Амьдралын тойрог

2019-02-10

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл. 5-р хэсэг

1 дүгээр сарын 4. Токиогийн зургаа дахь өдөр. Өглөө сэрээд шууд л Tokyo tower руу явъя гэж төлөвлөв. Байрлаж байгаа буудлаасаа гараад Хамамацүчо (Hamamatsucho station) өртөө рүү явлаа. Гоё дүүрэг юмаа. Нэг тийм хүмүүс нь ажил хэрэгч хувцасласан. World Trade Center Building гээд сүрхий том том барилгууд. Миний зорилго бол Токиогийн телевизийн цамхаг руу очих.  Цамхаг руу явж байх замд нэг сүм таарлаа. Нэр "Зожожи" (Zojoji Temple). Буддын шашны сүм аж. Хашаа руу ормогц хэд хэдэн хүнсний мухлаг байлаа. Өглөө буудлаас гарахдаа идсэн өглөөний цай хоол дорхноо шингэсэн байлаа. Арааны шүлс асгараад л.... Ийм стриит-фүүд авч идлээ. Эхний идсэн зүйл нь шарсан тахианы гуя. Нэг Япон өвөө гаазын пликта дээр шараад зогсож байна лээ. Үнэ нь хямдхан доо. Зоосон мөнгөөр л худалдаж авсан. Яг үнийг нь мартаж. Сүмийн хашаанд идсэн дараагийн хоол нь бөмбөлөгнүүд. Нэрийг нь хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан гадуур нь хуймагны гурил, дотор далайн гаралтай бүтээгдэхүүн бий. Оросуудын хийдэг блинчиктэй төстэй юм шиг санагдав. Орос блинчик хавтгай дугараг хэлбэртэй байдаг бол энэ нь Японы энэ хоол бөмбөлөг хэлбэртэй. Нэг порц нь 6 ширхэг. Үнэ нь 200 иень байсан. Хямдхаан.

Сүмийн хашаанд ороод идсэн дараагийн зүйл нь жигнэсэн амтат төмс. 


Ингээд сүмийн хашаанд орж ирээд гудамжинд зарж байгаа жижиг сажиг юм худалдаж авч идээд гэдэс цадсан даа. 
Одоо сүм, хийдийн тайлбар руу эргээд орно оо.  Эдогийн үеэс Японы төрийг барьж байсан Токугава удмынхантай энэ сүмийнхэн их сайн харилцаатай байсан гэж жуулчдад зориулсан гарын авлагад бичсэн байна лээ. Зожожи хийдийн гол хаалгыг нь 1622 онд барьж бүтээсэн гэнэ. Сүмийн гол хаалга 21 метр өндөр. Газар хөдлөлт, гал түймэр гээд олон гамшигаас болж сүмийн анхны барилга байгууламж нь сүйдсэн. Хожим загвараар нь сэргээн барьсан аж. Токугавагийн 15 шёгун (хаан, захирагч) байжээ. Тэдний зургаан шёгуны бунхан энэ сүмд бий. 
Анхаарал татсан өөр нэг зүйл нь баахан хүүхдүүдийн чулуун хөшөө байлаа. Хөшөөний хажууд тоглоомон салхин сэнс байрлуулжээ. Жаахан салхи гарахад л сэнснүүд эргэлдэнэ. Хажуугаар нь яваад өнгөрөхөд нэг л эвгүй мэдрэмж. Дараа нь интернэтээс хайгаад уншсан чинь амьгүй төрсөн, үр хөндөлтийн улмаас хорвоод мэндлээгүй, эсвэл зулбаж хүн болж чадаагүй хүүхдүүдэд зориулсан хөшөө юм билээ. 

За  ингээд сүмийн хашаанаас  гараад Токиогийн телевизийн цамхаг руу очлоо. Телевизийн цамхаг, эртний сүм нь хөрш зэргэлдээ. Их сонин. Монголд Гандангийн дэнжийн ард телевизийн төв, телевизийн цамхаг байдаг шиг. Токиод ч бас эртний сүм, ХХ зууны гайхамшиг болсон телевизийн цамхаг нь байдаг аж. 


