Амьдралын тойрог

2008-05-03

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ БЛОГЧИД ОО ! ! !

Сүүлийн хэд хоног сэтгүүлчид “хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж байна” гээд сэтгэл нь догдлоостой. Мэдээлэл тараах зэвсэг эзэмшдэг гэдэгээрээ далимдуулаад “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” –ийн тухай чамгүй л бичиж, ярьж байна. “FREEDOM HOUSE” олон улсын төрийн бус байгуулагаас гаргасан жагсаалтад хэвлэлийн эрх чөлөөгөөрөө Монгол улс дэлхийн 195 улсаас 81-р байранд нь орж байгаа гэнэ. Харин манай хоёр хөрш нэлээн хойгуур давхиж явна. Оросууд энэ жагсаалтын 170-р байранд, харин хятадууд163-рт бичигдэж. Монгол улс бол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг тодорхойлолт авчээ. Хагас байгаа эрх чөлөө бүтэн болох болтугай.

Сонин хэвлэлд ажилдаг хэдэн хүний л мэргэжлийн баяр юм байна гээд ойшоохгүй байж болохгүй шүү найзуудаа!!! Блог бичдэг хүмүүсийн хувьд ч бас энэ тэмдэглэлт өдөр хамаатай. “Иргэний сэтгүүл зүйг” үүсгэгчид нь блогчид. Блогийн ачаар хэн нэгэн нь бусадтай танилцаж, зарим нэг нь шинэ мэдлэг авч, нөгөө хэсэг нь үзэл бодол нэгтэнээ олж, эсрэг тохиолдолд эсрэг тэсрэг бодолтонтойгоо ч эчнээгээр учирсан биз. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн ажилтнуудын хувьд заримдаа блогчид мэдээлэл олж авах анхны эх сурвалж нь ч болдог байна. Монголд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн цаана аль нэг улс төрийн хүчин нуугдаж байдаг нууц биш. Мэргэжлийн сэтгүүлчдийн зарим нь ардчилалын хоточ нохой нь биш, харин олигархуудын хаяа манадаг банхар болоод хувирчихсан. Ийм нөхцөлд “иргэний сэтгүүл зүйн” ажилсаг шоргоолж гэгддэг блогчид нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм даа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе “иргэний сэтгүүл зүйн” үнэнч блогчид оо...

No comments: