Амьдралын тойрог

2011-02-23

Хуурамч домогийн хор уршиг

Их Британий ЭСЯ-ны гадаах цуглаан

Өнөөдөр өдрийн 14 цагийн орчимд нийтийн тээврээр зорчиж явахдаа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайдын яамны гадаа уриа лоозон бариад зогсож байгаа хэсэг хүмүүсийг харлаа. Хүмүүс юуны  учир ингээд цуглаж байгааг түвэггүй ойлгов. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж цуглах вэ? гэдэг ардын мэргэн үг бий л дээ.  ИБУИНВУ-ын ЭСЯ-ны гадаа тодорхой хүмүүс эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байгааг нь би дэмжиж байна.  Одоогоос хэдэн жилийн өмнө нэг гадаадын иргэн монгол хүнийг буудаж хороосон тухай хэвлэлээр шуугиж байлаа. Тухайн улсын элчин сайдын яамныхан нь  энэ хүний хэргийг бид нутагтаа шийдэж, зохих цээрлэлийг нь үзүүлнэ гэсээр хил давуулаад аваад явчихсан юм. Дараа нь Европын нэгэн орны элчин сайдын яамны ажилтан энд бичихэд ч жигшимээр хэрэг хийсэн. Дипломат эрх ямбатай тэр хүнийг төрөлх эх орных нь гадаад хэргийн яам эргүүлэн татах хүсэлт гаргасан. Манайхан ч  дипломат эрх дархтай нь бодолцож нутаг руу нь явуулчихсан. Өөрийнхөө эх орныхоо нэр төрийг  унагааж, хоёр орны харилцаанд ч сэв суулгах хэрэг тарьсан тэр ноёнтон нутагтаа очоод өргөст торны цаана суусан гэж найдахаас. Тэгвэл Их Британид баривчлагдсан төрийн албан хаагчаа манай улс ч гэсэн нутагтаа авах эрхтэй. Гэтэл будан манан ихтэй Британий орны шүүх тас гүрийгээд Монгол Улсын байр суурийг үл тоомсорлов. За ер нь Европчууд арьсний үзэл гаргахдаа гарамгай хүмүүс.  Цагаан хүмүүс бол нэгдүгээр сортынх гэдэгт бат нот итгэчихсэн нь европчуудын хамгийн том алдаа нь гэж хэлж болно. Хэрвээ та европ хүнд ямар нэг зүйлээр хэрэггүй л бол тэд таныг хүн гэж тоож харьцахгүй. Харин та тэдэнд хэрэгтэй бол таны нүүр рүү эгцэлж хараад хэдэн үг эелдэгээр солино. Түүхийн ном дэлгээд үзэх юм бол Их Британий түүх бүхэлдээ бусдыг үл тоомсорлож байсан явдлаар дүүрэн.    Энэ асуудлыг түр зуур хойш тавъя. 

