Амьдралын тойрог

2024-10-25

Тайваньд аялсан тэмлэглэл. 2 дугаар хэсэг. Бээжинд байхгүйг Тайпейд харав

Капсул дотор орж унтана гэдэг миний хувьд сонирхолтой туршилт байлаа. Эхэндээ амьсгал давчдаад эвгүй юм шиг санагдаж байв. Гэвч өглөө сэрэхдээ сайхан амарсан мэдрэмжтэй. Ингээд зочид буудлын лоббид сууж Тайваньд хийж байгаа аяллынхаа эхний өдрийн тухай бичив. Төдөлгүй 8 цагт өчигдөр танилцсан Тайваний хөдөөний залуу Жим хүрч ирэв. Хамт автобусанд суугаад National Palace Museum рүү явлаа.  Тайпей хотод нийтийн тээврийн автобусанд нэг удаа суухад 15 TWD төлнө. Шууд тээврийн хэрэгслийнхээ картыг уншуулж төлбөрөө хийнэ.  Тайпей хотод хөгшин залуу, эрэгтэй эмэгтэйгүй мотоцикл хөлөглөж явах нь нийтлэг юм билээ. 


Автобусаар 45 минут орчим яваад Тайпей хотын хойд хэсэгт байрладаг "National Palace Museum"-д ирлээ.  Музейн нэрийг хятадаар "国立故宫博物院" гэж юм билээ. 



Тасалбар 350 TWD. Гэхдээ оюутнууд 150 TWD төлж үздэг юм байна. Энэ музейн барилгыг 1964 оны 3 дугаар сараас 1965 оны 8 дугаар сарын хооронд барьжээ. Музейн үзмэрийн тоо ойролцоогоор 700.000 бөгөөд бүгдийг нь Бээжин дэх Хориотой хот хааны ордон музейгээс зөөж Тайвань арал дээр авч иржээ. Дэлхийд хамгийн олон хүн үздэг музейн жагсаалтын 6 дугаарт бичигддэг гэсэн статистик байна. 



Музейн үзмэрийн сан хөмрөгт хүрлээр хийсэн эд зүйл 6225, шаазан эдлэл 25555, зоос 6953, нэхмэл эдлэл 1571, уран зураг 6580, бийрэн бичлэг 3707, уран бичлэг хийхэд ашигладаг эд зүйл 2379, дэвүүр 1880, ховор ном 212169, Манж Чин улсын архивын бичиг баримт 386863, манж, монгол, түвд хэлээр бичигдсэн бичиг баримт 11501, янз бүрийн шашны эд өлгийн зүйн 12978  бий гэж танилцуулгад нь бичжээ. Гэхдээ энд дурдаагүй өнгөрсөн олон зүйл байгаа нь ойлгомжтой. Музейд өнөөгийн БНХАУ-ын газар нутаг дээр амьдарч байсан Цин, Хан, Сүн, Тан, Юань, Мин, Чин гэх мэт эртний төрт улсуудын түүхэнд хамаарах эд зүйл олон байлаа. Гэхдээ музейн сан хөмрөгийн ихэнх хэсгийг Чин улсын үеийн Тэнгэр тэтгэгч хааны (Цяньлун / 愛新覺羅 弘曆 ) үеийн эд зүйлс бүрдүүлдэг аж. Музейн ихэнх танхимд гар утсаараа гэрэл зураг дарах, гар утсаараа видео бичлэг хийхийг зөвшөөрчээ. Иймд миний сонирхлыг татсан музейн үзмэрийн гэрэл зургийг нь дарлаа.  



Жишээ нь доор харагдаж байгаа луу, лянхуа цэцэгтэй ваар Манж Чин улсын үед хамаарах бөгөөд Бээжин дэх хааны ордон музейгээс авч ирсэн эд. 



Өчүүхэн жижиг хэмжээтэй ч нарийн чамин ур хийцтэй зүйлсийг томруулдаг шилээр харах боломж олгожээ. 


