Амьдралын тойрог

2023-11-08

Европыг дахин нээсэн нь: 1. Сэтгэл татам Барселона хот

2023 оны намар Европ руу ажил аялал хослуулан яваад ирсэн. 2022 оны намар Ирландын арал руу явж байсан бол 2023 оны намар Евроазийн эх газрын баруун хэсгээр нь явах хувь тохиолоо. Аялалдаа эртнээс бэлтгэсэн. Наадмын дараахан л Улаанбаатар хотоос Германы Франкфурт хот руу нисэх МИАТ-ын онгоцны тийз, Европт очсон хойноо хот хооронд явах автобусны тасалбар, онгоцны тийз, байрлах зочид буудлын захиалгаа хийв. Олон улсын картдаа хэдэн доллар шилжүүлэв. За ингээд намрын налгар өдөр аялалдаа гарсан даа. 


Улаанбаатараас Франкфурт хот руу МИАТ-ын онгоц 8 цаг гаруй ниснэ. BOENG 787-9 DREAMLINER  онгоцоор хөөрөв.  Өнгөрсөн жил МИАТ-ын онгоцоор нисэхэд их дажгүй бол өгч байсан. Харин энэ жил өгсөн хоол нь таалагдсангүй. Амт шимт муутай л юм өгч байна лээ. Зарим хүн "идэхээ л больчих" гэж хэлэх л байх л даа. Гэхдээ нэгдүгээрт, онгоцны тасалбарын үнэ хямд биш; хоёрдугаарт, хоолны өртөг нь тасалбарын үнэ мөнгөндөө шингэсэн байж таараа. Иймээс сэтгэл гаргаад, аятайхан амт шимттэй хоол өгч болно доо. 8 цаг нислэгт хүн өлсөөд тураад үхэхгүй. Гэхдээ нислэгийн цагаасаа 2-3 цагийн өмнө онгоцны буудал дээр очсон байх ёстой. Онгоцноос буугаад очсон газрынхаа хил гаалийн шалгалтаар орж, ачаа тээшээ аваад авахад дахиад цаг гаран болно. Ингээд бодохоор онгоцны хоол чухал. Төлсөн мөнгөндөө сэтгэл ханамжтай байх чанартай үйлчилгээ шаардах эрх байлгүй дээ. 
Франкфуртын нисэх онгоцны буудалд буулаа. Төөрмөөр том онгоцны буудал. Германы хилийн шалган нэвтрүүлэх дээр нэлээн байцаагдав. Паспорт дээр наасан Шенгений визийг шалгаж, паспорт дээрх миний зурагтай хуудсыг сайтар шинжиж хараад очих газраас ирүүлсэн урилгаа үзүүлэхийг шаардав. Бас Европын хотуудаар дамжин явах хот хоорондын автобусны билет, европ доторх онгоцны нислэгийн электрон тийзээ ч үзүүлэв. Дээр нь нэмээд зочид буудлын захиалгын хуудас... Нэлээн удаан шалгуулсан. Эцэст нь нэг юм хилээр нэвтрэхийг зөвшөөрч тамга дарж өгөв. 
Франкфуртын нисэх буудалд хэдэн цагийг өнгөрүүл
ээд дараагийн нислэгтээ суулаа. lufthansa компанийн онгоцоор Франкфуртаас Испани улсын Барселона хот руу нисэв.  Барселона хотод оройны 20:00 цагийн үед газардав. Ачаа тээшээ авсаар баятайл 21:00 цаг дөхөв. Зөөлөн уур амьсгал, шиврээ бороотой угтав. Нисэх буудлын гаднаас нь автобусанд сууж захиалсан зочид буудлынхаа ойролцоо буув. Нисэх буудлаас хотын төв хүртэл  автобусны тасалбар 6 евро 75 цент. 

Автобуснаас буугаад бага зэрэг төөрч будилсаар зочид буудлаа олов. Цагийн зөрүү их учраас нүд анилдаад шуудхан л унтав. Харин өглөө нь эрч хүч дүүрэн сэрээд Барселона хотын гудамж метрлэх үндсэн ажилдаа оров. 
Бороотой өглөө угтав. 2023 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатарт модны навч шарлаагүй байсан бол Барселона хотод аль хэдийнээ алтан намар жинхэнэ утгаараа айлчилжээ. Бороо орж байсныг үл ажран явганаар зугаалав. 



