Ханчжоу хотоос Шанхай хот хүртэл автобусаар 4 цаг орчим явна. Замдаа Хятадын жижиг тосгон, тутарганы тариалангийн талбай, эгц шовх уулыг ажиглаж явлаа. Хурдны замын дагуу барьсан тусгай замыг би эхэндээ анзааргүй. Хойно сууж явсан нэг хүн Бээжин, Шанхайг холбосон хурдны галт тэрэг явж байна хэмээн хэлэхийг сонсоод цонхоор харлаа. Хурдны галт тэрэг сум шиг шунгинаад хажуугаар өнгөрч байлаа. Шанхай хотын талаар надад мэддэг зүйл тун хомс. Хятадын эдийн засаг, бизнесийн төв, 20 сая хүнтэй өндөр байшин барилгатай том хот гэхээс өөр зүйл би хэлж чадахгүй юм. Гэхдээ интернэтээс хайвал энэ хотын тухай олон мэдээлэл гарч ирнэ.
Шанхай бол Хятад орны зүүн хэсэгт тэнгисийн эрэг дээр байдаг эртний хот. Шанхай хотын тухай түүхэн сурвалж бичигт тэмдэглэсэн үлдээсэн анхны тохиолдол нь Сүн гүрний үед хамаардаг ажээ. Энэ бол ХI-р зуун. 上海 гэдэг энэ хоёр ханзны эхнийх нь дээр гэсэн утга, харин хоёр дахь нь тэнгис гэсэн утга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Шанхай гэдэг нь тэнгисийн эрэг дээр гэсэн утгатай болж таарч байна. Европчууд Шанхай хотын нэрийг латин үсгээр галиглан бичихдээ янз бүрээр бичиж иржээ. Жишээ нь англичууд Shanghai гэсэн бол германчууд Schanghai, харин Голландчууд Sjanghai францчууд Changhaï гэж бичдэг байв. 1990-ээд оны эхээр латин үсэг ашигладаг бүх улс орнууд Шанхай хотын нэрийг Shanghai хэмээн бичдэг болжээ. Баруун Европчууд Шанхай хотыг "Дорнын Парис", "Дорнын сувд" гэж нэрлэх нь бий. Тэр ч бүү хэл "Азийн янханууд" гэж энэ хотыг доромжилсон өнгө аястайгаар ч хэлсэн тохиолдол бий.
Шанхай хотын Пудун дүүргийн панорам зураг нэлээн хэдийг дарсан. Үүнийгээ блогтоо оруулая.
Шанхай хотын дундуур Хуанпу гол урсдаг. Хуанпу гол нь Хятадын Шар мөрөнд цутгадаг олон голын нэг юм. Хуанпу голын баруун эрэг дагуу дүүргийг Пуси (浦西 Pǔ-xī), гэж нэрлэдэг. Пуси бол Шанхай хотын хуучин дүүрэг. Харин Голын зүүн эрэг дагуу дүүргийг Пудун (浦东 Pǔ-dōng) гэж нэрлэдэг. Энэ бол тэнгэр баганадсан өндөр байшин барилгатай эдийн засаг, бизнес, санхүүгийн төв юм. Шанхай хотод зуны улиралд бороо хур элбэг. Өвлийн улиралд цас ч чамлахааргүй их ордог.
Сүн гүрний үеэс Шанхай түмэн хүн түжигнэсэн том далайн боомт болжээ. 1553 онд Шанхайд цайз хэрэм барьсан нь угтаа хотын статустай болсоныг нь илэрхийлэх аж. XIX-р зуунаас Шанхай хот стратегийн хувьд чухал түшиц газар болж хувирлаа. Европын худалдаачид усан онгоцоор Шанхайд ирэх нь эрс нэмэгдсэн байна. XIX-р зууны нэгдүгээр хагаст Хар тамхины нэгдүгээр дайны үед Шанхай хотыг Их Британий цэргүүд хяналтандаа авчээ. Шанхайд англи, франц, герман, голландууд өөрсдийн дүүрэг байгуулж байжээ. 1894-1895 оны үед Япончууд Шанхайд өөрсдийн гэсэн хотхонтой болжээ. Япончууд Шанхай хотод анхны үйлдвэр барьж байгуулсан гэдэг. Үүний дараа барууны орнууд ч Шанхайд үйлдвэрийн газар нээжээ. Ингэснээр Шанхай аж үйлдвэрийн хот болох үндэс нь тавигдав.
