Амьдралын тойрог

2019-08-18

Хятадын нутгаар хөндлөн гулд аялсан нь 3-р хэсэг

Жанжиажэ хотын Улинъюань (Wuliugiuan) дүүрэгт

Жанжиажэ том хотын гал тэрэгний буудлын барилгаас дөнгөж гармагц ширүүн бороо асгарлаа. Бороо намдахыг хүлээхээр галт тэрэгний буудлын барилга уруу эргэж оров. Жижиг хотын галт тэрэгний буудал учраас харуул хамгаалалт нь арай гайгүй. Чемоданаа чирээд галт тэрэгний буудал руу эргээд ороход рентген төхөөрөмжөөр тээшээ шалгуул гэж шаардсангүй. Бороо намдахаар нь галт тэрэгний буудлын барилгаар гарч авто вокзал уруу нь алхав. Авто вокзал нь галт тэрэгний буудлаасаа ердөө 100 метр зайтай аж. Жанжиажэ том хот биш. Оршин суугчдын тоо нь ойролцоогоор 1.496.000.

Жанжиажэ хот Улинъюань (武陵源区), Юндин (永定区) гэсэн хоёр дүүрэгтэй. Мөн Санчи (桑植县), Цыли (慈利县) гэсэн хоёр гацаатай.

Өнөө бидний очиж үзэх гээд байгаа Шилэн гүүр, “Аватар” киноны найруулагч Жеймс Кэмерон (James Cameron) алдарт “Аватар” киноны зураг авах сэдэл өгсөн үзэсгэлэнт уул Жанжиажэ хотын Улинъюань дүүрэгт бий. Жанжиажэ хотын галт тэрэгний буудлын яг хажууд нь байдаг авто вокзалаас 13 юань төлж автобусанд суугаад 1 цаг гаруй явж Wuliugiuan дүүрэгт очлоо. Гар утасны цагаа харлаа. 20:30 болж байна. Жанжиажэ хотод орж байсан бороо дагаад ирсэн бололтой. Улинъюань дүүрэгт ч бас бороо шивэрнэ. Жанжиажэ хотоос ирсэн автобус Улинъюань (Wuliugiuan) дүүргийн авто вокзал дээр зогслоо. Авто вокзалын хажууханд нэг иймэрхүү дэлгүүр хоршоо олон.


Е бид хоёр Монголоос явахын өмнө Booking.com сайтаар дамжуулан Жанжиажэ хотын Улинъюань дүүрэгт ирээд зочид буудал захиалсан юм. Гэвч захиалсан зочид буудалдаа очсонгүй. Яагаад гэвэл захиалсан зочид буудалдаа очихын тулд Улинъюань дүүргээс дахиад автобусанд суугаад нэг цаг гаруй явах болж таарав. Таксидна гэвэл 100 юань болно гэнэ. Түүнээс зочид буудлын үнэ хөлсийг нь олон улсын картаар биш, очсон хойноо бэлнээр нь төлөхөөр байв. Иймээс ямар ч эрсдэлгүй. Ингээд Е бид хоёр ярилцаж байгаад захиалсан буудлаа зүгээр л мартаад, өөр зочид буудал хайхаар боллоо. Хэд хэдэн жижиг зочид буудлаар шагайлаа. 
Эцэст нь өрөө нь сэтгэл нийцсэн саруул өрөөтэй, хоёр ортой, бас үнэ нь хямд зочид буудал оллоо. 2 шөнө хоноход 2 хүний 240 юань. Е бид хоёр Улинъюань дүүргийн авто вокзалаас холгүй зочид буудлыг сонгов. Зочид буудалд орж шүршүүрт орж замынхаа тоос шорооноос салав. Дараа нь оройны хоол идэхээр гарлаа.
Е бид хоёрын оройн хоол ийм байлаа. Нэгдүгээр хоол пүнтүүзтэй шөл, хоёрдугаар хоол мөөгтэй өндөгтэй хуурга. Үнэ нь 98 юань. 



Өмнөх шөнө нь галт тэргээр нойргүй явсан учраас их ядарчээ. Сайхан унтаж амраад маргааш өглөө нь сэрээд Шилэн гүүр явах болов. Улинъюань дүүргийн авто вокзалаас 11 юань төлж Шилэн гүүр рүү явлаа. 

(Энэ бол Жанжиажэ хотын Улинъюань дүүргийн авто вокзал (bus terminal)-ын барилга нь шүү. )

Англиар бол Glass bridge and Grand  Canyon гэсэн байна лээ. Шилэн гүүр болон Гранд Каньон руу орох тасалбар 1 хүний 219 юань. Тасалбар аваад орлоо. Гэтэл Шилэн гүүр рүү мэргэжлийн болон хагас мэргэжлийн зургийн аппарат, камертай оруулахгүй гэнэ. Зөвхөн гар утастайгаа л орох юм гэнэ дээ. Үүрч яваа зургийн аппаратаа хэнд, хаана үлдээх үү? гээд асуулаа. Тусгай локер бий. 1 хоног нь 5 юань гэлээ. Локерт нь очвол бэлэн мөнгөөр үйлчилдэггүй автомат аж.  Хятадууд бол гар утсаа ашиглаад QR кодыг нь уншуулаад төлбөр тооцоогоо түвэггүй хийчихнэ. Шилэн гүүр уруу ороход шалгадаг хятад бүсгүй уруу очоод учир байдлаа хэллээ. Тэгсэн,  өнөө хятад бүсгүй: "Та хоёр надад бэлэн мөнгөө өгчих. Би гар утсаараа QR кодыг нь уншуулаад өгье. Та хоёр зугаалж дуусаад буцаад эндээ ирээд намайг олж уулзаарай. Би 17:00 цаг хүртэл ажиллана" гэлээ. За ингээд хятад бүсгүйн тусламжтайгаар локерт нь зургийн аппаратаа үлдээгээд Шилэн гүүр рүү орлоо доо. Шилэн гүүрний тухай сэтгэгдэл: миний сэтгэл учиргүй догдолж, гайхаж биширсэн мэдрэмж төрөөгүй ээ. 

