Монголд ажил хийхгүйгээр амьдарч болох нөхцөл тун удахгүй бүрдэх сайхан мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Манай улсад нийгмийн халамж дэндүү сайн хөгжсөн. Социалист нийгмийн үед таваас дээш хүүхэд гаргасан эмэгтэйг "Алдарт эх" гэж өргөмжилж сар бүр мөнгө илүүчилдэг байв. Харин хүнлэг энэрэгүй ардчилсан нийгэмд шилжсэнээр элдэв янзийн тэтгэмж, халамж улам ч нэмэгдэв. Шинээр гэр бүл болох юм бол 500 мянган төгрөг, хүүхэд гаргах юм бол 100 мянган төгрөг, өнөө хүүхэд нь 18 нас хүрч иргэний үнэмлэх авталаа сар бүр 3000 мянган төгрөг төсвөөс зүгээр л авна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол улсын иргэн бүр нэг сая таван зуун мянган төгрөгтэй болох нөхцөл бүрдсэн. Зүв зүгээр л байж байгаад нэг сая таван зуун мянган төгрөгтэй болно шүү дээ. Нэг бодолын гоё ч юм шиг. Гэхдээ толгойтой болгонд энэ мөнгийг тараачих юм бол Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж таарна. Эрх баригчид үүнийгээ мэдэж байгаа болохоор бэлэнээр нь мөнгө тараахгүй байх. Тэгээд ч энэ мөнгөний эх үүсвэр нь ашигт малтмалаас орж ирэх орлого. Гэтэл дэлхийн зах зээл дээр нэг хэсэг тэнгэрт хадаж байсан алт, зэсийн үнэ эргээд буурч байгаа.
Орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч иргэн бүрт 30 сая төгрөг өгнө гэж том дуугарлаа. Гэхдээ энэ үлгэрт хэн ч итгэхгүй нь лавтай. МАХН сонгуульд ялах юм бол нэг сая таван зууг л зүгээр тараана гэж байхад ганц нэр дэвшигч 30 сая төгрөг тарааж өгнө гэдэг нь эргэлзээтэй. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон хүнд цалин байдаггүй. Тэр хүн үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь иргэдийн эрх ашгийн төлөө дүүргийн хуралд сууудаг. 30 сая төгрөг амласан залуугаас хэрхэн мөнгө олж тараах гээд байгааг нь хэвлэлийнхэн асуухад, та нарын цалинг нэмнэ. Нэг айлын авгай нөхөр хоёрын цалингийн нийт дүн нь жилд 30 сая болно гэж тайлбарлажээ. Үржүүлэхийн хүрд сайн цээжилсэн л залуу юм байна гэж би хувьдаа бодлоо.
Монголд хоёр хөлтэй хохимой толгойтой бүхэн мөнгө аваад зогсохгүй нь ээ. Дөрвөн хөлтэй мал адгуус ч гэсэн Монголын газар шороон дээр байгаагийнхаа төлөө мөнгө авна. Ноолуур өгдөг юм чинь ямаандаа мөнгө өгье гэж УИХ-ын гишүүд хэд хоногийн өмнө шийдэж. Манай УИХ-ын гишүүд их өгөөмөр юм аа. Монголын нийт мал сүргийн 50 хувь нь ямаан сүрэг эзэлсэн байна. Адуу, хонь, үхэр, тэмээн сүрэг нийлээд тоогоороо ямаан сүрэгтэй арай гэж эн тэнцэж байна. Ямаа бэлчээрийг эргэж сэргээгдэх аргагүй болтол нь сүйдэлдэг зэвүүн амьтан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Ямааны тоо толгой өсөх тусам Монголд цөлжилт нэмэгдэх эрсдэл өсөж байгаа юм. Гэтэл дөрвөн ямаа тутамд 5000 төгрөг малчдад тараах шийдвэрийг гаргажээ. Бас 1 кг ноолуурын үнэ зах зээл дээр 30 мянган төгрөгнөөс доош орсон тохиолдолд энэрэнгүй ТӨР ЗАСАГ нэг кг ноолуурыг 32 мянган төгрөгөөр малчидаас худалдан авч байх юм гэнээ. Тэртэй тэргүй үнэ ханш нь буурчихсан ноолуурыг ТӨР ЗАСАГ нь өндөр үнээр худалдаж аваад дараа нь түүнийгээ яах юм бол? Ноолуур боловсруулах хувийн үйлдвэрт хямдхан зарах юм болов уу? УИХ-ын гишүүд малчидыг дэмжээд байна уу? Эсвэл Хятадын ноолуурын үйлдвэрийн түүхий эдийг хангах бодлого хэрэгжүүлээд байгаа юм уу? Нэг л ойлгомжгүй. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг шинэчлэхэд зориулж мөнгө өгөхийг дэмжсэнгүй. Гэтэл цаанаа чинь өч төчнөөн хүмүүс өглөө оройдоо ажли алба, сургууль цэцэрлэгтээ очих гэж эвдэрхий ямбий хуучин автобус, микро автобусанд чихэлдээд л явж байна шүү дээ. Автобусны үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд бензиний үнэ өссөн гээд тасалбарын үнээ 400 төгрөг болгосон. Үүний дараа төрийн өмчийн мэдлийн автобус, троллейбусанд 200 төгрөг өгөөд чихэлдэж шахалдах хүмүүсийн тоо эрс ихэссэн юм шиг санагдсан. УИХ-ын гишүүд өөрсдөө ч автобусанд суух биш дээ.
Ямааны асуудал дээр бол хөдөөнөөс нэр дэвшиж УИХ-д орж ирсэн гишүүд гараа өргөөд дэмжиж байсан. Харин хотоос сонгогдсон гишүүд ямаанд цалин өгөхийг эрс эсэргүүцэж харагдана лээ. Ингэхэд Монголын сонгуулийн хуулинд их том цоорхой байна аа. УИХ 76 гишүүнтэй. Тэдний 19 нь Улаанбаатар хотоос, харин үлдсэн 57 нь бусад хөдөө орон нутгаас сонгогдож байна. Монгол улс 2 сая 600 мянган хүн амтай. Улаанбаатарт ойролцоогоор нэг сая хүн амьдарч байна. 2 сая 600 мянган хүнээс ойролцоогоор сонгуулийн эрхтэй, насанд хүрч иргэний үнэмлэх авсан 1 сая 500 мянган хүн байгаа. Хөдөөнөөс Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл тасралтгүй хөвөрч хотын хүн ам механикаар нэмэгдсэн. Сонгуулийн эрхтэй насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь Улаанбаатарт амьдар байна. Гэтэл Улаанбаатараас дөнгөж 19 хүн УИХ-д сонгогдож байна. Хөдөө орон нутагаас сонгогдож байгаа гишүүд харьцангүй цөөн хүний саналаар УИХ-ын танхимд ороод ирж байгаа юм. Хотоос УИХ-д нэр дэвших юм бол босго өндөр гэсэн үг. Жишээ нь УИХ-ын сонгуулийн 16-р тойрог (Дорнод аймаг) 9766 сонгогчтой байхад УБ хотын Сонгино хайрхан дүүргийн 67-р тойрог л гэхэд 34199 сонгогчтой байх жишээтэй. Уг нь сонгуулийн тойрогийн хуваахдаа ижил тэнцүү тооны сонгогчтой байх заримыг баримтлах юм бол илүү шудрага байх сан.
2 comments:
ene unen teneg ajil bolj bn aa. malchid bolioch ee. bidend yamar khyamd mah ogdog bish...
Tiim sh dee. Ovol8 havar bolohoor mah suunii une tengert haddag sh dee.
Post a Comment