Гамшиг болохыг хүлээсэн нь
Сүүлийн хэдэн өдөр Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болох гэж байна. Та минь ээ, амиа бодоорой. Хотын захад зуслангийн байшинтай бол тэндээ оч. Болж өгвөл бүүр холхон яв. Шөнө орондоо хувцастайгаа унт. Газар хөдлөх юм бол гараад л гүйхэд бэлэн бай гэх зэрэг явган яриа амнаас ам дамжин олон хүнийг хямраажээ. Монголд газар хөдлөлт болж магадгүй тухай мэдээлэл Оросын "Комсомольская правда" сонинд нийтлэгдсэн байна. "КП" сонинд Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцсон таджик авгай ярилцлага өгчээ. Ярилцлагын эхэнд Турсун Закирова гэж энэ авгай хэрхэн тэр нэвтрүүлэгт оролцох болсоноо ярьжээ. Дараа нь Оросын олны танил хүмүүсийн ирээдүйн хувь заяаны талаар сэтгүүлч сонирхсон байна лээ. Далдыг харагч авгай Ташкент хот, Монгол, АНУ-ын Калифорни мужид 6-р сард хүчтэй газар хөдлөх болно гэж хэлжээ. Бас Оросын шинэ ерөнхийлөгчийн ажлын талаар хэдэн үг унагаажээ. Ярилцлага бүрэн эхээрээ энд байна. Монголтой холбоотой хэдэн өгүүлбэрийг нь аваад "Монголын нэг өдөр" сонин 5 сарын 28-ний дугаартаа хэвлэжээ. Энэ жижигхэн мэдээг шар бор хэвлэлийнх гэж ялгадаггүй дахин нийтлэдэг www.sonin.mn сайтад оруулжээ. Хүмүүсийн реакци ч тэр дороо илэрч энэ мэдээнд сэтгэгдэлээ үлдээсэн хүний тоо 200 хол давжээ. Тэр ч бүү хэл энэ сайтын долоо хоногийн хамгийн шуугиан тарьсан мэдээлэл гэдэг ангилалын 1-рт оржээ. Эхэндээ зөвхөн интернэтээр л хэлэлцэгдэж байсан энэ мэдээлэл хүрээгээ тэлж, амнаас ам дамжин гэрлийн хурдаар тархжээ. Цуурхалын хамгийн сөрөг тал нь аман хэлбэрээр дамжин тархдаг тул нэг хүнээс нөгөөд хүрэхдээ утга агуулага нь өөрчлөгдсөөр байдаг. /Биологийн шинжлэх ухааны хэлээр бол мутацид орно гэдэг/. "6 сард Монголд газар хөдлөлт болно гэж нэг далдыг хардаг авгай хэлж гэнэ" гэсэн яриа нь ам дамжин яригдахаа "Улаанбаатарт газар хөдлөлт болох гэж байна" гэж хувирчээ. Дараагийн хүнд энэ цуурхал хүрэхдээ "яг 6 сарын эхээр УБ-д газар хөдлөлт болно" гэсэн утгатай болж. Тэгсэн чинь хэн нэгэн хүн 6 сарын 4, эсвэл 5-нд орой 20.00 цагт газар хөдлөлт болно гэж цуурхалыг улам дэврээжээ. Ямар логикоор бодохоороо цаг хугацааг нь нарийн бодож олсон юм бол доо. Өнөөх зөгнөлт өдөр ч ирлээ. Зарим хүмүүс газар хөдлөлтийг хүлээж байрныхаа гадаа өнжсөн сурагтай. EAGLE TV -ийн мэдээлснээр бол газар хөдлөлт болно гэсэн цуурхал Налайх, Багануурт хүмүүсийг паникт оруулжээ. Налайхчууд энэ өдөр нийтээрээ ажлаа хийлгүй гамшиг болохыг хүлээсэн гэнэ. Гэтэл газар шилгээдэггүй ээ. Цуурхал дэндүү хүчтэй байсан болохоор албаны хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлэл хийж учраа олохгүй байгаа хүмүүсийг жаахан тайвшруулав.
Далдыг харагчид итгэх үү? Шинжлэх ухаанд найдах уу?
Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын хувьд мэдээлэл олж авах үндсэн хэлбэр нь аман яриа. Хонь малаа бэлчээж яваа хоёр малчин уулзаад хол ойрын үйл явдлыг өөр өөрийнхөө ойлгож байгаагаар л ярилцаад сална. Олны үг ортой гэдэг үг эндээс л урган гарсан байх. Орчин үед ч бас монголчууд аман яриа, цуурхалд ач холбогдол өгдөг хэвээр байгаа бололтой. Дээрээс нь бас монголчууд дэндүү мухар сүсэг бишрэлтэй хүмүүс. Цагаан сараа хэзээ хийхээ ч мэдэхгүй хоёр тал болж маргалдана. Үсээ засуулахдаа хүртэл "зурхайн зурлагатай цаг тооны бичиг" эргүүлж харна. Хэзээ үсээ засуулахаа ч мэдэхгүй хэн нэгэн өөрийгөө өргөмжилсөн этгээдийн хэвлүүлсэн номыг эргүүлж суух нь инээдтэй, бас эмгэнэлтэй ч юм шиг. Дэлхий даяараа шинжлэх ухаанд найдаж, судалгаа шинжилгээ хийж, тоног төхөөрөмж зохион бүтээж, шинэ нээлт хийж суухад Монголчууд далдыг хардаг, мэргэч төлөгч нарт итгэсэн хэвээр байх уу? Монголчууд бид нийтээрээ тийм гэнэн итгэмтгий улсууд уу? 90-ээд оны эхээр Ромбо гаригтай холбоо тогтоосон үзмэрч Д гэдэг ах, өөрөөсөө гэнэт гал гаргадаг Ө гэдэг хүүхэн гэнэт тодорч эцэст нь тэд тараа таниулаад л дууссан. Яг үүн шиг тэр хол суугаа тажик хүүхэн санааны зоргоор хэдэн үг хэлсэний дараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бид энд хий бужигнаж байдаг.