Зодог шуудагтай гей порно
2007 онд Японы "MEC production" -ний хийсэн монгол бөхийн зодог шуудагтай  гей порно дүрс бичлэгийг Монголчууд саяхан олж үзээд ихэд цочирдоод байна. Энэ тухай бичсэн мэдээний доор байгаа сэтгэгдэлийн 99 хувь нь япончуудыг зэмлэсэн, энэ дүрс бичлэгийг устгахыг шаардсан, Япончууд биднээс уучлалт хүсэх ёстой утга агуулгатай. Харин цөөн хэдхэн хүмүүс л "Порно киног битгий улс төржүүл. Монголчууд юун эмзэг юм. Юм үзээгүй тулдаа л ингэж эмзэглэж байна" гэсэн үг өгүүлбэр бичжээ. Гэхдээ иймэрхүү үг хэлсэн нь ямархуу хүмүүс байна гээд ажиглаад байхад Японд сурдаг, Японд амьдардаг, тэнд ажиллаж Японоос хоногийн талхны мөнгөө олж байгаа хэдхэн монгол хүмүүс байх юм.  
Хүүхэд зурагт үздэг цагаар Монголын ТВ-үүд тэр порно киноны тухай мэдээ гаргасан байна гэх юм. Гэхдээ Монголын хэдэн ТВ-ийн мэдээний албаныхан энэ тухай үзүүлэхдээ  тухайн гей порно дүрсийг мозаиклаж, бүрэлзүүлж байж үзүүлсэн. Тийм дүрсийг зурагтаар яаж гаргахаа мэргэжлийн хүмүүс эрх биш мэдэлгүй яахав. Бас зурагтын мэдээ үзээд суудаг бага насны хүүхэд байх уу? Дээрээс нь өдрийн цагаар тэр хүүхдүүд чинь цэцэрлэгтээ явчихсан байдаг юм. Төрөөс цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг даах болсоноор гэртээ цоожлуулаад суудаг монгол хүүхэд тун цөөхөн болсон. 
Өнгөц харах юм бол энэ жирийн нэг гей порно. Гэхдээ арай өргөн хүрээтэй бодож, дэлхийн чинээ сэтгээд үзэх юм бол Монголын уламжлалт ёс заншил, үндэсний бөхийг санаатайгаар гутаан доромжилсон хэрэг мөн. Одоогоос арав гаран жилийн өмнө япон хэл сураад японд сурах юм сан гэж мөрөөддөг л байлаа. Би Японд очиж байгаагүй. Би үндэсний бөхийг шимтэж үздэггүй. Энэ яваа насандаа зурагтаар ч, цэнгэлдэх хүрээлэнд ч очиж үндэсний бөхийн барилдааныг эхнээс нь аваад дуустал үзэж байгаагүй. Гэхдээ япончууд ийм зүйл хийжээ гэдгийг мэдээд сайхан санагдаагүй. Харин ч Японы орны тухай бодол төсөөлөл, сэтгэгдэлээ эргэж харахад хүргэв. Японыг төлөөлөөд Улаанбаатарт  суугаа ЭСЯ-нд нь л хамгийн түрүүнд хандах нь монголчуудын түмэн зөв. Ерөөс элчин сайдын яамныхан чинь өөрийнхөө улстай холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцаж байх үүрэгтэй. Элчин сайдын яам нь дараа нь тэр гей порно хийсэн студи руу албан ёсоор мэдэгдэх ёстой. Тэрнээс Монголын Улсын гадаад хэргийн яам садар дүрс бичлэг хийдэг арилжааны студи рүү утасдаад, захиа бичих нь байж боломгүй. Монгол бөхийн өмсгөл секси учраас кинондоо ашигласан гэж гэмгүй тайлбарыг Японы "MEC production" хийжээ. Гэхдээ бага насны хүүхдэд үлгэр ярьж өгч байгаа мэт ийм тайлбар нь бас л монголчуудыг доромжилсон өнгө аястай байгаа юм.  Энэ дүрс бичлэгийн хор уршиг нь  Монгол бөхчүүд бүгд гомо гэсэн ойлголтыг манай орны тухай  мэдлэг хомс гадаадынханд үлдээнэ. 
Монгол бөх гэлтгүй ер нь түүхэн хүмүүсийн сексийн амьдралыг харуулсан кино цөөнгүй бий. Оросын хатан хаан Екатерина цэргүүдээсээ эхлээд морьтой сексдэж байгаа кино байдаг. Валетин Распутины амьдралаас сэдэвлэсэн порно байж л байдаг. Гэхдээ Екатерина хатан хаан, Валентин Распутин нар үнэхээр тийм шалиг юмнууд байсан нь  гарцаагүй үнэн. Иймээс Оросууд энэ тал дээр хэзээ ч гомдол гаргадаггүй. Үнэн юм чинь яаж ч худлаа гэж мэлзээд хэрэггүй гэдгийг Оросууд гайхалтай сайн мэдэж байгаа. Харин монгол бөхийн тухайд гэвэл асуудал огт өөр.
Япончуудын хийсэн "Чингис хаан", Сергей Бодровын "Монгол" зэрэг кино түүхийг илт гуйвуулсан тул монголчууд хүлээж аваагүй. Тэд ч яахав, түүх гуйвуулсан киногоо хийгээд  тодорхой хэмжээний ашиг орлоготой болоод гэдэс цатгалан мөр бүтэн явна. Тэд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Кино нь фондонд хадгалагдаад үлдэнэ. Хэдэн үе өнгөрсөний дараа дэлхий нийтээрээ тэдний киног бодит түүхийг гуйвуулсан гэдгийг нь огт гадарлахгүй шимтэж үзнэ.  Танай хаан чинь амьтны хүрээлэнгийн үзмэр шахуу байсан биз дээ? гэж тэд  биднээс биш, харин хэдэн үеийн дараа амьдрах монголчуудаас асуунаа. Хуурамч түүх домогийн аюул нь үүнд л байгаа юм. Бас хэдэн зуун жилийн дараа монгол судлаач гадаадын сүрхий  эрдэмтэн "XXI-р зууны үеийн монгол бөхчүүд бүгдээрээ биш юмаа гэхэд олонхи нь гомо байжээ. Тэд бөхийн багшдаа шавь орохдоо эхлээд гей секс хийдэг байжээ. Ингэх нь багш шавийн харилцаанд сайнаар нөлөөлж, багшийн эрдэм нь залуу бөхчүүдэд бүрэн дүүрэн өвлөгдөх ач тустай байжээ" гэсэн дүгнэлт хийчих ч юм билүү? Ийм зүйл болохыг бидний хэн ч үгүйсгэж чадахгүй ээ.


