Амьдралын тойрог

2023-12-30

Европыг дахин нээсэн нь: Испанийн Мадрид хот

 Португалийн нийслэл Лиссабон хотоос Испанийн Мадрид хот руу автобусаар явлаа. OMIO хэмээх гар утасны App ашиглан автобусны тасалбар урьдчилж захиалсан юм. Мадрид руу ийм хоёр давхар автобусаар зорчигч тээвэрлэдэг юм билээ.


Автобус шөнөжин хурдны замаар дахиад өглөө эрт Мадрид хотын төвд зогсов. Автобус Мадридын авто вокзалд зогсмогц автобуснаас аль болох шалмаг бууж, чемоданаа авахын тулд тээшний хэсэг рүү очсон нь дээр юм билээ. Зорчигчдын ачаа тээшийг өгөхдөө маш эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн. Хэн нэгэн хүн бужигнаан дунд бусдын тээшийг аваад явчих боломжтой юм шиг санагдсан. 

Мадрид бол миний хувьд ирж байгаа Испанийн хоёр дахь хот. Барселона хотоосоо эрс өөр юм билээ. Барселона бол Каталона мужийн төв. Мадрид бол Испанийн нийслэл. Дэлхийн аль ч улсын нийслэл хот нь түм түжигнэсэн, нүргээнтэй. Нийслэлд амьдардаг хүмүүсийг хөндлөнгөөс ажихад, үргэлж хаа нэг тийшээ яарсан, муухай ааштай, уур уцаартай байдаг даа. Харин хөдөөгийн жижиг хот сууринд амьдардаг хүмүүс стрессийн түвшин багатай юм шиг санагддаг. Мадридын оршин суугчдыг Барселонагийн хүмүүстэй харьцуулахад найрсаг байдал багатай юм байна лээ. 

Мадрид хотод үүрийн 5 цаг буугаад өглөөний 9 цаг хүртэл гудамжаар нь зугаалав. Зугаалах ч гэж.... Мадридад байрлахаар AIR BNB-р захиалсан байрандаа үдээс хойш 15:00 цагаас орж болно. Иймээс Мадридад ирээд хагас өдөр орох суух газаргүй болов. Цэцэрлэгт гудамжны сандал дээр хэвтэж хэсэг унтлаа. Хажуугаар нохойгоо салхилуулж, өглөөний дасгал хийж гүйж өнгөрөх хүмүүсийн цуваа тасрахгүй. Арай гэж 9:00 цаг болгов. MENDEZ ALVARO гээд энэ дэлгүүр өглөө 9:00 цагт онгоймогц 00 руу нь орж нүүр гар, шүдээ угаав. Бараг л усанд орох шахсан доо. Чемоданаа нээж байгаад дотроос нь саван, шүдний оо сойз, нүүр гарын алчуураа гаргаж ирээд л... Хээрийн хүн хээгүй л гэдэг. Өөрийнхөө дур зоргодоо хөтлөгдөөд ингэж Европоор аялж яваа юм чинь хэндээ гомдоллох вэ дээ. Угаасаа энэ бол аяллыг амттай, дурсамжтай болгодог юмны л нэг. Сониноос 2018 оны зун Бээжинд явж байхдаа метроны буудлын нийтийн жорлонд бие засаад, бас нүүр гараа угааж, үсээ гельдээд хэрэндээ л өөрийгөө гоёж л явлаа. 

10:00 цаг болсон хойно AIR BNB  ашиглан байрны эзэн рүү чат бичив. Бид Мадрид хотод өглөө эрт ирчихлээ. Өдрийн 15:00 цаг хүртэл хүлээх хэцүү байна. Захиалсан байрандаа цагаасаа өмнө оруулаач  бла бла ... гээд бичив. Төдөлгүй байрны эзнээс зөвшөөрсөн хариу ирэв. Захиалсан байрандаа орлоо.


Ирээд төлбөрөө өгөх гэтэл байрны эзэн Испани эр "Олон улсын карт уншихгүй. Та төлбөрөө бэлнээр нь өгчих" гэж байна. Хамт яваа хүмүүс маань байрны мөнгөө над руу урьдчилж шилжүүлсэн. Миний олон улсын картанд төвлөрүүлсэн мөнгийг л би байрны эзэнд гаргаж өгөх ёстой.  Аз болж захиалсан байрны доор ATM  байна. 
TDB -ийн олон улсын VISA картаа  доорх зурагт харагдаж байгаа ATM рүү хийлээ. Гэтэл пин код нь буруу байна гэнэ. Гурав дахь оролдлого маань бүтэлгүйтээд картаа залгиуллаа. Ядаж байхад өөр бэлэн мөнгөгүй байсан юм. Баларсан. 


