2023 оны намар Европ руу ажил аялал хослуулан яваад ирсэн. 2022 оны намар Ирландын арал руу явж байсан бол 2023 оны намар Евроазийн эх газрын баруун хэсгээр нь явах хувь тохиолоо. Аялалдаа эртнээс бэлтгэсэн. Наадмын дараахан л Улаанбаатар хотоос Германы Франкфурт хот руу нисэх МИАТ-ын онгоцны тийз, Европт очсон хойноо хот хооронд явах автобусны тасалбар, онгоцны тийз, байрлах зочид буудлын захиалгаа хийв. Олон улсын картдаа хэдэн доллар шилжүүлэв. За ингээд намрын налгар өдөр аялалдаа гарсан даа.

Улаанбаатараас Франкфурт хот руу МИАТ-ын онгоц 8 цаг гаруй ниснэ. BOENG 787-9 DREAMLINER онгоцоор хөөрөв. Өнгөрсөн жил МИАТ-ын онгоцоор нисэхэд их дажгүй бол өгч байсан. Харин энэ жил өгсөн хоол нь таалагдсангүй. Амт шимт муутай л юм өгч байна лээ. Зарим хүн "идэхээ л больчих" гэж хэлэх л байх л даа. Гэхдээ нэгдүгээрт, онгоцны тасалбарын үнэ хямд биш; хоёрдугаарт, хоолны өртөг нь тасалбарын үнэ мөнгөндөө шингэсэн байж таараа. Иймээс сэтгэл гаргаад, аятайхан амт шимттэй хоол өгч болно доо. 8 цаг нислэгт хүн өлсөөд тураад үхэхгүй. Гэхдээ нислэгийн цагаасаа 2-3 цагийн өмнө онгоцны буудал дээр очсон байх ёстой. Онгоцноос буугаад очсон газрынхаа хил гаалийн шалгалтаар орж, ачаа тээшээ аваад авахад дахиад цаг гаран болно. Ингээд бодохоор онгоцны хоол чухал. Төлсөн мөнгөндөө сэтгэл ханамжтай байх чанартай үйлчилгээ шаардах эрх байлгүй дээ.
Франкфуртын нисэх онгоцны буудалд буулаа. Төөрмөөр том онгоцны буудал. Германы хилийн шалган нэвтрүүлэх дээр нэлээн байцаагдав. Паспорт дээр наасан Шенгений визийг шалгаж, паспорт дээрх миний зурагтай хуудсыг сайтар шинжиж хараад очих газраас ирүүлсэн урилгаа үзүүлэхийг шаардав. Бас Европын хотуудаар дамжин явах хот хоорондын автобусны билет, европ доторх онгоцны нислэгийн электрон тийзээ ч үзүүлэв. Дээр нь нэмээд зочид буудлын захиалгын хуудас... Нэлээн удаан шалгуулсан. Эцэст нь нэг юм хилээр нэвтрэхийг зөвшөөрч тамга дарж өгөв.
Франкфуртын нисэх буудалд хэдэн цагийг өнгөрүүл
ээд дараагийн нислэгтээ суулаа. lufthansa компанийн онгоцоор Франкфуртаас Испани улсын Барселона хот руу нисэв. Барселона хотод оройны 20:00 цагийн үед газардав. Ачаа тээшээ авсаар баятайл 21:00 цаг дөхөв. Зөөлөн уур амьсгал, шиврээ бороотой угтав. Нисэх буудлын гаднаас нь автобусанд сууж захиалсан зочид буудлынхаа ойролцоо буув. Нисэх буудлаас хотын төв хүртэл автобусны тасалбар 6 евро 75 цент.
Автобуснаас буугаад бага зэрэг төөрч будилсаар зочид буудлаа олов. Цагийн зөрүү их учраас нүд анилдаад шуудхан л унтав. Харин өглөө нь эрч хүч дүүрэн сэрээд Барселона хотын гудамж метрлэх үндсэн ажилдаа оров.
