Амьдралын тойрог

2023-01-06

Атлантын далайн хаа нэгтээ: 3. Дублин ба Дублинчүүд

Голуэй хотод 4 хоноод Дублин руу буцав.  Орон нутгийн автобусанд суулаа. Зам дагуу автобусны цонхоор авсан зураг.


Айлууд нь бүгд ийм намхан хашаатай юм билээ. Машины гараж нь тусдаа байх нь түгээмэл.


Ийм газар амьдрах юм бол стрессдэхгүй амар байх даа гэж бодов. Орон нутгийн автобусаар 3 цаг яваад Дублин хотын төвд буулаа. Дублин улсын нийслэл тул хөл хөдөлгөөн ихтэй. Бас энд тэндээс ирсэн цагаачид ч олон гэдэг илт мэдрэгдэх юм.  


Дублин хотод байсан 4 хоногийн хугацаанд Air BNB р нэг айлд байрлав. 3 хонохдоо 544 доллар 90 цент төлөв. Мэдээж хамт яваа хүмүүстэйгээ хуваалцсан. Гэхдээ л өндөр үнэ төлөв. Дублинд байрлах газраа сонгохдоо цаг хугацаа их алдсан тул ийм өндөр үнэтэй байрлах газар олов. Одоо яая гэхэв. Бас л айлын дээврийн хөндийн умгар өрөөнд хонож билээ.  Дублин хотод ирээд Ирландын үндэсний номын сангаар нь орж, үнэгүй үзэсгэлэн үзэв. 

Дараа нь Ирландын түүхийн музейг үзлээ. Үндэсний номын сан, Үндэсний түүхийн музей нь ойрхон юм билээ. Энэ бол эртний Ирландчуудын амьдарч байсан оромж


Эртний олдвор. Цэвэр алт. Өнөөгийн ханшаар бол .... доллар. За бүү мэд.
Муу хүн идсэн ууснаа гэж... Хэдэн хоолны зураг оруулая.  Ирландад байх хугацаанд Ази буфе хоолны ресторанд оров. 

Дублин хотын төв байдаг Япон хоолны ресторанд оров. Япон хоолны ресторанд монгол залуучууд зөөгч, сүшимэн хийж байна лээ. Хоолны захиалгаа монголоор хэлээд л....



Дублинд байх хугацаандаа мөн нэг худалдааны төвийн хамгийн дээд давхарт нь байрладаг Хятад буфе хоолны ресторанд орлоо. Ороод хоолны савны мөнгийг нь төлнө. Тэгээд хоолоо сонгоод идэх юм билээ. Хамгийн жижиг сав нь 8 евро, дундаж хэмжээтэй сав нь 10, том хэмжээтэй сав нь 13 евро байсан санагдана. 



Ирландын нийслэл Дублин хотын төвд байдаг "Dublin Spire". Хотын гол бэлгэ тэмдэгийн нэг юм билээ. 

Дублинд номын дэлгүүр орлоо. Номын дэлгүүрт нь LGBTIQ сэдэвтэй номын тусдаа тасаг байх юм билээ. 


