Амьдралын тойрог

2013-01-08

Санкт-Петербург: Эрмитаж музей

12 сарын 30. Өглөө сэрлээ. Энэ бол Санкт-Петербург хотод угтаж байгаа анхны өглөө. Гар утасны цагаа хартал 10:30.  Галт тэргэнд их л ядарсан байж дээ. Нойроо ханатал унтаж. Хоёр оюутаанаарааа хөтөч хийлгээд Санктаар зугаалах үндсэн ажилдаа ийнхүү орлоо.
Санкт-Петербург руу явахаасаа өмнө энэ хотын тухай ерөнхий мэдээлэл интернэтээс хайж байгаад уншсан юм. 1703 онд Оросын Петр хааны зарлигаар энэ хотыг барьж эхэлсэн гэж байгаа. 1712-1918 оны хооронд Оросын нийслэл хот гэж статустай байжээ. Санкт-Петербург хотод гурван удаа хувьсгал гарч байж. 1905-1907 оны хувьсгал, 1917 оны хөрөнгөтний ардчилсан хувьсгал, 1917 оны намрын Октябрийн хувьсгал. Дэлхийн хоёрдугаар дайны үед Санкт-Петербург хотыг Германы цэргүүд 900 хоног бүслэж байсан гэнэ лээ. Бүслэлтийн үед хотын иргэд өлсөхийн эрхээр гэрийн тэжээмэл амьтнаасаа эхлээд идэж болох бүх л юмыг идэж голоо зогоож байсан гэдэг. Энэ бүслэлтийн үеэр тус хотын 600 мянган хүн өлсгөлөнгөөр хорвоогоос халисан. 1965 оноос энэ хотыг "Баатар хот" гэсэн тодотголтой болгосон. 

Одоо бол Санкт-Петербург хот засаг захиргааны хувьд 18 дүүрэгт хуваагддаг. 5 сая оршин суугчтай. Нисэх онгоцны нэг, галт тэрэгний таван буудалтай. 

Нэг цэгээс нөгөө цэг рүү хүрэх хамгийн найдвартай хурдан унаа бол метро.  2012 оны байдлаар Санкт-Петербург хотод метроны 5 чиглэл байна. Нийт 65 метроны өртөөтэй. 


Санкт-Петербург хотын метроны зарим станцууд нь лифт шиг давхар хаалгатай. Метро ирээд бүрэн зогссоны дараа давхар хаалга нь онгойно. Сэтгэлээр унасан хүмүүс метроны зам рүү үсэрч амиа хорлохоос сэргийлсэн юм болов уу? гэж би таамагласан.  


Невский проспект бол Санкт-Петербург хотын төв гудамж. Төв гудамжтайгаа ижилхэн нэртэй  метроны өртөө бий. 


 Москвагаас ялгаатай нь Санкт-Петербургийн метро руу орохдоо жетон хийдэг юм билээ. Цаасанд хэмнэлттэй оновчтой сонголт гэж би хувьдаа дүгнэсэн. 

Санкт-Петербург хотын метронд зорчих эрх өгдөг гуулин жетон. Дурсгал болгож энэ зоосноос өөртөө нэг ширхэгийг авч үлдсэн.  2012 оны 12 сарын 29-нд метронд орох жетон 23 рублийн үнэтэй байлаа. Харин 2013 оны 1 сарын 1-нээс хойш энэ жетон үнэд орсон шүү дээ. 2013 оны байдлаар 1 ширхэг жетон 28 рубль болсон. 

Оросын соёлын нийслэл гэгддэг Санкт-Петербургт хийж байгаа аялалаа хамгийн түрүүнд Эрмитажаас эхэлсэн. Метроноос гараад Эрмитаж музей рүү явган алхав. Алхах зуураа замын хоёр талд байгаа уран барилгуудыг харж нүдээ баясгав. 


12 сарын 30-нд Санктын тэнгэр бүрхэг байсан ч цаг агаар дулаахан байлаа.  Хацар, чих хайрсан жавар байсангүй. Гэхдээ л хүмүүс өвлийн малгай ороолтоороо гангарсан байгаа биз.

