Амьдралын тойрог

2024-10-16

Сөүл хүрсэн урт аялал: 4 дүгээр хэсэг. Сөүлд амарсан өдрүүд

8 дугаар сарын 19. Даваа гараг. Солонгосын Инчёон олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Солонгосын цагаачлалын албаны ажилтан суугаа бүхээг рүү гадаадынхан дугаарлах зогсов. Нэгэн зэрэг 10 гаруй хүн ажиллаж байна. Сүүлийн үед БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан гадаадын иргэдийг улс руугаа нэвтрүүлэхээс татгалзаж буцаах болсон гэж нийгмийн сүлжээнд хүмүүс бичих нь нэмэгдсэн. Олны үг ортой гэдэг дээ. Энэ яриа үнэн бололтой. Миний өмнө дугаарлан зогсож байсан бүсгүйг хилийн ажилтан улс руугаа шууд нэвтрүүлсэнгүй. Бүхээгээсээ гарч ирээд өөр хүнийг цаанаас дуудав.  Цаанаас ирсэн хүн өнөө бүсгүйг дагуулаад тусгай өрөө рүү орох нь үзэгдлээ. Би Инчёон хилийн боомтоор нэвтэрлээ. Ачаа тээшээ аваад Сөүлийн төв рүү явах метроны өртөө рүү зүглэв. Өмнө нь Сөүлд ирж байхдаа худалдан авч байсан T-Money картаа цэнэглэв.  Бараг хоёр цаг гаруй метрогоор явсны эцэст Seoul өртөөнд хүрлээ. Тэндээсээ Yeongdeungpo өртөө рүү явах ёстой.  Гэтэл тухайн өдрийн сүүлийн гал тэрэг аль хэдийнээ явчихжээ. Метроны өртөөний ажилтан "Манай өртөө хаасан. Галт тэрэг ирэхгүй. Одоо хот руу дээшээ гараад шөнийн автобус, эсвэл таксигаар яваарай" гэж зөвлөв. Ингээд Сөүл өртөөнөөс Yeongdeungpo өртөө рүү таксидав. Таксинд 18000 вон төлөв.  Сөүлд байрлах зочид буудлаа Booking.com сайтаас хайж олсон юм. Тухайн зочид буудалд буудаллаж байсан хүмүүсийн сэтгэгдэл, буудлын дүрэм, төлбөрийн нөхцөл зэргийг сайтар уншиж судалж байж сонгосон. 


Ганцаараа аялж яваа хүмүүст тохиромжтой цэвэрхэн зочид буудал юм. Өрөөний эд хогшил: нэг хүний ор, хувцасны шүүгээ, агааржуулагч, жижиг хөргөгч, хогийн сав, зурагт, ширээ, сандал, шүршүүр, угаалтуур, жорлон. Мэдээж шүршүүр жорлон нь хамтдаа бөгөөд өрөөнөөсөө нимгэн гүйдэг хаалгаар тусгаарлажээ. Би энэ зочид буудалд 4 шөнө хонох  захиалга хийсэн.


Би зочид буудалд шөнийн 1 цаг өнгөрч байсан ирсэн тул шуудхан л унтаж амрахаа бодов. Өглөө нь сэрээд ойролцоох CU-ээс бага сага идэх юм авч идэв. Дараа нь Myeongdong худалдааны гудамж руу явлаа.


2023 оны өвөл 1 дүгээр сард Myeongdong худалдааны гудамжаар алхаж явснаа эргэж санав. Тухайн үед гацуур модтой, зул сарын баярын гоёмсог чимэглэл нь хэвээрээ байж билээ.  Харин энэ удаа 8 дугаар сарын халуун өдрүүдэд алхаж үзэв.  Монголоос манай дүү гутал захисан бөгөөд Myeongdong худалдааны гудамжинд байрладаг гутлын төрөлжсөн дэлгүүрийг нэр заан цохож, зөвхөн тэндээс гутал аваарай гэж билээ.  Хүсэлтийг нь ёсоор болгож, захиалсан гутлыг нь авлаа. 


Дараа нь Myeongdong гудамжаар уруудаж БНСУ дахь БНХАУ-ын элчин сайдын яамны ойролцоо байдаг япон хоолны ресторанд очиж өдрийн хоол идлээ. 2023 оны өвөл энд ирж хоол идэж байсан. Хоолны амт чанар сайн,  сонголт арвин. Ресторан тохилог, цэвэрхэн.  Шарсан, хуурсан хоол боловч тос багатай. 


Өдрийн хоолны дараа Myeongdong худалдааны гудамж руу дахин орж өөртөө шинэ пүүз худалдан авлаа. Үд өнгөрсөн хойно зочид буудал руугаа буцав. 19:00 цагт зочид буудлын ойролцоо кафед Сөүлд амьдардаг солонгос залуутай уулзав. Би түүнтэй Инстаграмаар танилцсан юм.  Монголоос авч ирсэн бэлэг дурсгалын зүйлээ ч гардуулан өгөв. 

Сөүлийн хоёр дахь өдөр. 8 дугаар сарын 20. Мягмар гараг. Өглөө нь сэрээд метроны өртөөний хажууд байрладаг EGGBOX хэмээх цайны газар орлоо. Энэ бол цай, кофе, өндөгтэй сэндвич зардаг төрөлжсөн цайны газар. 


Миний сонголт ийм байлаа. Үнэ нь 9800 вон. 


Цайны дараа музей үзэхээр явав. Өмнө нь Сөүлд аялахдаа Солонгосын "Хааны ордон музей", "1950-1953 оны Солонгосын хойгийн дайны музей, "Солонгосын үндэсний музей" -г үзэж байлаа. 2023 оны өвөл аялахдаа Солонгосын банкны харьяа мөнгөн тэмдэгтийн музейг үзэж амжаагүй юм. Ямар ч эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр тус музей рүү явлаа. Солонгост ихэнх музей, үзэсгэлэн үнэ төлбөргүй.  Гадаа шиврээ бороо орж байна. Монголоос авч гарсан шүхэр одоо л хэрэг болов. 



