Амьдралын тойрог

2008-10-15

Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн

Алаг дэлхийд төрсөн минь учиртай гэж нэг сайхан шүлэг байдаг даа. Заримдаа "би бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн" гэж өөртөө хэлэх дуртай. Өнөөдөр бол бүүр ингэж хэлмээр өдөр тохиолоо. Намайг 10 жилийн сурагч байхад биологийн хичээл ордог мундаг багш байлаа. Мэргэшиж дагнаж судласан шинжлэх ухаан нь биологи, анатоми боловч монгол хэлээр зохиолч, илтгэгч нар шиг л уран яруу, сайхан ярьдаг сан. Хүн хичнээн мөнгө төгрөг, машин унаа, хувийн байр сууцтай байсан ч өөрийгөө зовж байна, надад хэцүү байна гэх юм бол тухайн хүний хувьд энэ ертөнц там шиг л санагдана. Харин миний амьдрал болж байна. Сайхан байна. Гэрэлт ирээдүй өмнө минь байна гэж л бодож байвал тэр хүний хувьд амьдрал нь аз жаргалаар дүүрэн л явна гэж хэлдэг сэн. Ингээд бодохоор аз жаргал, баяр баясал гэдэг хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт болж таарах нь.
О.Дашбалбар агсаны "Амьддаа бие биенээ хайрла" аугаа шүлэг шүү.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартагээ

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоноо

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь

Чамайг хайрласаных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч

Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла


2 comments:

The Face said...

tiim shuu^^ ene delhiid biye biyenii hairlahaas oor aj jargal gej yu baih bilee."biye biyenee hairlaya"gej..

eldevasuult said...

za buh hun negiigee hairlahaa baig gehed oilgodog bolmoor yum tee.