Энэ орой дээрээ бөмбөрцөгтэй байшин бол Санкт-Петербургийн хотын төвд байдаг номын дэлгүүр. 

Байшингийн орой дээр байгаа энэ бөмбөрцөг, шувуу гээд деталь бүр нь өөрийн гэсэн түүхтэй юм гэнэ лээ. 


Санкт-Петербург хотын дундуур урсдаг Нева мөрний бага урсгал нь. Энэ хотыг Петр хаан бариулахдаа Европын архитекторуудыг урьж авч ирсэн юм гэнэ лээ. Нева мөрний бага урсгалтай энэ хэсэг нь Венец хотыг санагдуулахаар л юм билээ.


Иймэрхүү хөшөө бол хотын ямар ч байшин барилгын хананд элбэг. 

За явсаар байгаад орж үзэхийн хүсэл болсон Эрмитаж руу дөхөж ирсэн дээ. Санкт-Петебург хотын Дворцовая плошадь.  Шинэ жил дөхсөн болохоор сүлд модоо засчихаж. Оросын эртний ван, гүнгийн хувцастай хоёр хүн "модель" болоод зогсож байх юм. Хүссэн хүн болгонтой зургаа авахуулж хэдэн рубль олдог юм билээ. Иймэрхүү улс ч хаа сайгүй байдаг доо. Орой дээрээ Оросын төрийн далбаатай 3 давхар энэ ногоон барилга бол Орост төдийгүй дэлхийд алдартай Эрмитаж музей. Оросын хааны ордон шүү дээ. 


Эрмитаж музейд орох тасалбарын үнэ 400 рубль билээ. Оросын тэтгэвэрийн насныхан, мөн оюутнууд үнэмлэхээ үзүүлээд үнэгүй музей үздэг юм байна.   Эрмитаж музейн зарим танхимд нь зураг авахыг зөвшөөрдөг юм байна. Хонгил, үүдний шат, бас Оросын эзэн хааны сэнтий байрлуулсан хэсэгт гэрэл зураг,  видео бичлэг хийх чөлөөтэй. Харин үнэ цэнэтэй үзмэр тавьсан хэсэгт нь гэрэл зураг авахыг хориглодог юм билээ. 



Оросын эзэн хааны заларч байсан сэнтий. 










Эрмитажын цонхоор харахад нэг иймэрхүү....

Эрмитажаар явж байхдаа зарим үзмэрийг нь тогтож сайн үзээгүй. Янз бүрийн чамин сайхан юман дундуур алхаад байхаар сүүлдээ тоохоо байж, байдаг л нэг юм мэтээр бодох янзтай болдог юм байна лээ шд. хэхэ.  За тэгээд музейн бүх үзмэрийг нь нэг бүрчлэн үзнэ гэвэл хэдэн 7 хоног зарцуулах хэрэгтэй болж байгаа юм. Бүх үзмэрийг нь үзэхийн тулд 25 км алхах хэрэгтэй болж гээд байгаа. 
Энэ Оросууд Эрмитаж музейдээ дэлхийн олон орноос зүсэн бүрийн эд агуурс зөөж ирээд хадгалчихжээ.  Европын орнууд, Хойд африк, Хойт болон Өмнөт Америк, Азийн орнуудаас авч ирсэн түүхэн олдворууд Эрмитаж музейд байна лээ  Монголоос авч ирсэн иж бүрэн монгол гэр, монголчууд бидний ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн  хуучны эд зүйлс хүртэл Эрмитаж байгаа гээд байгаа юм. Монголын үзмэр байгаа хэсгийг нь музейн ажилтнаас асууж тодруулж байгаад олохыг хичээлээ. Гэвч харамсалтай нь Эрмитаж дахь Монголын үзмэртэй танхим засварт орсон гэсэн хариу сонсоод дотороо жаахан гонсойлоо. 
Эрмитаж музейд байсан үзмэрүүдээс нэлээн сонирхол татсан нь энэ сандал дээрээс унаж байгаа хүний баримал. Энэ хөшөө сандалны ердөө ганцхан хөл дээр л тогтож байгаа юм. 