Музейд гар утсаар гэрэл зураг дарах, гар утсаар видео бичлэг хийхийг зөвшөөрч байна лээ. Хүн төрөлхтөн хэзээнээс эхлэн мөнгөн тэмдэг тэмдэгт ашиглаж ирсэн бэ? гэдгээс эхлээд одоо хэрхэн мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэг хуучин мөнгөн тэмдэгтийг хэрхэн устгадаг тухай сонирхолтой үзмэртэй байлаа. 

Бас энд эрт дээр цагт Солонгост хэрэглэж байсан зоос, цаасан мөнгөн тэмдэгтийг үзмэр болгожээ.

Хамгийн сонирхол татсан үзмэр нь Хойд Солонгост хэрэглэж байсан хуучин мөнгөн тэмдэгт, мөн одоо тэнд гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийг багаас нь том руу нь эрэмбэлэн үзмэр болгожээ.  Амьдралдаа анх удаа Хойд Солонгосын мөнгөн тэмдэгтийг харав. 




Музейн 2 дугаар давхарт дэлхийн бараг бүх улсын одоо гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийг тусгай хавтаст хийгээд үзмэр болгожээ. Монгол Улсын мөнгөн тэмдэгт ч бас үзмэрийн нэг хэсэг нь. 


Музейн 2 дугаар давхарт бага насны хүүхдэд зориулсан интерактив тоглоомын өрөө байв. Мөнгөн тэмдэгтийн сэдвээр зохион бүтээсэн олон төрлийн видео тоглоомыг ямар ч хязгаарлалтгүй тоглох боломжтой. Үүнээс үзвэл, музейн үзэгчдийн дийлэнх нь хүүхдүүд юм байна гэж бодов. Бага наснаас нь эхлээд мөнгөний тухай ойлголтыг музейгээр дамжуулан хүүхдүүдэд төлөвшүүлдэг байх нь. 

Музей үзэж дуусаад гадаа гартал бороо зогссон байлаа. Ингээд Сөүлийн төвөөр явган алхангаа хэдэн гэрэл зураг дарлаа. 



 

Сөүлийн 3 дахь өдөр. 8 дугаар сарын 21. Лхагва гараг. Өглөө сэрээд хөнгөн цайлаад Сөүл хотын түүхийн музей рүү явлаа.  Өнөөдөр Сөүлд бас л бороо шивэрч байна. Бороо орж байхад усан оргилуураа ажиллуулаад байх юм. 



Сөүл хот хэзээ байгуулагдсан бэ? гэдгээс эхлээд өнөөгийн дүр төрхөө хэрхэн бий болгосон тухай түүх өгүүлсэн сайхан музей байна лээ. Олон үзмэр дотроос онцолж ганц нэгийг нь дурдах нь зөв байх. Сөүлд метро байгуулсан тухай үзмэр их таалагдав. 


Доорх зурагт Сөүлийн метроны нээлтийн ёслолыг дүрсэлжээ. Манай Улаанбаатар хот хэзээ метротой болоод ингээд нээлт хийж тууз хайчлах юм бол доо...



Сөүлд үсчний газар анх байгуулагдсан тухай үзмэр их сонирхол татсан. XX зууны дундуур Сөүлийн үсчний газар ямар тохижилттой байсныг харуулжээ. 




Бас энэ музейд Сөүл хотод олон давхар орон сууцны барилга барьж эхэлсэн түүх, ХХ зууны үеийн Солонгос айлын тавилга, цахилгаан барааг дэлгэн харуулжээ. 





Хуучны эд зүйлс, цахилгаан барааг харах нь сонирхолтой, хуучин дурсамж сэргээгээд сайхан санагдав. Жишээ нь ХХ зууны 90-ээд оны дунд үед манай гэртээ дээрх зураг дээр харагдаж байгаатай ижил угаалгын машинтай байсан. Бас 1990 оны сүүл, 2000 оны эхэн үед хүмүүс ийм гар утасны аппараттай байлаа. Тэр дэлгэгддэг гар утас надад ч байсан.

Музей үзэж дуусаад Сөүлд сурдаг Т гэдэг монгол залуутай уулзахаар Yeouido метроны өртөө рүү явлаа. Өнгөрсөн 7 дугаар сард Т Улаанбаатарт 7 хоногийн хугацаатай ирэх үед нь би уулзаж байсан юм. Бас хамт амьдардаг Солонгос найз нь Улаанбаатарт 4 хоногийн хугацаатай ирэхэд нь би уулзаж машинаараа үйлчилж Тэрэлж рүү явж байв. Т бид хоёр оройны хоол идэнгээ хов базав. 2 хүний хоол шар айраг 70300 вон.


Хоол идэх зуураа би "Сөүлд 3 дахь удаагаа ирж байгаа болохоор жуулчид очиж үздэг газруудаар нь нэлээн явлаа. Харин одоо Хойд, Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүс рүү очиж үзмээр байна. Интернэтээс аялал хайж үзсэн. 250 USD гэсэн ханштай байна. Яаж хямд зардлаар явж болох вэ? гэж асуув. Т хамт амьдардаг солонгос найзаасаа асууж өгөхөөр болов. 
Энэ уулзалтын дараа би байрлаж байгаа зочид буудал руугаа метрогоор явлаа. Замаараа хүнсний дэлгүүр орж орой унтахын өмнө ам хөдөлгөх, бас маргааш өглөө сэрээд идэх хүнс цуглуулав. 
Бас зочид буудлын менежертэй нь онлайнаар холбогдож нэмж 3 шөнө хонох хүсэлтээ илэрхийлэв. Гэтэл 3 шөнө хонуулах боломжгүй. Захиалгатай. Харин 1 шөнө хонож болно гэв.  Ингээд 5 дэх шөнөө хонох төлбөрт нь 26000 вон төлөв. Нэг шөнө ч гэсэн унтах газартай байна гэдэг чухал.

Сөүлийн 4 дэх өдөр.  8 дугаар сарын 22. Пүрэв Зочид буудлаас өглөө эрт гараад Солонгосын иргэний агаарын тээврийн салбарын музейг үзэхээр явлаа. Энэ музей Гимпо олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй байдаг юм билээ. Энэ музейг үзэхэд үнэ төлбөргүй. 