Банк руу гүйж ороод картаа залгиулсан гээд хэллээ. Ядаж байхад энэ Испаничуудын англи хэлний мэдлэг нь тааруухан юмаа.  Миний англи хэлний мэдлэг ч гэсэн сайн биш. За ямар байсан ойлголцоод маргааш өглөө банк онгойхоор эрт ирээд авах болов. Захиалсан байр руугаа буцаж очоод хамт яваа хүндээ хэлэв. Ингээд ямар байсан байрны мөнгийг дундаасаа босгов. Хамт яваа хүмүүс маань бэлэн мөнгөө шавхав. Би банкны APP руугаа нэвтэрч залгиулсан картаа хааж, хүмүүсийн мөнгийг буцааж шилжүүлэв. 
Бидний захиалсан байрны замын эсрэг талд маш хямдхан хүнсний дэлгүүр байна. Орж хоол хүнс цуглуулав. За тэгээд хэсэг зуур амарч байгаад  Мадридын худалдааны гудамжаар нь хэслээ.  
Энэ доорх зурагт харагдаж байгаа нарийн гудамжаар машин явахгүй. Явган хүнд зориулсан худалдааны гудамж. Тоолохын аргагүй олон дэлгүүр, хоршоо, жижиг кафе, ресторан бий. 



Мадрид хотын хоёр дахь өглөө. Амьдарч байгаа байрныхаа хажуугийн банк руу өглөө 9:10  гээд орлоо. Картаа авах гэтэл ширээний ард сууж байгаа Испани өвгөнтэй ойлголцсонгүй.  Намайг гадаад хүн гэдгийг мэдсээр байж надтай испани хэлээр яриад байх юм. Би өөдөөс нь англиар..... Эцэст нь англи хэл мэддэг банкны нэг ажилтан ирэв. Залгиулсан банкны картаа авмаар байна гэтэл өгөхгүй гэснээ дундуур хайчлаад хоёр хуваачихсан гээд үзүүлэв. Миний нүд орой дээрээ гарлаа. "Бид ийм дүрэмтэй" гэхээс өөр юм хэлсэнгүй. За ингээд хүний нутагт бэлэн мөнгөгүй, олон улсын картгүй болов оо. 
Хамт яваа хүмүүст илүү олон улсын карт байж. Мадридаас буцах хүртэлээ бусдынхаа буянд ямар ч байсан газардсангүй. Хамт яваа хүний илүү картыг нь гуйж, данс руу нь мөнгөө шилжүүлээд асуудлын шийдэв. Гадаадад явахдаа заавал илүү карттай явах хэрэгтэй юм байна гэдэг сургамж авлаа. 






Мартсанаас Испани чинь ZARA брэндийн эх орон. ZARA орж өөртөө хувцас хунар авсан. Ер нь бол бага сага даавуу зөөж авч ирсэн дээ. 
Мадридад байх хоёр дахь өдрөө албан ажлаа амжуулав. За тэгээд тэр өдрийнхөө орой нь Мадридын гей гудамжийг үзэж сонирхов. Мадрид хотын гей гудамжийг Чуэка гэдэг юм байна. Энд LGBT  Friendly үйлчилгээний газрууд төвлөрчээ. Үсчин, дэлгүүр, бар, шөнийн клуб, гей саун... 




Мадридын гей саун орлоо. Байшингийн B1 давхарт байрладаг юм билээ. Гей саунд ороход 16 евро.  Ороход нь алчуур, резин таавчиг өгнө. Хувцасаа шүүгээнд хийгээд, шүршүүр орно. За тэгээд цаашаагаа ойлголжтой өрөө тасалгаанууд. 



Нүд баясгах олигтой юм байсангүй. Гей саунд 2 цаг орчим болоод гарав. Дараа нь гей бар оров. 


Шөнийн 3 цаг болсон хойно байрлаж байгаа байр руугаа буцав. Шөнийн автобус явдаг юм билээ. 





Мадридын аялал дуусав.  Мадридаас Франкфуркт-Улаанбаатар гэсэн чиглэлээр нутаг буцав.




 Улаанбаатараас Франкфурт руу явахад МИАТ-ын хоол таалагдаагүй. Будаа, мах, төмсний нухаш байв. Ногоо, салат байсангүй. Харин Франкфуртаас Улаанбаатар руу буцахад ийм хоол өгөв. Гэхдээ л котлет нь түлэнхий.



Амьдрал бол аялал. Дараагийн аялалаа төлөвлөсөн байгаа. Удахгүй шинэ аян замын тэмдэглэлээ та нарт уншуулна аа. 

