Амьдралын тойрог

2025-09-08

Шилин хотод дахиад

Би хувийнхаа блогт зөвхөн аяллын тэмдэглэл л бичдэг боллоо шүү. Энэ удаа 2025 оны 7 дугаар сарын дундуур БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилин хотод очсон тухайгаа бичье. Шилин хотод би 2024 оны 8 дугаар сард очиж байсан. Тухайн үед Шилин хотоор хэрхэн аялсан тухайгаа блогтоо бичиж байсан. Энд дараад нөхөөж унших боломжтой шүү. 
Энэ удаа Шилин хотод хуримын ёслолд уригдаж очив. Эхлээд эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Замын Үүд хот руу галт тэргээр явлаа.


Замын Үүд хотоос автобусанд сууж Эрээн рүү гарлаа. Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан монголчуудаас аяллын зорилго, хэр удах вэ? гэх зэргээр асуудаг болсон байна лээ. Өмнө нь юу ч асуухгүй шууд л паспорт дээр тамга дараад хил рүүгээ оруулдаг байсан. Байдал өөрчлөгджээ. Паспортоо шалгуулахаар дугаарлан зогсож байхдаа би гар утасныхаа google translate дээр хуримын ёслолд уригдаад Шилин хот руу явж байна гэдгээ бичээд хятад руу орчуулав. Үүнийгээ скриншот хийж зураг болгож хадгалаад хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан залууд харуулав. Тэр хятад орчуулгыг уншаад инээмсэглээд миний паспорт дээр тамга дарлаа. 

Манай Замын Үүд хотод элс тоос ихтэй, мод бут нь арчилгаа муутай тул хатаж гандах янз орсон байдаг. Гэтэл Эрээн хотод огт өөр дүр зураг угтдаг. Ер нь манай монголчууд мод бут суулгаад, дараа нь арчилж тордохоо л орхигдуулаад байдаг юм шиг санагддаг. Замын-Үүд, Эрээн хотууд зэргэлдээ оршдог. Байгаль, цаг уурын нөхцөл байдал нь яг ижил шүү дээ. 


Эрээнд ирсэн даруйдаа Эрээний зээлээс холгүй байдаг SINOTEA хэмээх цэвэрхэн ресторанд очиж цагаан будааны зутан шөл идэв. Энэ бол миний өглөөний цай учраас ийм хөнгөн юм сонгож идсэн хэрэг.  Цагаан будааг угааж, дараа нь шууд усанд буцалгаад, дээрээс нь эрдэнэшишийн үр, цэцэгт байцаа, бага зэрэг лууван зэргийг хийчихдэг. Бараг давсгүй шахуу энэ хоол ходоод гэдсэнд ээлтэй байх гэж бодсон. 


Дараа нь зээл орж чемоданыхаа гадуур нь хамгаалалтын уут авч хийв. Үнэ нь 25 юань. Монгол төгрөгөөр 12750 төгрөг гэсэн үг. (2025 оны 7 дугаар сарын байдлаар 1 юань 510 төгрөг). Зээл дээр зарж байгаа худалдагч хятад өвгөн ааш муутай юм аа. Намайг үнэ асуучихаад яваад өгнө гэж бодсон бололтой. "Чемоданы уут байна уу?" гэж асуухад "25 юань" гэж хариу хэлээд хөдөлж өгсөнгүй. Би "Надад харуул. Би үзье." гэхэд дуртай дургүй болсон цүнхнээс гаргаж ирэв. Миний чемоданд таарах эсэхийг, бас чемодандаа хийсний дараа өнгө загвар нь надад таалагдах эсэхийг би шалгах эрхтэй биз дээ. Тэрхэн зуур өнөө хятад худалдагч уцаарлаж, бүдүүлэг ааш гаргаж "авбал ав, энэ шууд таарна аа" гээд муухай бархирч байна. Би мөчөөгөө өгсөнгүй. "Ууртай хүнээс би юм худалдаж авахгүй шүү" гэсэн чинь өнөөх дорхноо чимээгүй болсон доо. 