Токиогийн телевизийн цамхаг нь 332,6 метр өндөр юм байна.Tokyo tower ( 東京タワー ) 1957 онд барьж эхэлсэн. 1958 онд ашиглалтад орсон юм байна. Анх ашиглалтад ороод дэлхийн хамгийн өндөр ган хийцтэй байгууламж гэсэн тодотголтой байсан гэнэ 2011 оныг хүртэл энэ цамцаг дээр NHK, FUJI TV, TBS  телевизийн дохиог дамжуулагч байруулсан байжээ. Хожим Skytree (Тэнгэрийн мод)гээд илүү өндөр, шинэ цамхаг Токиод барихаас өмнө гол ачааллыг үүрч байж.  Одоо бол энэ цамхаг Токиогийн бэлгэ тэмдэгүүдийн нэг, жуулчид очдог газар. Доод давхарт нь худалдаа үйлчилгээний газрууд ажиллаж байна лээ. Жуулчид гарч болох хоёр түвшинтэй. Эхний түвшин нь 150 метрийн өндөрт. Лифтээр гарах билет нь 900 иень. Үүнээс илүү дээшээ гарна гэвэл арай их мөнгө төлөх юм билээ. Статистикаас харахад Токиогийн цамхаг дээр жилдээ 2,5 сая жуулчин ирдэг юм байна. Би тэр 2,5 сая жуулчны нэг нь болж чадсандаа баяртай байна аа.  Би ч хэтэрхий өндөрт гараад яахав гээд 150 метрийн өндөрт байдаг тавцан дээр нь л гарлаа. Цамхаг дээрээс Токио хот иймэрхүү харагдав.



Токиогийн цамхагийн үүдэнд ийм хөөрхөн баримал байна.

За ерөнхийдөө ингээд Токиод хийсэн аяллын тэмдэглэлээ дуусгая даа. Бичээгүй үлдсэн зүйлүүд бас байна аа. 

Ер нь Токиод байхдаа анзаарсан ажиглалтаа бичье жагсаалт гаргаад бичье дээ.

1. Япон хүмүүс нийтээрээ их найрсаг юм шиг санагдсан. Үйлчилгээний газар ажиллаж байгаа хүн бол үйлчлүүлэгчийн өмнө бөхөлзөж тонголзоод, хүсэлтийг нь биелүүлэхийн тулд их мэрийнэ. Ялангуяа гадаадын над мэтийн явуулын жуулчинд их найрсаг хандана. Гэхдээ яг Японы нийгмийн гүнд орохоор бас байдал өөр байж болох юм. 

2. Токио хотын гудамжинд хогийн сав их цөөхөн байна. Гудамжинд нь ч бас хөглөрөөд хэвтэж байгаа хог алга.  Гэхдээ хотын захын зарим дүүргээр явахад мэр сэр тамхины иш, хог хэвтэж л байна лээ.  

3. Токиод жорлон бол хаа сайгүй. Хамгийн гол нь үнэгүй. Метроны өртөө, дэлгүүр, хоолны газар гээд хаана ч жорлон үнэгүй. Бас цэвэрхэн. 

4. Японд дэд бүтэц их сайн юм. Зам, гүүр, метро, автобус, байшин барилга руу хөгжлийн бэрхшээлтэй хүн орох налуу зам, цахилгаан шат..... Бүгдийг тооцоолж, гарч болох асуудлыг урьдчилан харж байшин барилгаа барьсан юм байна шд.

5. Япончууд их цэвэрч юм. Ер нь бохир, хиртэй хувцастай, үс гэзэг нь тослогтсон, эсвэл үс нь хагтай хүн нэгийг ч хараагүй. Бас Японд ямар хоолны газар ороод ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр санаа зоволтгүй. Цэвэрхэн, хоол хийж байгаа түүхий эд нь чанарын шаардлага хангасан, шинэ бүтээгдэхүүн. 

6. Япончууд ажилдаа их нямбай хандах юм. Аливаа зүйлийг хийхдээ заавал дүрэм журмын дагуу хийнэ. Ажлын байрандаа зогсож байхдаа зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуулна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг зүйр үг санаанд орж байлаа.

7. Японд КОМБИНИ гэж нэрлэсэн жижиг сүлжээ дэлгүүр олон юм. Яваад орохоор ойр зуурын талх, сэндвич, жимс, ногоо, ус, ундаа, өндөг,  ахуйн хэрэглээний ойр зуурын бараа. Бас бэлэн хоол их байна лаа. Бичил долгионы зууханд хийгээд л халаагаад идэхэд бэлэн. Орой 17:00 эсвэл 18.00 цагаас хойш КОМБИНИ дэлгүүрүүдэд бэлэн хийсэн хоолны үнийг хямдруулаад зардаг юм байна лээ.

8. Японд цэцэрлэгээс нь эхлээд насан туршид нь хэвшил болгосон гурван зарчим л байх шиг байна гэж анзаарсан. Энэ бол нэгдүгээрт, худлаа хэлж болохгүй. Хоёрдугаарт, ариун цэвэр сахих хэрэгтэй. гуравдугаарт, аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хандах. 
Ер нь Япон хүн хийж чадахгүй зүйлээ чадна гэж ам гарахгүй. Хэрвээ за гэж хэлсэн бол заавал амлалтаа биелүүлдэг. Дүрэм журмыг маш сайн сахиж мөрддөг. 

