Гоё л кино байна лээ. (-;
Энэ киноны талаар манай ангийн жаалууд нэлээн яриа хөөрөө болсон байгаа.
2008 оны 2 сарын 09. Даваа гараг. Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр... Орой ажлаа тараад гэртээ амарч байтал оюутан цагийн найзууд маань уулзаж байна. Хүрээд ир гэж дуудлаа. Оюутны ширээг орхисоноос хойш их сургуулийнхаа хэдэн найзуудтай уулзаагүй удсан байлаа. Би ч уухайн тас яваад очлоо. Оюутан цагийн найзуудтайгаа уулзаж, шар айраг гүзээлэнгээ оюутан цагаа дурслаа. Найм, ёсон жил гэдэг үнэхээр хурдан юмаа. Оюутан байхдаа хамтдаа бужигнаж, хамт хичээлээ давтаж, хамт шоупдаж явсанаа эргэж дурслаа. Нэг тогооноос хоол идэж байсан найзуудтайгаа эргээд хуучлах сайхан байлаа.Оюутан байхад тухайн үед их л хэцүү санагддаг байж билээ. Харин одоо эргээд бодохоор оюутан байхад хамгийн сайхан үе минь байж дээ. Нэг нууц задлахад нэг доор амьдардаг монгол оюутнууд хамтдаа оройн хоолоо нэгийхээ гэрт хийж иддэг байсан сан. Хэхэ. Муушиг тоглоод хожигдсон хоёр нь оройн хоолоо хийнэ. Хоолны дараа дахиад муушигдаад хожигдсон хоёр нь бүх аяга тавагаа угаана. Би муушигт угаасаа муу юм болохоор мөн ч олон удаа аяга тавга угааж байсан. Харин хаа явж хоол цөөхөн хийсэн юм байна. Цаг хугацаа гэдэг хурдан юм даа. Оюутан цагийн найзуудтайгаа уулзах сайхан байлаа.
Одоогоос хэдэн жилийн өмнө энэ метроны сүлжээгээр хэрэн хэсэж явж
бас энэ гудамжаар жим гартал явсан даа.
Одоо эргээд бодохоор дурсамж л үлдэж дээ. Эргээд олдохгүй тэр цаг үеийг дурсаж бодох сайхан байна аа.

Саяхан Халимагийн ерөнхийлөгч Монголд ирээд буцлаа. Дэлхийд тархсан монгол угсааны ард түмнээс хамгийн наашаа гэсэн сэтгэлтэй нь Халимагууд гэж би боддог юм. Яагаад ч юм бэ Халимаг оюутнууд монголчуудтай найзууд болох гэж их хичээдэг байж билээ. Хилийн цаана ойрхон байдаг оросын буриад, тувачууд харин нэг их Монгол Улс гээд хөл алдаад байдаггүй юм.
Ер нь бол Халимагууд өөрсдийгөө ойрадуудын үр удам гэж үздэг. "Төв Ази"-ийг орхин нүүдэллэж явсаар 17-р зууны үед одоо оршин байгаа газар нутагтаа ирсэн гэдэг. 1825 оны 3 сарын 10-нд Халимагууд хаант Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. 20-р зууны эхээр Орост иргэний дайн болж байхад Халимагууд цагаантаны талд оржээ. Орост иргэний дайн дууссаны дараа цагаантаны талд тулалдсан олон зуун халимагууд гэр бүлийн хамт Бельги, Франц, тухайн үед оршин тогтнож байсан Югослав гээд Европын орнууд руу цагаачилжээ. 1920 оны 11 сарын 20-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах тойрог байгуулагдсан. Дэлхийн 2-р дайн үед Халимагууд фашист Германы талд орж Зөвлөлт Оросын эсрэг тулалджээ. Үүний дараа тухайн үеийн Зөвлөлтийн төр засгийн удирдагчид халимагуудыг эх орноосоо урвасан гэж үзээд Сибирь, Дундад Ази, Казахстан руу бөөнөөр нь цөлжээ. Халимагуудыг ингэж оршин суугаа нутгаас нь нүүлгэн шилжүүлэх үед тэдний гуравны нэг нь амиа алджээ. Нэгэн үе Халимаг гэдэг нэрийг дурьдахыг хориглож, газрын зураг, уран зохиол, лавлах номноос халимагийн тухай дурьдсан бүхнийг хасаж устгаж байжээ. 1956 онд ЗХУ-ын засгийн газар тэднийг цагаатгаж дахин Халимагийн өөртөө засах орныг сэргээн байгуулсан юм. Халимагийн нийслэл нь Элиста хот. Ойролцоогоор 300 мянган хүн амтай. Тэдний 155 мянган нь халимагууд. Харин үлдсэн хэсгийг нь орос, чечень, украин, турк, татарчууд бүрдүүлдэг. Халимаг нь засаг захиргааны 13 дүүрэг, 4 хоттой. Хүн амын дийлэнхи нь буддын шашин шүтдэг.Халимагийн нийслэл Элиста хотод Шатрын спортын томоохон цогцолбор байдаг. Энэ нь гадаадын жуулчидын очих дуртай газар нь болж чаджээ.
Дээр нь бас нэмээд бичихэд Халимагууд монголоор ярьдаг. Гэхдээ төрөлх Монгол орноосоо гарч яваад олон зуун жил болсон хүмүүсийн үр хойч нь тул өнөөгийн бидний ярьдагаас хэллэг нь жаахан өөр. Мань мэт нь бол тэдний яриаг ойлгох гэж нэлээн зүдэрнэ. Энэ юу хэлчивээ гэж дотороо бодож цаг алдаж байснаас шуудхан л оросоор ярих юм бол хурдан ойлголцоно. Адилхан л монголоор ярьж байж аялага, хэллэгээс болоод муу ойлголцож , оросоор яривал дээр гэж бичиж байгаадаа жаахан харамсалтай санагдагдаж байна. Гэхдээ гашуун ч гэсэн энэ бол үнэн. Халимагийн дуучин Цагаанзам гуайтай нэг удаа уулзах завшаан гарч билээ. Ярианаас нь Монголд их элэгтэй хүн юм байна даа гэсэн сэтгэгдэл надад үлдсэн.