Над шиг аялах дуртай хүнд  чемоданы хамгаалалтын углаа яг хэрэгтэй зүйл гарцаагүй мөн. Ялангуяа онгоцоор нисэх үед ачигч нар чемоданыг гамгүй шидэж, холцруу үүсгэж, дугуйг нь эвдсэн тохиолдол надад өмнө нь гарч байсан. Дугуй нь хамгаалж чадахгүй ч ядаж холцруу үүсэхээс сэргийлж "бэлгэвч" угласан нь дээр. 😂


Эрээний зээлээр элдэв юм сонирхож яваад нэлээн цаг үрэв. Дараа нь өдрийн хоолны цаг дөхөх үед KFC-ээр өлсөөд байх шиг... Ингээд Эрээнд байдаг цорын ганц KFC салбараар орлоо.  Ашгүй тэнд өвөрмонгол охин ажиллаж байна. Монголоор захиалгаа өгөөд кофе, шарсан төмс, бургер, нарийн боов авч идэв. Үнэ нь 42 юань 50 мо. Монгол төгрөгөөр 21675 төгрөг. 


Өдрийн хоолны дараа Эрээний төв гудамжаар хэсэг сэлгүүцэв. Орой болохын хэрд Эрээний төв гудамжид байдаг онгоцны тасалбар зардаг газар очив. Тодорхой цагуудад эндээс Эрээний нисэх онгоцны буудал руу автобус явдаг гэдгийг нь би мэддэг болсон. 15 юань төлөөд онгоцны буудал руу нь хүрчихнэ. 


Ер нь Хятад улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлын барилга руу нь дотогш орох үед бүх ачаа барааг рентгенээр тоноглосон сканераар харж, бас үүрч яваа цүнх, заримдаа хувцасанд зориулалтын саваагаар хүрч сорьц аваад тэр дор нь шинжилж үздэг. Энэ нь ямар нэгэн хориотой бодистой (жишээ нь хар тамхи) харьцсан эсэхийг л түргэн оношлуураар шалгаад байгаа юм болов уу гэж би хувьдаа таамагласан.
 

Ийм шалгалтыг нь даваад Шилин хот руу нисэх цагаа хүлээв. Эрээн хотын нисэх онгоцны буудал дээр манай Монгол Улсын Hunnu Air компанийн сурталчилгаа байна лээ. Улаанбаатараас Эрээн рүү шууд нислэг хийж байгаа. 
Орой болсон хойно хятадын орон нутгийн China Express Airlines компанийн  Bombardier Regional jet 900 загварын жижиг онгоцоор Эрээн хотоос Шилин хот руу нислээ. Тийз нь 35 USD. Эрээнээс Шилин хот руу ердөө 40 минут ниснэ. Одоогоос яг нэг жилийн өмнө ийм маршрутаар явж байсан минь бодогдов.  Шилин хотод ирсэн хойноо зочид буудал руугаа таксигаар хүрч дараа нь оройн хоол идэв.



Маргааш нь хуримын ёслолд зочин болж очив. Өвөрмонголын нутаг аймаг бүрийн хуримын дэг ёс нь хоорондоо ялгаатай байдаг аж. Шилин хот бол Шилийн гол аймгийн төв. Эндэхийн дэг ёс, уламжлал нь бас л яггүй их аж. 


Улаанбаатарт бол хуримын албан ёсны ёслол нь өглөөгүүр болж, үдээс хойш аль нэг ресторанд найрлаж, зочид нь бэлэг сэлтээ өгөхдөө ерөөл дэвшүүлж, үг хэлээд гардуулдаг. Хурим орой 22:00 цаг дөхүүлж тардаг сан. Гэтэл энд ондоо юм. Өдөр 
11:00 цагт ресторанд эхэлсэн хуримын найр 14:00 цаг гэхэд дуусаж, зочид нь тарцгаав. Ресторанд ирээд хоолны ширээнд суухын өмнө зочид нь бэлэг сэлтээ үүдэнд нь суугаа хүнд өгч, бүртгүүлдэг юм байна. 
Хуримын найр өндөрлөсөн хойно намайг уйдаахгүйн тулд Шилин хотын цэнгэлдэх хүрээлэн рүү авч явах юм болов. Өвөрмонголд наадмаа жил бүр аль нэг аймгийнхаа төвд зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Энэ жил Өвөрмонголын наадмыг Шилийн гол аймгийн Шилин хотод зохион байгуулж байгаа аж.  Наадмын талбай нь Шилин хотоосоо нэлээн зайтай газар байрладаг юм байна. Замдаа түгжрэл ч их байлаа. Наадмын талбайд нь очих үед бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг нь аль хэдийнээ дуусаж, оройны концерт нь эхэлж байлаа. 