Дөрвөн давхар том барилгад байрлаж үйл ажиллагаа явуулдаг энэ музейг үзээд явж байхад сэтгэл ханамж 100 байлаа. 



Музейн 1 дүгээр давхарт хүн төрөлхтөн хэрхэн нисдэг төхөөрөмж зохион бүтээх гэж оролдож байсан түүхийг харуулжээ. Гэрэлт самбар, гэрэл зураг, онгоцны загварыг харуулсан биет үзмэрүүд байрлуулжээ.


Дэлхийн аль ч ард түмэнд нисэх гэсэн гэгээн мөрөөдөл эрт балар үеэс л бий болсон бололтой. Нисдэг морь, нисдэг хивс, шүүр унаад нисдэг шулам эмгэн гээд... Монголд ч "Шүхэрч Буниа" хэмээх өгүүллэг байдаг.  Солонгосын эртний ном сударт ч нисдэг хүний тухай бичиж тэмдэглэсэн уран зөгнөлт түүх байжээ.


Агаарт дүүлэн нисэж болох тухай үзэл санааг зоригтойгоор ил тод дэвшүүлсэн хүн бол  Леонардо да Винчи гэж түүхчид үздэг юм билээ. Дэлхийн хамгийн анхны нисдэг төхөөрөмж - агаарын бөмбөлгийг франц оршин суугч ах дүү Жозеф-Мишель, Жак-Этьенн Монгольфье нар зохион бүтээсэн юм билээ.  Тэдний ургийн овог нь Монгольфье гэхээр бас сонирхолтой санагдаж байгаа биз. 


Музейн 1 дүгээр давхарт ХХ зууны үед зохион бүтээсэн онгоцны загваруудыг байрлуулжээ. Жишээлбэл: Конкорд онгоц. Британи-Францын инженерүүдийн хамтран зохион бүтээсэн дуунаас ч хурдан онгоц. Энэ онгоцыг 1969 онд анх Ле Буржегийн олон улсын онгоцны үзэсгэлэнд танилцуулж байв. 1976 оны 1 дүгээр сарын 21-нээс зорчигч тээвэрлэж эхэлжээ. Энэ өдөр British Airlines  компани Конкорд онгоцоор Лондон хотоос Бахрейн улс руу, Air France компани Парис хотоос Дакар хот руу зорчигч тээвэрлэж байжээ. 3 цаг 20 минутын хугацаанд Лондон хотоос Нью-Йорк хотод хүрч байв.  
Конкорд онгоцны үндсэн үзүүлэлт:
Нисэх багийн бүрэлдэхүүн: 3 хүн 
Зорчигчийн суудлын тоо:  92, 100, 128 гэх мэт сонголттой
Онгоцны урт: 56.24 метр. 
Онгоцны өндөр нь: 12.19 метр.
Далавчны урт: 25.57 метр.  
Далавчны эзлэхүүн: 358.6 куб метр
Онгоцны дундаж хурд: 2150 км цаг. 
Онгоцны дээр хурд: 2240 км цаг
Хоосон байх үеийн жин: 78700 кг
Агаарт хөөрөх боломжтой дээд жин: 187700 кг
Баканд байх түлшний жин: 95680 кг
Хөдөлгүүр:  4× ТРДФ Rolls Royce/ SNECMA «Olympus» 593


2000 оны эхээр Конкорд онгоц хэд хэдэн удаа осолдож, улмаар цаашид энэ онгоцыг ашиглалтаас хасах шийдвэр гаргажээ. 2003 оны 10 дугаар сарын 24-нд Конкорд загварын онгоцоо хамгийн сүүлийн удаа нислэг үйлдсэн байна. 

Бас энэ музейд дэлхийн II дайны үед ЗХУ ба АНУ ашиглаж байсан байлдааны онгоцны загварыг харьцуулан зэрэгцүүлэн байрлуулжээ.




Музейн дараагийн хэсэгт дэлхийн түүхэнд анх удаа Атлантын далай гаталж ниссэн хүний тухай мэдээлэл, үзмэр байрлуулжээ. 1919 оны 6 дугаар сарын 15-16-нд Хойд Америк тивийн Ньюфаундленд арлаас (одоо Канад улсын газар нутаг) Ирланд улсын Клифлен хот руу Vickers Vimy цэргийн бөмбөгдөгч онгоцоор Жон Олкок, Артур Браун нар нислэг үйлджээ. Тэдний нислэг 16 цаг 28 минут үргэлжилсэн байна. Тэдний онгоцны дундаж хурд нь190 км/цаг  байсан бөгөөд тасралтгүй нисэж 3040 км туулжээ.  Онгоцны хувьд 190 км/цаг гэдэг бол одоо тийм ч өндөр хурд биш. Нислэгийн үед цаг агаар муудаж, салхи шуурга таарсан ч энэ хоёр хүн нислэгээ амжилттай дуусгаж чадсан юм билээ. Ийнхүү Атлантын далайг тасралтгүй нислэгээр гаталж чадсан Жон Олкок, Артур Браун хоёр 10000 фунт стерлингийн мөнгөн шагнал, тамхи үйлдвэрлэгч компаниас 2000 алтан зоос, Их Британий засгийн газраас 1000 фунт стерлингийн урамшуулал авчээ. Тэдний нислэгээ эхлүүлсэн газар дурсгалын гэрэлт хөшөө босгосон бол 1954 онд Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд хөшөөг нь босгосон байна. 
Харин Атлантын далайн дээгүүр ганцаараа тасралтгүй нислэг үйлдэж гаталсан анхны хүн бол АНУ-ын нисэгч Чарльз Линдберг. 1927 оны 5 дугаар сарын 20-21 өдрүүдэд Нью-Йорк хотоос Парис хотын хооронд нислэг үйлдэж дэлхийд шинэ амжилт тогтоож байв. 




Тухайн үед Чарльз Линдбергийн нислэгийн тухай The New York Times сонинд том хэмжээний өгүүлэл нийтлэгдэж байжээ.  Харин доорх зураг бол Солонгосын анхны нисэгчийн хөрөг, түүний нисэгчийн үнэмлэх, диплом.