Хэрвээ гамшиг болсон бол...?
Байгалийн гамшиг, өвчин зовлон, үхэл хагацал хэлж ирдэггүй. Тийм болохоор ямар ч юманд сэтгэл санааны бэлтгэлтэй байхад илүүдэх юу байхав. Социалист дэглэмтэй байхад Монголд иргэний хамгаалалтын бэлтгэл тогтмол хийдэг байжээ. Улс оронд байгалийн гэнэтийн гамшиг гал түймэр болох юм бол хүн амыг хэрхэн аврах, гашмигийн дараа аврах ажиллааг хэрхэн зохион байгуулах талаар ойлголт өгдөг байж л дээ. Харин одоо Монголд иймэрхүү бэлтгэл сургуулилт хийхээ болисон. Гамшиг л тохиолдох юм бол ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР данстай хэдэн аврагч нар ажиллах ёстой гэсэн ойлголттой. Хэдхэн хоногийн өмнө газар шорооны ажил хийж байгаад хөрсний нуралт болох үеэр шороонд дарагдсан хориодхон настай нэг залууг Монголын онцгой байдлын газрын аврагч нар аварч чадаагүй, харсаар байгаад амийг нь алдчихсан. Хэрвээ Хятадын Сычуань мужид болсон шиг хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт болох юм бол өнөө хэдэн аврагчид маань юу ч хийж чадахгүй байх гэж би бодоод байгаа юм. Ер нь газар хөдлөлттэй холбоотой энэ цуурхалаас сургамж авч ямар нэгэн байгалийн гамшиг болох үеэр жирийн иргэд хэрхэн өөрсдийгөө болоод ойр дотны хүмүүстээ туслах талаар анхан шатны ойлголт өгөх сургалт зохион байгуулах шаардлагатай байхаа. Японд бол газар хөдлөлтийн үеэр хэрхэн өөрийн амиа аврах, гамшигийн дараа бусдад туслах тухай сургалт тогтмол хийдэг гэж дуулсан юм байна. (Японд ажиллаж амьдарч байгаа хүмүүс энэ талаар надаас илүү мэдэж байгаа байлгүй дээ.) Хэрвээ гамшиг болсон бол... Мэдээж хүсэх зүйл биш. Гэхдээ байгалийн энэ үзэгдэл УБ-д тохиолдох юм бол шинээр баригдсан, одоо баригдаж байгаа чанар муутай байшингуудын аль нь тэсэж үлдэх бол? Бид чанаргүй байшин бариж өөрсдийнхөө бетон авсыг бэлдээд байгаа юм биш биз гэсэн санааг хаяа нэг сонин хэвлэл дээр бичсэн л байдаг.
Цуурхалын тухай дахиад хэдэн үг...
Нийгэмд цуурхал сөрөг муу нөлөөтэй. Зарим нэг цуурхал хүмүүсийн ам дамжин яригдсан дэмий чалчаа ярианаас аяндаа үүсдэг. Харин зарим нэг цуурхалыг аль нэгэн ашиг сонирхолын бүлэглэл зориудаар системтэйгээр нийгэмд тарааж байсан жишээ түүхэнд олон байдаг. Далдыг хардаг гээд байгаа тэр таджик авгай яагаад заавал 6 сард Монголд газар хөдөлж байшин нурна гэж хэлсэн юм бол гэдэг асуудал сонирхол татаж байна. 6 сарын турш Монголд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хийгдэнэ. Сонгуулийн санал хураалт болно. Аль ч улс орны хувьд хамгийн чухал, хариуцлагатай үйл явдал бол сонгууль байдаг. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед Монголчууд нэлэнхүйдээ улс төржөөд байгаа. Магадгүй улс төр, сонгуулиар амьсгалж байгаа нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлж, хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн оролдлого ч байж болох талтай. Газар хөдлөх гэж байна. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр ирж магадгүй гэхэд ямар ч хүн улс төр, сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигч, сонгуулийн хар PR, өрсөлдөгчийн маань хийсэн луйвар гээд учир зүггүй гүйгээд байхгүй нь ойлгомжтой. Газар хөдлөлттэй холбоотой цуурхал анх гарсан эх сурвалж нь манай хойд хөршөөс гарч байна. Монголын улстөрийн зарим нэг нам сонгуулийн сурталчилгаа хийх тактик, стратеги, PR хэрхэн хийх талаар гадаадын орнуудын мэргэжилтнүүдэд хандан зөвлөгөө заавар авч байсан тохиолдол байсаныг эргэж нэг санахад илүүдэхгүй.
Тэгээд байгалийн гамшиг, цас зуд үер усны аюул тохиолдохоо хүрвэл хэдийд болж магадгүй. Газар хөдлөхийг лам хувраг, мэргэч төлөгч нар ч таагаад байдаг юм биш...
2 comments:
neeree yag gazar hodolvol yaanaa
hervee tiim yum boloh yum bol nuur tulj uchirahaas oor argagui sh dee. baigaliin gamshig l yum hoino... Gehdee tiim muu yum bitgii boloosoi.
Post a Comment