Энэ музейн хосгүй үнэт үзмэрийн тоонд зүй ёсоор тооцогддог эртний эдлэл бол ногоон өнгийн үнэт чулууг  засаж хятад байцааны хэлбэрт оруулсан үзмэр. Гярхай ажиглах юм бол байцааны навчин дунд нуугдаж байгаа царцааны дүрсийг бас олж харах болно.  Энэ байцааны дүрст уран баримлыг хэн хийсэн нь тодорхойгүй. 1889 онд Манж Чин улсын 11 дүгээр хаан Гуансюй (Айсиньгьоро Цзайтянь 愛新覺羅·載湉) хатан нь хэн нэгнээс бэлгэнд авсан байна.  


Доорх хоёр зурагт харагдаж байгаа луу дүрсэлсэн тагтай аяга  өнөөгийн Хятадын  нутагт Мин гүрэн оршин тогтнож байхад хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 1426 оны үед анх хийсэн гэсэн үг. Гэвч эвдэрч гэмтэлгүй маш сайн хадгалагдаж өнөө цаг үед музейн үзмэр болжээ. 


Доорх харагдаж байгаа цэнхэр таваг ч ялгаагүй Мин гүрний уран дархчууд 1573-1620 оны үед хийсэн гэж үздэг байна. 


Энэ музейд Манж Чин улсын түүхэнд хамаарах архивын баримт бичгүүд нэлээн хадгалагдаж байна. Эдгээр бичиг баримт дотор өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн үед болж байсан үйл явдлын тухай ч бичиж тэмдэглэсэн байна.


















Дэлхий аль ч музей өөрийнхөө сан хөмрөгт байгаа бүх үзмэрийг бүгдийг нь дэлгэн тавьдаггүй. Зарим үзмэрээ тодорхой цаг хугацаатай гаргаад цааш нь хураадаг. Ямар нэгэн үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан агуулахдаа нандигнаж хадгалж байгаа эд зүйлийг тусгай үзэсгэлэн болгож  гаргадаг. Намайг энэ музейд зочилж явах үед Манж Чин улсын хааны охидын эрх ямба, эдлэл хэрэглэлийн тухай тусгай үзэсгэлэн гаргасан байв. Мөн Манж охид бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийг ч дэлгэжээ. Жишээ нь эрхиний тухай тайлбар, Манж Чингийн язгууртан бүсгүйн хүзүүндээ зүүж байсан эрхи байрлуулжээ.




Бас Манж эмэгтэйчүүдийн ээмэг, толгойны гоёл зэргийг бодитоор нь харах завшаан тохиолоо. 




Манж Чин улсын үед айлуудын гэртээ тавьж байсан тавилга, толь, шүүгээг музейгээс үзэв. 



