12 сарын 30. Оройхон гэртээ сууж байтал хаалга тог тог. Нээгээд харсан чинь манай байрны монгол залуу. Гитараа бариад зогсож байна. Насаар бол надаас дор хаяж тав, зургаа дүү. Би танилцаад удаагүй. Ер нь бол элдэв сагсуу зангүй, даруухан хичээл номондоо ч сайн хүүхэд шиг санагдсан.
-МНЭД ахаа орж болох уу?
-Миний дүү ороод ир ээ. Ийшээ суу гэж ор руугаа заагаад, Цай уух уу? Сок уух уу?
Өнөөх маань гартаа миний орон дээр тавиад суулаа. Тэгээд дуугарсангүй. Тэхээр нь би хоёулаа нэг нэг пиво уух уу? гэж санал гаргав. Өнөөх чинь намайг ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй бололтой. Болох юм уу? гэж надаас зөвшөөрөл авч байна. Тэхээр нь би толгой дохив. 5 минутын дараа бид хоёр шар айраг уунгаа хууч хөөрч суулаа.
-МНЭД ахаа, та хүүхэдтэй юу?
-Үгүй. Гэр бүлтэй болж амжаагүй л явна. (Ийм асуултанд би ийм л хариулт өгдөгийн.)
-Тэгвэл та найз бүсгүйтэй юу?
-Найз бүсгүй бол байгаа. Гэхдээ гэрлээгүй ээ. (Монгол уугаасаа л надад хааяа уулздаг хууч хөөрдөг найз бүсгүй байдаг юм.) Ахын дүү, өнөөдөр яагаад настр муутай байна аа?
-МНЭД ахаа, би өөрийнхөө ирээдүйг маш сайхнаар төсөөлдөг байлаа. Гэтэл өнөөдөр миний тэр бүх мөрөөдөл замхарчлаа гэж хэлээд нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Энэ товарищ найз охинтойгоо л муудалцсан юм байгаа биз гэж би бодоод нэг их тоосон ч үгүй. Угаасаа үерхэж байгаа хосууд муудалцаад, бие биенээ тунирхаад эргээд эвлэрч л байдаг шд гэх ухааны юм бодов. Гэтэл түүнд тохиолдсон асуудал миний бодож байснаас арай л өөр байж л дээ.
-МНЭД ахаа, надад сэтгэлээ онгойтол ярилцах хүн хэрэгтэй байнаа. Манай найз охин Хятад улсад сурдаг юм. Бид хоёр үерхдэгийг хэн хэний маань ар гэрийнхэн нь мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Манай найз охин 5 сартай жирэмсэн байсан юмаа. Гэтэл... гэснээ үгээ гүйцээлгүй хоёр нүднээс нь нулимс асгараад эхэллээ. Найз охин нь золгүй байдлаар хүүхдээ зулбачихжээ. Уг нь хүүхэдтэй болохыг хэн хэн нь маш хүсэж хүлээж байж. МНЭД ахаа, би хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдсэн өдрөөсөө эхлээд л үүнийг хайчилж, байнга биедээ авч явдаг байсан гээд халааснаасаа эсгий үнэг гаргаж ирээд надад харуулав. Бас охин гарвал... хүү гарвал... гээд нэрийг нь хүртэл бодчихсон байснаа надад хэллээ. Түүний яриа миний сэтгэлийг шимширүүлсэн. Эзэн нь энэ хорвоод ирэхгүй болсон тэр эсгий үнэгийг хараад миний нулимс ч гэсэн нэг л мэдэхнээ асгарчихсан. Бид өөд өөдөөсөө харж суугаад баахан уйлав. Амьдрал яагаад ийм байдаг юм бол оо? Хэн нэгэн нь хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж байсан ч санааны зоргоор болдоггүй. Гэтэл зуурдын жаргалдаа хөтлөгдөж явсан хүмүүс “хүсээгүй хүүхэдтэй” болчихоод үр хөндөлт хийлгэх гээд явж л байдаг.
Би сургуулиа хаяад Монгол руу бүр мөсөн явмаар байна. Та надад зөвлөөч. Би яах вэ? гэж тэр залуу надаас асуулаа. Бүр мөсөн сургуулиа орхиод явна гэдэг сайхан санаа биш юм даа. Харин ахын дүү шалгалтаа хугацаанаас нь өмнө урьдчилж өгөөд Монгол руу яв. Найз охинтойгоо уулз. Та хоёр залуу хүмүүс. Амьдралд зөндөө л бэрхшээл тохиолдож таарна. Ийм болохоор тэр болгоны өмнө бууж өгөөд хэрэггүй. Найз охиноо ирэх намар өөрийнхөө энэ сургуульд оруулчих. Тэгээд хамт нэг өрөөнд амьдарсан ч болно гэх мэтээр би чадах ядахаараа л түүнийг тайвшруулах гэж оролдов.
Асгартал уйлаад сэтгэл нь жаахан ч гэсэн онгойсон бололтой. Тэр: Ахаа, би танд найз охиндоо хамгийн анх дуулж байсан дууг дуулах уу? Та үгийг нь мэдэх бол хамт дуулаарай гэв. Би “за” гэлээ. Тэр гитараа бариад
СССР улсаас гаралтай сэгсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захианы дугаар номер 1 юм шүү
Гэж дууллаа. Амьдрал яагаад ийм байдаг юм бол доо. Аминчилж ярьсан энэ яриаг би хэнд ч яриагүй ээ. Харин блогтоо биччихлээ. Үүнийг уншиж байгаа та энэ түүхийн эзнийг нь мэдэх боломжгүй болохоор л биччихлээ.