Мөн энэ хүний нисэж байсан онгоцны загварыг ч байрлуулжээ. 


Энэ музейд чухал байр суурь эзэлдэг үзмэр нь БНСУ-ын Korean Air компанийн үүсэл хөгжил, өнөөгийн байдалтай нягт холбоотой. 


Энд дээр үед онгоцны тасалбар ямар байсныг ч харуулжээ. Үзэхэд сонирхолтой санагдав.



Бас орчин үеийн онгоцны бодит бүтцийг зүсэж харуулсан үзмэр байв. Korean Air компанийн ашигладаг BOING 747 онгоцны бодит байдал, хөдөлгүүрийг нь дэргээд нь харах нь сонирхолтой байлаа. 



Солонгост зохион бүтээсэн дуунаас хурдан сөнөөгч онгоц энэ музейн бахархал болсон үзмэр. Black Eagle онгоцыг одоогоос хэдэн жилийн өмнө зохион байгуулагдсан авиа шоуны үеэр анх танилцуулж байсан юм билээ.


Музейн 3 дугаарт давхарт ирээдүйд нисэхийн салбар хэрэн өөрчлөгдөж болзошгүй тухай үзэсгэлэн, онгоцны буудлын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай харуулсан макет бас хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим, хурлын танхимтай юм билээ. 


БНСУ-ын нисэхийн музейд онгоц жолоодох, шүхрээр буух, нисдэг тэрэг жолоодох гэх мэт туршилт хийж болно. Энэ нь тусдаа тасалбартай. Туршилт тус бүрийн тасалбарын үнэ 5000 вон. 


Иргэний агаарын тээврийн Боинг 747 загварын онгоцны нисэгчийн бүхээгт суугаад онгоц хөөргөх, газардуулах гэх мэт туршилтыг хийж үзэх нь надад их таалагдсан.  Хэдийгээр жинхэнэ онгоц биш, компьютерын симулятор боловч бодит байдалтай 80 хувь ижил нөхцөл байдал орж үзнэ гэдэг нисэхийн салбараас өөр мэргэжилтэй хүний хувьд маш сонирхолтой. Энэ туршилтыг удирдаж ажилладаг солонгос өвгөн: "Би Korean Air, Asian Airlines зэрэг компанид 20 гаруй жил нисэгчээр ажилласан. Одоо тэтгэвэрт гарсан. Гэхдээ энэ музейд хагас цагийн ажил хийж байна." гэж надад өөрийгөө товч танилцуулсан юм. Түүний зааварчилгаагаар онгоц жолоодох туршилт хийж үзлээ.
Музейн 4 дүгээр давхарт нь ил задгай тагттай. Гимпо олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасыг ажиглаж болно. Онгоц хөөрөх, газардах үеийг ажиглаж зогсох нь надад лав сайхан санагддаг.  Би энэ музейд бараг 5 цаг орчим саатсан. Ийм сайхан музей үзсэндээ сэтгэл хангалуун байлаа. Музейгээс гараад Гимпо нисэх онгоцны буудал дотор ажилладаг ресторанд орж хоол идлээ. Музей үзээд өлсөх мэдрэмж ч алга болсон байж. Музейгээс гарсан хойноо л өлсөж байгаагаа мэдэрсэн юм даг. 


Дараа нь дэлгүүр хэсэв. COEX худалдааны төв орж Uniqlo, H&M, Zara зэрэг брэндийн дэлгүүр хэсэв. Дэлгүүр хэсэг чинь амар ажил биш. Дэлгүүрээ хайж олно. Ороод хаана юу байгааг нь ойлгож авна. Дараа нь хэрэгцээтэй бараа, хувцас хунараа хайна. Өмсөж үзнэ. Загвар, хувцасны материал зэргийг нь харна. Таалагдахгүй бол дахиад эрэл хайгуулаа үргэлжлүүлнэ. Ямар ч байсан өөртөө болон ойр дотнын хэдэн хүнд хувцас авлаа. Дараа нь COEX худалдааны төв дотор байдаг амттаны зардаг кафед сууж хөлөө амраав. 


Худалдаж авсан хувцсаа торонд хийгээд метрогоор зочид буудал руугаа сүнгэнэв. 

Сөүлийн 5 дахь өдөр. 8 дугаар сарын 23. Баасан гараг. Зочид буудлаасаа яаралгүй гарлаа. 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөв. Ингээд чемоданаа чирээд Сөүл хотоор аяллаа үргэлжлүүллээ. Өдөр нь дэлгүүр хэсэв. Орой нь Сөүлийн нэгэн эмнэлэгт орчуулагчаар ажилладаг танил монгол бүсгүйтэй уулзав. Энэ уулзалтын дараа Сөүлийн нэгэн дүүрэгт байдаг зөвхөн эрэгтэйчүүдэд зориулсан саунд орж хонов. Саунд хоноход төлбөр нь 13000 вон. Зочид буудалд байснаас хамаагүй хямд. Саунд орж алжаалаа тайлахаас гадна "радар"-аа ажиллуулна. 


Энэ хаалгаар ороод B1 давхарт нь зөвхөн эрэгтэйчүүдэд зориулсан саун ажиллаж байна лээ.  2023 оны өвөл орж байсан Итэвон дүүргийн эрэгтэйчүүдийн саунтай харьцуулахад цэвэрхэн, солонгосчууд голдуу ордог юм билээ. 

Сөүлийн 6 дахь өдөр. Өглөө эрт саунаас гараад Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнгээр хэсэг зугаалав. Дараа нь 14:00 цагт Сөүлд сурдаг Т хэмээх монгол оюутан, түүнтэй хамт амьдардаг Х гэдэг солонгос залуутай уулзав. Тэдэнтэй метроны өртөөний гарцын ойролцоо уулзсан юм. Тэдний машинд суугаад "Хойд-Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүс" (DMZ) рүү явлаа.  Сөүл хотоос хойд зүгт хурдын замаар 50 км давхив. Интернэтийн сүлжээгээр хилийн цэрэггүй бүс рүү явах аялал 250 USD байсан юм. Харин монгол, солонгос найз маань намайг тийшээ үнэгүй авч явлаа. Хилийн цэрэггүй бүс 1950-1953 оны хооронд болсон Солонгосын хойгийн дайны дараа бий болжээ. Нийт өргөн нь 4 км. Урт нь 241 км. Хилийн цэрэггүй рүү жуулчид очихыг зөвшөөрдөг. Намайг дагуулж очсон хилийн зэрэггүй бүс байдаг сууринг Имжингак (Imjingak) гэж нэрлэдэг юм байна.


