За сонгууль болоход 6 хоног үлдлээ дээ. Сонгуулийн санал хураалт болох цаг мөч ойртох тусам өнөө нэр дэвшигч "УИХ-д горилогч" нарын нойр нь хүрэхгүй тарчилж байгаа даа, хөөрхий. Сонгуулийн сурталчилгааны хугацаа шувтарч байгаа энэ үед хар PR газар авч байна даа. Цайны ганц гоонжоо өмсөөд маасайтал инээсэн гоё ах нар хэдхэн хоногийн дотор адгийн луйварчин, өөдгүй новш болж хувирдаг байна шүү. Хар PR гэж аймшигтай эд шүү. Бушуухан л баасан гариг болж сонгуулийн сурталчилгааны үе дуусаасай. Тойрог томорсон болохоор гурав дөрөвөөрөө хэлхэлдсэн хүмүүс. Тэгээд өөрсдийгөө "Учиртай гурван толгой", "Дөрвөн бэрх" гээд өхөөрдөм хөөрхөн нэрлэсэн байгаамаа. Өглөө үдэшгүй сонгуулийн сурталчилгаанд хүмүүс бөмбөгдүүлж захлаа биз. Сонгуулийн сурталчилгаа явуулах тактик гэж нэг юм бий. Буруу тактикаар сонгуулийн сурталчилгаагаа явуулах юм бол тэгээд лааз хөшиглөөд үлдэнэ дээ. Энэ ХУ намын сурталчилгааны "Өглөө шиг эх орон" дууг зурагт радиогоор уйдтал явуулаад чих дөжрөх нь. Зүгээр ч нэг ганц хоёр хүнээр дуулуулсангүй. Рок, попынхон, ардын дуу бүжгийн чуулгын үндэсний найрал хөгжмийн нүсэр баг хүртэл оролцсон энэ дуундаа хоёр гурван янзаар клип хийлгэсэн байх юм. Энэ ганц дуунд хэд хэдэн хувилбараар клип хийлгэхэд нэлээн их хөрөнгө мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Энэ их мөнгө татвар төлөгч бидний л мөнгө. Тэгээд сонгуулийн далд сурталчилгаатай энэ клипийг Монголын арилжааны телевиз, радиогийн сувгууд зүгээр ч нэг цацахгүй. ХУ намаас төлбөр авч байж л эфирт гаргаж байгаа. Сонгуульд нэр дэвшиж байгаа нэг нөхөр "Хэрвээ би УИХ-д гишүүн болох юм бол хог боловсруулах үйлдвэр японоос оруулж ирнэ" гэж байх юм. Хэрвээ УИХ-ын гишүүний зөөлөн суудалд залрахгүй бол тэр нөхөр Японоос хог боловсруулах үйлдвэрийн технологийг оруулж ирэхгүй шиг байна. Зөвхөн хог боловсруулах үйлдвэр байгуулахын төлөө л УИХ-ын гишүүн болох хэрэг байна уу? Төрийн түшээ болохгүйгээр ч үйлдвэр байгуулах боломж тэр нөхөрт байна ш дээ. Ер нь бол УИХ-д гараад юу ч хийж чадахгүй, хувийн эрх ашигаа эрхэм болгосон хүмүүс олон байна даа. Борооны дараах мөөг шиг олон судалгааны төвүүд сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд гэнэт гараад ирлээ. Нэр дэвшигч болгон хувьдаа иймэрүү судалгааны төв гээчийг байгуулжээ. Өнөөх сүүдрийн судалгааны төвүүд нь мэдээж үүсгэн байгуулсан УИХ-д горилогчийнхоо рейтингийг өндөр байна гэж зарлаж таарнаа даа. Нээрээ сонгуулийн дараа монголчууд бүгдээрээ саятанууд болох юм шиг байна. Ху нам, Ардчилсан намынхан ард түмэндээ мөнгийг зүгээр л бичгийн цаас шиг тараах юм байхаа. Тэрэндээ бас Эрдэнийн хувь, Эх орны хишиг гэсэн гоё нэр бодоод олсон байна. Монголын хамгийн том хоёр намын тараах гээд байгаа мөнгөний тоог Монголын хүн амын тоонд үржүүлэх юм бол манай улсын төсвийн мөнгөнөөс хэтрээд байгаа юм. Энэ их мөнгийг хаанаас олох гээд байгаа юм бэ? Юмны учир мэддэг эдийн засагчид энэ бол бүтэшгүй зүйл гэж хэлээд байгаа. Ямар ч ажил хийгээгүй зүгээр сууж байгаа хүнд мөнгө өгнө гэдэг угаасаа утгагүй зүйл. Баруун солгойгүй мөнгө цацаад байхаар инфляц гэрлийн хурдаар өсөж, барааны үнэ огцом нэмэгдээд эдийн засаг туйлдах аюултай гэж зарим нэг хүмүүс анхааруулаад байгаа. Зах зээлийн энэ үед үнэгүй, зүгээр олддог олз гэж юу байсан юм бэ? Магадгүй Монголын хамгийн том хоёр нам уул уурхайн салбараас орж ирэх баялагийн "өрөмийг нь өөрсдөө аваад, хусамыг нь ард түмэнд өгөх" гээд байна уу? гэсэн хардлага өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.
Унасан хүн ууртай гэдэг үг байдаг. Сонгуулийн санал хураалтын маргаашнаас эхлээд л миний өрсөлдөгч булхайцсан гээд л бөөн зарга хийх эхэлнэ дээ. Томсгосон тойргоор явуулж байгаа энэ сонгуулийн ялагч нь тодрох гэж бас нэлээн будлиан болох шинжтэй. Одоо юу болохыг харж л байя.
No comments:
Post a Comment