Дэлхийн хоёрдугаар дайны галаас зугтсан Европчуудын хувьд Шанхай орогнох газар нь байлаа. 1949 оны 5-р сарын 27-нд Шанхай хотод Хятадын коммунистууд хяналтаа тогтоожээ. Шанхай хот Хятадын коммунистуудын мэдэлд шилжсэн хойно олон арван компаниуд офисоо Хонгконг руу шилжүүлжээ. Гэсэн хэдий ч Шанхай БНХАУ-ын аж үйлдвэрийн төв хэвээр байлаа.
БНХАУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Зян Зэмин 1990-ээд оны үед Шанхай хотын даргаар ажиллаж байв. Тэрээр татварыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татав. Үүний үр дүнд Шанхай Ази тив төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог санхүү эдийн засаг-бизнесийн төв болж чаджээ. Хятадын эдийн засаг санхүүгийн төв нь байхын төлөө өрсөлдөөн Хонгконг, Шанхай хотын хооронд өрнөж байна.
Шанхай хот 16 дүүрэг 1 дагуул тосгонтой. Шанхай хотод 20 сая хүн аж төрдөг. Шанхайн оршин суугчид нь Бээжингийн оршин суугчдийн ярьдаг мандарин аялгаар ярьдаггүй. Хятад хэлний Шанхай аялга гэж тусдаа бий. Хятад хэлний Шанхай аялга нь У бүлгийн аялгад хамаардаг. У бүлгийн аялгаар ярьдаггүй хятад хүн Шанхайд ирээд энэ хотын уугуул оршин суугчтай яриад ойлголцож чадахгүй аж. Шанхай хотын уугуул иргэд бүгд англи хэл мэднэ. Мөн дунд сургуулиасаа эхлээд англи хэл үзэж байгаа Шанхай хотын залуус ч англи хэлэндээ гарамгай юм билээ. Ер нь англи хэл мэддэг харь орны хүн Шанхай хотод ирээд алзахгүй ээ.
Шанхай хотод 2010 онд EXPO олон улсын үзэсгэлэн яармаг болж байсан билээ. Шанхайн ЭКСПО үеэр Хятадын павильонд нь одоо Орчин үеийн дүрслэх урлагийн музей ажилладаг.
Энэ үзэсгэлэнийн танхим өглөө 10:00 цагаас эхлэн ажилладаг.
Үзэсгэлэнгийн танхим дотор нь ороод үзвэл иймэрхүү урлагийн бүтээлүүд бий.
| Их нарийн утга учиртай байгаа биз |
Зян Зэмин Шанхай хотын даргаар ажиллаж байгаад суга дэвшиж БНХАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 10 жил хашсан. Тийм болохоор түүний зураг Шанхайн үзэсгэлэнгийн танхимд байх нь гарцаагүй.
Дүрслэх урлагийн музейн бүх үзмэрүүдийнх зургийг аваад блогтоо оруулчих юм бол энэ музей дампуурчих биз. Тийм болохоор бүх үзмэрийнх нь зурагийг блогтоо нэмж оруулахаа болихоос. Надад хамгийн их таалагдсан зураг нь энэ байлаа.
Шанхай хотод Shanghai Volkswagen, Shanghai General Motors зэрэг машин угсардаг үйлдвэрүүд, ноутбуук, компьютер, гар утас, зурагт гээд цахилгаан бараа, эмэмнэлэгийн тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүний, усан онгоцны үйлдвэрүүд бий.
Шанхай хотын авто замын сүлжээ сайн хөгжсөн. Метро, галт тэрэг, нисэх онгоцны буудал нь дэд бүтэц сайтай. Давхар замууд хаа сайгүй.
Шанхай хот "Хунцяо", "Пудун" гэсэн хоёр онгоцны буудалтай. Пудун нисэх онгоцны буудлаас Шанхай хотын төв хүртэл 30 км бөгөөд соронзон замтай хурдны галт тэргээр 7 минут 21 секунд л явна.
Шанхай хотын усан онгоцны боомтыг Яньшань гэж нэрлэдэг бөгөөд энд дэлхийн өнцөг булан бүрээс зорчигч тээврийн болон ачаа тээврийн усан онгоц ирдэг.
ХХ-р зууны нэгдүгээр хагаст Шанхай хотод машин явж эхлэжээ. Энэ нь Хятадууд хөсөг тэрэг чийчаантай танилцсан анхны тохиолдол байв. Бас Хятадын хотуудаас хамгийн түрүүнд Шанхайд цэвэр бохир усны шугам хоолойн инженерийн дэд бүтэцтэй болжээ. Ингээд бодохоор Шанхай яах аргагүй Хятадын бусад хот суурингаас дэвшингүй байж. Ядаж л Шанхайн хятадууд шүршүүрт усанд орж, боловсон жорлон хэрэглээд дадал зуршил болчихсон.