Бороотой өглөө угтав. 2023 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатарт модны навч шарлаагүй байсан бол Барселона хотод аль хэдийнээ алтан намар жинхэнэ утгаараа айлчилжээ. Бороо орж байсныг үл ажран явганаар зугаалав.
Пакистан худалдагчтай жижиг дэлгүүр орж Lycamoblie хэмээх операторын сим карт 10 еврогоор худалдан авлаа. Сим карттай гэдэг маань интернэттэй гэсэн үг. Интернэттэй хүн дэлхийн хаана ч очсон алзахгүй. Бас Барселона хотын метро, автобус, трамвайгаар 2 өдрийн турш чөлөөтэй зорчих тасалбар 16 евро 40 центээр худалдан авлаа.

Хотын төв орж жуулчид хамгийн их очдог газруудаар нь зугаалав. Барселона хот уран барилгаараа алдартай юм байна. Энэ хотод XIX зууны үед амьдарч байсан Антонио Гауди хэмээх архитекторчийн зураг төслөөр барьсан барилга байгууламжууд олон байдаг аж. Интернэт ухлаа. Архитекторч Антонио Гауди 1852 онд төрсөн хүн аж. Тэрээр 1878 онд архитектурын сургууль төгсөөд барилга байгууламжийн зураг төсөл гаргах ажилд орсон байна. Антонио Гаудигийн хамгийн анх ажил нь Барселона хотын төв талбайн гудамжны дэнлүүний шонгийн зураг төсөл байжээ. Антонио Гауди бүх ухамсарт амьдралаа уран барилгын загвар гаргахад зориулсан бөгөөд огт гэрлэж байгаагүй. Жозеф Моро гэдэг бүсгүйд дурлаж гэрлэх санал тавьж байсан ч цаадах нь зөвшөөрөөгүй аж. Бүтэлгүй дурлалын дараа Антонио Гауди католик шашинд гүн сүсэглэх болжээ. Антонио Гауди хаагдмал, их зантай, биеэ тоосон бүдүүлэгдүү гэмээр хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Гэвч түүнийг сайн мэддэг хүмүүс "Антонио Гауди үнэнч зан чанартай, нөхөрлөлдөө үнэнч хүн байсан" гэж дурссан байдаг. Идэр залуу насандаа Антонио Гауди маш дэгжин байжээ. Үнэтэй хослол өмсөж, үс, сахал нь ямагт цэгцтэй байв. Дээд зэрэглэлийн ресторанд хооллож, дуурь, бүжгэн жүжиг байнга үздэг байжээ. Харин хичээл насанд ирээд гадаад зүс төрхдөө анхаарахаа больжээ. Өөр хоорондоо авцалдахгүй хувцаслаж, маш даруухан байдлаар хооллох болов. Гудамжинд явж байхад нь ядуу гуйлгачин гэж эндүүрч байсан тохиолдол ч гарч байж.
1926 оны 6 дугаар сарын 7 ний өглөө Антонио Гауди тогтмол очиж мөргөл үйлддэг сүм рүү явах замдаа трамвайнд мөргүүлж бэртсэн байна. Ямар ч бичиг баримтгүй, тун муухай хувцасласан өвгөнийг хэн ч алдарт архитекторч гэж таниагүй бөгөөд нэлээд цаг алдсаны эцэст ядуусын эмнэлэгт хүргэжээ. Түүнд анхан шатны тусламж үзүүлсэн байна. Маргааш нь түүнийг Антонио Гауди гэж таньсан бөгөөд эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлсэн байна. Гэвч тухайн үед Антонио Гаудигийн биеийн байдал нэлээн дордсон байж. Осолд орсноос хойш 3 хоногийн дараа Антонио Гауди амьсгал хураажээ.