Дублинаас явахын өмнө дэлгүүр хэсэг жаал шоппинг хийлээ. Ер нь Ирланд хүмүүсийн тухай надад төрсөн сэтгэгдэлээ одоо хуваалцая. Ирланд хүмүүс их найрсаг.  Аялал жуулчлалаас чамгүй мөнгө улсын төсөвтөө оруулдаг.  Төөрч будилсан гадаадын жуулчид нутгийн иргэдээс нь хаяг асуувал тэд маш дэлгэрэнгүй зааж өгнө. Зарим нь хүрэх гэсэн газар руу нь хөтлөөд хүргээд өгөхөд ч бэлэн. Горт сууринд дөнгөж ирээд Air BNB айлаа олохгүй мунгинаад чемоданаа чирээд алхаад явж байва. Хоёр хүүхдээ хөтөлсөн нэг эмэгтэйгээс хаяг асуутал биднийг машинаараа хүргэж өгч билээ. Ирланд хүмүүс их өндөр том биетэй. Биеийн хөгжил маш сайтай гэж хэлж болно. Эрэгтэй, эмэгтэйгүй зүс царай төгс, нуруу тэгш, хаанаас нь ч харсан аятайхан дамшигнууд байна лээ. Дублины оршин суугчид нь хөдөөгийн жижиг суурингийн хүмүүсээс алхалтын хурдаараа ялгардаг юм болов уу. Ер нь дэлхийн аль ч том хотын оршин суугчид үргэлж яарч явдаг доо. 
Хоног хугацаа хурдан юмоо. Нэг мэдэхэд Монгол руу буцах болж. Дублинд байрлаж байсан айлаасаа гараад онгоцны буудал хүрдэг автобусны буудал руу алхав. Чемодан чирээд алхаж явахад ямар асуудалгүй. Хото машинд биш, явган алхах хүнд зориулаад бүтээн байгуулжээ. 

Дублины нисэх онгоцны буудал дээр тус улсаас явлаа гээд паспорт дээр тамга дарсангүй. Онгоцны бүртгэлдээ орсон бол тэгээд тоож байгаа хүн ч алга. Онгоцны буудал дээр бүртгэлд орсны дараа  TAX FREE гэж худалдан авсан баримтуудаа нэг хайрцагт хийж үлдээв. Ирландаас ирснээс хойш бараг 2 сарын дараа олон улсын картны дансанд минь 30 орчим евро буцаад ороод ирж байна лээ. 
Дублины онгоцны буудлаас өнөөх үйлчилгээ тааруухан "lufthansa" агаарын тээврийн компаний онгоцоор Франкфурт хот руу нислээ. Франкфуртаас МИАТ-ын онгоцоороо Улаанбаатартаа ирлээ. 
МИАТ -ын онгоцны хоол ер нь дажгүй болсон байна лээ. 

За ингээд Ирландад хийсэн аяллын тэмдэглэлээ ингээд дуусгая. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр хийсэн аялал. Залхуурч байгаад өнөөдөр л Ирландын аяллын тэмдэглэлээ бичээд дуусгалаа. Нэг ажлын ард гарах сайхан л байна.

Атлантын далайн хаа нэгтээ: 2. Голуэй хотын адал явдал

Өглөө нь сэрээд аяллын багийнхантайгаа Дублин хотын төвөөс хот хоорондын автобусны зогсоол руу явлаа. Ирланд бол Атлантын далайн хойд хэсэгт байрладаг арлын улс. Нийслэл Дублин нь арлын зүүн эрэгт бол Голуэй хот нь арлынхаа баруун эрэгт. Дублинаас Голуэй хүртэл автобусаар ойролцоогоор 3 цаг зарцуулна. Тасалбарын үнэ 16 евро. Интернэтээр урьдчилж худалдан авах юм бол үүнээс ялимгүй хямд. Дублин хотоос гарч Ирландын хөдөө нутгийг автобусны цонхоор ажиглаж явав. Хоньчин эр, түүний хонин сүргийн тухай "Shaun the Sheep" хэмээх хүүхэлдэйн кинонд дүрслэн дүрслэн харуулдаг шиг орчин, намхан чулуун хашаа, шовгор дээвэртэй жижигхэн байшингууд замын хажуугаар жирэлзэн өнгөрнө. Дублин хот ойролцоогоор 1,3 сая оршин суугчтай бол Голуэй хотод 75 мянган хүн аж төрдөг. Жижиг хот учраас автомашины зам нь ч нарийнхан. Ихэнх гудамж нь нэг чигийн хөдөлгөөнтэй. 