Пакистан худалдагчтай жижиг дэлгүүр орж Lycamoblie хэмээх операторын сим карт 10 еврогоор худалдан авлаа. Сим карттай гэдэг маань интернэттэй гэсэн үг. Интернэттэй хүн  дэлхийн хаана ч очсон алзахгүй.  Бас Барселона хотын метро, автобус, трамвайгаар 2 өдрийн турш чөлөөтэй зорчих  тасалбар 16 евро 40 центээр худалдан авлаа. 


Хотын төв орж жуулчид хамгийн их очдог газруудаар нь зугаалав. Барселона хот уран барилгаараа алдартай юм байна. Энэ хотод XIX зууны үед амьдарч байсан Антонио Гауди хэмээх архитекторчийн зураг төслөөр барьсан барилга байгууламжууд олон байдаг аж. Интернэт ухлаа. Архитекторч Антонио Гауди 1852 онд төрсөн хүн аж. Тэрээр 1878 онд архитектурын сургууль төгсөөд барилга байгууламжийн зураг төсөл гаргах ажилд орсон байна. Антонио Гаудигийн хамгийн анх ажил нь Барселона хотын төв талбайн гудамжны дэнлүүний шонгийн зураг төсөл байжээ.  Антонио Гауди бүх ухамсарт амьдралаа уран барилгын загвар гаргахад зориулсан бөгөөд огт гэрлэж байгаагүй. Жозеф Моро гэдэг бүсгүйд дурлаж гэрлэх санал тавьж байсан ч цаадах нь зөвшөөрөөгүй аж. Бүтэлгүй дурлалын дараа Антонио Гауди  католик шашинд  гүн сүсэглэх болжээ. Антонио Гауди хаагдмал, их зантай, биеэ тоосон бүдүүлэгдүү гэмээр хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Гэвч түүнийг сайн мэддэг хүмүүс "Антонио Гауди үнэнч зан чанартай, нөхөрлөлдөө үнэнч хүн байсан" гэж дурссан байдаг. Идэр залуу насандаа Антонио Гауди маш дэгжин байжээ. Үнэтэй хослол өмсөж, үс, сахал нь ямагт цэгцтэй байв. Дээд зэрэглэлийн ресторанд хооллож, дуурь, бүжгэн жүжиг байнга үздэг байжээ. Харин хичээл насанд ирээд гадаад зүс төрхдөө анхаарахаа больжээ. Өөр хоорондоо авцалдахгүй хувцаслаж, маш даруухан байдлаар хооллох болов. Гудамжинд явж байхад нь ядуу гуйлгачин гэж эндүүрч байсан тохиолдол ч гарч байж. 
1926 оны 6 дугаар сарын 7 ний өглөө Антонио Гауди тогтмол очиж мөргөл үйлддэг сүм рүү явах замдаа трамвайнд мөргүүлж бэртсэн байна. Ямар ч бичиг баримтгүй, тун муухай хувцасласан өвгөнийг хэн ч алдарт архитекторч гэж таниагүй бөгөөд нэлээд цаг алдсаны эцэст ядуусын эмнэлэгт хүргэжээ. Түүнд анхан шатны тусламж үзүүлсэн байна. Маргааш нь түүнийг Антонио Гауди гэж таньсан бөгөөд эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлсэн байна. Гэвч тухайн үед Антонио Гаудигийн биеийн байдал нэлээн дордсон байж. Осолд орсноос хойш 3 хоногийн дараа Антонио Гауди амьсгал хураажээ. 
Антонио Гаудигийн зураг төслөөр бүтээн байгуулсан хамгийн алдартай барилгуудын нэг нь Саграда Фамилиа (Sagrada Familia) сүм юм. Анх энэ сүмийн зураг төслийг Франсиско дель Вильяр хэмээх архитекторч гаргаж 1882 оноос барьж эхэлжээ.  1883 оноос Антонио Гаудиг энэ төсөлд урьж оролцуулжээ. Сүмийг сүсэгтнүүдийн хандиваар барьж байгуулна гэсэн гол болзолтой. Иймээс 2023 оны 10 дугаар сар хүртэл барилгын ажил үргэлжилжээ.  Ийнхүү 140 жил барилгын ажил үргэлжилсэн байна. Намайг 2023 оны 8 дугаар сарын сүүлээр очиход Саграда Фамилиа сүм иймэрхүү байдалтай байлаа.