 Энэ том сүрлэг ногоолин гэдэг чулуугаар хийсэн вааранд юу хийдэг байсан бэ? гэдэг миний хувьд бол том оньсого. 


"Бүжиг" гэдэг энэ уран зураг ч их алдартай даа. Уран зураг сайн ойлгодог хүнд бол Эрмитажаас уйдахгүй ээ....


  Ер нь бол би Эрмитаж музейн үзмэрүүдийн 3 хүрэхгүй хувийг л үзсэн байх. Гэхдээ л анхны удаа гэхэд овоо л юм үзсэн. Их ч ядарсан. Музейгээс гарахдаа хөргөгчний хаалган дээр наадаг соронзтой сувенир, Санкт-Петербург хотын тухай танилцуулга ном худалдаж авсан. Эрмитаж руу өдрийн 11:30 гэж ороод 14:20 цаг гарлаа. Ядарсан ч гэж жигтэйхан. Хамт яваа оюутан бид хоёр өлссөнөө мэдэрээд ойролцоох Мак Дональдс руу зүглэв ээ.

2013-01-07

Санк-Петербург: Оюутны дотуур байранд

Москва-Санкт-Петербург чиглэлийн шөнийн галт тэргэнд миний унтах ор хоёрдугаар давхарт байлаа. Шөнө галт тэрэг халуун гэж жигтэйхэн. Шөнө унтаж байхдаа хэд хэдэн удаа сэрсэн шд. Уг нь Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр купегээр аялаж байхдаа би бүүвэйлэгдээд нам унтдаг байлаа. Харин энэ удаа олигтой унтаж чадсангүй. Купе биш, плацкартаар явсан болохоор тухтай унтаж чадаагүй байх. Өглөө сэрмэгцээ доод давхарын орон дээр сууж явсан орос охиноос цаг хэд болж байгааг асуулаа. 10:45 гэж хариулж байна. Галт тэрэгний цонхоор харвал дөнгөж үүр цайж байгаа юм шиг бүрэнхий. Газар зүйн байрлалаар Санкт-Петербург нь Москвагаас хойд зүгт байрладаг болохоор өвлийн улиралд хоногийн гэгээтэй байдаг хугацаа тун бага аж. Харин зуны улиралд нар жаргахгүй, "цагаан шөнө" болдог. 

Миний суусан галт тэрэг яг хуваарийн дагуу Санкт-Петербургийн Ладожский галт тэрэгний буудал дээр ирлээ.  "Ладожск" гэдэг нуурын нэрээр нэрлэгдсэн энэ галт тэрэгний буудлын барилга нь боомт дээр зогсож байгаа усан онгоцыг санагдуулсан, архитекторын гоё шийдэлтэй юм билээ. 


Санкт-Петербург хотын нэгэн их сургуульд сурдаг монгол оюутан галт тэрэгний буудал дээр намайг тосож авлаа. Намайг тоссон оюутан залууг Аагий гэдэг.  