Хуурамч домогийн хор уршиг үүгээр зогсохгүй. Монголын нийгэмд LGBT олон нийтийн тухай зөв ойлголт төрүүлэх гэж ядаж байна. Гэтэл энэ дүрс бичлэг Монголын LGBT олон нийтийн төлөө ажиллаж, үнэн зөв, бодит ойлголт өгөх гэж чармайж байгаа хүмүүсийн ажлыг хоромхон зуур талаар болгож байна.  Ерөөс LGBT олон нийтийн талаар Монголын хүн амын олонхи нь сөрөг төсөөлөлтэй байдаг. Сөрөг төсөөлөлийг нь улам лавшируулахад зарим хүмүүст зүгээр л зугаатай мэт санагдсан энэ зодог шуудагтай гей порно нэрмээс болчихлоо. Нэмэр болж чадахгүй бол нэрмээс болохгүй бай гэдэг үг байдаг даа.

2011-02-14

Зүрх зүсэгдэх чимээ...

За ер нь Монголд ирсэнээсээ хойш блогоороо салхи оруулаагүй юм байна. Өнөөдөр арай зав гарч, хэдэн үг бичье гэж бодлоо.  За УБ ирсэнийхээ дараа нэг албан ёсны бус гэмээр ангийн хүүхдүүдийн парид очсон юм байна. Таньдаг хэдэн хүүхдүүдэд бэлэг шүү гэж ирээд л хэдэн орос шоколад тараачлаа. Дараа нь караокед орж хоолой мэдэн хангинатал дууллаа. Дараа нь... 
Цагаан сараар золголт хийж, гэрт бууж жигнэж, аяга угааж л өнгөрүүлсэн дээ. Өнөөдөр харин Валентин лам бурхан болсон өдөр. Гэгээн хайрын өдөр гээд л хажуугаар охид залуус дэрвэлзээд л гүйлдээд байна. Би ч яахав чимээгүйхэн л байлаа. Өнөөдөр надад шоколад хэн ч өгөөгүй ээ. Харин нэг хүнээс ном ирүүлж. "Зүрх зүсэгдэх чимээ" гэдэг шүлгийн түүвэр. Залуу яруу найрагчын анхны ном.

2011-02-03

Цагаан сарын мэнд

Миний блогт зочилдог танд цагаан сарын мэнд хүргэе.