Шилэн гүүрийн макет


Шилэн гүүрэн дээр хүн ихтэй. Шилэн гүүр рүү гарахын тулд гуталныхаа гадуур хар өнгийн улавч өмсдөг юм билээ. Улавчийг нь үнэгүй тараана. Үнэгүй ч гэж дээ... Билетийн үнэд нь шингээсэн л байж таараа. Гүүрний цаана гараад улавчийг нь тайлж хураалгана.


Хоёр уулын оройг холбосон байдаг л нэг дүүжин гүүр. Гүүрний зарим хэсэгт нь шилэн цонх гаргасан. Өөр гойд юмгүй. Харин гүүрээр гатлаад  өндөр хадан уулаас шатаар доошлон Гранд Каньон дундуур явахад л сайхан байлаа. 



Гранд Каньонд байсан өөр нэг аттракцион бол канатын замаар доошоо буух байлаа. Бөөн кайф..... Үнэ нь 30 юань. Харамсалтай нь зурагаа авч чадаагүй.

Гранд Каньоны мухарт нь хүрээд үнэ төлбөргүй гатлага завинд бууж буцна. Үнэгүй ч гэж... Бас л билетийн үнэд нь шингээсэн л байж таараа. Завинаас буугаад Гранд Каньоноос гарлаа. Гэтэл анх шилэн гүүрээр орсон газраа биш, шал ондоо гарцаар гараад ирж. Ингээд буцаад Шилэн гүүр уруу гарсан газар уруугаа алхах боллоо. Намайг бодвол хамт яваа Е маань газрын чиг баримжаа олохдоо арай дээр юмаа. Шилэн гүүр уруу орчих зам энэ байна гээд яг зөв тодорхойлж байна. Машин зам дагаад ойролцоогоор 10 мин алхав. Хажуугаар автобус сүнгээд л өнгөрнө. Алхаад очно гэдэг бүтэхгүй нь ээ гэж би бодлоо. Ингээд азаа үзэхээр шийдлээ.
-Хоёулаа хэдий удаан алхах вэ дээ. Ерөөсөө одоо доороос дээшээ өгсөж байгаа машинд гар өргөөд үзье. Авто стоп хийнэ ээ гэж би Е-д хэллээ. Е эргэлзсэн байдалтай:
-Бид хоёрыг хараад жолооч нь авах уу?
-Би царайлаг юм чинь намайг хараад зогсож л таараа гэж би тоглоом наргиа болгож хэллээ.
Ингээд нээх удаагүй байтал уул өөд өгсөөд дороос нэг хар жип гараад ирлээ шүү. Би ч хоёр гараараа даллалаа. Жолооч нь зогслоо. Нэг туранхай хятад залуу байна. Царайг нь харвал нас нь 25-аас хэтрэхгүй байх. “Шилэн гүүр орох гэсэн юм. Тэнд бид локерт нь зургийн аппаратаа үлдээчихсэн. Эргүүлээд авах хэрэгтэй байна. Зам дөхөж болох уу?” гэж асуулаа. Жолооч залуу зөвшөөрч байна. Машинаар 15 минут орчим яваад жолооч “Шилэн гүүрийн орох хаалга дээр ирлээ” гэж хэллээ. Би “Хэдэн юань төлөх вэ?” гэж асуув. Жолооч “Мөнгө өгөөд хэрэггүй ээ” гэж байна. Баярлалаа гэж хэлээд л Е бид хоёр буулаа. Ингээд Шилэн гүүрний билет шалгагч хятад бүсгүй дээр очоод “Бид ирлээ” гэж хэлэв. Хятад бүсгүй Е бид хоёрыг дагуулан локер уруу очоод гар утсаараа QR кодыг дахин уншуултал локер автоматаар нээгдэж, дотроос нь цүнхтэй зургийн аппаратаа авлаа. Би Е-д хандан “За одоо хаашаа явах хүсэлтэй байна? Cable car, хадан хавцал дагуу байгуулсан Байлун гэдэг лифт, Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тяньзи уул, Баофэн нуур гээд газрууд байгаа. Алийг нь очиж үзэх үү? Е маань “Хоёулаа Улинъюань дүүрэг рүү буцъя. Би өлсчихлөө. Бас тэндэхийн хувцас зардаг дэлгүүрээр нь орж үзье гэлээ. Би зөвшөөрлөө. Учир нь би 2015, 2016 онд Хятадаар аялахдаа Cable car, хадан хавцал дагуу байгуулсан Байлун гэдэг лифт, Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тяньзи уул, Баофэн нуур гээд бүгдэд нь очоод үзчихсэн байсан. Би Шилэн гүүрийг нь л үзээгүй байсан юм. Ингээд автобусанд суугаад Улинъюань дүүрэгт буцаж ирлээ. Үдээс хойш 14:30 цаг. 
Улинъюань дүүрэгт ирээд хоол идэж гэдэсээ дүүргээд дараа нь хэд хэдэн дэлгүүр хоршоогоор нь орлоо. 


Улинъюань дүүрэгт идсэн өдрийн хоол. Үнэ нь 15 юань. 