Машинаа зогсоол дээр үлдээгээд агаарын дүүжин тээврээр (cable car) гол гатална. Дүүжин тээвэрт суух тасалбар нь 1 хүний 14000 вон. Паспорт, бичиг баримтаа үзүүлж, тусгай бүртгэлийн хуудаст өөрийнхөө хувийн мэдээллийг бичнэ. 





Дүүжин тээврээс буухад цаана нь явган хүний алхах зориулалттай зам, өндөр торон хашаа харагдав. Торон хашааны цаана шигүү ургасан ой мод байх бөгөөд минажуулсан талбай гэж бичсэн анхааруулга байлаа. 


Энэ торон хашаанаас цааш 4 км үргэлжилсэн хилийн цэрэггүй бүс, тэгээд дэлхийн хамгийн хаалттай дарангуйллын дэглэмтэй БНАСАУ байгаа. 


Хилийн цэрэггүй бүсэд жижиг музей ажилладаг юм байна. Орж үзлээ. Солонгосын дайны тухай, хилийн цэрэггүй бүс хэрхэн бий болсон тухай түүхийг эндээс уншиж, харж болно. 





Хилийн цэрэггүй бүсийн өөр хэсгүүдэд нь Хойд Солонгосын зэвсэгт хүчнийхэн өмнөд рүү довтлох зорилгоор ашиглаж байсан газар доорх хонгил байдаг юм билээ. Одоо бол жуулчид үзэж болох газар. Цаг орой болсон тул тийшээ яваагүй юм. 




Орой 18:00 цаг болсон хойно хилийн цэрэггүй бүсээс Сөүлд эргэж ирэв. Т, Х хоёр намайг гахайн мах шарж иддэг ресторанд урив. Хоолны дараа Бинсү хэмээх солонгос амттан олж идэхээр явлаа.  Бинсү зардаг газар хайж олох гэж Х нэлээн удаан утсаа хайв. Арай гэж нэг газар очтол дуусчихсан байжээ. Надад бинсү идүүлэх гэж сэтгэл гаргаж зөндөө явав. Хүнд түвэг учруулаад байгаа ч юм шиг санагдаж санаа зовов.  Эцэст нь бинсү зарж байгаа кафе олсон. Ийм сайхан бинсүгээр дайлсан Т, Х хоёр баярлалаа.


Дараа нь Т, Х хоёртой хамт Хан мөрний эрэг дагуу цэцэрлэгт хүрээлэнд очив. 


Тэд намайг гэртээ дагуулж очихыг зөвшөөрсөн ч би татгалзав. Ингээд дараа дахин уулзах ерөөл тавиад баярлаж, талархсанаа илэрхийлээд би метронд суув. Дараа нь Сөүл сурдаг бас нэг монгол залуутай уулзав. Түүний нэр бас Т үсгээр эхэлсэн. Jogno 3-ga гээд алдартай гудамж Сөүлд байдаг даа. Их олон бар, паб, идэш уушны газартай. Муухайгаар хэлэх юм бол "архичдын хөндий" л гэсэн үг. Тэнд уулзахаар болов. Т надаас түрүүлээд Jogno 3-ga гудамжинд иржээ. Метроны өртөөний гарцын дээр уулзав. Сөүлд байдаг өөр нэг найз маань бас ирнэ гэж байна. Ингээд 3-лаа болоод авлаа.  Эхлээд энэ хавьд байдаг гей паб оров. 2023 оны өвөл 1 дүгээр сард энэ пабад анх орж үзэж байлаа. Ажиллуулдаг эзэн нь хэвээрээ байна. Тэнд орж коктейл шимж эзэнтэй нь хууч хөөрөлдөв. Би жилийн өмнө ирж байсан гэдгээ хэлсэн чинь баярлаад сүйд.
 


Тэндээс гараад дараагийн газар руу орцгоов. Нэг хоолны газар орж хоол идэж, шар айраг ууцгаав. Над шиг чемоданаа чирээд паб ордог хүн ховор байх. Шөнийн 12 цаг өнгөрсөн хойно би тэд хоёртой салах ёс хийгээд ойр хавьд байх сауны газар руу явлаа. Бас зөвхөн эрэгтэйчүүдэд зориулсан сауны газар. 

Сөүлийн 6 дахь өдөр. 8 дугаар сарын 24.  Саунаас гараад өглөөний цай ууж, дараа нь дэлгүүр хэсэв. Чемоданаа чирээд л дэлгүүр хэсээд яваа юм даа.  H&М орж өөртөө костюм пиджакны хослол худалдан авлаа. Бас чихэр, амттан худалдан авав. Метроны өртөөний хүн сэлүүхэн газар очоод ачаа тээшээ цэгцлэв. Сөүлд дахин 1 шөнө хононо. Гэхдээ дахиад саунд хонохыг хүссэнгүй. Чимээгүй орчинд ганцаараа унтаж амрахыг хүсэв. Ингээд Сөүлийн төвд нэг зочид буудал оллоо. Гайхшируулсан зүйл нь оройн 21:00 цагаас хойш орж болох юм гэнэ.  Зочид буудлын нэр нь нь: Yeongdeungpo CF. Зочид буудлын цэвэрлэгээ муу байв. Тавилга нь тоосонд дарагджээ. Цэвэрлээгүй 1 сар орчим болсон нь илэрхий. 26 USD төлөв. Ганцхан шөнө л хонох юм даа гэж бодоод тэсэв. 


