худалдаачид явсаар  Чань Ань (өнөөгийн Сиань) хотод ирж байжээ. Гадаадын худалдаачдын зарим нь наймаагаа хийгээд буцаж байсан бол хэсэг бүлэг нь суурьшиж, бараа худалдаж аваад илгээдэг болжээ. Тан улсын хаан удаан хугацаагаар байх шаардлагатай Араб худалдаачдад зориулан амьдрах газар зааж өгсөн нь өнөөгийн мусульман хороолол үүсэх эхлэл болсон юм байна. 742 онд мусульман шашинтай гадаадын худалдаачид Саюнь Зан хаанд хандаж сүм барих зөвшөөрөл хүсжээ. Тан улсын хаан Арабын худалдаачидтай найрамдалт харилцаагаа хадгалахын тулд хүсэлтийг нь хүлээн авчээ. Мусульман шашны сүмийг барихдаа Хятадын "сыхэюань" гэдэг загварыг баримталсан нь хотын бусад байшин барилгатай зохицжээ. Дараа нь Сүн, монголчуудын байгуулсан Юань улсын үед Сиань хотод мусульман шашинтай арабчуудын тоо эрс нэмэгджээ. Юань улсын үед Сиань хотод Араб төдийгүй төв азийн мусульман шашинтай гар урчууд, мужаанууд олон ирсэн байна. Эдгээр хүмүүс аажимдаа нутгийн уугуул хятад эмэгтэйчүүдтэй гэрлэж, хятад хэлээр ярьдаг болжээ. Ийнхүү Хуэй гэдэг шинэ үндэстэн бүрэлдсэн байна. Хуэй үндэстэнүүд бол хятадын мусульман шашинтнууд. Олон зуун жилийн турш тэд гадаад дүр төрхөөрөө хань үндэстнүүдээс ялгарахгүй боловч шашин шүтлэг, зан заншил нь өөр гэдгээрээ ялгадаг. Хятадын Мин, Манж Чин гүрний үед Сиань хот цэцэглэн хөгжиж, мусульман хороолол хотын төв хэсэг болжээ. Энэ хавьд тухайн үеийн чинээлэг худалдаачид амьдардаг болов.  Хуэй үндэстэнүүд махны худалдаа, эртний эдлэл зардаг болжээ. Одоо ч энэ гудамжинд эртний эдлэл худалдаж авах боломжтой. ХХ зуунд Сиань хотын мусульман хороололд нэлээн өөрлөлт гарсан байна. БНХАУ-д соёлын хувьсгал болох үед мусульман шашны сүм хаагджээ.  1990 оноос хойш Сиань хотын захиргаа мусульман хорооллыг жуулчдын очдог газар болгон хувиргах төсөл хэрэгжүүлж, мусульман шашны сүмийг сэргээн байгуулжээ. Сиань хотын мусульман хороололд 30 мянга орчим хуэй үндэстэн амьдардаг байна. Мусульман шашны 10 сүм ажилладаг. Хорооллын эргэн тойронд үй түмэн жижиг хоолны газрууд бий. 


Энэ хорооллын мусульман шашны хамгийн том сүм рүү орохын тулд 25 юаний тасалбар авах хэрэгтэй. Бас богино шорттой орж болохгүй. Би мусульман шашны сүм рүү нь орсонгүй ээ. Угаасаа шорт өмсөөд явж байгаа учраас орох боломжгүй. 


Сиань хотын мусульман хороолол нь өвөрмөц уур амьсгалтай сонин орчин бүрдүүлсэн газар юм шиг санагдсан. Мусульман хороололд нь энэ газрын түүхийг бичсэн самбар байрлуулсан байна лээ.

Мусульман хорооллоос гараад өмнө нь очиж байсан "Хонхтой цамхаг" -ийн ойролцоо ирчихсэн байв. Арай өөр өнцөөс "Хонхтой цамхаг"-ийн зургийг дарав. 



Сиань хотын хүнсний дэлгүүр орлоо. Уламжлал дагуу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сонирхож хэдэн зураг дарав. 










Цаг харсан чинь орой болжээ. Оройны хоолоо идэв. 


Нар жаргасан боловч гадаа аагим халуун хэвээрээ. Хоолны дараа метронд суугаад зочид буудалдаа ирж амрав. 
Маргааш өглөө нь сэрээд  "Сиань хотын музей" рүү явлаа.  Учир нь өнөөдөр миний музей үзэх хуваарьтай өдөр. Музей рүү явах замд "Торгоны замын түүх"-ийг харуулсан хөшөөтэй талбайгаар алхав.




Талбайгаар нэвт гараад "Xi'an museum"-д ирлээ. Музейн кассанд очиж гадаад паспортоо үзүүлж, мөн WECHAT-р үүсгэсэн захиалга бүхий QR харуулснаар тасалбар үнэгүй авлаа.



Музейн эхний танхим нь буддын шашинтай холбоотой үзмэртэй байв. 





Дараагийн танхим нь эртний шаазан эдлэл өрсөн шилэн хоргоор дүүрэн байлаа. 



Сиань хот эрт дээр үед ямар байсныг харуулсан үзэмтэй макет өөр нэг танхимд байв.


Бас хэдэн зуун жилийн өмнө эртний Сиань хотын оршин суугчдын амьдардаг байсан тоосгон байшингийн загвар, эртний эдлэл өржээ.






Энэ музейд байгаа хосгүй үзмэрийн нэг нь доорх зурагт дүрслэгдсэн байгаа шүү. Энэ бол эрт дээр үеийн жижиг алтан зоос. Томруулдаг шилээр харвал илүү тодорно.




Өөр нэг сонирхолтой үзмэр




Музейд би бараг 2 цаг орчим болов. Музей том хашаатай, хиймэл цөөрөмтэй, цэцэрлэгт хүрээлэнтэй юм. 

Энэ музейг үзэж дуусаад дараагийн музей рүү таксидлаа. Дараагийн очсон музей нь "Шэньси мужийн түүхийн музей" байв. Энэ музейн тасалбар нь үнэгүй. Гэхдээ урьдчилж бүртгүүлээд цаг авсан байх ёстой гэж Хятад найз маань хэлж байсан юм. Би азаа үзэхээр шийдэв.   Музейн касс руу дугаарлаж зогсов. Миний ээлж болж, би тасалбар авах гэтэл урьдчилж нэрээ мэдүүлээгүй бол боломжгүй гэв. 4 өдрийн дараа цаг байна гэлээ. Би 4 өдөр хүлээх боломжгүй. Ингээд энэ музейг үзэж чадсангүй.




Ингээд дараагийн төлөвлөгөөгөө зохиов. Өмнө нь очиж байсаан том худалдааны төв орж "сюй бин" хэмээх шанзтай боов худалдаж авахаар боллоо.



Худалдааны төвөөс буудал руугаа буцав. Буцах замдаа оройн хоолоо идлээ.


Ийнхүү аяллын маань нэг өдөр дууслаа.