 
Өдрийн хоолнй дараах десерт. Зайрмаг 6 юань





Хоол идээд, хэдэн дэлгүүр хэссээр Улинъюань дүүргийг бараг тойрчихлоо. Ингээд зочид буудалдаа ирж хэсэг амрав. Орой харуй бүрий болмогц буудлаасаа гарлаа. Худалдааны гудамжаар нь дахин эргэлдэв. Ингэж яваад давсагаа суллах физиологийн шаардлага гардаг юм байгаа биз дээ.  YOUTH HOSTEL  гэсэн хаягтай дэн буудал руу яваад орж бие засав. Гэтэл дэн буудлын үүдний хэсэгт нь хэдэн хятад бүсгүйчүүд караоке дуулж байна. Сонссон чинь хятад охин япон дуу дуулж байлаа. Наад талд нь бас хэдэн хятад залуу бильярд тоглож байна. Бильярдын ширээ хармагц Е-ийн нүд сэргээд ирэв.  YOUTH HOSTEL гээд дэн буудал их аятайхан тохижилттой юм билээ. Чөлөөт номын сан,  шатар даам,  караоке, бильярд нь үнэгүй юм байна. Е хятад залуучуудтай бильярд тоглов. Энэ зуур би үнэгүй караокед нь ганц нэг японоор дууллаа. Тэр үдшийг бол зугаатай л өнгөрөөсөн. Ингээд оройны 23:30 гээд Е бид хоёр өөрсдийнхөө буудалд эргэж ирлээ. Хятадын төв хэсэгт байдаг Жанжиажэ хотын 
 Улинъюань дүүрэгт би ийнхүү 3 дахь удаагаа ирэх хувьтай байжээ гэж бодсоор унтлаа.
Үргэлжлэл бий.

2019-08-02

Хятадын нутгаар хөндлөн гулд явсан нь 2-р хэсэг

Хятадын орон нутгийн галт тэрэг
Е бид хоёр Бээжингээс Жанжиажиэ хот уруу явах галт тэрэгний тасалбар худалдаж аваад чемоданаа чирсээр метронд сууж Бээжингийн баруун вокзалаас нь Төв вокзал уруу нь явлаа. Бээжин хотын төв вокзал дээр ирсний дараа ойролцоох Mc Donalds орж хооллов. Гар утсандаа хятад сим карт аваад хийчихвэл data ашиглаад хаана ч явсан интернетэд холбогдоод байна гэж Е бид хоёр ярилцав. Mc Donalds-оос гараад гар утасны оператор компанийн салбар, үйлчилгээний цэг хайлаа. Галт тэрэгний буудлын өмнөх талбайд яваа хятадуудаас асуулаа. Гар утасны сим карт худалддаг газар автомашины зам хөндлөн гарвал нэг бий л гэнэ. Гэхдээ нэлээн зайтай гэнэ шүү. Монголоос гарахын өмнө гар утсандаа MAPS.ME гэдэг App суулгасан юм. Интернэтэд холбогдсон үедээ ямар нэгэн хот суурин газрын зургийг download хийж авна. Дараа нь интернетийн сүлжээнд холбогдоогүй байсан ч MAPS.ME -аас очих газраа хайж, хэрхэн хүрэх чиглэлийг нь хараад авна. Ер нь аяллын турш энэ APP тун их тус болсон доо. China Mobile гээд миний ганц мэддэг гар утасны оператор компани бий. MAPS.ME -аас China Mobile хайлаа. Газрын зураг дээр гарч ирдэггүй ээ.
Дүгнэлт: Гар утасны App-д 100 хувь итгэж найдаж бас болохгүй.
Ингэж байтал дугуй түрээслэн авч байгаа нэг өндөр нуруулаг, царайлаг хятад залууг олж харлаа. UB BIKE гээд дугуйн түрээсийн үйлчилгээ манай Улаанбаатарт байдаг даа. Яг үүнтэй ижил үйлчилгээ Бээжин гэлтгүй хятадын томоохон хотуудад нэвтэрсэн юм билээ. Дугуйн дээр байгаа QR кодыг гар утсандаа уншуулаад л төлбөр тооцоог нь хийгээд дугуй түрээслэн авна. Үйлчилгээний зарчим нь UB BIKE-тай адилхан биз.
Дугуй түрээслэн авч байгаа хятад залуугаас: “Ойр хавьд гар утасны сим карт зардаг газар байна уу? Гар утсандаа хятад дугаар худалдаж авмаар байна” гэж хэлэв. Өнөө царайлаг хархүү: “Намайг дагаад яв. Би замчлаад өгье” гэж байна. Бид гурав галт тэрэгний буудлаас холдоод нэлээн алхав. Өнөөх хятад залуу Е бид хоёроос болоод дугуйндаа мордсонгүй. Дугуйгаа хөтлөөд алхав. Гал тэрэгний буудлаас цааш алхаад авто замын 2-3 уулзвар өнгөрөв. “Gloria” гэдэг худалдааны төв харагдав. Өнөө хятад залуу “Та хоёр энэ худалдааны төв уруу ор. Дотор нь гар утасны оператор компанийн хэрэглэгчдэд үйлчлэх цэг бий” гэж хэлээд дугуйндаа мордоод салхи татуулан цааш явлаа. Е бид хоёр ч түүнд баярлаж талархсанаа хэлээд худалдааны төв уруу орлоо. Гар утасны оператор компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийг нь олоод очлоо. Гэтэл хаалга нь цоожтой. Яг хажууханд нь гар утасны кейс, чихэвч, шилэн наалт мэтийн зүйл зардаг лангуу байна. Сим карт авах гэсэн юм гэтэл зэргэлдээх лангууны худалдагч нь “Наад газар чинь өнөөдөр ням гараг учраас ажиллахгүй. Та даваа гарагт ирээрэй” гэлээ. За ингээд Бээжингээс хятадын гар утасны сим карт авах хөг нь өнгөрлөө.
Е бид хоёр худалдааны төвөөр нь жаахан сэлгүүцэж, хувцас хунар зарж байгаа дэлгүүрийн барааг сонжиж цагийг барав. Худалдааны төвийн FOOD COURT-оос нь тахианы шарсан мах авч ходоодоо баярлуулав. Энэ зуураас бас худалдааны төв дотор гар утсаа цэнэглээд амжсан. Ингээд өдрийн 14:00 цагийн үед худалдааны төвөөс гараад буцаад галт тэрэгний буудал чемоданаа чирээд л алхав. Худалдааны төвөөс галт тэрэгний буудал уруу буцахдаа арай өөр замаар алхсан. Бээжингийн галт тэрэгний төв буудлын ойролцоо түүхийн дурсгалт цогцолбор байдаг гэдгийг ингэж алхаж явахдаа мэдэж авсан. Хятадын Мин улсын үеийн байшин барилгыг тэр чигээр нь хадгалаад үлдээсэн хана хэрэмтэй газрын хажуугаар алхаж өнгөрсөн. Завтай байсан бол ороод үзмээр л байлаа.
Галт тэрэгний буудал дээр 14:30 гэхэд эргэж ирэв. 24 цаг галт тэргэнд явах учраас замдаа идэх хүнс, цэвэр ус, ундаа г.м зүйлийг галт тэрэгний буудлын эсрэг талд байдаг дэлгүүрээс худалдаж авлаа. Ингээд галт тэрэгний буудлын барилга уруу орох урт дараалалд зогсов. Галт тэрэгний буудлын барилга уруу орохын өмнө тэнгэр бүрхэж аадар бороо асгардаг байгаа. За ингээд Бээжингийн бороонд шалба норов. Галт тэрэгний буудлын барилга уруу орохын тулд хятадын иргэд иргэний үнэмлэх, тасалбараа шалгагчид үзүүлнэ. Харин гадаадынхан өөр тусгай хаалгаар нэвтэрч орох бөгөөд паспорт, галт тэрэгний тасалбараа ялгаагүй үзүүлнэ. Үүний дараа рентген төхөөрөмжөөр гар тээш, чемоданаа шалгуулна. Рентген төхөөрөмжөөс чемодан урсаад гараад ирмэгц нь аваад цааш явах гэтэл ажилтан нь Е бид хоёрыг саатуулж ямар нэг зүйл хятадаар шулганав. Бид хятад хүмүүс биш гэж англиар хэлэв. Аюулгүйн албаны ажилтан нь “Open” гэж англиар хэлэв. Англи хэлэндээ маруухан юмаа хөөрхий. Чемоданаа нээсэн чинь монголоос авч гарсан төмөр баллонтой миний үсний хөөс, Е-ийн сахлын хөөсийг хурааж авна гэлээ. “Why?” гэсэн чинь баллон дээрх галын аюултай гэсэн зургийг хуруугаараа зааж үзүүлэв. Тэгсэн хэрнээ шумуулын эсрэг шүршлэгийг маань хураасангүй. Уг нь адилхан л төмөр баллонтой эд. Тэгсэн 100 мл-ээс дээш хэмжээтэй төмөр баллонтой зүйлийг галт тэргээр авч явахыг хориглодог юм гэнэ. Шумуулын эсрэг баллонтой шүршлэг яг 100 мл хэмжээтэй учраас хурааж авахгүй юм гэнэ. За ингээд буянаараа болог гээд л Е бид хоёр сахлын хөөс, үсний хөөсөө хураалгав. Үсний хөөс, сахлын хөөс маань л дэлбэрээд сүйд болчив гэж. Сүртэй нөхдүүд вэ? гэж дотроо бодож байлаа.