Музейд байгаа бүх эд зүйл дуураймал биш, жинхэнэ нь учраас түүхийн тулд үнэ цэнтэй. Тэр ч бүү хэл, өдгөө Монгол Улсын мөнгөн тэмдэгт дээр байгаа Чингис хааны эш хөрөг зургийн жинхэнэ эх (оригиналь) нь энэ музейд хадгалагддаг. Түүх сөхвөл, 1278 оны сүүлээр Хубилай хаан Хорихусун хэмээх монгол зураачид Чингис хааны хөрөг бүтээхийг даалгасан байна. Тэр ёсоор бүтээгдсэн гэгддэг хоёр л эш хөрөг бий. Эхнийх нь Тайваний Үндэсний ордон-музейд, хоёр дахь нь БНХАУ-ын Түүхийн музейд байдаг. Хоорондоо маш адилхан, хэмжээ ойролцоо (Тайпэйд буй нь 59,4см Х 47см, торгон дээр зурсан. Бээжинд буй нь 58,3см Х 40,8см, цаасан дээр зурсан), ер нь нэг зургийн хоёр хувилбар бололтой. Алийг нь нөгөөгөөс нь хуулсан бэ гэдгийг тодруулах боломжгүй ч, XIII зууны үеийн бүтээлүүд мөн гэдгийг шалгаж тогтоосон юм билээ. Бээжинд буй хөргийг 1920 онд Монголд ирсэн Цэн Хуань гэгч хятад генерал нэгэн монгол вангаас бэлгэнд авсан гэдэг (Гамин цэрэг Монголыг эзэлсэн үе тул айлын шүтээн дээрэмдсэн ч байж мэднэ). Генералын үр хойчис 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгсөн аж. “Энэ бол Хорихусуны зурсан жинхэнэ хөрөг” гэж Өвөрмонголын эрдэмтэн Сайшаал, Баяр нар баримт дурдаж бичсэн нь бий. Тайваньд буй хөрөг бол Манж Чин улсын хааны ордноос авч 1948 оны үед эх газраас тээвэрлэн аваачсан үнэт зүйлсийн дотор байж. 1748 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Мин улсын үеийн сан хөмрөгөөс авч залсан гэх уг хөргийг монгол бичгийн хорголжин барын эцэг болсон Харчины Тэмгэт 1925 онд анх гэрэл зурагт буулган хэвлэснээр дэлхийд танигдсан юм. Тайваний тал өөрт буй хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилсан тул жинхэнэ эх нь гэж үздэг. Харин Хятадын тал өөрт буй хөргийг Халх Монголын ван хэргэмтэй том ноёныд үе улиран шүтэгдэж ирсэн тул жинхэнэ эх, Чингийн хааны ордонд байсан нь Мин улсын үеийн хуулбар зураг гэж маргадаг ажээ. 

Тайваний Тайпей хот дахь "National Palace Museum"-д 2 цаг орчим боллоо. Ямар ч байсан Бээжинд байхгүй түүхийн үнэт эд зүйлийг би Тайпейд ирээд харлаа. Ингээд Чан Кай Шигийн дурсгалын цогцолборыг үзэхээр явлаа.

2024-10-24

Тайваньд аялсан тэмлэглэл. 1 дүгээр хэсэг. Капсул зочид буудалд хоносон нь

Миний очиж үзэхийг хүсдэг газруудын нэг нь Тайвань. Бараг жилийн өмнөөс Тайвань руу аялах юм сан гэж эргэлт буцалтгүй бодсон. Бодол биелэв. Тайвань руу Монгол Улсын иргэд визтэй зорчих ёстой. Виз мэдүүлгийн газар нь очоод шаардлагатай мэдээллийг нь авлаа. Визний материалаа бүрдүүлээд хүсэлтээ илгээв. Ажлын 5 хоногт хариугаа авлаа. Нэг удаагийн аяллын виз надад зөвшөөрчээ. Виз гармагц нь бушуухан онгоцны тийз худалдан авав.

Ингээд төлөвлөсөн өдрөө "Чингис хаан" олон улсын онгоцны буудалд ирлээ. Нисэх онгоцны буудалд зөвхөн Инчёон хүрэх boarding pass  өгсөн бөгөөд Инчёонд буусан хойноо Тайпей хүрэх boarding pass аваарай гэж байна.  Улаанбаатараас Сөүл рүү нисэв. Онгоцонд зэргэлдээх сандалд яваа хоёр хүнтэй танилцав. Солонгосоор дамжин Япон улс руу хамт олноороо аялах гэж яваа 55 нэмэх насны монгол эмэгтэй, нөгөөх нь Оросын иргэншил авсан Улаан Үд хотод  ажилладаг Киргиз үндэстэн байв. Насны хувьд 50 дөхөж яваа юм билээ. Монгол эмэгтэй анх удаа онгоцоор нисэж байгаагаа надад хэлэв. Киргиз хүнд Солонгосын хилээр орох хуудас бөглөхөд нь туслав.