Сөүлийн 7 дахь өдөр. 8 дугаар сарын 25. Ням гараг. Өглөө сэрээд шууд Инчёон онгоцны буудал руу явлаа. Энэ удаагийн аяллынхаа онгоцны тасалбарыг Trip  сайтаас авсан юм. Нэлээн олон удаагийн нислэгийн тасалбар авсан тул надад Инчёон нисэх онгоцны буудлын VIP Lounge орох эрх бэлэглэж байна. Уг нь мөнгийг нь төлөх юм бол 39 USD. Trip сайтын буянаар нисэх буудлын VIP Lounge орно гэдэг нь сайхан хэрэг. Аяллыг маань илүү тав тухтай болгож байна. VIP Lounge ороод сайхан хооллоод авлаа. 



Хятадын иргэний агаарын тээврийн компанийн онгоцоор 1 цаг 20 минут орчим нисээд Бээжин хотод үдээс хойш газардав. 

2024-09-22

Сөүл хүрсэн урт аялал: 3 дугаар хэсэг. Бээжинд

Бээжин хот хоёр онгоцны буудалтай. "Capital international airport" бол хуучин онгоцны буудал. Хятад ханзаар 北京首都国际机场 гэж бичдэг юм билээ.  Хятад дуудлага нь: Běijīng Shǒudū Guójì Jīchǎng. Энэ онгоцны буудлыг 1958 оны 3 дугаар сарын 2-нд ашиглалтад оруулжээ.  Хятадын иргэний агаарын тээврийн Air China, China Southern Airlines компаниудын гол бааз нь. Түүнээс гадна Хятадын Xiamen Airlines, Hainan Airlines, Chongqing Airlines зэрэг компаниудын онгоцонд үйлчилгээ үзүүлдэг байна. "Capital international airport" нь гурван терминалтай. Анхны терминал нь 1958 онд нээгдсэн бол, хоёдугаар терминалыг нь 1999 онд ашиглалтад оруулжээ. 2008 онд Бээжин хотод зуны олимпийн наадам зохион байгуулагдах болсон тул гуравдугаар терминалыг нь барьж нээсэн аж. Онгоцны буудлын терминалуудын хооронд галт тэргээр зорчиж болно. Бээжин хотын "Capital international airport"  нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байсан хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа. Нэг терминалаас нөгөө терминал руу галт тэрэг ойролцоогоор 2 минутын хугацаанд хүрнэ. "Capital international airport"  онгоцны буудлаас хотын төв рүү таксигаар, автобусаар, метрогоор явах сонголт байгаа.  Би метрогоор явах нь дээр гэж бодов. Онгоцны буудлаас Бээжин хотын Sanyuanqiao (三元桥站) метроны өртөө хүртэл Airport Express галт тэргэнд суув. Тасалбарын үнэ 25 юань. Ер нь бол Airport Express галт тэрэг нь хотын төв рүү Dongzhimen (东直门站),  Beixinqiao  (北新桥站) өртөө рүү явдаг.  


Airport Express галт тэрэгний тасалбарыг автомат машинаас худалдан авна. UnionPay системийн банкны карт, WECHAT, Alipay зэрэг төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж тасалбар худалдан авч болохоос гадна бэлэн мөнгөөр төлбөрөө хийж болно.  Би Sanyuanqiao (三元桥站) метроны өртөө хүртэл Airport Express галт тэргээр яваад, тэндээсээ хотын метро руу шилжин суув. Бээжин хотын метроны тасалбарыг автомат машинаас авна. Очих гэж байгаа метроны өртөөгөө сонгоод, төлбөрөө төлөхдөө банкны карт, WECHAT, Alipay зэрэг цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж болно. Метроны тасалбар авахдаа БНХАУ-ын иргэд цахим үнэмлэхээрээ баталгаажуулалт хийх ёстой. Харин гадаадын иргэд яах нь ойлгомжгүй. Би метроны тасалбар авах гэтэл БНХАУ-ын иргэний үнэмлэх уншуул гэсэн мэдээлэл дэлгэц дээр гарч ирэв. Ер нь бол Бээжин хотод гадаадын иргэн бие дааж метроны тасалбар автомат машинаас худалдан авч чадахгүй юм билээ. Б Би заавал кассанд очиж хаашаа явах гэж байгаагаа хэлээд тасалбар авсан. Гэхдээ 2019 онны зун Бээжингээр дамжин өнгөрч байхад тасалбар авахдаа ингээгүй л юм сан. Түүнээс гадна метро руу орох үед ачаа тээш, гар цүнхийг рентгенээр харна. Савтай ус бариад явж байгаа бол заавал түүнийгээ ууж үзүүлнэ. Яг л онгоцонд суух гэж байгаа юм шиг шалгуулна. Аюулгүй байдлыг хангахын тулд ийм зүйл бодож олсон гэдэг нь ойлгомжтой. Миний очих газар Gongrentiyuchang Zhan метроны өртөө. Энэ өртөөнөөс 200 метрийн зайд миний байрлах зочид буудал байгаа. Ямар ч байсан метроны тасалбар аваад Gongrentiyuchang Zhan (Workers staduim) метроны өртөөнд ирлээ.  Зочид буудлаа ч оллоо. 

Архитекторын өвөрмөц шийдэлтэй барьсан худалдаа үйлчилгээний төв бүхий бичил хороолол. Энэ хорооллын нэг барилгад нь миний сонгосон зочид буудал бий.  1 шөнө хоноход 42 доллар.  Өрөө нь цонхгүй. Нэг ор, зурагт, шүршүүр, жорлон. 

Зочид буудлын хонгил нь төөрдөг байшин шиг лабиринт.  Хана шал, өрөөнүүдийн хаалга нь өвөрмөц. Нарийнхан хонгилыг том орон зайтай болгож харагдуулахын тулд хананд нь том тольтой. 

Зочид буудлын өрөөндөө ороод шүршүүрт орж, хувцасаа солив. Зочид буудлын өрөө дэндүү давчуухан тул тухалж суугаад байх сонирхол ч төрөхгүй. Ингээд Бээжин хоттой танилцахаар явлаа. Метронд сууж Тиан Ань Мэнь талбайд ирлээ. 