Очиж үзэхийг хүсэж, мөрөөдөж байсан Токиод 7 хонолоо. 7 хоног гэдэг Токиод аялахад бага хугацаа байлаа. Ер нь бол Японы аяллын нэг удаагийн виз 15 хоногийн хугацаатай байдаг нь учиртай л юм байна. Үзэхийг хүссэн ч цаг хугацаа бага байсан учраас очиж амжаагүй газрууд Токиод үлдсэн. За ингээд сэтгэлд дулаахан Токио минь баяртай гэж өөрөө өөртөө хэлээд УБ-ынхаа зүг ниссэн дээ. 


2019-01-24

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл. 4-р хэсэг

Нэгдүгээр сарын 3. Энэ өдрийн үдээс хойш Японд сурч, ажиллаж амьдарч байгаа "ангийн" хамт олонтойгоо уулзахаар болзоо тогтоосон байлаа. Уулзалт товлосон цаг нь 14:30. Ер нь бол 14:30 цагт  Акебонобаши (Akebonobashi station) өртөөний гадаа уулзаад Баябага ахын гэрт очих. Цаг баримтлах дуртай юм болохоороо 14:29 гэхэд метроноос буулаа. Ингээд "ангийнхаа" залуусыг хүлээх зуураа орчинтойгоо жаахан танилцлаа. 


Орчинтойгоо танилцахаас гадна намайг тосох нөхдүүдийг хүлээнгээ нэг япон залуутай  яг энэ зураг дээр харагдаж байгаа шатан дээр танилцлаа. Мэдээж хэрэг, би эхлээд яриа өдсөн л дөө.
-すみません、私は外国人です。ともだちを待っています。гээд л цааш нь үргэлжлүүлээд бла бла гээд панаалдаад. Болзсон өртөөндөө ирсэн гэдгээ "ангийнхан"-даа мэдэгдэх нь чухал байсан учраас тэр япон залуугийн pocket WI-FI  хэрэглэчих санаатай. Их сайн тусч залуу тааралдсан. Надад интернэтээ хэрэглүүлээд л, " Чи хаанаас ирсэн бэ? Монгол байх нь ээ. Манай ажлын газрын хүн Монголд очиж байсан. Ирэх 7-р сард бас манай ажлын газрын нэг хүн танай Монгол руу явах гэж байгаа. Фейсбуук дээр найз болцгооё" гээд л... 
Би ер нь гадаад улс оронд тэнэж явж байх үедээ орон нутгийн залуустай нь нээх санаандгүй байдлаар их амархан танилцаад найз болчихдог туршлагатай гэх үү, авъяастай гэх үү... За ямар ч байсан энд нэг япон залуутай танилцаад авсан. Хожим Монголд буцаад ирсэн хойно Акебонобаши өртөөний гадаа танилцсан япон залуу над руу Facebook-р зурвас илгээгээд л байна лээ. Би бас хариу бичээд л байгаа. 
За төдөлгүй Токиод байгаа ангийнхан ирлээ. Баябага ах гэртээ амттай сайхан хоол хийгээд хүлээж байлаа. Блогоор олон жил бие биенээ мэдэх боловч анх удаа л Баябага ахтай уулзлаа. Баябага, Цагаанаа хоёроос гадна өөр бас манай ангийн хоёр залуутай уулзаж яриа хөөрөө дэлгэлээ. Токиод халуун дотноор хүлээн авсан Баябага ах, Цагаанаа хоёртоо баярлалаа. 
Баябага ахын гэрээс нэлээн орой гарсан даа. Ингээд "Ничоме" руу хэрхэн явахыг ангийнханаараа гайгүй сайн заалгаж аваад ганцаараа тийшээ зүглэлээ. Токиод аль хэдийнэ очиж байсан хүн шиг нээх их төөрч будилаад байлгүй "Ничоме"-д очсон. Ангийнханд зориулсан бар, дэлгүүр, бусад үйлчилгээний газрууд олон юмоо. За тэгээд нэгэнт очсоных, бас метро зогсох дөхөж байсан учраас нэг аятайхан үйлчилгээтэй газар ороод тэндээ өглөөг угтсан даа. 


Өглөө нь нээх сэтгэл хангалуун хүн тэндээс гараад л байрлаж байгаа буудал руугаа метродов. 

2019-01-20

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл 3-р хэсэг

Оны эхний өдөр. Өмнөх өдөр нь зөндөө алхсан учраас зочид буудлынхаа өрөөнд нойроо ханатал унтав. Нээх яаралгүй сэрээд зочид буудлаасаа гарлаа. Гадаа тэнгэр цэлмэг, эргэн тойронд нам гүм. Зочид буудал байрладаг гудамжинд хөл хөдөлгөөн бараг байхгүй. Ер нь ингэхэд  13 сая хүн оршин суудаг Токиод ирчихээд байна уу? гэж өөрөөсөө асуухад хүрсэн. Гудамжинд алхаж яваа хүн цөөхөн. Машин тэрэгний хөдөлгөөн ч бас сэлүүхэн. Сүүлийн хэдэн жил мэдрээгүй сонин мэдрэмж.