Бээжингийн галт тэрэгний Төв буудал нь дотроо нүсэр юмоо. Эскалатороор дээш өгсөж хүлээлгийн танхимд хэсэг суулаа. Энэ зуур электрон самбараас өөрсдийн сууж явах галт тэрэг хэддүгээр замаас зорчигчоо суулгахыг нь харж авлаа. Дашрамд дурдахад Бээжингийн гал тэрэгний буудал нь зорчигчоо галт тэргэнд суулгах үйл явцыг нэлээн сайн зохион байгуулдаг юм байна лээ. Галт тэрэг хөдлөхөөс 30 минутын өмнөөс зорчигчид нь GATE -ны харалдаа дугаарлан зогсоно. Ингээд үйлчилгээний ажилтанд тасалбараа шалгуулаад галт тэрэг зогсож байгаа тавцан уруу нэвтэрнэ. K 473 дугаар галт тэрэг Бээжин-Куньмин чиглэлд явдаг аж. Замдаа Жанжиажиэ хотод зогсоно.



Е бид хоёрын худалдаж авсан K473 дугаар галт тэрэгний hard seat нь цувааны 1-рт байж таарлаа. Галт тэргэнд орохын өмнө проводникт дахин тасалбараа үзүүлнэ. Ингээд галт тэргэнд орж суудлаа эзэллээ. Е цонхон талд, би голын суудалд, миний зүүн гар талд нэг хятад залуу суулаа. Харин бидний өөдөөс хараад хичээл насны 3 хятад хүн. Тэд хөдөө тосгонд амьдардаг гэдэг нь өмссөн зүүсэн, биеэ авч яваа байдлаас нь илт. Галт тэрэг яг цагтаа хөдөллөө.Одоогоос бараг 8 жилийн өмнө Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн уруу, дараа нь Оросын Москвагаас Халимагийн нийслэл Элиста хот уруу 24 цаг автобусаар суугаа байдалтай явж байлаа. Харин галт тэргээр 24 цаг суугаа байдалтай явж байсангүй. 24 цаг Хятадын орон нутгийн галт тэргээр суугаа байдалтай явна гэж зүүдэлж байсангүй ээ. Хувь заяатайгаа эвлэрсэн.