Шанхай хотын оршин суугчид бусад бүс нутгийн хятадуудыг бодвол илүү соёлжсон, европжуу бөгөөд их цэмцгэр цэвэрхэн. Иймд Шанхайчууд "хамраа сөхсөн", "их зантай хүмүүс" гэж бусад нутгийн Хятадууд ярих нь бий. Хятадын өөр бүс нутгаас ирсэн хүнийг Шанхайн уугуул оршин суугч хэл ярианы аялгаар нь, бас ахуйн соёл, биеэ авч яваа байдлаар нь дорхноо л мэднэ. Тэгээд өөр бүс нутгаас ирсэн хүнийг ялгаварлан гадуурхах нь түгээмэл.
Шанхай хот бол Хятадын кино урлагийн хөгжлийн эх өлгий болсон газар. Хятадын хамгийн анхны киног 1913 онд Шанхай хотод хийж байжээ. "Хэцүү эхнэр нөхөр" /(難夫難妻,/ гэдэг энэ бүтээлээр Хятадын киноны түүх эхлэсэн. 1930-аад он гэхэд Шанхайн киноны аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж бараг л Мэрилин Монротой эн дүйцэхээр кино одууд төрөн гаржээ. Тэдгээр кино одууд нь хэдэн сая шүтэн бишрэгчтэй. Жишээ нь Шанхайн кино од Жоу Сюань гэдэг бүсгүй байсан бөгөөд 1957 онд амиа хорлосон нь тухайн үедээ л бөөн дуулиан болж байв.
Шанхай хотын нэгэн хуучин дүүргийг яг тэр хэвээр нь авч үлдээд кино зураг авахдаа ашигладаг юм байна. Shanghai film park гэж нэрлэсэн энэ газар эртний дүр төрхийг бүрэн дүүрэн хадгалж чаджээ. Энд кино зураг авахаас гадна гадаад дотоодын жуулчидыг тодорхой төлбөртэйгээр дотогш оруулж үзүүлнэ. Нэг ёсондоо задгай тэнгэр доорх музей л гэсэн үг. Шанхай кино парк дотор байдаг энэ хуучны трамвай нь одоо ч ажилладаг. Жуулчид суугаад тухайн дүүргийг бүтэн тойрч явж болно.
Шанхай хот ХХ- р зууны эхээр нэг иймэрхүү л байж дээ.
1930-аад оны үед Шанхайн кино театраар үзүүлж байсан киноны зарлалын самбар.
Шанхай хотын хуучин нарийн гудамж. Дотуур нь ганцаараа явахад эвгүй л юм билээ.
Шанхай хотын бахархал болсон нэг том байгууламж бол "Дорнын сувд" (The Oriental Pearl TV tower) гэж хятадууд өөрсдөө нэрлэсэн Телевизийн цамхаг юм.
Энэ телевизийн цамхаг 468 метрийн өндөр бөгөөд Ази тивдээ өндөрийн хэмжээгээрээ 3-рт ордог цамхаг. Харин дэлхийн хэмжээнд өндөрөөрөө 5-рт бичигддэг. "Дорнын сувд" цамхаг Шанхай хотын Пудун дүүрэгт Хуанпу голын эрэг дээр бий. Энэ цамхагийн 267 метрийн өндөрт шал нь эргэдэг ресторан, 271 метрийн өндөрт диксо бар, 20 тасалгаатай караоке бий. Харин 350 метрийн өндөрт пентхаус байх бөгөөд эндээс Шанхай хотыг харж болно.
Цамхагийн пентхаусын шалыг нь зузаан шилээр хийсэн тул хөл доорхоо шууд нэвт харах боломжтой. "Дорнын сувд" телевизийн цамхагийг 1990-1994 оны хооронд барьжээ. Цамхагийн 350 метрийн өндрөөс Шанхай хотыг харахад нэг иймэрхүү.
4 давхар барилгатай энэ музейд Монголтой холбоотой хэд хэдэн үзмэр байсан нь анхаарал татлаа.
Монгол шатар
Монгол эмэгтэйн гоёл чимэглэл
Монгол хөөрөг, мөнгөн аяга
Монгол адуучин эрийн морины дөрөө
Харин энэ бол манж үндэстний хувцас
Манжийн үеийн мебель тавилга
Хятадын эртний Шиа улсын үеийн зоос
Манж гүрний үед хэрэглэж байсан цаасан мөнгөн тэмдэгт. Монгол бичгээр бичсэн хэдэн үг бий.
За ингээд Шанхайд үзсэн харсан зүйлээ сийрүүлэхэд нэг иймэрхүү байлаа. Нэмээд хэлэхэд Шанхайгийн оршин суугчид их царайлаг юм байна лээ шүү.