Аагийтай танилцсан түүх их сонин. 2011 оны намар Москва дахь Монголын элчин сайдын яамнаас над руу утасдаж, Санкт-Петербург хотод сурахаар ирж байгаа шинэ оюутан хүүхдүүдийг тосож, Москвагаас Санкт-Петербург руу явах туслахаач гэж хүссэн юм. Би ч зөвшөөрсөн. Ийнхүү Аагий, Ээгий нартай Москвагийн Ярославский галт тэрэгний буудал дээр таницлаж байсан билээ. Санкт-Петербург хотын нэгэн их сургуульд сурахаар Монголоос анх удаа Орост ирж байгаа энэ хоёр хүүг би галт тэрэгнээс тосож, Санкт-Петербург руу явах галт тэрэгний билет  авахад нь туслав. Монголын галт тэрэг Москвад өдөр 13:50 цагт ирсэн бол харин Санкт-Петербург руу явах дараагийн галт тэрэг нь шөнийн 12 цагийн үед байсан санагдаж байна. Бидэнд бүтэн хагас өдрийн хугацаа байсан тул Ээгий, Аагий хоёрыг дагуулж МакДональдс орж хоол идэнгээ Улаан талбай, Манеж гээд Москвагийн төвөөр дагуулж Москватай жаахан ч гэсэн танилцуулав. Шөнө 12:00 цаг дөхөх үед эргэж галт тэрэгний буудал дээр хүргэж, Санкт-Петербург руу би тэднийг үдэн явуулж байлаа. Манай сургуулийн дотуур байр, Ленинградский вокзалын хооронд метрогоор  45 минут  явна. Манай сургуулийн дотуур байр шөнийн 1 цагт үүдээ барьчихдаг тул би тэднийг Санкт орох галт тэргэнд нь суулгаж өгчихөөд бараг гүйх нь холгүй метро руу харайлгаж билээ. 

Анх учраа олохгүй байхад нь тусласанд энэ хоёр монгол залуу одоо болтол надад их талархаж явдаг юм. Иймд ч бид сайн харилцаатай, "хуурай ах дүүс" болсон хэрэг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үг үнэн юмаа. Санкт-Петербург хотын галт тэрэгний буудал дээр Аагий намайг угтлаа. 
Сайн уу ах минь. Сайн явж ирсэн үү? гээд намайг тэвэрч аваад бид тун сүрхий эртний танилууд шиг уулзав. 

Галт тэрэгний буудлаас шууд Эрмитаж музей рүү явах уу гэж би хэлэхэд Аагий "Та эхлээд манай дотуур байранд орж цай унд уу. Дараа нь хотоор зугаалаарай" гэв.  Ийнхүү сургуулийнх нь дотуур байранд ирлээ. Аагий, Ээгий хоёр Монголоос анх хамт Санктад ирсэн болохоор одоо үй зайгүй найзууд болжээ. Тэд хамтдаа нэг өрөөнд амьдарч байна. Түүнээс гадна бас нэг монгол залуу, өөр орос оюутан тэдэнтэй хамт амьдардаг юм байна.  Намайг ирсэн өдөр орос хөрш нь үүргэвчинд ноүтбүүк, ойр зуурын хувцасаа чихэж аваад өөр хотод байдаг гэр рүүгээ явчихлаа. Шинэ жилийн баяр гээд 12 сарын 29-с 1 сарын 9 хүртэл Оросууд амарч байгаа юм. Иймд орос оюутан залуу гэртээ хариж ээжийнхээ хийсэн борщ идэх гэж байгаа нь тэр.  

Нөгөө монгол залуу ч бас шинэ жилийг найз охинтойгоо угтана гээд өөр сургуулийн дотуур байр руу яваад өгөв. Ингээд би зочид буудалд өрөө хөлслөх шаардлагагүй болчихлоо. Та манай дотуур байранд бидэнтэй хамт бай гэж Аагий, Ээгий хоёр хэллээ. Угаасаа энэ ч надад мөнгө хэмнээд ашигтай байсан юм. Тэгээд ч би "эконом класс"-ын аялал хийж байгаа хүн.

Санкт-Петебург хотод зочид буудал тэнгэрт хадсан үнэтэй. Гурван одтой зочид буудлын жирийн өрөө нь хоногийн 5000 рубль /ойролцоогоор 150 доллар/. Өрөөний зэрэглэл нэмэгдэх тусам үнэ нь улам нэмэгдэнэ дээ.

Зочид буудлаас гадна "үүргэвчтэй аялал" хийж байгаа XXI-р зууны бадарчингуудын хоног төөрүүлж болох мотелууд Санкт-Петербург хотод нэлээн байдаг юм байна. Хоногийн 350-800 рубль төлөөд мотелд хоноглож болдог юм билээ. 