Е бид хоёр хоорондоо монголоор ярих үед тэд сонирхон чих тавин чагнаж, цоо ширтэнэ. 3 хүний 6 нүд өөдөөс ширтээстэй. Өөдөөс харж суусан гурван хятадын нэг нь миний зүүн гар талд суугаа хятад залуугаас ямар нэгэн зүйл асуухад тэр англиар орчуулан надаас асуулаа. “Та хоёр ямар үндэстэн бэ?”, “Хаашаа явж байгаа вэ?” Өөрсдийнхөө тухай товчхон хэлээд Жанжиажиэ хүрнэ гэдгээ англиар хэлэв. Зүүн гарын хятад залуу миний хэлснийг тэдэнд орчуулан хэлэв бололтой. Тэд Е бид хоёр руу хараад чанга чанга ярилцана. Хэлийг нь ойлгохгүй ч гэсэн бидний тухай яриад байна гэдгийг угаасаа зөнгөөрөө ойлгож байгаа юм чинь.

Суугаа байдлаар нэг галт тэргэнд өөд өөдөөсөө хараад явах хувь тавилан нэгтэй тосгоны хятадууд их сониуч юмоо. Ер нь гадаад хүн анх удаа харж байгаа ч юм билүү. Е бид хоёрыг их сонжиж харцгаана. Үүргэвчнээсээ алим гаргаад идэхэд л нүд салгахгүй ширтэх юм. Алим идэж байгаа хүн харж байгаагүй юм уу? гэж бодогдохоор...К473 дугаар галт тэрэг ойролцоогоор 1 цаг орчим яваад өртөөн дээр зогсох юм. Өртөө ойртох үед андашгүй. Галт тэрэгний проводник ямар нэгэн зүйл хятадаар чанга хэлээд тамбурын зүг алхана. Анзаараад байхад, зогсох гэж байгаа өртөөний нэрийг хэлж байлаа. Галт тэрэг өртөөнд 3-5 минут орчим зогсоно. Галт тэрэгнээс зорчигчид бууж, оронд нь шинэ зорчигч нар чемоданаа чирсээр орж ирнэ. Тосгоны зарим эмээ өвөө нар хулсан сагс, таар шуудайтай ч орж ирэх юм.

Нөхдүүд муухай үнэртэй янжуураа галт тэргэндээ баагуулах байх даа. Тамхины утаанд нь хордоод буух биз гэж айж байсан юм. Ашгүй тамхичид нь тамбур уруу очих аж. Галт тэрэгний вагон рестораны ажилчин нь цуваанаас цуваа дамжин худалдаа хийнэ. Тэд бэлэн гоймон, ус, ундаа, чипс, самар, хуванцар саванд савласан будаатай хоол зэргийг түрдэг тэргэндээ хийжээ. Хятадууд хуванцар савтай будаатай хоол авч идэцгээх нь түгээмэл.

Е бид хоёрын суусан вагонд эмэгтэй, эрэгтэй хоёр проводник ажиллаж байв. Тэд 8 цагаар ээлж сольж байлаа. Галт тэрэг Бээжингээс хөдлөөд яг 24 цаг өнгөрөхөд эмэгтэй проводник “Next station is Zhangjiajie” гэж хэлээд бидний хажуугаар алхаж өнгөрөв. Үүнээс хойш ойролцоогоор нэг цаг өнгөрлөө. Орон нутгийн цагаар 17:30 минут. Галт тэрэгний проводникийн ээлж солигджээ. Эрэгтэй проводник туранхай шар залуу өвөрмөц бүдүүвтэр хоолойгоор “Zhangjiajie” гэж чанга дуугаар хэлж цувааны голоор алхав. Ийм туранхай залуугаас яаж ийм бүдүүвтэр дуу хоолой гардаг байна аа? гэж бид бодож явлаа. Галт тэрэг бүрэн зогсоход Е бид хоёр чемоданаа чирээд гал тэрэгнээс буулаа. 24 цаг суугаа байдалтай тэслээ шдээ гэж Е бид хоёр хоорондоо ярилцсаар Жанжиажиэ хотын галт тэрэгний буудлаас гарлаа.

Энэ зураг дээр цагаан сорочкон цамцтай  вагоны үүд рүү хараад зогсож байгаа туранхай залуу бол эрэгтэй проводник нь. Ийм туранхай байж, нээх сонин бүдүүн хоолойгоор өртөөгөө зарлаж орилохыг нь яана аа. Гайхалтай хоолой. хаха. Хятадын орон нутгийн галт тэргээр зорчиж явахдаа дотор нь фото зураг аваагүй ээ. Харин галт тэрэг Жанжиажиэд ирсэн хойно блогтоо зориулж ганц кадр дарсан нь энэ билээ. 

 Үргэлжлэл бий.

2019-07-26

Хятадын нутгаар хөндлөн гулд явсан нь 1-р хэсэг


Улаанбаатараас Бээжин рүү
Зуны дэлгэр цаг. Хэн хүнгүй л аялж, зугаалж байгаа биз дээ. MNED саяхан аялалд яваад ирсэн. Энэ удаагийн аялал нэлээн өвөрмөц боллоо. Миний нэг танил залуу аялалд явахдаа дагуулаад яваарай гээд нэлээн олон жилийн өмнөөс гуйгаад байсан юм. Сүүлийн хэдэн сар сайтар ярилцаж байгаад хамт аялахаар боллоо. Ойлгомжтой байлгах үүднээс хамт аялсан залууг Е гээд нэрлэе. Тэр өмнө нь хилийн чанад уруу явж байгаагүй, туршлагагүй нэгэн. Е серийн улаан гадаад паспорт дөнгөж саяхан л авсан. Тийм болохоор л нэрийг нь Е гээд энэ тэмдэглэлдээ бичихээс.