Барселона хотод үзсэн дараагийн нэг барилга нь "Каса Мила" хэмээх барилга. Антонио Гаудиг алдаршуулсан барилгын нэг.  1969 онд энэ байшинг Испанийн үндэсний дурсгалт барилгаар бүртгэгдсэн. НҮБ-ын соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО  уран барилгуудыг дэлхийн өвд бүртгэдэг бөгөөд ХХ зуунд баригдсан барилга байгууламжаас "Каса Мила" байшинг хамгийн түрүүнд (1984 онд) бүртгэн авчээ. 



Дараа нь Барселона хотын төв талбайг нь үзлээ. Гоёмсог уран баримал, хөшөө дурсгал, усан оргилууртай сайхан цэлгэр талбайтай юм билээ. 




Барселона хотод ПРИУС 40, 41 таксинд явж байна лээ. Барселона хотын гудамж нэг иймэрхүү. Барселона хотод үнэтэй ресторанд хооллосонгүй. Харин Mc Donalds орж бургер идэж, нэг бол томоохон өөртөө үйлчлэх дэлгүүрийн хүнсний тасаг орж бэлэн юм идэж явлаа. Барселона хотод бургер, газтай ундаа, шарсан төмсний багц нь 6.20-с 9 еврогийн хооронд хэлбэлзэж байв.
Барселона хотод үнэ төлбөргүй үзэж болох хэд хэдэн музей байна лээ. Жишээ нь Барселона хотын музей (Museu d Història de la Ciutat Barcelona) үнэ төлбөргүй. Хотын музейг 1943 онд байгуулжээ. Музей хэд хэдэн барилга байгууламжаас бүрддэг юм байна. Газар доорх хонгил ч музейн нэг хэсэг гэж тооцогддог. Музейн барилга байгууламжийн талбайн хэмжээ нь 4000 кв.метр. Нийтдээ 35000 үзмэр, эртний эд өлгийн зүйл хадгалжээ. Сонирхол татсан нэг том үзмэр: эртний цаг. 

Музейн дотор талбай


Барселона хотын эртний дүр төрх 


Эртний шаазан аяга, таваг 
Барилгын чимэглэл


Авдар




Барселонад байхдаа үзсэн өөр нэг музей бол Фредерик Маресын нэрэмжит уран баримлын музей. Музей Барселона хотын Готик хороололд хоёр давхар байшинд байрладаг.  Нэгдүгээр давхарт нь Иберийн үеэс XV зуун хүртэл уран баримал, хоёрдугаар давхарт нь XV-XIX зуун хооронд бүтээгдсэн баримал дэлгэн үзүүлжээ.   
Барселонад байсан хоёр дахь өдрөө тэнгисийн эрэг дээр очив. Торгон зөөлөн элсэн дээр хөл нүцгэн алхав. Тэнгисийн хүчит давлагаанд эрхгүй сүрдмээр юм билээ.




Барселонад хүнсний дэлгүүрийн үнэ ханшийг сонирхуулъя. 


















Барселонад байсан хоёр дахь өдрөө Барселона хотын авто вокзалаас Парис руу хөдлөв. 



2023-06-18

Сөүлд бүтээсэн дурсамж: 2-р хэсэг

БНСУ-ын Сөүл хотын аяллын 5 дахь өдрөөс нь зочид буудлаасаа гарч AirBNB-ээр захиалсан байр руу нүүв. Орой нь Инчоны нисэх онгоцны буудал АНУ-аас Сөүлд ирж уулзахаар товлосон нагац эгчийгээ тосов. Эхний таван өдөр Сөүлд үрж байгаа мөнгөө нарийн хянаж байсан. Харин нагац эгчийг ирснээс хойш зардал мөнгөө нарийн хянахаа байсан.  Нагац эгч "Чи мөнгөө үрээд яахав ээ, Эгч нь тооцоог нь хийе." гээд байсан юм. Сайн хамаатантай байх сайхан юмоо.  

1 дүгээр сард Монголд өвлийн ид хүйтэн үе. Харин Сөүлд 1 дүгээр сард очиход яг л Улаанбаатарын намрын цаг агаар шиг л санагдсан.  Зузаан дотуур өмд давхарлаж өмсөж байснаа тайлаад дан өмдтэй, хавар намрын гуталтай л гүйгээд байлаа. 