Хэрвээ Аагий, Ээгий хоёр оюутны дотуур байрандаа байлгах боломжгүй гэвэл би мотелд хоноглох байлаа. Москвагаас  явахын өмнө Санкт-Петербургийн нэгэн мотелийн хаяг олж авсан байсан юм. Хаяг нь: г.Санкт-Петербург. улица Восстания, дом 20/16 кв 17.Энэ мотелд нэг хоноход 350-450 рубль гэж байсан.  /2012 оны 12 сарын сүүл 2013 оны эхээр/  
Гэхдээ би хоёр "хуурай дүү"-ийнхээ ачаар мотелд хонох шаардлагагүй болсон юм даа. 

Санктад идсэн хуушуур (муу хүн идсэн ууснаа гэж...)

Монгол хүний сайхан зочломтгой зан гэж байх юмаа. Юу байна? Түүгээрээ дайлна гэдэг. Хоол идсэний дараа нүд анилдаад юун Эрмитаж руу явах. Хоёр "хуурай" дүүтэйгээ хууч хөөрч байтал нэг мэдсэн чинь унтах цаг болчихсон байна лээ. Өнөө хоёр маань орой унтахдаа чихмэл бамбарууш тэвэрч унтах юм. Ээгийгийн цагаан чихмэл бамбаруушыг найз охин нь бэлэглэсэн юм байна. Харин Аагийгийн чихмэл бор бамбаруушыг төрсөн өдрөөр нь Санктад хамт сурдаг найзууд бэлэглэжээ. Анх удаа чихмэл бамбарууш бэлгэнд авсан болохоор өвөртөлж унтдаг юмаа гэж Аагий хэлээд зүүд нойрондоо умбалаа. 

Бараг 20 нас хүрэх гэж байгаа оюутан залуус чихмэл бамбарууш тэвэрч унтаж байна гэхээр тэд нэг бодлын хүүхдийн гэнэн цайлган зангаа гээгээгүй ч юм байна даа гэсэн бодлын надад төрүүллээ. 

2013-01-06

Санкт-Петербург: Аян руу замд гарсан нь

Шинэ он гараад 5 хонож байна. Миний блогоор ордог танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. 

2012 оны 12 сарын 29-нөөс 2013 оны 1 сарын 4 -ний хооронд Оросын хойд нийслэл, соёлын нийслэл гэгддэг Санкт-Петербург хот руу аялаад ирлээ. 

Намайг жаахан байхад манай гэрт "Ертөнцийн гайхамшиг" гэдэг ном байсан юм. Энэ номонд Эрмитаж музейн бүх үзмэрийг нь  үзэхийн тулд 25 км зам явганаар туулахтай эн тэнцүү алхах хэрэгтэй гэсэн өгүүлбэрийг уншаад их гайхаж билээ. Ер нь Санкт-Петербург хотод очиж үзэх юмсан гэж их л олон жил би бодсон доо. Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ гэдэг ардын маань зүйр үг юутай үнэн бэ?  гэж одоо би бишрэн шагширч байна. 

Санкт-Петербург хот руу аялахад хамгийн тохиромжтой үе нь жил бүрийн 5-р сараас 8-р сарын хооронд гэж үздэг. Ер нь зуны урин дулаан цаг бол аялал жуулчлалын улирал гэдэг дээ. Гэвч  дүн өвлийн 12-р сарын сүүлээр, хоёр оны зааг дээр Санкт-Петербург хот руу аялах боломж надад тохиолоо. 12-р сард ч үүргэвчтэй аялал хийж байгаа жуулчидаар энэ хот дүүрэн байдаг юм байна. Үүнийг Санктад очсон хойноо мэдэрсэн. 