За ингээд Е бид хоёр уулзаж аяллын чиглэл, замын зардал зэргээ тооцооллоо. Уг нь миний хүсэл бол Хонгконг ороод тэндээсээ Вьетнам, Тайланд уруу явах байлаа. Гэтэл Е маань алдарт Жанжиажиэ орж шилэн гүүрэн дээр алхмаар байна гэлээ. Аялалд хамт явах хүнийхээ хүсэлтийг заавал харгалзан үзэх ёстой. Ийм болохоор Жанжиажиэ-Хонгконг гэсэн маршрутаар явахаар тохиролцов. Харин Вьетнам, Тайланд уруу явахаа би азнах болов. Энэ удаа аялахдаа аль болох бага зардал гаргахыг хичээлээ. За, хямд зардлаар Хонгконг уруу явахыг хүсэж байвал миний энэ тэмдэглэлийг анхааралтай уншаарай.


Аяллын бэлтгэлээ базаагаад болзсон өдрөө замдаа гарлаа. Улаанбаатараас Замын Үүд хүрэх орон нутгийн галт тэрэг 17:15 цагаас хөдөлдөг юм байна. 16:20 цаг болж бөайхад би гэрээсээ галт тэрэгний төв буудал уруу гарлаа. Гэрийнхээ гаднаас таксинд суулаа. Улаанбаатарын түгжрэлийг мэдэхгүй хэн байх вэ. Түгжирч бөглөрч явсаар галт тэрэг хөдлөхөөс 5 минутын өмнө л төмөр замын буудал дээр ирлээ. Хоцрох вий гэж сандраад таксинаас үсэрч буугаад галт тэрэг уруу гүйлээ. Үүргэвчний хажуу тасалгаанд сул хийсэн усны сав гүйх үед сугарч унаад машин зам дээр өнхөрч уналаа. Түмэн олны өмнө булайгаа чирсэн байх оо. Жижиг чемодан чирч, үүргэвч үүрсэн галт тэрэгнээсээ хоцорч байгаа залууг хараад бүгд шоолсон биз. Гэхдээ галт тэрэгнээсээ хоцроогүй ээ. Амжсан. Купендээ ортол Е байраа эзэлсэн байлаа. “Та ямар оройтож, тулгуу ирдэг юм бэ?” гэж Е намайг зэмлэв. “Ийш тийшээ явж сурсан хүн чинь цагийг нь тулгаж ирдэг юм” гэж бардам зангаа гээгээгүй MNED гуай нь амьсгаадаж байгаа хэрнээ даналзаж байгаа юмаа. 

Улаанбаатараас Замын-Үүд явах галт тэрэгний купенд тасалбар 38000 төгрөг байсан шүү. Нийтийн (плацкарт) бол бүүр ч хямд байх. Гэхдээ Монголынхоо орон нутгийн галт тэргэнд бол купегээр нь явсан нь арай илүү тухтай. Хэрэв би андуураагүй бол 2013 оноос хойш галт тэргэнд суугаагүй юм байна. Энэ удаа галт тэргээр явахад оюутан цаг санаанд ороод сайхан л байлаа.

Манай купенд замын хань болох нэг хөгшин ах. 1986 онд Оросын Иркутск хотод геологийн мэргэжил эзэмшсэн. Бэрхийн уурхайд 1993 он хүртэл ажиллаж байгаад наймаачин болсон гэнэ. За тэгээд улс орны хувь заяа, монголын улс төр, хүний мөс чанар хэрхэн муудаж байгаа тухай өргөн сэдвээр өнөөх ахтай үг хаялцаж явлаа шд. Угаасаа манай монголчууд өмнөх амьдралынхаа аар шаархан асуудлыг шийдэж чадаагүй хэрнээ нээх том том сэдвээр ярих дуртай байдаг шд.

Галт тэрэг дараа өдрийн өглөөний 7:30 гээд Замын-Үүд боомтод ирлээ. Замын-Үүд боомтод ирээд галт тэрэгнээс буумагц л Эрээн уруу гаргаж өгнө гэсэн улс угтана. Бараг л өргөөд машиндаа суулгах нь ээ. Замын-Үүдээс Эрээн рүү алдарт 69 машинаар хил гаргаж өгөхөд 50 юань байдаг. Замын-Үүдийн галт тэрэгний буудлын 00 орж хөнгөхөн бие засаад гудамжинд гарлаа. Ашгүй, шавж бүчээд байсан тойрон хүрээлэгч нар алга болж. Ингэж байтал Бээжин рүү унтлагын автобус явна гээд орилж байна. Очоод асуулаа. Замын-Үүдээс Эрээнээр дамжаад, Бээжин хүрэх автобусны үнэ 1 хүний 220 юань гэнэ. 50 юань төлж хил гараад, Эрээнээс Бээжин явах автобусаар 200 юань төлж явах төлөвлөгөөтэй байсан юм. Замын-Үүдээс Бээжин рүү явах автобусанд шууд суучихлаа. Замын-Үүдэд байхдаа 100 юань урьдчилгаа болгож өгсөн. Бас хилийн хураамж гээд 1000 төгрөг төлөв. Том автобусаар хил гарах нь 69 машинаар хил гарснаас хамаагүй тухтай юм байна лээ шүү. Ингээд хил даваад Эрээн орлоо.

Хил даваад Эрээн хотод орж иртэл өдрийн 11:00 цаг болж байна. Эрээнд Хасаагын автобус гэсэн хаягтай хаалга. Тэнд Бээжин хүрэх автобусныхаа  төлбөрийн үлдэгдэл 120 юань төлөв. 14:00 цагт Бээжин явах автобус хөдөлнө гэнэ. Бээжин рүү явах өөр 5 монгол хүн байна. Е бид хоёртой нийлээд 7 монгол гэсэн үг. 14:00 цагийг хүлээнгээ Солонго-2 гэдэг хоолны газар орлоо. Монголчууд ажиллуулдаг юм байна. Хоолны үнэ нь ч боломжийн, бас хоолны амт нь дажгүй юм байна лээ. Тэнд хоол идэнгээ гар утсаа цэнэглүүлж цаг нөгцөөв. Ингээд 13:40 гээд Хасаагийн автобус гэсэн хаалга руу буцаж очлоо. Автобус нь иржээ. Хоёр давхар ортой автобус. Би өмнө нь ийм унтлагын автобусаар явж байсан удаагүй. Надад бол сонирхолтой содон л санагдаж байлаа. Ингээд Эрээнээс Бээжин рүү сүнгэнэв.