БНСУ-д гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгүүд зөндөө гэдгийг дэлхий даяараа мэднэ дээ. Нагац эгчтэйгээ хамт гоо сайхны эмнэлгээр нь очиж үзсэн. Гангнам дүүрэгт гоо сайхны эмнэлгүүд их олон юм билээ. 

Гоо сайхны эмнэлэг нь үйлчлүүлэгч ихтэй юм оо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутан болох гэж байгаа юм уу гэмээр хүүхдээ дагуулсан солонгос эцэг эхчүүд зөндөө. Бас гадаадынхан ч мэр сэр байна. Гоо сайхны мэс засал хийлгээд гарч яваа хүмүүс нь андашгүй юм. Маск зүүж, чих, хамар дээрээ шархны лент нааж, эсвэл нүднээс бусад хэсгээ бинтээр боосон хүмүүс ар гэрийнхнээрээ хөтлүүлээд л гараад явах юм билээ. Ажиглаад байхад нүдний давхаа хийлгэсэн, зовхио татуулж оёулсан бол эмнэлэгт хэвтээд байх шаардлагагүй, тухайн өдөрт нь гэр рүү нь явуулаад байх шиг. Ямар төрлийн гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагаас хамаараад мэдээж үнэ ханш нь өөр байдаг биз. Гадаадын хүнээс ахиу төлбөр авдаг юм билээ. Гоо сайхны эмнэлэгт нь монгол орчуулагч ажиллаж байна. Солонгост их дээд сургууль төгссөн залуу охид эмнэлэгт орчуулагчаар ажилладаг юм билээ.  Гоо сайхны эмнэлгээс гадна клиник эмнэлгээр нь ч очиж үзсэн. Бүтэн биений шинжилгээ, үзлэг оношилгоо хийлгэх, Монголд эмчлэхэд түвэгтэй хүнд өвчнийг эмчлүүлэх гэж манай монголчууд БНСУ-д очих нь элбэг болсон доо. Ийм эмнэлгүүд нь бас л монгол орчуулагчтай юм билээ.

Сөүлд байх хугацаандаа идэж уусан хоолны зурагнуудаа дараад байсан юм. Нэлээн хэлэн хоолны зураг оруулъя. 


 























Монголд заримдаа хоолны газар ороход захиалсан хоол амт шимт тааруухан байх, сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол гардаг даа. Харин Сөүлд аялаж байх хугацаанд ийм зүйл надад лав тохиолдсонгүй. Захиалсан хоол болгон л сайхан амттай байлаа.  Ер нь нэг удаа хооллоход дунджаар 15000ー30000 вон болох юм билээ. KFC, McDonald's, Lottery зэрэг түргэн хоолны газар орвол дундаж хэмжээний стандарт багц 10000ー12000 вон орчим. 

Сөүлд байх хугацаандаа үзсэн дараагийн музей бол БНСУ-ын Цэргийн музей байлаа. Музей үнэ төлбөргүй. Зураг авах чөлөөтэй.  Энэ музейн үзмэрийн үлэмж хэсгийг 1950-1953 онд Умард ба Өмнөд Солонгосын хооронд болсон дайны түүхтэй холбоотой үзмэр бүрдүүлж байна лээ. 







Бас эртний Чосон гүрний үеийн цэргийн эдлэл хэрэглэл, хуучны цайз хэрмийг дуурайлгаж хийсэн үзмэр ч байна лээ. 




Сөүлийн "COEX" худалдааны төв дотор байдаг аквариум үзэв. Далай тэнгисээс хол  монгол хүнд  янз бүрийн далайн амьтан, загас үзэж нүдээ баясгах нь сайхан л байлаа. Аквариум руу ороход төлбөртэй байсан. Тасалбар нь ямар үнэтэй байсныг мартжээ. 





COEX худалдааны төвд бас дэлхийн хамгийн том задгай номын сан бий. Инстаграм дээр хамгийн олон удаа зураг нь орсон газар гээд сурталчилгааны шинжтэй мэдээлэл олж уншиж байсан юм байна. Шалнаасаа тааз хүртэл битүү ном өрсөн том танхим. 




Сөүлд байх хугацаандаа GRINDER ашиглаж нутгийн залуутай болзож гэрт нь зочилж очсон юм. Гэрийн хаягаа өгөхөөр нь явж очсон. Гурван давхар тоосгон байшингуудаас бүрдсэн хотхон байна лээ. 