Тиан Ань Мэнь талбай руу орохын тулд урьдчилж бүртгүүлсэн байх ёстой гэж сонссон. Гэхдээ тэр бүртгэл нь гялс болчих зүйл гэж би бодсон юм.  Метроны буудлаас гараад төв талбай руу заасан самбар дагаад алхав. Алхаж явсаар дугаарлаж зогсоо хүмүүстэй нэгдчихлээ. За ингээд бараг 30 минут дугаарлаж зогсоод хянал шалгалт хийж байгаа дүрэмт хувцастай хүний дэргэд ирлээ. Хүмүүсийн паспортыг шалгаж байна. Би ч паспортоо үзүүллээ. 
Дүрэмт хувцастай хүн: "Та урьдчилж бүртүүлсэн үү? Бүртгэлээ үзүүл" 
Би: "Надад тийм зүйл байхгүй."
Дүрэмт хувцастай хүн: "Таныг нэвтрүүлэх боломжгүй. Тэнд самбар дээр байгаа QR code уншуулаад бүртгүүлээрэй."
Ийм товчхон яриа бидний дунд өрнөв. Зааж өгсөн QR code-ийг гар утсаараа уншуулав. 


Тиан Ань Мэнь талбай руу нэвтрэхээр бүртгүүлэх гэтэл хамгийн ойрын боломжит цаг нь маргаашийн 16:00 цаг гэсэн сонголт л байлаа. Би Бээжингээс маргааш 19:00 цагийн үед ниснэ. Тиймээс энэ удаа Тиан Ань Мэнь талбайг үзэж чадахгүй нь ойлгомжтой болов. Ингээд буцахаас өөр аргагүй.Тэнд над шиг ингэж будилсан хүмүүс олон байсан. Би ганцаараа биш. Ер нь ямар ч юманд би ганцаараа биш гэдгээ мэдрэх шиг сайхан зүйл үгүй. Бүртгэлийн цэгээс гарахын тулд дахиад л олон хүний араас дугаарлаж зогсох болов. Гарахын тулд бараг 20 орчим минут халуун наранд шарагдаж зогсов. 


Хайран цагаа алдсандаа л харамсаж байлаа.  Тиан Ань Мэнь талбайн урдуур нь олон эгнээ том машины зам байна. 


Ингээд улаан хэрмэн хашаа дагаж нарийн гудамж руу хойш эргэв.  Янз бүрийн бараа худалдаж байгаа жижиг дэлгүүрүүд олон байв. Зарим дэлгүүрийн хажуугаар нь явахад бохир усны хоолойн үхмий үнэр ханхалж байлаа. Нэлээн удаан алхаж явсны эцэст нэг том дааман хаалга тааралдав. Яавч жирийн газар биш гэдэг нь тодорхой байлаа. Гэтэл Хааны ордон музей "Хориотой хот"-той зэргэлдээ байдаг Zhongshan хэмээх цэцэрлэгт хүрээлэн юм байна.   Zhongshan Park руу нэвтэрч орох тасалбарын үнэ нь 3 юань. Би тасалбарыг нь худалдан аваад, цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. 


Zhongshan Park нь "Хориотой хот"-ын баруун урд байрладаг бөгөөд эрт цагт Эзэн хааны тахилын өргөө нь байрладаг байжээ.  Zhongshan Park -ыг 1421 онд Мин гүрний хаан Zhu Di зарлиг гаргаж байгуулсан түүхтэй юм байна. 


Энэ цэцэрлэгт хүрээлэнд газар тариалангийн бурхан, тэнгэр газрын лус савдагт тахил өргөх зорилгоор олон сүм дуган байгуулжээ. Мин улс, дараа нь Манж Чин улсын эзэн хаад жил бүр энд ирж тахилын ширээнд идээ будаа өрж мөргөл үйлдэж байв. 
Zhongshan Park  нь 23 га талбайтай. Бээжин хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн тоонд ордог байна. 

Тиан Ань Мэнь талбай руу орж чадаагүй, Хааны ордон музей "Хориотой хот" руу орж чадаагүй надад Zhongshan Park бол яг тохирсон газар юм шиг санагдав. 


Хааны ордонтой адилхан улаан хэрмэн хашаа, эртний улаан байшингууд. 

Энэ парк дотор Манж Чин улсын үеийн хувцас өмсөж, мэргэжлийн зурагчинаар уран сайхны зураг авахуулж байгаа охид олон байв.  Манж Чин улсын үеийн нийгмийн байдлыг харуулсан түүхэн сэдэвтэй Хятад киноноос л харж байсан манж хувцасны загварыг ингэж анх удаа бодитоор нь харав. 

Zhongshan Park 1914 оноос бүх нийтэд нээлттэй болсон байна. 1928 онд энэ цэцэрлэгт хүрээлэнг. Хятадын хөрөнгөтний хувьсгалын лидер Сун Ят Сений нэрэмжит болгожээ.  






Тиан Ань Мэнь талбай руу орж чадаагүй ч санаандгүй явж байгаад ийм цэцэрлэгт хүрээлэн үзсэндээ сэтгэл хангалуун байлаа.  Zhongshan Park-аас гадаад худалдааны гудамжаар алхав. Гэдэс өлсөж байна. Нэг мухлаг руу орж гурилан боов авч идлээ. 

Дараа нь метронд суугаад Nanluogu Xiang. өртөөнд хүрэв. Энэ өртөөний 9 дүгээр гарцаар нь гарч хуучны загвараар нь үлдээсэн худалдааны урт гудамжаар алхаж зугаалгаа үргэлжлүүлэв.


Гудамжны хоол, төрөл бүрийн бараатай дэлгүүр тоо томшгүй олон юм. Дараа нь энэ гудамжнаас гарч гар утасныхаа газрын зурагийг ашиглан DESTINATION бар руу алхав. Nanluogu Xian метроны өртөөнөө 6 км зайтай юм байна. Гадаа аль хэдийн нар жаргаж бүрэнхий болсон байлаа. Газрын зурагаа харж байгаад л алхчихлаа. Замдаа Бээжингийн орон сууцны хороолол, хүнгүй  шахуу эль хуль харанхуй гудамжаар дайран өнгөрлөө. Өмнө нь хэзээ ч явж байгаагүй хэрнээ, яг л мэддэг хүн шиг өөртөө итгэлтэйгээр алхаад л байлаа. Ингээд бараг 2 цаг гаруй явган алхсаны эцэст Бээжин хотын алдартай гей баранд ирлээ. Бээжинд ирж байсан монгол гей залуучууд энэ газраар үйлчлүүлж байсан түүхээ зөндөө л хуваалцсан байдаг доо.