2023-11-22

Европыг дахин нээсэн нь: Кристиано Рональдогийн эх оронд очсон нь

Парист өнгөрүүлсэн 3 шөнө 2 өдрийн аяллын дараа Португаль улс руу нислээ.  Ирландын иргэний агаарын тээврийн Ryan Air компанийн хямд нислэг сонгосон юм. Онгоцны тийзээ бүр 2 сарын өмнө онлайнаар худалдаад авчихсан байсан. Парис хотын эргэн тойронд нийтдээ дөрвөн онгоцны буудал байдаг аж. Хамгийн том нь Шарль де Голлийн нэрэмжит олон улсын нисэх буудал бөгөөд хотын төвөөсөө 25 км алсад байрладаг. Удаах нь Орли нисэх онгоцны буудал. Энэ нисэх онгоцны буудлаас Францын орон нутгийн нислэг үйлддэг гэсэн мэдээлэл байна лээ. Орли нисэх буудал Парисын төвөөс 14 км. Гурав дахь нисэх буудал нь чартер нислэг, хувийн нислэг, лоукостер нислэгт үйлчилгээ үзүүлдэг Бове (Aéroport de Beauvais-Tillé)  нисэх буудал. Парисын төвөөс 80 км алсад. Дөрөв дэхь нисэх онгоцны буудал нь Ле Бурже. Агаарын нисэх хүчнийхэн гол төлөв ашигладаг бөгөөд жил бүр агаарын тээврийн салбарынханы шоу зохион байгуулагддаг гэдгээрээ дэлхийд алдартай. Парисаас Португаль улсын нийслэл Лиссабон хот руу явах нислэг маань Бове нисэх буудлаас юм байна. Зочид буудлаасаа өглөө эрт гараад метро, автобус сэлгэн явсаар Бове нисэх буудал дээр ирлээ. Манай монголын аймгийн төвийн онгоцны буудал шиг л жижигхэн байшин барилгатай юм билээ. Байшин барилга нь жижиг боловч ачаалал ихтэй ажилладаг юм байна гэж дүгнэсэн. 



Парисаас Лиссабон хот руу 2 цаг 30 минут ниснэ. Хоёр хот хоорондоо 1735 км зайтай. Португаль бол Евроазийн эх газрын хамгийн зах хязгаарт байрладаг улс. Өнөөгийн Португалийн нутаг дэвсгэр дээр балар эрт үед лузитан хэмээх үндэстэн суурьшиж байжээ. Нийтийн тооллын I зуунд Ромын эзэнт гүрэнд эзлэгджээ. 1139 онд энэ улсын төр үндэс сууриа тавьсан гэж түүхчид үздэг юм билээ. 1580 онд Португалийн эзэнт улсын төр мөхөж Испанийн нэг хэсэг болжээ. 1703 оноос Португаль нь Их Британийн эзэнт гүрний мэдэлд ирсэн байна. XIX зуунд Португальд хоёр ч удаа хувьсгал гарч, иргэний дайн ч болж байлаа. ХХ зуунд төрийн эргэлт гарч, цэргийн дарангуйлал тогтож, НАТО-г үүсгэн байгуулахад нь оролцож, 1976 онд шинэ Үндсэн Хууль баталж байжээ. Одоо ч 1976 онд баталсан Үндсэн Хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. 2020 онд хийсэн хүн амын тооллогоор 10 сая хүнтэй гэсэн статистик мэдээ гаргасан байна. Хүн амын дийлэнх олонх нь католик шашинтан. Цаг агаарын нь газрын дундад тэнгисийнх шиг зөөлөн, дулаан. Хөдөө аж ахуй-аж үйлдвэржсэн улс гэж танилцуулга номд бичсэн байна лээ. Усан үзэм, хөвөн тариалдаг. Усан үзмийн дарсны нэг төрөл гэгддэг "портвейн" бол Португалийн үндэсний сархад. Бас
хөвөн тариалж даавуу үйлдвэрлэнэ. Португаль улсад маш сайн чанарын гутал үйлдвэрлэдэг юм билээ. Португальд очсон бол гар хийцийн (hand made) гутал худалдаж авахыг зөвлөдөг юм билээ. 
Португалийн хөдөө нутаг ямар гэдгийг мэдсэнгүй. Ямар ч байсан нийслэл хотод нь 3 шөнө 4 өдөр болов. Лиссабон хотын олон улсын нисэх онгоцны буудал нь гял цал болсон шинэ барилгатай юм. Харин хотын ихэнх хэсэг нь хуучны барилга байгууламж ихтэй. Онгоцны буудлаас захиалсан зочид буудал руугаа алхав. Бараг 7 км алхсан даа. Чемоданаа чирээд алхчихлаа. Замдаа сонин содон санагдсан байшин барилга, гудамж талбайн зураг дараад л байлаа.  Бас замаасаа хазайсан эсэхээ нягталж google map  харна. 


