Амьдралын тойрог

2016-03-20

Дани охин

Дани охин (The Danish girl) уран сайхны киног өнөөдөр үзлээ. Уг нь 2015 оны 9-р сарын 5-нд Венецийн кино наадмын үед нээлтээ хийсэн аж. Миний блогын уншигчидын ихэнх нь энэ киног гарсан даруйд нь л олж үзсэн байлгүй дээ. Энэ киног үзээд төрсөн сэтгэгдэл:
1.Хүний төрөлхийн байдлыг юу ч өөрчилж чадахгүй гэдэг үнэн үг гэсэн бодлыг миний бодлыг энэ кино давхар нотлож өгөв.
2.Киноны зураглал нь үнэхээр гоё. 1926 оны үеийн үзэсгэлэнт Копенаген хот. Төгвэл XXI зууны Копенгаген хотод очиж үзэх хүслийг надад бадраалаа.
3. Киноны хамгийн их таалагдсан хэсэг  Гердагийн хүзүүний ороолт салхинд хийсээд нисдэг хэсэг. Лилигийн хүсэл тэр хийсэж байгаа хүзүүний ороолт шиг л дэвэн дүүлсэн. 
Энэ бол Дани охин киног үзээд надад төрсөн сэтгэгдэл. 

Харин одоо бодит түүхийг нь сийрүүлэе.

1882 оны 12-р сарын 28-нд  Дант улсын Вайле хотод Айнер Могенс Андреяс (Einar Mogens Andreas) төржээ. Тэр багаасаа л эмэгтэйлэг шинжтэй хүү байв. Даний хатан хааны нэрэмжит академийн дүрслэх урлагын сургуульд Айнер сурч байхдаа эхнэр Вердатай танилцжээ. 1904 онд Айнер 22 настай, Герда 18 настайдаа гэрлэлтээ батлуулсан байна. 

Айнер байгалийн зураг зурдаг бол эхнэр Герда нь загварын сэтгүүлд зориулсан чимэглэл зураг зурдаг байжээ.  Айнерын уран бүтээлийг мэргэжилтнүүд өндөр үнэлж байлаа. Тухайлбал, 1907 онд Нейхаузены шагналыг Айнер хүртэж, Даний уран зургийн галерейд үзэсгэлэнг нь гаргаж байжээ. Үүний дараа гэр бүлийн хосууд Итали, Францаар аялажээ. Эцэст нь 1912 онд Парис хотод амьдрах болсон байна. 

Парис хотод амьдарч байх үеэс л Айнер эмэгтэй хүний хувцас өмсдөг болжээ. Герда бүжгэн жүжгийн жүжигчин бүсгүйн зургийг зурж байв. Гэтэл хүндэтгэх шалтгааны улмаас жүжигчин бүсгүй ирж чадахаа болив. Герда өөрийнхөө зургийг гүйцээх ёстой байсан тул нөхрөөсөө тусламж хүсч, эмэгтэй хүний шилэн оймс, эмэгтэй хүний гутал өмсөхийг хүсэв. Эмэгтэй хүний хувцас  өмсөх нь Айнерт их таалагджээ. Энэ цагаас хойш Герда нөхөртөө эмэгтэй хувцас өмсгөөд зургийг нь зурдаг болов. 

1913 онд Герда хөрөг зургуудынх нь бодит дүр бол нөхөр нь гэж олон нийтэд зарлаж байв.1920-1930 онуудад Айнер олон нийтийн газраар эмэгтэй дүртэй очих болжээ. Мөн өөрийгөө Лили Эльба гэж хүмүүст танилцуулдаг болов. Эмэгтэй дүр бүтээж байгаа нөхрийгөө Герда гадны хүмүүст танилцуулахдаа "Минй нөхрийн хамаатан" гэж хэлдэг байлаа. 

1930 онд Айнер хүйсээ солиулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Хоёр жилийн хугацаанд 4 удаа хагалгаанд оржээ. Тухайн үед хүйсээ солиулах хагалгаа хийх нь их эрсдэл дагуулсан хэрэг байв. Хамгийн эхний хагалгаан нь түүний эр бэлэг эрхтэнг нь авах байлаа. Хамгийн анхны хагалгааг доктор М.Хиршфельд Берлин хотод хийжээ. Харин бусад 3 хагалгааг Дрезден хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч доктор К.Варнекрос хийжээ. Хүйсээ солиулах мэс засал хийлгээд тэрээр уран зураг зурахаа болив. 

1930 оны аравдугаар сард Дани улсын шүүх Айнер, Герда нарын гэрлэлтийг хүчингүйд тооцох шийдвэр гаргажээ. Гэрлэлт нь цуцлагдмагц Айнер нэрээ албан ёсоор солиж Лили Ильзе Эльвенес гэж өөрчилжээ. Мөн шинэ нэрээрээ паспорт авсан байна. 

