Амьдралын тойрог

2012-11-01

Цөхөрч гүйцэх нь ээ.

Түрүүчийн 7 хоногт хатигаа шахуулаад антибиотик, витамины комплекс авч уулаа шд. За ямар ч байсан нэг асуудал шийдэгдсэн. 

Одоо дараагийн шийдэх асуудал тулгараад байна аа. Хялбархан шийдэж болох бичиг цаасны асуудлыг Оросууд шийдээд өгчихгүй хогийн байна аа.  Энэ миний амьдарч байгаа Орос улс хэзээ хүнд сурталаассаа салж, хэзээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг болох юм бол оо? 

Эсвэл миний амьдралын нэгээхэн хэсэг яагаад заавал энэ улстай холбогдох ёсой юм бэ? За MNED минь сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй шүү. Энэ асуудал бол өчүүхэн саад тотгор гэж өөрөө өөртөө хэлээд сууж байна.

Өөрөөсөө шалтгаалахгүй байгаа асуудлын төлөө хий дэмий шаналаад өөрийгөө л зовоохын нэмэр юм даа гэж бодоод сэтгэлээ сэргээх санаатай гадуур явж кино ший үзлээ. Москвад болж байгаа кино фестиваль очиж үзлээ. "Нобелийн гэрээслэл" гээд нэг сайхан кино үзсэн юм байна. 
Сониноос сүүлийн үед тэнхимдээ референтээр ажилладаг нэг орос охинтой сүрхий найзууд болоод байгаа. Түрүүчийн 7 хоногт өнөөх маань надад, бас нэг хятад охинд зориулж блины хийгээд авч ирсэн. Амттай л блины хийдэг юм билээ гэж дүгнэсэн дээ. Зураг хөргийг нь гар утасны камераар авсан юм. Даанч компьютер руугаа хуулж амжаагүй. Линь гэдэг хятад охинтой зэрэгцэж суугаад өнөөх блиныг нь идэж л орхисон.  Уг бол блиныг Оросууд хавар голдуу хийдэг. 3 сарын эхээр нар эргэж ирж байгааг бэлгэдэн блин хийдэг заншилтай. Гэхдээ амттай идэх юмыг хэзээ ч хийж идсэн яахав дээ тээ? 

Мартсанаас бас энд сурдаг оюутан тува үндэстэн ангийн хүүхэдтэй танилцсан юм байна. VKONTAKTE  гээд оросын social network-д нэлээн дээр бүртгүүлсэн байсан. Саяханы нэг өдөр ангийн тува жаал өөрөө танилцая гээд хандараад байсан шд. Хэд гурван үг сольж бичиж байгаад хальт бараагаа харалцсан.  Ер нь энд манай ангийнханыг их гадуурхдаг болохоор ихэнхи нь чимээгүйхэн байхыг л хичээдэг юм даа. 
За үг ихдэж, үхэр холдох нь. Тэмдэглэлээ энэ удаагаа дуусгая. 




2012-10-26

Орь дуу тавих мөч


Сүүлийн өдрүүдэд элдэв янзийн асуудал шийдэх гээд нэлээн стресстэж, нойрноос гарч, хоол идэх ч хүсэлгүй л явж байна шүү. Халагдах цэргийн сүүлийн жил нэлээн хатуухан байдаг гэдэг дээ. Энэ үг үнэн бололтой. Ядарч явахад янз бүрийн нүдэнд харагддаж, гарт тэмтрэгддэггүй бактерууд хүртэл дээрэлхээд байна. Баруун хөлний гуя чимчигнээд нэг л биш оргиод хэд хонов. Анагаахынханд үзүүлсэн чинь хатиг гарсан байна гэж оношиллоо. Сордог лент наагаад хэд хонуулчих. Толгой нь гараад ирэхээр шахаад, цэвэрлээд өгнө гэж байна. Гуяан дээрээ цагаан лент наагаад гурван хоног явлаа. Эцэст нь нөгөө хатиг хагалуулж, яргалуулах аймшигт өдөр нь ирлээ дээ.
Таван минут л тэсчих. Тэгээд л өвдөхгүй болно гэж эмч намайг аргадлаа. Хаа холын Перу улсаас ирсэн баавгай стилийн булиа тэр эр эмч мэргэжилтэй. Мэргэшил нь мэс засалч. Наад чинь ядах юмгүй. Зүсээд, огтлоод, шахаад аваад хаячихна гээд Перу эмч тоож байгаа юм алга. За тэгээд би өмдөө тайлаад, гуяа гаргаад, доошоо хараад л хэвтлээ дээ. Өвдөлт тэсвэрлэж даах чадвар муутайг минь хэлэх үү. Би ч хэд сайн янгуучилж орь дуу тавьлаа шд. Таван минутын дараа бүх юм дуусаад би ч тайвширлаа.
Халуун хүйтэн харшилаад, арьсны сүв бохирдсоноос, дээр нь биеийн эсэргүүцэл сулхан шиг бол тэгээд л  хатиг гардаг гэж анагаахынхан хэлж байна. Өвлийн сэрүү орж байгаа энэ үед сургуулийн хэдэн байшингийн хооронд хөлсөө гоожуулаад наашаа цаашаа гүйгээд байсан чинь ийм юм болж л дээ.
Үрэвсэлийн эсрэг антибиотик, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор витамины комплекс авч уугаарай гээд эмийн жор бичиж өгсөн. Бичсэн эмийг нь уугаад л сууж байна.
За ингээд амьдралаа анх удаа Перу эмчээр эмчилгээ хийлгэж үзлээ дээ.  Амьд явах хугацаандаа хүн элдэвийн юмыг үзэж, даван туулах юм даа.

2012-10-17

Орда

Оросууд монголчуудад эзлэгдээд байсан үеийн түүхийг харуулсан ийм нэг шинэ кино Оросууд хийсэн байна. Хэд хоногийн өмнө кинотеатр орж үзлээ. 

Товчхондоо таалагдгүй. Монголчуудыг арай дэндүү халтараар дүрсэлжээ. Оросууд сүүлийн үед монголын түүхийн тухай кино хэд хэдийг хийж байна. Цаад санаа нь юу л бол доо? 

Золотая Орда улсын хааны ээж гэнэт сохорчээ. Монгол эмч домч, бөө нар, өвс ногоо, малын өтөг бууц хүртэл хэрэглэсэн боловч юу ч тус болсонгүй. Ингээд аргаа бараад Москвагийн хамба ламыг залж авчирч байгаагаар кино эхлэж байна. 


Киноны дунд хэсэгт нь жаахан зүүрмэглээд авсан. Арай гэж л тэвчээр зааж киног дуусгасан. Дараа нь энэ киноны талаар энд амьдардаг нэг монгол бүсгүйтэй санал бодлоо хуваалцсан юм. Тэгсэн чинь тэр надаас өмнө тэр киног үзсэн юм байна. Би тэр тэнэг киног дуустал нь үзэлгүй дундаас нь хаяад гараад явсан ш дээ гэж тэр хуучлав.