Антонио Гаудигийн зураг төслөөр бүтээн байгуулсан хамгийн алдартай барилгуудын нэг нь Саграда Фамилиа (Sagrada Familia) сүм юм. Анх энэ сүмийн зураг төслийг Франсиско дель Вильяр хэмээх архитекторч гаргаж 1882 оноос барьж эхэлжээ. 1883 оноос Антонио Гаудиг энэ төсөлд урьж оролцуулжээ. Сүмийг сүсэгтнүүдийн хандиваар барьж байгуулна гэсэн гол болзолтой. Иймээс 2023 оны 10 дугаар сар хүртэл барилгын ажил үргэлжилжээ. Ийнхүү 140 жил барилгын ажил үргэлжилсэн байна. Намайг 2023 оны 8 дугаар сарын сүүлээр очиход Саграда Фамилиа сүм иймэрхүү байдалтай байлаа.
Барселона хотод үзсэн дараагийн нэг барилга нь "Каса Мила" хэмээх барилга. Антонио Гаудиг алдаршуулсан барилгын нэг. 1969 онд энэ байшинг Испанийн үндэсний дурсгалт барилгаар бүртгэгдсэн. НҮБ-ын соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО уран барилгуудыг дэлхийн өвд бүртгэдэг бөгөөд ХХ зуунд баригдсан барилга байгууламжаас "Каса Мила" байшинг хамгийн түрүүнд (1984 онд) бүртгэн авчээ.
Дараа нь Барселона хотын төв талбайг нь үзлээ. Гоёмсог уран баримал, хөшөө дурсгал, усан оргилууртай сайхан цэлгэр талбайтай юм билээ.
Барселона хотод ПРИУС 40, 41 таксинд явж байна лээ. Барселона хотын гудамж нэг иймэрхүү. Барселона хотод үнэтэй ресторанд хооллосонгүй. Харин Mc Donalds орж бургер идэж, нэг бол томоохон өөртөө үйлчлэх дэлгүүрийн хүнсний тасаг орж бэлэн юм идэж явлаа. Барселона хотод бургер, газтай ундаа, шарсан төмсний багц нь 6.20-с 9 еврогийн хооронд хэлбэлзэж байв.
Барселона хотод үнэ төлбөргүй үзэж болох хэд хэдэн музей байна лээ. Жишээ нь Барселона хотын музей (Museu d Història de la Ciutat Barcelona) үнэ төлбөргүй. Хотын музейг 1943 онд байгуулжээ. Музей хэд хэдэн барилга байгууламжаас бүрддэг юм байна. Газар доорх хонгил ч музейн нэг хэсэг гэж тооцогддог. Музейн барилга байгууламжийн талбайн хэмжээ нь 4000 кв.метр. Нийтдээ 35000 үзмэр, эртний эд өлгийн зүйл хадгалжээ. Сонирхол татсан нэг том үзмэр: эртний цаг.
Музейн дотор талбай
Барселона хотын эртний дүр төрх
Эртний шаазан аяга, таваг
Барилгын чимэглэл
Авдар
Барселонад байхдаа үзсэн өөр нэг музей бол Фредерик Маресын нэрэмжит уран баримлын музей. Музей Барселона хотын Готик хороололд хоёр давхар байшинд байрладаг. Нэгдүгээр давхарт нь Иберийн үеэс XV зуун хүртэл уран баримал, хоёрдугаар давхарт нь XV-XIX зуун хооронд бүтээгдсэн баримал дэлгэн үзүүлжээ.
Барселонад байсан хоёр дахь өдрөө тэнгисийн эрэг дээр очив. Торгон зөөлөн элсэн дээр хөл нүцгэн алхав. Тэнгисийн хүчит давлагаанд эрхгүй сүрдмээр юм билээ.
Барселонад хүнсний дэлгүүрийн үнэ ханшийг сонирхуулъя.
Барселонад байсан хоёр дахь өдрөө Барселона хотын авто вокзалаас Парис руу хөдлөв.