Голуэй хотын төвд ирмэгцээ "Томодачи" хэмээх япон ресторанд хооллов. Энэ рестораны эзэн нь, үүсгэн байгуулагч нь япон хүн байж магадгүй. Гэхдээ ажилчид нь индонез хүмүүс байв. Ер нь Европын орнуудад Япон, Солонгос хоолны ресторанд зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн цагаачид ажиллах нь түгээмэл юм байна гэж бодлоо. Сайн хүний нэрийг хэдэнтээ зарж иднэ гэдэг шиг Япон ресторан гэсэн нэрийг ашиглаж Индонез, Вьетнам, Малайзууд ресторан ажиллуулах нь элбэг. Дублин хотод ч Япон ресторанд монголчууд ажиллаж байсан. Энэ тухай дараа нь дэлгэрэнгүй бичнэ ээ. 



Бид AirBNB ашиглаж байрлах газраа олсон. Ер нь Голуэй хотод зочид буудал ховорхон, бас үнэ ханш нь өндөр юм билээ. Орон нутгийн иргэд нь байшингийнхаа илүү өрөөг гадаадынханд цөөн хоногоор түрээслүүлж орлого олох нь нийтлэг дүр зураг. AirBNB-р бидний олсон байрлах газар нь Голуэй хотын төвөөсөө 30 гаруй км зайтай Горт хэмээх жижиг суурин байв. Голуэй хотын төвөөс Горт хүртэл автобус 30 орчим минут явна. Манайхаар бол Улаанбаатараас Налайх орохтой л ижил.   Биднийг гэртээ байлгахыг зөвшөөрсөн айлын байшин нэг иймэрхүү.

Нэг давхар энэ байшингийн дээврийн хөндийн өрөөнд нь 4 хоносон. Намхан чулуун хашаатай, машины зогсоол, гараж, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбайтай тохилог байшин. Дээврийн хөндийн өрөө нь дотроо жорлон, шүршүүр, гал тогоо, унтах ортой. 4 хоноход энэ айлд 290 доллар 14 цент төлөв. Гэрийн эзэн нь цэргийн албанд ажиллаж байсан шийдэмгий түс тас хийсэн хөгшин эр. Харин эхнэр нь эелдэг сайхан ааштай эмэгтэй. Хүүхдүүд нь нас биед хүрээд тусдаа гарсан юм билээ. Тэд ач зээтэй юм билээ. Байшингийн гадаа нь бага насны хүүхдийн гурван дугуйт байгааг анзаарсан уу.

Горт бол Голуэй хотоос ч жижигхэн суурин. Гортын гудамжаар хүн ч цөөхөн үзэгдэх юм билээ. Энэ сууринд ердөө 3-4  өөртөө үйлчлэх дэлгүүр, шуудан, нэлээн хэдэн хоолны газар байсан. Горт суурингийн төв хэсэгтээ 4 давхараас илүүгүй хуучны байшингуудтай. 

Цөөн хэдэн хүнсний дэлгүүрийн нэг нь. 

Горт суурингийн төв талбай. Бараг дэргэд нь Галвэй хүрэх автобусны буудал бий. 


Машины зогсоол зөндөө байгаа биз. Lol



Гортын оршин суугчид бүгд хувийн хашаа байшинтай. Байшин нь өнгө үзэмжтэй, гаднаа жижигхэн цэцэрлэгтэй, мод цэцэг ургуулсан сайхан тохижилттой.  Жишээ нь энэ доорх зураг бол Гортын жирийн нэг айлын байшингийн зураг. 



Бид Горт дахь айлаасаа өглөө эрт гарна. Гэрийн эзэн, эсвэл эзэгтэй хувийн машинаараа Гортын автобусны буудал рүү хүргэж өгнө. Тэндээс бид Голуэй хүрэх автобусанд сууна. Автобус цаг тутамд явна. Гортоос Голуэй хүрэх автобусны тасалбар 13 евро.  Голуэй хотод хурал зөвлөгөөнд суугаад орой нь автобусанд сууж Горт дахь айлдаа ирнэ. Ер нь замын зардалд нэлээн их мөнгө зарцуулсан.  Голуэй хотын тухай хэдэн зураг оруулая. Хотын төв талбайд байсан урлагийн бүтээл


Эртний түүхэн үйл явдал болж байсан байшингийн үлдэгдэл. Байшин нь шатаад энэ цонхтой хана л үлдсэн юм гэнэ лээ. 