Лиссабон хот ердөө 500 мянган оршин суугчтай юм.  Нийслэлийн ойролцоох жижиг дагуул хотын оршин суугчидтай нь нийлүүлэх юм бол 2 сая орчим хүн болно. Хотыг хэзээ үндэслэн байгуулсан нь яг тодорхойгүй. Манай эрины өмнөх 1200 оны үед хамаарах түүхийн эх сурвалжид Лиссабон хотын тухай бичиж тэмдэглэсэн байдаг аж. 


Хотын явган хүний замыг ийм хавтангаар хийсэн юм билээ. Хороолол доторх авто машины туслах замыг чулуугаар зассан юм билээ. Зочид буудалдаа ирж хэсэг амсхийгээд эргэж гарлаа. 




Испани, Францтай харьцуулахад Португальд хүнс, үйлчилгээ гээд бүх юмны үнэ хямд юм.
Лиссабон хотод гурван дугуйт "ТҮК ТҮК" их явдаг юм билээ. Жуулчид очдог төв талбай, далайн эрэг дагуу гудамжаар "ТҮК ТҮК"-чид жуулчдыг хоргоож зогсоно. Өөрсдөө маршрут зохиосон бололтой. Цаасан дээр хэвлэсэн янз бүрийн маршрут санал болгох юм билээ. 
 

Тэнгисийн эрэг. Тэнгис гэснээс алдарт далайчин Васко да Гама Португаль хүн байсан. Европоос Энэтхэг хүрэх далайн замыг нээсэн хүн гэж түүхчид хүлээн зөвшөөрдөг. 



Доорх зураг бол Лиссабоны "Коммерцийн талбай". Хотын төв талбай гэсэн үг. 1755 оны газар хөдлөлтөөс өмнө энд эзэн хааны ордон байсан. Талбайн голд Португалийн реформатор Нэгдүгээр Жозегийн морьт хөшөө байдаг.  


1755 онд Португаль улсад хүчтэй газар хөдөлж их хохирол сүйрэл нүүрлэсэн юм билээ. Тухайн үед хотын бараг бүх байшин сүйджээ. Газар хөдлөлтийн дараа хотыг бараг шинээр барьж байгуулсан гэх юм билээ. Хотын байшин барилгуудын гадна талыг нь хээ угалзтай цэнхэр, ногоон, ягаан, улбар шар өнгийн плитакаар чимэглэсэн нь содон. 


Лиссабон хотын ирсэн жуулчид заавал үздэг, очдог газруудын жагсаалтыг интернэтээс харж байгаад тэр зөвлөгөөг нь дагалаа. Очиж үзсэн газрын нэг нь "Белем" гэдэг хуучны алдартай цайз. Дээр үед далайн чанадаас эзлэн түрэмгийлэгчид ирж байгаа эсэхийг ажигладаг байжээ. XVI зууны үед энд боомт байсан бөгөөд далайчид аян замдаа эндээс хөдөлдөг байсан түүхэн газар. Одоо цайзыг музей болгон өөрчилжээ. 



Лиссабон хотын өндөр дов толгод дээр баригдсан хот юм билээ.  Өгсөж уруудсан нарийн гудамж ихтэй. 


Лиссабон хотын гол бэлгэ тэмдэг нь шар өнгийн трамвай.


Лиссабон хотын жуулчид очдог, янз бүрийн худалдааны төвүүд, дэлгүүр хоршоо, хоолны газар байрладаг гудамжийг Байша гэнэ. Энэ гудамжинд хуучны лифт бий. 45 метр энэ лифтийг Санта Жуста гэж нэрлэдэг. 1902 онд энэ лифтийг барьсан юм билээ. 2002 онд энэ лифтийг түүхэн дурсгалт байгууламж гэж тооцох болсон.  


Хотод далайн музей,  сүйх тэрэгний музей ч байна лээ. Хуучны өнгө төрхөө одоо ч хадгалсан сүм, цогчин дуган, хуучны чулуун барилга л ихтэй хот байсан даа. 



Миний байрласан зочид буудлын цонхоор

Муу хүн идсэн ууснаа гэдэг.  Португальд байхдаа идсэн хоолныхоо зурагнуудаас цөөн хэдийг орууллаа.






Алдарт хөл бөмбөгчин Кристиано Рональдогийн эх орноор аяласан товч тэмдэглэлээ ингээд дуусгая. Миний очих дараагийн газар Испанийн нийслэл Мадрид хот.  Мадридыг тэмдэглэлээ дараа нь завтай үедээ бичье.