Амьдралын тойрог

2009-05-10

Кондитой өнгөрүүлсэн өдрүүд.

Сүүлийн хэдэн сарын турш би Кондитой үерхээд сүйд болж байна. Орой үдэш болоод жаахан зав зай гарах юм бол би Кондиг тэвэрч аваад... орондоо ч бас авч ороод... бла бла. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондилиза Райс ухаалаг, өндөр боловсролтой, ажил хэрэгч, зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй ажилладаг хүн шиг санагддаг юм. Өнгөрсөн 12 сарын эхээр би "КОНДИ" гэдэг нимгэхэн номыг Интер ном дэлгүүрээс худалдан авч байлаа. Зарим номыг их хурдан уншаад дуусчихдаг. Гэтэл "Конди"-г унших гэж нэлээн удаан хугацаа зарцууллаа шүү. Номын нимгэн зузаандаа гол нь биш. Үг өгүүлбэр бүрийнх нь цаана далдхан гүн гүнзгий утга санаа шигтгээд өгчихсөн болоод их удаан уншигдаж байх шиг. Бас орчуулагын ном болохоор монгол хэл рүү хөрвүүлсэн хүний ур чадвар ч нөлөөлсөн байх. Орчуулагч хүн гадаад хэл мэдэхээс гадна монгол хэлээ сайн мэддэг байх ёстой гэж алтан дүрэм байдагийн. Англиар юу гэснийг нь өөрөө ойлгоод байгаа хэрнээ монголоор утга санааг нь зөв сийрүүлж бичиж чадахгүй хүн байдаг гэсэн шүү.
Орчуулагч гэснээс би саяхан бичиг баримт орчуулах шаардлагатай болов. Уг нь ч өөрөө орчуулж барахаар л юм байсан л даа. Гол нь орчуулагийн товчооны тамга байх хэрэгтэй гээд байлаа. Би өөрөө орчуулая. Та нар тамгаа дарчих гэсэн чинь орчуулагийн товчооныхон гэдийдэг байна шд. Тэгэхээр нь за яахав, хаашдаа л мөнгө авах гэж байгаа юм чинь наадхаа та нар орчуул гэв. Тэгсэн чинь илт алдаатай юм хийгээд өгдөг байгаа. Наана чинь хэдэн үг үсгийн, дүрмийн алдаа байна гэж би томорч байгаад өөрөө редакторлож, тэд нар тамгаа дарж билээ. Монголд орчуулгийн товчоонд хагас дутуу хэл гадарладаг оюутан хүүхдүүд ажилладаг юм шиг байгаан. Ном ярьж байсан чинь сэдвээсээ хадуурдаг байна ш дээ.
За тэгээд Кондитой үерхсэн тухайгаа үргэлжлүүлэе.Кондигийн хүүхэд насны дурсамжуудаар аялаж, төгөлдөр хуур, балетын урлагаар хичээллэж байсныг мэдэж авлаа. Бас Зөвлөлт Холбоот Улс /өнөөгийн Орос/-ын талаар дагнаж судалгаа хийсэн, мэргэжилтэн юм байна. Бушын үед "төрийн нарийн" хийж байсан энэ бүсгүй оросуудыг арван хуруу шигээ судалсан айхтар хүн. Оросын батлан хамгаалах яамны жанжин штабд хэдэн хүн ажилладагийг нь мэдэх гэж Москвад байхдаа жанжин штабын газрын цонхыг нь тоолоод гудамжаар алхаж явсан гэхээр сонин санагдав. Хэр баргийн хүний санаанд ийм зүйл орж ирэхгүй дээ. Конди тухайн үед 5000 хүн оросын батлан хамгаалах яамны жанжин штабд ажилладаг байх гэж таамаглаж. Хожим энэ таамаглал нь үнэн байсан нь нотлогдсон гэж байгаа. Энэ Конди чинь 007-ийн эмэгтэй хувилбар юм биш байгаа гэж хүртэл хардав.
Өнөөдөр ням гараг. Галерей их дэлгүүрийн номын дэлгүүр орж Барак Обамагийн "Мөхөшгүй найдварын гал" номыг худалдаж авлаа. За одоо Барак Обаматай дотносоно оо хөө. Ер нь ардчилалын эх орон гээд байдаг америкийн нийгмийн ёс суртахуун, нийгмийн тухай "төсөөлөл"-өө "ойлголт" болоход Хилари Клинтоны "Миний амьдралын түүх", Антониа Феликсийн "Конди", Барак Обмагийн "Мөхөшгүй найдварын гал" гээд номууд нэмэр болоод байх шиг.

Сүүлчийн бүжгээс төрсөн сэтгэгдэл


Бямба гарагийн өглөө гэрээсээ дан пиджактай гарч яваад өдөр нь маруужин болох дөхөв. Үдээс хойш ажлаасаа гарч яваад нойтон цасанд норов. Өглөө гэрээс гарахад дулаахан л байх шиг санагдсан. Үдээс хойш гэнэт нойтон цас орно гэж яаж зүүдлэх вэ дээ? Урьд өдөр нь цаг агаарын прогноз хардаг байж гэж хүртэл бодлоо ш дээ.
Тэр үдэш нэг найзтайгаа "Соёмбо" кино театр руу явлаа. Соёмбо кино театр шинээр нээгдсэнээс нь хойш нэг ч удаа очиж байгаагүй юм. Сандал суудал нь давчуухан, урт үе мөчтэй хүн тухтай суух арга байхгүй гэсэн сураг сонсож байсан. Намайг бишээ, биднийг очсон чинь хамгийн ойрхон эхлэх кино нь хосын танхимд нь гарах хуваарьтай байв. Хосын танхим гэдэгт нь яваад орсон чинь хоёр хүний буйдантай л юм билээ. Өөр ч содон юмгүй. Кино театрын тухай товчхондоо иймэрхүү. Харин одоо үзсэн киноны сэтгэгдэлээ бичье.
Сүүлийн бүжиг. Баахан "танц" эргэдэг жаалуудын амьдралыг харуулна гэдэг нь нэрнээсээ л ойлгомжтой байлаа. Харин энэ киногоо яг юу хэлэх гэсэн юм бол гэж өөртөө асуулт тавиад ,таамаг дэвшүүлээд л... Шуудхан хэлэхэд "Сүүлчийн бүжиг" кино надад огт таалагдсангүй. Зохиол нь тийм ч сайн биш. Үйл явдлын өрнөл муутай. Шалихгүй юмнаас болж муудалцаж байгаа хэдэн сагсуу жаалуудын л тухай. Бас "Зөрлөг" киноны дууг ашигласан байх юм. Өөр дуу хөгжим олдоогүй л юм байхдаа гэж гайхахад хүргэв. Хүмүүсээ гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү. Энэ киног үзсэн өөр хүмүүст таалагдсан ч юм билүү.

2009-05-07

Гахайн томуутай онгоцны адал явдал

АЭРОФЛОТ компаний онгоцоор ирсэн 110 хүнийг Халдвартын эмнэлэгт хэвтүүлсэн тухай мэдээ НТВ-ээр гарчээ. Эндээс үзэж болно.