Шинэ оны эхний өдөр Шинжүкү дүүрэг рүү явлаа. Метроноос гараад л зүүн тийшээ харахад тэнгэр баганадсан барилгууд, баруун тийшээ харахад ч ялгаагүй бас өндөр байшингууд. За тэгээд булан тохой болгонд нь дэлгүүр. 




 Хэд хэдэн орноор явахдаа Мак Дональдс руу заавал орж хооллодог. Орон орны Мак Дональдс бүр ялгаатай байдаг юм шиг санагддаг юм. Ингээд Японы Мак Дональдс руу шохоорхоод орж өдрийн хоол идлээ. Мак Дональдс ороод бургер захиалах үед нэг асуудал гарсан.  Лангууны ард зогсоод захиалга авсан охин гадаад хүн байлаа. Тэр хятад эсвэл вьетнамын аль нэг нь л байх. Би уг нь үхрийн махтай бургер захиалсан юм. Гэтэл буруу ойлголцоод надад гахайн махтай бургер өгчихсөнийг нь би хазсан хойноо л ойлгодог байгаа. Бас бага зэрэг халуун ногоогоор амтласаэн юм байна. Spicy хоолонд бас нээх идээд байдаггүй. Дээр нь би гахайны маханд дургүй л дээ. За яахав, ганц удаа гээд гахайн махтай бургер ходоод руугаа хийж орхив. Надад буруу юм өгчихлөө гээд зарга хийхээс түвэгшөөв. Гахайн махан бургер нээх гаж амтгүй зүгээр л байна гэж бас өөрийгөө тайвшруулах гэж бодлоо. Гэхдээ л гахайн махтай бургер идсэндээ дотроо бол сэтгэл дундуур. 
Хоолны дараа дэлгүүр хэслээ.  

Өдрийн 13:00 цагт дэлгүүрт ороод орой 18:00 цагт харуй бүрий болсон хойно л дэлгүүрээс гарч ирлээ. Дэлгүүрээс худалдан авсан зүйлээ зочид буудлынхаа өрөөнд үлдээчихээд буцаад оройны зугаалга хийхээр дахиад Шинжүкү рүү метрогоор сүнгэнэв.
Шинжүкү бол сонирхолтой зугаа цэнгээний газраар дүүрэн юм билээ. Ялангуяа оройн цагаар бол залуусийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байлаа. 




Караоке, янз бүрийн электрон тоглоомын газрууд, 100 иений зоос хийгээд чихмэл тоглоом гаргаж авч болох автомат тоглоом, бар, кафе, кино театр гээд тоочиж барахааргүй их үйлчилгээний газрууд. Гадаадын жуулчид ч их холхисон дүүрэг юм байна гэсэн ойлголттой авлаа. Сүүлийн зураг дээр харагдаж байгаа гүүрэн доор орон гэргүй хүмүүс картон хайрцагаар оромж шиг юм босгоод дотор нь ороод хэвтэж байхыг харлаа. Шинжүкү дүүрэгт оройн хоол идэв. Энэ удаа раамэн идэх санаатай. Гудамжинд сурталчилгааны хуудас тарааж байгаа нэг хүнээс раамэн хийдэг газар хаана байдаг вэ? гэж асуулаа. Уриалгахан гэгч нь намайг дагуулж нэг гудамжны булан тойроод раамэний газар зааж өгөв. 
Хоолны захиалга авдаг автомат машинтай аж. Мөнгөө хийгээд идэхийг хүссэн хоолоо сонгоод OK товчлуурыг дарна. Энэ төхөөрөмж бас хариулт өгнө. Захиалга хиймэгц талон хэвлэж өгнө. 
Төдөлгүй захиалгын дагуу зөөгч нь хоол аваад ирнэ. Идсэн раамэн маань бас гахайны махтай байж таарав.  За ингээд өдөр нь гахайн мах, орой нь бас гахайн мах зооглодог юм байна. Дургүй гахайны махтай хоол өдрийнг хоёр удаа идэх гэж... 
Токиод томоохон дэлгүүрүүд нь 19:00 гэхэд л хаачихдаг юм шиг санагдсан. Ер нь бол дэлгүүр нь арай л эрт хаагаад байгаа юм биш үү гэж шүүмжилмээр. 
За ингээд 2019 оны эхний өдрийг Шинжүкү дүүрэгт өнгөрөөв.