Инчёон нисэх буудалд орон нутгийн цагаар оройны 22 цагт  газардлаа. Тайваний Тайпей хот руу явах дараагийн нислэг маань маргааш өглөө 9.00 цагт. Инчёон нисэх буудлын хүлээлгийн танхим шөнөдөө хүнгүй шахуу эл хуль. Ихэнх хоол үйлчилгээний газар, татваргүй барааны дэлгүүр нь хаажээ. Түргэн хоолны газар хаахаас нь өмнө амжиж бургер авч идэв. 

Дараа нь  сул суудал олоод бүхлээрээ унтав. Өглөөний 6 цагт сэрлээ. Ариун цэврийн өрөө орж нүүр гараа угаагаад дараа нь хоолны газар мах багатай, шөлтэй хоол авч идэв. Сүүлийн үед хоол ундандаа нэлээн анхаарах болсон учраас хаа хамаагүй юм авч идэхгүй байгаа. 

Хоол идчихээд аажуу тайван алхаж онгоцондоо суух гарц  дээр ирлээ. Тайпей хүрэх онгоцны boarding pass  авлаа. 


Солонгосын Жэжү эйр компанийн онгоц 2 цаг 45 минут нисээд Тайвань арлын Тайпей хотын онгоцны буудалд газардав. 


Тайпей хотод бороо шивэрч байлаа. Цас орсон монголоос бороо орсон Тайвань аралд ингээд ирлээ дээ гээд дотроо догдолж байлаа. Тайваний Тайпей хот хоёр онгоцны буудалтай юм байна. Миний суусан онгоц "Taoyuan international airport"  нэгдүгээр терминалд буусан юм. Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан миний паспортыг авч Тайваний визийг томруулдаг шилээр хэсэг ажив. Надаас нэг ч  юм асуусангүй. Тээшинд өгөөд байх ачаагүй тул шууд л онгоцны буудлын нэгдүгээр давхарт угтагчдын зогсож байдаг танхимд орлоо. 
Хамгийн эхний хийх зүйл бол Америк доллароо Тайвань доллароор солиулах. 1 америк долларыг 31.66 тайвань доллароор (Цаашид TWD гэж товчилж бичнэ.) арилжиж байв. Би эхний ээлжид 100 америк доллар солиулаад 3100 TWD-той  болов. Бас дээр нь хэдэн зоос өгч байсан.  Зоосон мөнгийг нь нарийвчлан тоолсонгүй. Сонирхуулахад, 2024 оны 10 дугаар сарын байдлаар Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар 1 TWD нь 106 төгрөг (MNT) байв. 


Дараа нь гар утасны сим карт худалдаж авав. Онгоцны буудал дээр үүрэн холбооны компаниудын дататай сим олон сонголттой зарж байна. 5 хоног ашиглах дататай сим карт 300 TWD-р авлаа. Худалдагч нь их сайхан ааштай найрсаг эмэгтэй байсан. Миний Монгол сим картыг түгжээтэй уутанд хийж эргүүлэн өгч байна. 
Онгоцны буудлаас гараад хотын төв рүү явахаар метроны өртөө хайв. Онгоцны буудлын хонгилын давхарт метроны өртөөтэй юм. Метроны карт 200 TWD-р худалдаж авлаа. Дотроо ашиглаж болох 100 TWD бий гэнэ. 