Ийнхүү Өвөрмонголын наадмын талбайг тойрч үзээд, зочид буудал руугаа буцав. Маргааш нь өглөөгүүр  таксинд суугаад Шилин хотоос Эрээн хот руу явлаа. Шилин хотоос Эрээн рүү машинаар 3 цаг давхидаг юм байна. 


Эрээнд ирмэгцээ шууд хил гарч Замын-Үүд хотод хүрэв.  Замын Үүдээс оройны 18:00 цагийн үед галт тэргэнд суугаад Улаанбаатартаа ирэв. Ийнхүү Шилин хотод хоёр дахь удаагаа очсон аялал минь дууссан юм. Улаанбаатарт гэртээ ирээд дараагийн аялалдаа бэлтгэв. Дараагийн аяллынхаа тухай тун удахгүй бичнэ. 



 

2025-07-05

Вьетнамд анх удаа: 5 дугаар хэсэг. Хо Ши Мин хот

 Фукуок хотоос Хо Ши Мин руу нисэв. Онгоцны буудлаас гараад Grab аппликейшн ашиглаж захиалсан зочид буудал руугаа явлаа. Миний захиалсан зочид буудал төв зам дагуу биш, харин төв замаас холгүй байгаа нарийнхан гудамжинд байрладаг юм байна. Зочид буудлаа олох гэж жаахан будлив. Огт танихгүй хотод ганцаараа гэрэл гэгээ муутай нарийнхан гудамжинд чемодан чирээд явна гэдэг тийм ч таатай мэдрэмж биш.


Огт зочид буудал гэж санаанд орохооргүй сонин хаалгаар явж орсноор зочид буудалдаа ирэв. Өрөөгөө аваад орлоо.  Ганц хүний жижиг өрөө.


Шүршүүрт ороод унтах гэтэл өлсөх мэдрэмж. Ходоод хоол нэхэж байна. Цагаа харвал 23:00. Google map нээгээд одоо ажиллаж байгаа хоолны газар байгаа эсэхийг шалгав. Аз болж 380 метрийн зайтай Mc Donalds түргэн хоолны газар байна. Mc Donalds идчихээд, цаашаагаа гудамж метрлэн алхав.  Азтай гэх үү, хувь тавилан гэх үү? Миний алхаж яваа гудамжинд нэг гей бар байна. Яваад орлоо. Үйлчлүүлэгч алга. Бармен, зөөгч хоёр нь уйдаад, утсаа ухаад сууж байна. Би орж тэднийг ажилтай болголоо шд. "Сайгон" гэдэг вьетнам шар айраг уув. 


Гей барны тохижилт нь иймэрхүү.

Миний араас гурван ч хүн орж ирэв. Тэдний хоёр нь бие биенээ огт танихгүй,  гар утасны аппликейшнээр танилцаад, энэ гей бааранд болзож уулзаж байгаа нь илэрхий байв. 5 минутын зайтай орж ирээд, гар утсаа гаргаж чат бичээд, тэр дорхноо л харилцан нүд ирмэлцэж, төдөлгүй нэг ширээний ард суугаад яриа хөөрөө өрнүүлээд байгаа болохоор ойлгомжтой байсан л даа.



Гей бар байрлаж байгаа гудамж бас иймэрхүү. Замын эсрэг талд бас баар цэнгээний газрууд. 

Ингээд шөнийн 1 цаг дөхүүлээд буудалдаа эргэж ирээд унтав.  

1 дүгээр сарын 16. Өглөө нь сэрээд ойролцоох дэлгүүр рүү явж бага зэрэг шоппинг хийв.  

Дэлгүүрийн кассанд очоод сонгон авсан барааныхаа үнийг төлж байтал хажуунаас нэг бүсгүй ирээд миний ойлгохгүй вьетнам хэлээр  юм ярингаа нэг удаагийн савлагаатай зүйл санал болгов. Баярлалаа, би авахгүй гэж англиар би хэлэв. Дэлгүүрийн кассчин бүсгүй "This is shampoo. Free" гэж байна. Тэгэхээр нь би аваад үүргэвчиндээ хийчихсэн.   Дараа нь энэ шампунь тус болсон доо.  
Ханой хоттой харьцуулахад Хо Ши Мин халуун цаг агаартай юм. 