Голуэй бол эртний хот. Шинэ барилга байшин огт барьдаггүй юм билээ. Харин ч хуучин байшин барилгаа тэр хэвээр нь авч үлдэхийг хичээдэг аж. Байшин болгон өөрийн түүхтэй. Хэдэн зууны жилийн өмнө байшинд ийм хүн амьдарч байсан. Энэ байшинд ийм үйл явдал өрнөж байсан гээд хуучлах түүх ихтэй.


Голуэй хотын гудамж нь нарийнхан. Зарим гудамжаар нь гурван хүн  арай гэж зэрэгцээд алхаж болно. Доорх зурагт харуулсан гудамж бол ер нь өргөн гэдэг ангилалд орохоор байх шүү. 

Голэй хотод Ирландын үндэсний их сургууль бий. Сургуулийн кампус нь их том юм билээ. 

Голуэй бол Алтантын далайн эрэг дээрх хот. 


Голуэй хотод байх хугацаанд MNED гуайн хэвлийгээр базалж ходоод дахин өвдөв. Ирландын их сургуулийн эмнэлэгт нь очиж шинжилгээ өгч, дусал тариа хийлгэж амь аврагдсан билээ. Бараг газрын мухарт ирээд эмнэлэгт нь очиж үзүүлэв. Эмнэлгийн үйлчилгээ нь дээд зэрэглэлийнх юмаа. Даралт үзэхдээ хүртэл нэг удаагийн манжет хэрэглэж байсан. 
Надад үзлэг хийсэн Энэтхэг гаралтай эмч байв. Нээх ноцтой юм шинжилгээгээр илэрсэнгүй. Хоолны дэглэм баримтлаарай. Ирландад ирсэн юм чинь гоё зугаалаарай гэж билээ.  
Ирландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг улс юм билээ. Хаа сайгүй л LGBT бэлгэ тэмдэг, далбаа үзэгдэх юм билээ.

2023-01-05

Атлантын далайн хаа нэгтээ: 1. Аян замд гарав

Цар тахлын он жилүүдэд Улаанбаатараасаа ч холдохгүй нам жим суусан. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр нэг чухал аялалд яваад ирлээ. Явахын өмнө нэлээн догдолж хоол унд ч хоолойгоор давахгүй хачин жигтэй байв. Яг аялалд явахын өмнөх өдөр ходоод өвдөж эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болов. Дусал хийлгэсэн боловч бие олигтой тэнхэрсэнгүй. Эртнээс төлөвлөсөн аялал учраас ухрах зам байсангүй. Ингээд төлөвлөсөн өдрөө хэсэг нөхдийн хамт МИАТ компанийн Боинг 767-300 онгоцоор Улаанбаатараас Германы Франкфурт хотыг зорив. 

Франкфурт хүрэх 8 цагийн нислэгийн турш хэвлийгээ орчимд үе үе өвдөж, таагүй мэдрэмжтэй байлаа.  МИАТ-ын онгоцны бүхээгийн үйлчилгээ тун дажгүй гэж боддог. Сүүлд 2019 оны 7 дугаар сард Хонгконг явснаас хойш онгоцонд суугаагүй юм байна лээ шд.


Германы Франкфурт хотын олон улсын нисэх буудалд газардаад терминалаа сольж дараагийн нислэгээ 6 цаг хүлээв. Өвчин намдаах эм уучих санаатай онгоцны буудлын кафегаас 1 аяга  (150 мл) буцалгасан ус авах гэтэл 2 евро гэнэ ээ. Монгол төгрөг рүү шилжүүлэх юм бол 7300 төгрөг.  2022 оны 8 дугаар сард 1 евро 3650 төгрөгтэй тэнцсэн ханштай байв. Азийн орнуудын ямар ч хоолны газар, кафегаас ганц аяга буцалгасан ус үнэ төлбөргүй шууд л өгнө. Харин Европ бол өөр юмаа гэдгийг ойлгож авлаа.  Бүтэн 6 цаг онгоцны буудалд гиюүрч суух чинь бас л чанга шүү дээ.  Ходоодоо хоосон байлгүйн  тулд ийм салат 8 евро 20 центаар худалдаж авч идэв. 