Ингээд метронд суугаад Тайпей хотын төвд байдаг "Taipei main station"  рүү явав. Онгоцны буудлаас "Taipei main station" рүү 150 TWD үнэтэй аж. Миний авсан карт доторх мөнгөнөөс 50 TWD дутжээ. Гэхдээ өрөнд оруулаад хасах 50 гэсэн баланстай болчихдог юм байна. Дараа нь картаа цэнэглэхээр автоматаар зээлүүлсэн мөнгөө татаад авчихдаг аж. Би дараа нь картаа цэнэглэхэд яг ийм зүйл болсон. Тайпей хотын төвд ирмэгцээ зочид буудал руугаа шууд явсангүй. Учир нь буудалд намайг бүртгэж оруулах цаг 15.00. Гэтэл одоо цаг өдрийн 1230. Иймд  "Apple store"  руу явлаа. Метронд явж байхдаа хажуугийн суудалд суугаа залуугаас   "Apple"   компанийн албан ёсны дэлгүүр рүү хэрхэн очих вэ? гэж англиар асуув. Нөгөө залуу маш эелдгээр "Тайпей хотын хамгийн өндөр барилга "Tapei 101 tower"  дотор том худалдааны төв бий. Тэнд очвол албан ёсны дэлгүүрээс нь гар утас авч болно. Миний очих газар хажууханд нь бий. Би дэлгүүр рүү замчлаад өгье" гэж байна. Тэр залуу намайг хүссэн дэлгүүрт оруулж өгөөд баяртай гээд явах гэж байна. Би түүнийг түр саатуулж, чемоданаа ухаж монголоос авч гарсан сувенир бэлэглэв. Гэнэтийн бэлэг авсан залуутай ИНСТАГРАМ хаягаа солилцов. Ингээд тэр ажилдаа явж, би дэлгүүр рүү орлоо. Гар утсаа шинэчилж, шинэ загварын  Iphone  худалдаж авлаа. Ингээд худалдааны төв дотор байгаа хоолны газруудыг шинжилж явсаар идэхэд асуудал үүсэхгүй гэж тооцоолсон нэг хоол авч идлээ. 



Энэ хоолны үнэ: 165 TWD. Ер нь Тайваньд хоол сонголт их, амттай сайхан юм билээ. 
Хоолны дараа  "Taipei 101" цамхгийн дотор байдаг өөрөө өөртөө үйлчлэх хүнсний дэлгүүр орж барааны бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхов. 






















Орой 18:00 дөхүүлээд захиалсан зочид буудалдаа ирлээ.  Энэ удаа захиалсан буудал маань жирийн буудал биш. Капсул зочид буудал байв. Амьдралдаа анх удаа капсул зочид буудалд хонож үзэхийг хүссэн юм. 



Зочид буудлын өрөөнд 10 капсул бүхээгтэй. Нэг капсулд ганцхан хүн л унтаж багтах орон зайтай. Бүхээг нь хэд хэдэн төрлийн гэрэлтүүлэгтэй, нэг залгуур, USB  оролттой нэг залгууртай. Жорлон
, угаалтуур, шүршүүр нийтийнх. 



Бас тээшээ хийх шүүгээ бүхий тусдаа өрөөтэй. Үнэ нь хямд учраас сонгосон юм. 1 хоногт 21 америк доллар. Би энэ капсул буудалд 2 хонох захиалга хийсэн. 

Каспул зочид буудалд ормогцоо нэг Тайвань залуутай танилцав. Тайваний нэг жижиг хотод амьдардаг 28 настай юм байна. Түүнтэй хамт ойролцоох хүнсний дэлгүүр рүү явж бэлэн идэх зүйл худалдаж авлаа. 


Ингээд маргааш хамт музей үзэхээр тохиров. Буудалдаа эргэж ирээд өөр өөрсдийн капсул руугаа орцгоов. Ийнхүү капсул зочид буудалд анх удаа хонов. 

2024-10-18

Сөүл хүрсэн урт аялал: 5 дугаар хэсэг. Гэртээ харих зам

Сөүлээс өдрийн 13 цагийн үед хөөрсөн Хятадын иргэний агаарын тээврийн онгоц орон нутгийн цагаар 15:00 цагт Бээжин хотын Шоуд олон улсын нисэх онгоцны буудалд газардав. 



1 цаг 20 минутын нислэг учраас хоол байхгүй. Гэхдээ ийм ус, цөцгийн тос, талх өгч байна. Паспортын хяналт шалгалт, хилээр нэвтэрч ачаа тээшээ аваад Airport Express галт тэргэнд суулаа. Тасалбарын үнэ 25 юань. Дараа нь Бээжин хотын метронд суув. 
Цаг хугацаа их хурдан өнгөрчээ. Метроноос буугаад хот руу гартал гадаа харуй бүрий болсон байв. Цагаа харвал 19:00 цаг.  Бээжингийн төвд ирээд метроноос гармагц өлсөх мэдрэмж.  Метроны өртөөний гарцын дэргэд хүнсний дэлгүүр байна. Орж хүнс авлаа. Цэвэр ус, алим, халуун усанд дэвтээж иддэг бэлэн гоймон, бас еэвэн.  Хамгийн амттай нь энэ еэвэн байсан даа. 


Эргэж метронд суугаад Daxing олон улсын нисэх онгоцны буудал руу явлаа. Дахиад л нисэх хүрэх хурдны галт тэргэнд суув. Ингээд Daxing нисэх онгоцны буудал дээр очсон хойноо үнэгүй халуун ус авч бэлэн гоймонгоо дэвтээж идэв. Араас нь алимаа дессерт болгож идэв. Бас сэвэнгээ бувар бувар хийж идлээ. Ингээд онгоцны буудал дээр хононо гэсэн сэтгэл зүйн болоод бие махбодын бэлтгэлээ хийчихлээ. Daxing нисэх онгоцны буудал дээр хонохоор бол мэдүүштэй зүйл байна. Хэрвээ нислэг нь дараагийн өдрийн өглөө эрт байвал ачаа тээшээ B1 давхарт байдаг check-in хийдэг хэсэгт өгөөд онгоцонд суух тасалбараа авч болно. Би ачаа тээшээ өгөөд аюулгүй байдлын хяналт шалгалтыг даваад хүлээлгийн танхим руу орсон. Цагаа харвал шөнийн 23:00 цаг. Хүлээлгийн танхимд ороод хүний хөдөлгөөн багатай газар олоод үүргэвчээ дэргэдээ тавиад газар дэвссэн хивсэнцэр дээр нь шууд унтлаа. Гэртээ унтаж байгаа юм шиг тухтай унтсан гэх нь ч хэтрүүлэг. Ямар ч байсан нүдний хор гаргаж, тархиа амраав. Өглөө нь 6:00 цагт сэрлээ. Daxing нисэх онгоцны буудал ирсэн хойно Trip сайтаас бас нэг бэлэг надад ирэв. Бээжингийн Daxing олон улсын нисэх буудлын VIP Lounge-д орох эрх. Өглөө 7:30 цагт VIP Lounge ажиллаж эхэлсэн юм байна. Боломжийг ашиглалгүй яах вэ. Ингээд сайхан өглөөний цай уучихлаа.



Ингээд өглөөний 9:00 цагаас Daxing олон улсын нисэх буудлаас Эрээн хот руу нисэв. 1 цаг нисээд 11:00 цагт Эрээнд газардлаа. 


Эрээний нисэх онгоцны буудлаас хотын төв рүү 15 юань төлж автобусанд суув. Эрээн хотын төвд ирсэн хойноо Замын-Үүд рүү явах машинд суулаа. Би ганц үүргэвч, жижиг чемодантай учраас намайг ч дуртай авч байна. Ингээд Хятадын хил нэвтэрч Монголдоо ирлээ. Цагаа харав. Өдрийн 14.00 цаг.  Замын Үүдэд хагас өдрийг өнгөрүүлж CU-д сууж утсаа цэнэглэнгээ ус ундаа уув. Ингээд оройны 18:00 цагийн үед Замын Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суулаа. Би Замын-Үүдээс Улаанбаатар руу явах галт тэрэгний тасалбараа урьдчилаад худалдан авсан байлаа. Ингээд Улаанбаатартаа ирэв. Сөүл хүрсэн урт аялал маань ингээд дуусаж байна. 8 дугаар сарын сүүлээр хийсэн энэ аяллынхаа тухай 10 дугаар сар талдаа орсон энэ үед бичиж дуусгаж байгаа нь энэ. Ингээд дараагийн аяллаа тэсэн ядан хүлээж байна. Тун удахгүй дараагийн аяллынхаа тухай бичнэ ээ.