DESTINATION гей барны үүдээр ормогц шилэн хоргонд ийм эгдүүтэй чихмэл тоглоомон хоёр бамбарууш нүдэнд өртөв.  Бар руу ормогц хижээл насны хятад эрэгтэй хамгаалагчаар нь ажиллаж байна. Намайг хараад найрсагаар инээмсэглэв. Гадаад хүн гэдгийг мэдмэгцээ хаашаа явах ёстойг гараараа зааж чиглүүлж өгч байна лээ.


Бар хэд хэдэн танхимтэй. Ресторан, паб, бүжгийн талбайтай танхим гэх мэт. 


Хятадын нийслэлд ирсэн хүн байна даа. Хятад шар айраг авч уулаа. Tsingtao шар айргийг Монголд байхдаа ууж үзсэн л дээ. Гэхдээ Бээжинд ирээд ууна гэдэг чинь утга учир нь өөр л дөө. 


Шар айраг шимээд сууж байхад 21:20 минут болж байсан шиг санагдаж байна. Орой 22:00 цаг дөхөх үед үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, бүжгийн тайзтай танхим дүүрэх нь ээ. Миний хажуугийн ширээнд хоёр хятад залуу ирж суулаа. Харсан шиг, аль алин нь их аятайтан дамшигнууд юмаа. Царайлаг, цэвэрхэн хувцасласан, дэгжин, үе тэнгийн хоёр хятад залуу. Би Google Translate ашиглаад тэдэнтэй хэдэн үг солив. Эхлээд өөрийгөө танилцуулаад, ганцаараа яваа гэдгээ бичлээ. Та хоёр хосууд уу? гэж асуулаа. Хариуд нь нөгөө хоёр тийм гэж байна. Өнөөдөр энэ бааранд ямар нэг хөтөлбөртэй юу гэж асуув. 22:30 цагаас K-POP бүжгийн шоутай гэж тэр хоёр надад хэллээ. 22:30 цаг болохыг хүлээв. Танхимд бараг 10 гаруй хятад залуус орж ирээд 22:30 цаг болмогц хэд хэдээрээ тайзан дээр гарч K-POP дуун дээр бүжиглэв. Танхимийн уур амьсгал найрсаг. Хойшоо эргээд хартал хөл тавих зайгүй олон хүн цугларсан байлаа. 23:30 минутын үед би баарнаас гарч явлаа. Учир нь маргааш өдөр Бээжингээс Сөүл рүү ниснэ. Зочид буудалдаа очиж амарсан нь дээр. DESTINATION барнаас гараад Google Map ашиглан зочид буудлынхаа зүг алхав. Замд хэд хэдэн шөнийн клуб байв. Шөнийн клубын гадуур нь хөлчүүрхсэн хятад бүсгүйчүүд, харчууд олон. Тэд хэсэг бүлгээрээ бөөгнөрч зогсоод тамхилж өөр хоорондоо чанга ярилцаж инээлдэнэ. Тэднийг ажиглаад явж байтал нэг хятад залуу надаас юм асуув. Би ойлгохгүй байна гэдгээ англиар хэлэв. Мөнөөх хятад залуу гар утасныхаа орчуулгын программаар "Чи юм ууж бүжиглэхийг хүсэж байна уу?" гэж бичжээ. Би "Баярлалаа. Үгүй" гэж товч хариулаад цааш алхав. Дараагийн шөнийн клубын үүдэнд ирэхэд бас л ямар нэг зүйл надад хандан хэлж байна. Би толгойгоо сэгсэрээд л цааш явлаа. Мэдээж манай баар руу орж алкоголь уу гэж санал болгосон биз. 
Зочид буудалдаа ирээд шууд унтлаа. Маргааш өглөө нь SUBWAY орж өглөөний цай уув. 


Өглөөний цайны дараа хүнсний дэлгүүр орлоо. Бээжингийн хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг хамт сонирхож үзье. 









Хүнсний дэлгүүрээс гараад дараа нь UNIQLO хувцасны дэлгүүрээр хэсэв. Ингээд үдээс өмнө буудалдаа эргэж очоод шүршүүрт орж хувцасаа солиод BEIJING DAXING INTERNATIONAL AIRPORT руу явлаа.  Gongrentiyuchang Zhan метроны өртөөнөөс Caoqiao (草桥站) өртөөнд ирэв. Тэндээс Daxing International Airport руу явах галт тэргэнд суулаа. Галт тэрэгний тасалбар 35 юань.  


Daxing бол Бээжин хотын хоёр дахь онгоцны буудал. 2019 онд нээгдсэн энэ онгоцны буудал Бээжин хотын Тиан Ань Мэнь талбайгаас 46 км алсад байрладаг. 1 терминалтай, 4 давхар энэ нисэх онгоцны буудлын барилга наймаалжийг санагдуулсан өвөрмөц хэлбэртэй.  

Daxing нисэх онгоцны буудалд өмнө нь би ирж байгаагүй.  Бээжингээсээ хол юм гэнэ лээ гэдэг сураг сонсож байснаас цаашгүй. Тийм учраас хаширлаад онгоцны буудал руу эрт явсан юм. Тэр нь ч оножээ. Онгоцоо хүлээх зуураа Daxing нисэх онгоцны буудлын бүх давхараар нь явж үзлээ. Онгоцны буудал дээр ирээд хоол идлээ. Учир нь Бээжингээс Сөүл рүү ердөө 1 цаг 20 минут нисэх тул хоол өгөхгүй. 


19:00 цагийн үед Бээжингээс Солонгосын Сөүл хот руу нислээ. Бээжингээс нисэхийн өмнө хоол идсэн нь зөв алхам болжээ. Онгоцонд цэвэр ус, зайдастай талх, тараг л өгч байна. 

Ингээд Сөүл хотын Инчёон олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.