Зорьсон газар мань хүргэж өгөх дараагийн авиа компани нь "Lufthansa". Намайг аялалд явахаас хэдэн долоо хоногийн өмнө "Lufthansa" компанийн ажилчид нь ажил хаялт зарлаад ихэнх нислэг нь цуцлагдсан тухай мэдээлэл гараад байв. Миний нислэг цуцлагдах вий гэсэн битүүхэн айдастай. Франкфурт хотод үдшийн 22:00 цаг болоход "Lufthansa" компанийн онгоцоор Ирландын нийслэл Дублин хотыг зорив. Энэ хотын нэрийг англи дуудлагаар DUBLIN [DABLIN] гэх бол бол кирилл цагаан толгойн үсгээр ДУБЛИН гэж галиглажээ. Даблин, Дублин гэж дуудахын аль нь зөв болохыг бүү мэд. Оросууд Дублин гэж бичжээ. Би кирилл үсэг ашиглаж бичиж байгаа тул Дублин гэж бичье.  Үдшийн нислэг тул онгоцны цонхоор олигтой юм үзэгдсэнгүй.


Онгоцны хаалгаар ормогц Германы онгоцны үйлчлэгч нар нь нислэгийн турш бүх зорчигчдыг амны хаалт зүүхийг эелдэгээр анхааруулав. Амны хаалтгүй бол шинийг тарааж өгч байв. Ямар ч агаар нэвтрэх боломжгүй ёстой чанартай маск юм. Онгоцны суудлын тавцан нь хатуу, суухад тух муутай. Нислэгийн үеэр миний хэвлий, гэдэс хөндүүрлэж өвчнийг минь санагдуулна. Хоёр цагийн хямд нислэг тул хоол ундгүй. 0.33 мл хэмжээтэй цэвэр ус тарааснаас өөр үйлчилгээ байсангүй. Airbus 220 загварын хуучивтар жижиг онгоц тул нислэгийн үед зугаацуулчих медиа ч байхгүй. 
Түнэр харанхуй нөмөрсөн үед Ирландын нийслэл Дублин хотод газардав. Онгоцны буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр ирж паспортоо шалгуулав. Хилийн шалган нэвтрүүлэх албаны офицер нь сайхан инээмсэглэсэн дундаж эргэм насны эрэгтэй. Ажлаар яваа, ердөө 10 хоног болно гэж хэлсэн ч 90 хоног Ирланд улсад байх зөвшөөрөл олгов. Онгоцны буудлын өндөр том модон хаалга нь надад маш эртний байшин барилга дотор яваад байх шиг сэтгэгдэл төрүүлэв. Нисэх буудлын хаалгаар гармагц далайн тэнгисийн зөөлөн чийглэг агаар угтав. Бороо орсон бололтой. Цардмал зам чийгтэй. Өмнө нь очиж байгаагүй шинэ орчин учраас бүх юмыг л сониучирхан эргэн тойрноо ажиглаж чемоданаа чирж явав. Дублины нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 10 орчим км зайтай юм байна.  Аяны дөрөө нийлсэн хамт яваа хүмүүстэйгээ нисэх онгоцны буудлаас холгүй зочид буудалд хоноглов. 

Дублин хотод хоёр давхар автобус нийтийн тээвэр нь үйлчилгээнд ашигладаг аж. Хот дотор автобусаар нэг удаа зорчихдоо жолоочоос нь тасалбар худалдаж авахаар бол 2 евро 40 цент. Нийтийн тээврээр зорчих олон удаагийн тасалбар (карт) -тай бол нэлээн мөнгө хэмнэнэ. 
Ирланд улсад замын хөдөлгөөний урсгал нь зүүн гарын дүрэмтэй аж. Урсгал сөрөөд байгаа ч юм шиг эвгүй мэдрэмж.