 
11:40 минутад дэлгүүрээс зочид буудалдаа эргэж ирэв. Шүршүүрт ороод буудлын өрөөнөөс гарлаа. Учир нь 12:00 цагт өрөөгөө хүлээлгэж өгөх ёстой. Буудлын ресепшенд түлхүүрээ хүлээлгэж өгсөн хойноо ачаа тээшээ чемодандаа дахин эмхэлж цэгцлэв. 1 дүгээр сарын 17-нд шөнийн 03:00 цагаас Хо Ши Мин хотоос Хятадын Шанхай хот руу нисэх тасалбартай. Иймд мөнгөө хэмнээд зочид буудал нэг шөнө л захиалсан юм. Ингээд Хо Ши Мин хотод орох оронгүй хүн хар халуунд чемоданаа чирээд, үүргэвчээ үүрээд гудамжинд гарлаа. Гадаа цельсийн 35 хэмийн халуун. 


Хо Ши Мин хотын гудамжаар явж байгаад суртал ухуулгын зурагт хуудас зардаг дэлгүүрийн хажуугаар явж өнгөрсөн юм байна. Ийм зурагт хуудас сонирхож цуглуулдаг хүн байдаг учраас л төрөлжсөн дэлгүүр нь оршин тогтнож байх гэж бодлоо. 


Вьетнамын дотоодод үйлдвэрлэсэн машин Хо Ши Мин хотын гудамжаар битүү.  Grab  аппликейшн ашиглаж сууж үзсэн. Дотор салон нь тохилог юм билээ. 


Машинаас гадна энд хамгийн нийтлэг тээврийн хэрэгсэл бол мотоцикл, мопед. Бүүр төрөлжсөн дэлгүүр хүртэл байна.



Би мотоцикл сонирхдоггүй учраас иймэрхүү дэлгүүрийн хажуугаар л өнгөрлөө. Гэхдээ гэрэл зураг дарсан.  Чемоданаа чирж явж байгаад Хо Ши Мин хотод нэг музейд очив. Чемодан чирээд музей үздэг жуулчин надаас өөр энэ дэлхийд байхгүй биз.


 Тасалбар нь 15 000 вьетнам донг. Музейн үзмэр, тохижилт зэрэг нь жаахан ядмагхан юм оо. Музей дотор гар утсаараа зураг авах, видео бичлэг хийхийг зөвшөөрч байсан.





Музейгээс гараад нэлээн алхав. Ингэхэд Хо Ши Мин хотын явган хүний зам нь ёстой най алга. Алхаад явахад ээлгүй юм байна. Дугуйтай чемодан чирж яваа над шиг хүн бол бүүр хэцүү. Ингээд нэг худалдаа үйлчилгээний төв (mall) олов. Дотор нь хүнсний дэлгүүр, ресторан, кафе, янз бүрийн брэндийн дэлгүүрүүд байна. Энэ дэлгүүрт явж байгаад маш олон монголчуудтай тааралдсан. Манай монголчууд олуулаа явахаараа андашгүй. Чанга чанга хашхирч яриад, бие биенээ холоос дуудаад... Монгол хүний алхаа гишгээ нь ч бас нэг хайш яйш байдаг даа. 
Худалдаа үйлчилгээний төвийн B1 давхарт нь байдаг япон хоолны газар өдрийн хоолоо идэв. 

Дараа нь жаахан дэлгүүр хэсэж, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг нь сонирхов. 






Ингээд оройны 19:00 цагийн үед дэлгүүрээс гарч явган алхалтаа үргэлжлүүлэв.  Өдөр хурц нар шараад, тэсэхийн аргагүй халуун байсан. Харин одоо орой сэрүү татаад сайхан болжээ.


Энэ бол Хо Ши Мин хотын А зэрэглэлийн бүс буюу төв хэсэг нь. 


Энэ цэцэрлэгт гудамжаар чемодан чирээд л яваад байлаа шд. 