Амралтын өдрийг тааруулж байгаад "Jongno 3 ga" дүүрэг рүү явж "Gnome" хэмээх анги бааранд оройг өнгөрүүлсэн юм байна. Google map дээрээс харж байгаад хайж олсон юм. Энэ баараар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэлийг ч google map-ээс уншсан. Бүгд үйлчилгээ сайтай, эзэн нь гадаадынханд найрсаг байсан гэхээр нь зорьж очсон. 

Баар нь жижигхэн. Баарны эзэн нь надтай үе тэнгийн шахуу  найрсаг залуу байна. Угаасаа баарны эзэн найрсаг байхаас ч яахав. Орж ирсэн хүмүүстэй сайхан харилцаж байж л уух юм зарж мөнгө олно шд. 7 жилийн өмнө энэ баарыг нээсэн гэж байна лээ. Жижиг орон зайг  ашиглаад сайхан тохилог орчин бүрдүүлсэн нь таалагдсан. 






Бааранд сууж байхдаа itaewon дүүргээс өөр цэвэрхэн саун хаана байдгийг асуухад нэг газрын хаягийг хэлж өгөв.  Sinseol-dong метроны өртөөнөөс холгүй аж.  

itaewon дүүргийн нөгөө сауныг бодвол гадаадын хүн бараг ордоггүй бололтой. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь дундаж ба хижээл насныхан байсан. Давуу тал нь харьцангуй цэвэрхэн юм билээ.

Өөр нэг өдөр Солонгосын хамгийн өндөр байшин Lotte tower-ийг үзсэн. Хажууханд нь Lotte хүүхдийн тоглоомын парктай юм билээ. 







Заавал очиж үзэх газрынхаа жагсаалтад Сөүл дэхь Солонгосын хааны ордон музейг оруулсан юм. Зарим хүн хааны ордон музей гэхээр "Хэдэн хуучин модон байшин, хана хэрэм л байгаа" гээд тоохгүй байдаг. Надад бол хуучны хана хэрэм дотор алхаж явах нь тийм ч муугүй л санагддаг. Хааны ордон музей рүү ороход тасалбар нь 3000 вонн. Гэхдээ Солонгосын цагаан сарын баярын өдрүүдэд Хааны ордон музей нь үнэ төлбөргүй оруулж байсан. 


Сөүлд очсон жуулчид Намсан цамхаг руу бас очдог. Би ч бас Намсан цамхаг руу очлоо.  Цамхаг руу дүүжин тээврээр (CABLE CAR) гарав.  




Намсан таур руу дээш гарахад тасалбар худалдаж авсан. 1 хүний 15 доллар орчим байсан санагдаж байна. Өмнө нь 2016 онд Сөүлд ирэхдээ "Намсан таур" дээр гарч байсан. Тийм болохоор энэ удаа Намсан цамхаг дээр гарахад тэгтэлээ их догдолсонгүй. 

2023 оны эхээр Сөүлд хотод байхаар төлөвлөсөн өдөр хоногууд маань нэг мэдэхэд өнгөрчээ. УБ руугаа буцах өдөр болов.  Онгоцны буудалд очиж бүртгэлээ хийлгэж, хилийн шалган нэвтрүүлэхээр гараад (паспортоо автомат төхөөрөмжид уншуулж БНСУ-ын хилээр гарна) хамгийн түрүүнд НӨАТ-ийн буцаалт хийх цэгийг хайж олов. Сөүлд байх хугацаандаа томоохон сүлжээ дэлгүүрээс (Жишээ нь: E-MART, ZARA, H&М, UNIQLO гэх мэт) худалдан авалт хийсэн бол баримтыг нь хаялгүй хадгалаад онгоцны буудлаас нь нисэхийн өмнө төлсөн татвараа буцааж авч болно. Гэхдээ худалдан авалт хийхдээ дэлгүүрийн кассанд нь гадаад паспортоо үзүүлж TAX FREE гэдгийг хэлэх ёстой.  Их биш боловч хэдэн доллар буцааж авна гэдэг чинь аятайхан л биз дээ. 




За ингээд Сөүлд хийсэн аялал өндөрлөв. Сөүлд байсан өдөр хоногууд сайхан л байлаа. Сөүлд үзэж хараагүй өнгөрүүлсэн зүйл зөндөө байгаа байх оо. Дахиад Солонгост очиж аялах боломж гарвал би лав татгалзахгүй.  Дараагийн аялал хийх хугацаагаа тэсэн ядан хүлээе дээ.