Автобус 18:00 цагийн үед замын нэг хоолны газар зогсов. Өвөрмонголчууд ажиллуулдаг юм байна. Хятадад буузыг ширхэгээр нь зардаггүй. Харин жин жингээр нь зардаг гэж сонсож байсан юм байна. Гэтэл тэр газар буузаа ширхэглэж зарж байсан. 1 ширхэг бууз 4 юань. Хоолны газар манай Ар монгол дуу хөгжим эгшиглүүлж. Яг л монголдоо нэг цайны газар байгаа юм шиг. Замын хоолны газрын дэргэд автобус 20 минут л зогсов. Ингээд цааш хөдөллөө. Унтлагын автобусны хоёрдугаар давхарын орон дээр хэвтээд хажуугаар жирэлзэн өнгөрөх уул тал, тосгоныг харж байгаад унтаад өгчээ. Нэг сэрсэн чинь гадаа үүр гэгээрч байна. Автобусны цонхоор харсан чинь орон сууцны байшингуудын дунд зогсож байх юм. Гудамжинд гэгээ орсон хойно автобуснаас гарч төв зам руу гарав. Гэтэл яг хажууд нь метроны өртөө байж байна. Өртөөний нэрийг нь харлаа. Dahongmen station гэсэн бичиг дурайж байлаа. Ямар ч байсан унтлагын автобусаар Бээжинд иржээ. Ер нь би өмнө нь хэд хэдэн удаа Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр газардаад, дараагийн нислэгтээ суугаад л яваад өгдөг байсан. Ингэж Бээжинд удаан саатаж байгаагүй юм байна. Бээжингийн гудамжаар алхаж яваа маань анх удаагийнх болж байна. Метро өглөөний 6:00 цагт нээгдэв. Е бид хоёр чемоданаа чирээд Бээжингийн метронд орлоо. Том ачаа тээштэй бол рентген төхөөрөмжид оруулж дотор нь юу байгааг шалгуулна. Бээжингийн метроны тасалбар 4 юань. Тасалбар зардаг автомат дээр очоод 北京西站 (Beijing Xi Zhan) гээд дарлаа. 

Бээжин хот хэд хэдэн галт тэрэгний буудалтай. Жишээ болгоод ганц хоёрынх нь тухай бичье.
Бээжин хотын төв вокзал  (北京站). Бээжин хотын төв вокзал. 1901 онд нээгджээ. Яг Б хотынхоо төв хэсэгт байрладаг. Хаяг: No.A13, Maojiawan Hutong, Dongcheng District. Бээжингийн метроны хоёрдугаар шугамд суугаад Beijing Railway Station зогсоол дээр бууна.
Бээжин хотын баруун вокзал 北京西站 (Beijing Xi Zhan). Бээжин хотын баруун вокзал нь Хятадын төв телевиз, Бээжингийн уран сайхны музейгээс өмнө зүгт байрладаг. Бээжингийн баруун вокзалын барилга нь хятад ханз үсгийн хэлбэртэй. 1996 онд энэ галт тэрэгний буудал нээгдсэн. Тус галт тэрэгний буудал нь 18 тавцан 20 замтай. Бээжин хотын баруун вокзалын хаяг: No.19, Guanglianlu, Fengtai District, Beijing. 118 Lianhuachi Donglu, Fengtai District, Beijing China. Метрогоор очно гэвэл 9-р шугамд суугаад Beijing West Railway Station станц дээр бууна.
Нэгэнт Хятадын галт тэрэгний буудлын тухай бичсэнийх, бас Хятадын орон нутгийн галт тэрэгний тухай олж мэдсэн зүйлээ бичье. Уншиж байгаа танд хэрэг болж мэдэх юм. Хятадын орон нутгийн галт тэрэгний аяллын дугаарын өмнө латин цагаан толгойн үсэг биш. Жишээ нь: G, D,T, K гэх мэт.
Аяллын дугаарын өмнө G үсэгтэй байвал энэ нь өндөр хурдны галт тэрэг гэсэн үг. Хурд нь 250-400 км/цаг. Жишээ нь G101 галт тэрэг бол Бээжингээс  Шанхай хот руу ердөө 4-5 цагийн дотор л хүрнэ.
Аяллын дугаарын өмнө D үсэгтэй бол хурдаараа G ангилалын галт тэрэгний дараа бичигддэг. Хурд нь 200-250 км/ц. Жишээ нь D333 аяллын дугаартай галт тэрэг Бээжингээс Циньда хотын өмнөд галт тэрэгний буудал явна.
Аяллын дугаарын өмнө латин С үсэгтэй бол богино зайд явдаг хурдны галт тэрэг. Жишээ нь C203 дугаартай галт тэрэг Бээжингээс Тяньжин хотын өмнөд вокзал руу явдаг. Хурд нь 350 км/ц.
Аяллын дугаарын өмнө Z үсэгтэй бол 160 км/ц хурдалдаг замын жижиг буудал дээр төдийлөн зогсоод байдаггүй шууд экспресс галт тэрэг юм. Жишээ нь Z19 аяллын дугаартай гал тэрэг Бээжингээс Сиянь хотын баруун галт тэрэгний буудал хүрдэг.
Аяллын дугаарын өмнө T үсэгтэй бол дээд хурд нь 140 км/ц хүрдэг экспресс галт тэрэг. Аяллынхаа явцад цөөн хэдэн газар зогсдог. Жишээ нь T321 чиглэлийн галт тэрэг Шэньян хотын хойд вокзалаас Өвөрмонголын Бугат хот руу явдаг.
Аяллын дугаарын өмнө K үсэгтэй бол 120 км/ц хүртэл хурдалдаг. Ийм галт тэрэг зам дагуух бүх өртөө, жижиг хотын галт тэрэгний буудал дээр зогсдог. Ер нь бол нэг цаг гаруй яваад л 3-5 минут зогсоно. Энэ хооронд зорчигчид бууж, сууна.  Жишээ нь K5 аяллын дугаартай галт тэрэг Сиянь хотоос Чэнду хот руу явдаг.
Хятадын орон нутгийн галт тэргээр явах гэж байгаа бол мэдэж байх ёстой өөр нэг зүйл нь суудлын зэрэглэл. Энэ нь яг нэг галт тэргээр яваа хэрнээ тасалбарын үнэ өөр байна гэсэн үг. Хятадын орон нутгийн галт тэрэгний тасалбар нь 4  ангилалд хуваагддаг аж. Энэ нь Soft sleeper,  Hard Sleeper, Hard Seat, Standing Ticket