Хо Ши Мин хотын төвөөр хөлөө эцэж цуцталаа алхав. Ингээд 23:00 цагийн үед таксинд сууж онгоцны буудал дээр ирлээ. Төдөлгүй миний нислэгийн бүртгэл ч эхлэв. Хо Ши Мин хотоос Шанхай хотоор дамжин Бээжин хот хүрэх нислэгийн тасалбар 110 доллар 70 цент. Онгоцны бүртгэлээ хийлгэж, ачаа тээшээ хүлээлгэж өгөв.  Хил гаалийн шалгалтын дараа хүлээлгийн танхимд нь суулаа. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ. Хо Ши Мин хотын нисэх онгоцны буудалд үнэ төлбөргүй нийтийн шүршүүр байдаг юм байна. Энэ тухай мэдээллийг интернэтээс хайж олсон юм. Би өдөржин халуун наранд алхсан хүн. Шүршүүрт орж, хөлсөө урсгачих юм сан гэдэг чинь мөрөөдөл шд. Ингээд өнөөх нийтийн шүршүүрийг нь хайж явсаар байгаад олов. Өглөө дэлгүүрээс гарах үед надад өгсөн үнэгүй шампунь бий. Бас миний үүргэвчинд угаасаа нэг удаагийн даавуун таавчиг, бие угаагч, солих цэвэрхэн дотуур хувцас байгаа. Ингээд сайхан шүршүүрт оров. Дараа нь шөнийн 3:00 цагт Хо Ши Мин хотоос Шанхай руу нисэв. Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний 7 цаг 50 минутад газардав.  Шанхайд ирээд ачаа тээшээ авсан чинь чемоданы дугуй хугарчээ. Вьетнамаас авсан сайхан чемодан маань ингээд хэрэгцээ хангаж чадахааргүй боловч. Нисэх буудлын гээгдсэн ачаа тээш хариуцдаг мэргэжилтэнд хандаж гомдол гаргав. Ингээд 200 юань нөхөн төлбөр авлаа. 
Онгоцны буудлаас гараад хурдны галт тэргэнд сууж Шанхай хотын төвд ирэв. Хурдны галт тэрэг  398 км/ц хурдалж 7 минутын дотор Шанхайн төвд намайг хүргэж өгөв. 


Дараа нь хурдны галт тэрэгнээс бууж метронд суув. Dabuqiao метроны өртөөнд хамаатныхаа дүүтэй уулзах төлөвлөгөөтэй юм. 



Өдрийн 11:00 цагт би хамаатны дүүтэйгээ уулзаж хамт хоол идэв. Миний хувьд бараг л өглөөний цай, өдрийн хоол хамтдаа гэсэн үг. 





Өдрийн 15:00 цагт Шанхай хотын Хонгциао (Hongqiao international airport) олон улсын нисэх онгоцны буудал руу явлаа. 18:00 цагт Шанхайгаас Бээжин хотын Дашин олон улсын нисэх онгоцны буудал руу нисэх тасалбартай. Яг тооцоолсон цагтаа Шанхайгаас нисэж, улмаар Бээжинд 1 дүгээр сарын 17-нд 20:25 минутад газардав. Дашин нисэх буудлын дотор хэсэг амарч байгаад шөнийн 23:30 цагийн үед тээшээ хүлээлгэн өгөв. Ингээд 1 дүгээр сарын 18-нд өглөөний 7:20 цагт Эрээн хот руу нисэх онгоцны бүртгэлээ хийлгэв. Дараа нь хүлээлгийн танхимд ороод хүн багатай газар олж унтлаа. Өглөө 6:00 цагт сэрээд онгоцны буудлын нийтийн ариун цэврийн өрөөнд орж, яг л гэртээ байгаа юм шиг шүдээ сойздож, нүүр гараа угаав. 7:25 цагт хөөрсөн онгоц Эрээн хотод өглөөний 9:05 цагт газардав. Эрээний нисэх буудлаас 15 юань төлж автобусаар хотын төвд хүрэв. Эрээний "Бүдүүн дэлгүүр" орж шинэ чемодан худалдан авсан. Дугуй нь хугарсан чемоданаа Эрээнд хаялсан. Ингээд хоол идээд, хил гарах унаанд сууж Монголынхоо Замын-Үүд боомтод ирлээ. Оройны 16:40 цагаас Улаанбаатар хот орох галт тэргэнд суув. Ийнхүү энэ удаагийн аялал өндөрлөв.  
Ганцаараа аялах тусам би туршлага хуримтлуулж байгаагаа мэдэрч байлаа. Ингээд Улаанбаатарт гэртээ ирсэн даруйдаа дараагийн аяллаа төлөвлөв.