Эхнэр Герда нь гэрлэлтээ цуцлуулаад Италийн дипломатч, Фернандо Порта гэдэг эртэй гэрлэжээ. Дараа нь Марокка улсад амьдрах болсон байна. Гэрлэлтээ цуцлуулаад 1931 онд Лили Герман улсын Дрезден хотод ирж сүүлийн хагалгаандаа орж эмэгтэй хүний бэлэг эрхтэнтэй болов. Дөрөв дэхь хагалгаанаас хойш 3 сарын дараа Лили нас баржээ. 

Мароккад амьдарч байсан Герда Лилиг нас барсны мэдээд "Хөөрхий  бяцхан Лили минь" гэж гашуудан хэлж байжээ. Хэдэн жилийн дараа Герда дипломатч нөхрөөсөө салж Дани улсдаа эргэн ирсэн байна. 1940 онд Герда таалал төгсжээ.

2015-12-15

Шаардлага тавиад доромжлуул

Заримдаа Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийг хараад сэтгэл гонсойх юмаа. Уг нь Монгол Улс хүмүүнлэг, энэрэнгүй, шудрага, ардчилсан нийгэм байгуулна гэж 1992 онд Үндсэн Хуулиндаа тунхагласан. Гэтэл нийгэм нь хүмүүнлэг, энэрэнгүй, шудрага болсон юм уу? Би бол үгүй л гэж хариулмаар байна. Монголын нийгэмд амиа хичээсэн, харгис, бусдыг үл тоомсорлосон  хүн олон байна. Хүнийг хүмүүнлэг, энэрэнгүй, шудрага болгоход хэн анхаарч байгаа юм бэ? 
Өнөөдөр өөртөө тохиолдсон жижигхэн жишээгээр л нийгэмд амиа хичээсэн, харгис, бусдыг үл тоомсорлосон хүн хичнээн олон байгаа юм бэ? гэдгийг дүрслэхэд хангалттай. Ажлаа тараад гэртээ харихаар явлаа. Нийтийн тээврээс буугаад зам хөндлөн гарч байж амьдардаг орон сууцандаа хүрнэ. Машин зам хөндлөн гарах гээд гарцан дээр дөхөж очлоо. Явган зорчигч явахыг хориглосон улаан гэрэл мэлтийж байна. Би ер нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байдаггүй гэдгээ энд бичээд өөрийгөө бяцхан магтая. Ногоон гэрэл асахыг хүлээлээ. Гэтэл хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй улаан гэрлээр урагшаа дайраад замын дунд зогсчихлоо. Машинууд сүртэй гэгч нь сигнаалдаад л хажуугаар нь салхи татуулаад л явж одлоо. Ногоон гэрэл асахаар нь би  зам хөндлөн гарлаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн өнөөх бүсгүй дөхөж очоод "Чи нялх хүүхэд тэвэрчихээд, улаан гэрлээр зам хөндлөн гарах гээд зүтгэчих юм аа" гэж хэллээ. Гэтэл тэр бүсгүй "Хүүе, чамд ямар хамаатай юм бэ?" гэж байна. Тэр 23-25 орчим насны бололтой нэлээн аятайхан цэвэрхэн царай зүстэй бүсгүй байлаа. Өмсөж зүүсэн хувцас нь ч ганган юм. Толгой дээрээ бол бөөн ангийн арьс үстэй малгай тавьчихсан. Хүн нэрэлхээд "Би жаахан яараад ингэчихлээ" гэх мэтийн үг хэлэх байх л гэж би төсөөлж байсан юм. Чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлэхийг нь сонсоод би дотороо жаахан гайхлаа. Би "Хүүхдийг чинь бодоод л би ингэж хэлсэн юм" гэв. Харин тэр эмэгтэй "Чи мөрөөрөө цаашаа дуугай явж үз. Хэрэггүй юманд хошуу дүрсэн балай амьтан бэ? Чи солиотой юм уу" гэж намайг доромжиллоо. Хүнд зөв зүйтэй шаардлага тавиад хариуд нь доромжлуулаад л дууслаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөндөө, өөрийгөө болон тэвэрч яваа бяцхан хүүхдийнхээ амь насыг аюултай байдалд оруулж байгаадаа, бас дүрмийнхээ дагуу жолоо бариад явж байгаа жолооч нарт түвэг учруулж байгаадаа гэмшиж, харамсаж байгаа шинж тэр эмэгтэйд огт байсангүй. 
Би амиа хичээгээд бусад хүмүүсийн адил дуугүй өнгөрч болох л байлаа. Энэ удаа тэр хүн ойлгоогүй ч дараагийн удаа ухамсарлана гэж найдахаас даа. Чи солиотой юм уу? гэж тэр бүсгүй надад хэлсэн ч гэсэн хэзээ нэгэн цагт үл таних тэр залууд баярлалаа гэж сэтгэлдээ хэлэх байхаа. 

2015-11-29

Би хэн бэ?

Би бол эмд гологдсон эр шд.