Ингэхэд цагаан сарыг хэзээнээс эхлээд тэмдэглэдэг болсныг хэн ч яг таг он сараар нь хэлж мэдэхгүй. Монголын ард түмэн нийтээрээ сайн дураараа тэмдэглэдэг цорын ганц баяр бол цагаан сар. Социалист нийгмийн үед энэ баярыг тэмдэглэхийг тас хориглож байсан гэж байгаа юм. Гэсэн хэдий ч хүмүүс нууцхан байдлаар тэмдэглээд л байж л дээ. Аргаа барсан дарга нар малчидын баяр болгож тэмдэглэхийг зөвшөөрч байсан гэж байгаа. Харин 90-ээд оноос хойш бол улс нийтээрээ л цагаан сарыг хийж байх шив дээ.
Энэ үлгэр домог нь ч яахав. Харин Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтрэхээр утга учраа алдаад шог үзэгдэл болж хувирдаг жамтай юм хойно. Өвөл болж хүйтэрхээр ханиад томуу дэлгэрдэг шиг 2 сар гарахаар монголд “цагаан сарын солиорол” гэдэг тахал дэгдэх болжээ. “Цагаан сарын солиорол” өвчний вируст хамгийн өртөмтгий хүмүүсийн бүлэг гэж байгааг сэтгэл судлаачид тогтоожээ. 40 оос 60 хүртэлх насны эрэгтэй, дээл өмсдөг, хүзүү бугуйн тус газраа эрх зүүдэг, ёс заншил, түвд цагаан толгой сайн мэддэг гэж өөрийгөө боддог зурхайч гэдэг мэргэжилтэй хэсэг хүмүүс энэ вирусээр халдварлах эрсдэл ихтэй байдаг гэнэ.
Зурхайч нар “цагаан сарын солиорлын” вирусийн халдвар авсаны анх шинж тэмдэг нь өөрийн гэсэн цаг тооны дэвтэр нэртэй дүүрэн хүснэгттэй жижигхэн ном хэвлэснээр илэрнэ. Дараа нь миний зохиосон цаг тооны бичиг гарцаагүй “ЯГ ҮНЭН” гэж сонин хэвлэлээр дамжуулан орилсноор өвчний вирус 2-р шатандаа орно. За тэгээд л нөгөө зурхайч нар хэдэн хэсэг болоод л минийх зөв, чи бол ичих нүүргүй, ард түмнийг мунхруулж байгаа худалч этгээд гээд талцаад зодолдохоос наагуур юм болно шүү дээ. Тэрбиш, Намсрай, үзмэрч гэж нэг хэсэг өргөмжлөгдөж байсан, Рембо ч бил үү , Ромбо ч бил үү гаригийнхантай 90-ээд оны эхэн үеэр ах дүүгийн цусан барилдагатай болсон Дашцэрэн, англи хэлний багш, уран илтгэгч, зураач, зохиолч, дуучин гээд давхар олон мэргэжилтэй Арго гэх мэтийн хүмүүс зурхайчдын маргааны тэргүүн эгнээнд энэ жил яваа юм. Арго зурхайч гуай цагаан сарыг 2 сард хийх нь шал буруу. Харин бүүр намар 9 сард хийх хэрэгтэй гэж шинэ нээлт хийжээ.
Зурхайчдыг түр мартаад жирийн иргэд рүү харцгаая. Цаг тооны бичгээ цээжээрээ хамгаалах гээд зурхайч нар хоорондоо үзэлцээд завгүй байх хооронд жирийн ард түмэн нь хэнийх зөв юм бол гэлцэж хэсэг манарч сууснаа ямар ч л байсан цагаан сар хийнэ гээд ууц, буузаа бэлдэж, гэр орноо цэмцийлгээд, бэлэг сэлт цуглуулаад борви бохис хийлгүй хөлсөө гоожуулна даа. Шинийн нэгний өглөө зүг мөр гаргана гэж чухал ёс гүйцээнэ ээ. Шинийн нэгний өглөө сэрээд цонхоор харах юм бол байрны гадаа амандаа бутнаж, цаас урж тасдаж, чүдэнзний мод зурж, хугалж, даавууны өөдөс тасархай газар булж орчин тойрондоо хог тарьж байгаа хүмүүсийг түвэггүй харж болно. Тэгээд будилж маргаж, манарч байж нэг юм цагаан сараа хийнэ дээ. Баярын гурван өдөр зүс мэдэх бүх айлуудаараа хэсэж, гэрийн эзэнд нь такс төлж бууз идэж, зуун граммаар зоригоо чангалаад гарахдаа заавал бэлэг аваад дараагийн айлыг зорино доо. Иймэрхүү байдлаар гурван өдрийг барна шүү дээ. Хэт ёсорхог нэг нь шинийн нэгэндээ тэднийд багтаж золгоно гээд шөнийн 12 цаг болж байхад ч хамаагүй айлын хаалга тогшиж байж мэднэ. Аюултай ёс заншил шүү.
Шинийн дөрвөн таванд нь аягүй бол ажлын газарынхан ч хүрээд ирэх нягууртай.
Дараа нь жилийн барцад засал хийлгэх нээрээр зурхайч ахын үүдэнд нь оочерлож байж баахан түвд номын нэр бичүүлж аваад оронд нь хэдэн төгрөг төлнө. Аль нэг сүм хийдээр орж зурхайч ахын хэлсэн номыг уншуулаад баахан мөнгө төгрөгөө үрэн тарах хийж санаа нь амарснаар цагаан сарын солиорол өвчин аяндаа алга болж байгаа юм даа. Вирустэй хамт цагаан сарын марафон ч өндөрлөнө. Нүсэр баярын дараа монгол айл болгон хатсан мах, хатуу боов, хаях хайран, хэрэглэхэд хэцүү бэлэгтэй үлдэнэ дээ. Харин дараа жилийн 2 сард нь дахиад л вирус гарч тахал тархадаг юм даа.
2 comments:
yooy neeree ene tsagaan sar aimar shuu te kkke
keke, hetsuu bayar daa.
Post a Comment