Халимаг орныг эргэн дурсах нь
Одоогоос бараг нэг жилийн өмнө ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Халимагийн бүгд найрамдах улсад аяласан сэтгэгдэл минь дахин сэдэрч байх шигээ. Нэг жилийн өмнө Халимагийн нийслэл Элстэй /Элиста/ хотод очиж байсан минь надад энэ ард түмний тухай хамгийн сайхан сэтгэгдэлд үлдээчихжээ.
Одоогоос бараг 400 жилийн өмнө өнөөгийн Монгол Улсын баруун хэсэгт нутаглаж байсан монголчууд одоо Каспийн тэнгисийн эргээс холгүйхэн "Халимагийн бүгд найрамдах улс" гэсэн өөртөө засах статустайгаар Оросын засаг захиргаанд аж төрж байна. Монголын нийслэл Улаанбаатар хотоос 8000 км-ийн алсад элэгт нэгтэй Халимагчууд аж төрж байна.Дэлхийгээр тарсан монголчууд дотороос хэл, соёл, ёс заншилаа хадгалж чадаж, Оросы соёлын түрэмгийлэлд эсэргүүцэж чадаж байгаа эрэлхэг хүмүүс бол Халимагууд гэж би бат итгэж байгаа. Одоогоос хэдэн өдрийн өмнө манай сургуульд сурдаг халимаг оюутнууд үзэсгэлэн гаргалаа. Би өөрийн эрхгүй Халимаг, Буриад, Тува оюутнуудын гаргасан үзэсгэлэнгээр ороод гарлаа. Буриад оюутнууд монголоос худалдан авсан арьсан дээр зурсан Чингис хааны зураг, сувенир төдийхөн зэргээр үзэсгэлэн гаргажээ. Тувачууд ч гэсэн Улаанбаатарын сувенирын дэлгүүрээс авсан хэдэн зүйлээр л үзэсгэлэнгийнхээ лангууг чимсэн байна. Дэлхийд тарсан Монгол угсааны улс түмнээс хамгийн алс хол байгаа нь Халимагууд байх гэж боддог юм.
Өөрийнхөө сургуульд сурдаг Халимагуудын гаргасан үзэсгэлэнгийн павильоноор орлоо. Халимагийн тухай өнгөт зурагтай ном дэлгэн тавьжээ. Элстэй хотын төв гудамж, буддын шашны сүм "Бурхан багшийн алтан сүм" гээд танил зургууд нүдний өмнө дурайж байна. Үзэсгэлэн тайлбарлаж байгаа нэг хөөрхөн охин, залуу хоёр "Танд асуулт байвал асуугаарай" гэж хэлж байна. Би монгол хүн. Өнгөрсөн жил танай Халимагт очиж байсан гэж хэлсэн чинь өнөө хоёрын нүд сэргээд ирлээ.
Үзэсгэлэн тайлбарлаж байсан хоёр оюутны залуу нь " Миний аав Монгол, ээж Халимаг " гэж монголоор хэллээ. Тэр хүүтэй танилцаж хэсэг зуур монголоор ярьлаа.Мөнгөншагайгийн аав Батсайхан Оросын Ульянов хотод сурч байхдаа Халимаг бүсгүйтэй танилцаж хоёр сайхан хүүтэй болжээ. Том хүү Алтаншагай нь Халимагт төрсөн бол бага хүү Мөнгөшагай нь Улаанбаатарт төржээ. Энэ жил Алтаншагай 28 настай бол харин Мөнгөншагай 19 настай. Мөнгөншагай 10 нас хүртэлээ Улаанбаатар хотын Монгол-Оросын хамтарсан 14-р сургуульд сурчээ. Дараа нь ээжтэйгээ Халимагт ирж амьдарсан аж. Харин аав нь Улаанбаатарт үлджээ. Салая гэж салсангүй, салаа замын эрхээр ийнхүү энэ гэр бүл салсан аж. Мөнгөншагай амьдралынхаа сүүлийн 9 жилийн Оросын эрхшээлд байгаа Халимагын нийслэл Элстэй хотод өнгөрүүлсэн ч Монголоо гэх сэтгэл нь дотороос нь булгилж байгаа нь надад сайхан санагдлаа. Мөнгөншагай Москвад сурдаг монголчуудтай сайн найзууд болжээ. Бас Москвад сурдаг Халимаг залуустай ч найзалдаг гэж надад ярьсан юм. Мөнгөншагай надтай уулзаж байх зуураа Москвад сурдаг ээжийнхээ хамаатан халимаг оюутныг дуудаж танилцууллаа. Халимагуудтай ярилцаж шар айраг шимэн суух сайхан байлаа.




1 comment:
"angiin" zaluu gej yamar utgatai yum be ho.
Post a Comment