Миний блогыг уншигчдын дунд Санкт-Петербург руу аялахыг хүсэж байгаа хүн байж л таараа. Иймд энэ хот руу ямар унаагаар очих боломжтой вэ? гэдгийг  эхлээд бичье. Хэн нэгэн хүнд хэрэг болж мэдэх юм.
Санкт-Петербург хотод 5 сая хүн оршин суудаг. Энэ хот ердөө ганцхан нисэх онгоцны буудалтай." Пулково"  нисэх онгоцны буудал нь олон улсын болон Оросын орон нутгийн дотоод нислэгийн бүх зорчигчдыг хүлээж авдаг. Дэлхийн аль ч хотоос Санкт руу онгоцоор очихоор бол тийзээ эртхэн захиалсан нь дээр. Хэдий чинээ онгоцны тийзээ эрт захиална, төдий чинээ хямдхан байна.  Санкт-Петербург хот Балтийн тэнгисийн эрэг дээр байдаг тул хойд европын орнуудаас усан онгоцоор очиж болно. 

Оросын аль ч хотоос Санкт-Петербург хот руу галт тэргээр очиж болно. Мөн Санктаас холгүй байдаг хотуудаас хот хоорондын автобусаар энд ирэх боломжтой. 

Миний хувьд Москвагаас гал тэргээр Санкт-Петербург хот руу явлаа. Москва хотын "Ленинградский вокзал"-аас Санкт-Петербург хот руу өдөр бүр 20 минутын зайтай галт тэрэг хөдөлдөг. Санкт-Петербург руу аяладаг гал тэрэгний тасалбарын үнэ нь зэрэглэлээсээ хамаараад янз бүр. 
Цагт 250 км хурдалдаг "САПСАН" хэмээх галт тэрэгний тасалбар 4600 рубль. (2012 оны 12 сарын байдлаар) "САПСАН"-д суучих юм бол 4 цагийн дараа гэхэд Санкт-Петербург хотод очиж болно. 

"Невский экспресс", "Красная Стрела" гээд хурдан галт тэрэг бий. 

Ийм галт тэрэгний үнэ нь 2012 оны 12 сарын байдлаар 
-купе 3010 рубль

-плацкарт 1200 рубль

-нийтийнх (общий) нь 600 рубль

-суугаа (сидящий) галт тэрэг нь 700 рубль орчим

Иймэрхүү галт тэрэг Москва-Санкт-Петербургын хооронд 8-10 цаг явна. Зарим нь чиглэлээсээ хамаараад замын жижиг хот, станц дээр зогсоно. 

Ер нь түрийвчнийхээ нимгэн зузаанаас хамаараад энэ хот руу ямар унаагаар явах вэ? гэдгээ шийднэ дээ.  Над мэтийн "ядуу оюутан"-д бол САПСАН хурдны галт тэрэг дэндүү ахадсан өндөр үнэтэй. Харин плацкарт бол тун боломжын санагдсан. 

Би плацкартын билет авсан юм. Уг нь бол хамгийн хямдхан "суугаа - сидящий" галт тэрэгний тасалбар авах гэж байсан ч тэр нь дууссан байлаа. 

Ер нь Санкт-Петербург руу явах галт тэрэгний тасалбар байнга эрэлт ихтэй байдаг юм билээ. Би 12 сарын 29-нд явах галт тэрэгний билетийг 10 хоногийн өмнө авсан юм. 12 сарын 19-нд билет худалдаж авчихсан хойноо "12 сарын 21-нд дэлхий сөнөчих юм бол би билетний мөнгөөрөө шатах нь ээ" гэх ухааны юм бас дотороо бодож л байлаа. (За энэ бол наргиа шүү. Угаасаа дэлхий сөнөнө гэдэг цуурхалд би итгээгүй. Худлаа гэвэл FACEBOOK дээрээ12 сарын 19-нд бичсэн постыг олж уншаарай. хэхэ)



Санк руу явах билэгт сайхан өдөр 12 сарын 29 (Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр) Оросын Санк-Петербург хотод ирлээ дээ. Миний сонгосон галт тэрэг Москва хотоос шөнө 2:00 цагт хөдлөөд маргааш өдрийнх нь 11:30 цагт Санкт Петербург хотын Ладожский вокзалын 11-р зам дээр ирж зогслоо. 
үргэжлэл  бий.