Soft sleeper нь манай монголын гал тэрэгний купе гэсэн үг. Купен нь дотороо 4 ортой. Харин Hard Sleeper нь манай монголын галт тэрэгний плацкарт гэсэн үг. Тасалгаа нь хаалгагүй. Онцлог нь вагонд нь гуравдугаар давхарын  ор бий.  Hard Seat гэдэг нь дан сандал. Дүрслээд бичих юм бол яг л автобус шиг эгнүүлэн тавьсан сандалтай. Доторх нь Монголд сүүлийн хэдэн жил явж байгаа рейлбустай төстэй юм шиг санагдсан. Standing Ticket гэхээр орчуулагагүй ойлгомжтой байх. Галт тэргэнд зогсоогоороо явна гэсэн үг. Аз таарч галт тэрэг зорчигч багатай бол суугаад хөлөө амрааж болох л юм. Ер нь бол зорьсон газраа зогсоогоороо л хүрнэ гэсэн үг.
Хятадын орон нутгийн галт тэрэг нь тасалбараа ингэж 4 хуваасан нь иргэдийнхээ амжиргааны түвшин, бас хол ойр гээд хаашаа явж байгаагаас нь хамааруулаад зорчигч сонголт хийхэд нь туслах гэсэн шийдэл болов уу гэж би таамагласан. Жишээ нь гал тэргээр нэг цаг хэртэй яваад хүрчих зэргэлдээх тосгон руугаа явахдаа заавал купены тасалбар авах хэрэггүй. Hard Seat тасалбар авахад л хангалттай биз. Эсвэл бүүр зогсоод явсан ч яахав дээ. Тосгоны хятад тариачинд энэ бол асуудал биш.  

За ингээд хятадын галт тэрэгний суудлын зэрэглэл, тасалбарын ангилалын тухай чадах ядахаараа л бичлээ. Одоо аяллынхаа тухай үргэлжлүүлэн бичье. Е бид хоёр Бээжин хотын Баруун вокзал дээр очлоо. Баруун вокзалаас нь Хунань мужийн Жанжиажиэ хот уруу явах галт тэрэгний тасалбар авах нь бидний зорилго байлаа. Харамсалтай нь тасалбарыг нь худалдаж авна гэж тооцоолж байсан Бээжин-Жанжажиэ Beijing to Zhangjiajie Trains (北京 - 家界) галт чиглэлийн K267 дугаар гал тэрэгний купений тасалбар дууссан байлаа.  Галт тэрэгний тасалбар зарж байгаа кассны ажилтан бүсгүй муухан англи хэлтэй юм. Түүнтэй ойлголцох гэж нэлээн л юм боллоо. Ингэж байтал ашгүй англи хэл дажгүй сайн мэддэг нэг хятад залуу тусаллаа.
Өнөөх маань: "K267 аяллын галт тэрэгний Standing Ticket л байна" гэдэг байгаа. Бээжингээс Жанжиажиэ хүртэл K267 галт тэрэг 24 цаг явна. 24 цаг зогсоогоороо явна гэдэг ёстой бүтэхгүй зүйл. "Өөр тасалбар байна уу?" гэж асуулаа. Гэтэл К473 дугаар аяллын галт тэрэгний тасалбар байна. Гэхдээ Hard Seat болон Standing Ticket л үлдсэн байна. Soft sleeper,  Hard Sleeper зэрэглэлийн тасалбар аль хэдийнэ дууссан байна гэлээ. Бас энэ K473 дугаар галт тэрэг Бээжин хотын төв галт тэрэгний буудлаас хөдөлнө. Энэ баруун галт тэрэгний буудлаас явдаггүй юм" гэж бидэнд анхааруулав. 

Уг нь Е бид хоёр Бээжингээс Жанжиажиэ рүү хятадын орон нутгийн галт тэргээр Soft sleeper ангилалын тасалбар авна л гэж тооцоолж байсан юм. За одоо яахав дээ, Бээжингээс Жанжиажиэ хүртэл зогсоогоороо явалтай биш. “Hard Seat” буюу “Хатуу суудал” гэсэн ангиллын тасалбар авлаа. Бээжингээс Жанжиажиэ хүртэл Soft sleeper ангилалын тасалбарын үнэ 660 юань (97 америк доллар)  бол Hard Seat нь 198 юань. (28 америк доллар). За ингээд Хятадын орон нутгийн галт тэргээр 24 цаг суугаа байдалтай явах нь тодорхой боллоо.
Үргэлжлэл бий.