Амьдралын тойрог

2008-05-06

Эрлийз хэл

Хэлтэй бол хөлтэй гээд гадаад хэл сурах хөдөлгөөн монголд өрнөөд олон жил болж байгаа. Ганц хоёр гадаад үг цээжилсэн хүмүүс монголоор ярихдаа хольж хутгаад төрөлх хэлээ эрлийз болгоод байгаа юм. Монголчууд эрлийзүүдэд үнэн голоосоо дургүй хэрнээ үндэсний хэлээ өөрсдөө эрлийз болгоод байгаагаа юман чинээ санахгүй. Гадаад хэлний сургалттай цэцэрлэгт явдаг ач зээ нараа харь хэлээр дуулахаар нь юу гээд байгааг нь ойлгохгүй хэрнээ алга ташаад баясаж суугаа эмээ өвөө нар Улаанбаатарт олон байгаа даа.

Аливаа үндэстэн оршин тогтнохын баталгаа нь түүх, соёл, төрөлх хэлээ мэддэг байх явдал гэж суутнууд хэлсэн байдаг юм. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил. Үндэсний соёлоо мэдэхгүй бол сохор хүнтэй адил. Үндэсний хэлээ мэдэхгүй бол…

Монголчууд крилл цагаан толгой авч хэрэглэсэнээр орос хэл амархан сурсан гэдэг бол шал худалаа. Өдий олон жил болоход монголчууд оросоор сайн ярьж бичдэг болж чадаагүй. Эрх биш орчинд нь очиж орос талх, борщ таван жилд идээд ирсэн хүмүүс л дориун суржээ. Үүнтэй адил одоо латин үсэг хэрэглэснээр монголчууд англи хэл амархан сурна гэвэл санасаны гарз гэж МУИС-ийн нэг багш бувтнаж байхыг хоёр дэлдэнээрээ сонсов. Харин ч монголчууд нийтээрээ буруу ярьж зөв ойлгодог болцгоосон нь крилл үсэг авч хэрэглэсэнтэй холбоотой гэнэ. Крилл хэлний зөв бичгийн дүрмийг тоолох юм бол хоёр зуу хол гарна. Энэ олон дүрмүүд нь хоорондоо зөрчилддөг. Зарим хүмүүс гээгддэг эгшигийн дүрмийг эрс буруутгадаг байна. Үгийн сүүлд ямар нэгэн дагавар залгах үед сүүлчийн үеийн эгшигийг гээж байгаа нь хүний бөгсөн биеийг тайраад авч байгаатай дүйцэх хэрэг гэж “Хүмүүн бичиг” сонинд ажилдаг нэг ах ярьж байна.

Зарим нэг гадаад нэр томъёог монгол руу орчуулах гэхээр оновчтой үг олдохгүй юм. Нэг англи үг монголоор наад зах нь хоёр гурван холбоо үг болоод үнэн ядаргаатай. Шууд л англиар нь хэрэглэсэн нь дээр гэх бодолтой залуус олон тааралддаг. Гадаад үг хольж хэрэглэх тусам монгол хэл үндэсний гэх шинжээ алдаж байгаа юм. Эцэстээ монгол хэл эрлийз болоод “Би оросоор плохо говорю. Иногда хольж говорю”, эсвэл “Give me талх and масло” гэдэг онигоо шиг юм болох вий дээ. Буриадууд оросын нөлөөгөөр төрөлх хэлээ авах юмгүй аймаар эрлийз болгожээ. Жишээ нь явах гэдэг үйл үгийг би явахую, чи явхуешь, тэр явхует гээд хувиргадаг болжээ. Хөгийн юм болсон байгаа биз.

No comments: