Амьдралын тойрог

2023-06-18

Сөүлд бүтээсэн дурсамж: 2-р хэсэг

БНСУ-ын Сөүл хотын аяллын 5 дахь өдрөөс нь зочид буудлаасаа гарч AirBNB-ээр захиалсан байр руу нүүв. Орой нь Инчоны нисэх онгоцны буудал АНУ-аас Сөүлд ирж уулзахаар товлосон нагац эгчийгээ тосов. Эхний таван өдөр Сөүлд үрж байгаа мөнгөө нарийн хянаж байсан. Харин нагац эгчийг ирснээс хойш зардал мөнгөө нарийн хянахаа байсан.  Нагац эгч "Чи мөнгөө үрээд яахав ээ, Эгч нь тооцоог нь хийе." гээд байсан юм. Сайн хамаатантай байх сайхан юмоо.  

1 дүгээр сард Монголд өвлийн ид хүйтэн үе. Харин Сөүлд 1 дүгээр сард очиход яг л Улаанбаатарын намрын цаг агаар шиг л санагдсан.  Зузаан дотуур өмд давхарлаж өмсөж байснаа тайлаад дан өмдтэй, хавар намрын гуталтай л гүйгээд байлаа. 

БНСУ-д гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгүүд зөндөө гэдгийг дэлхий даяараа мэднэ дээ. Нагац эгчтэйгээ хамт гоо сайхны эмнэлгээр нь очиж үзсэн. Гангнам дүүрэгт гоо сайхны эмнэлгүүд их олон юм билээ. 

Гоо сайхны эмнэлэг нь үйлчлүүлэгч ихтэй юм оо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутан болох гэж байгаа юм уу гэмээр хүүхдээ дагуулсан солонгос эцэг эхчүүд зөндөө. Бас гадаадынхан ч мэр сэр байна. Гоо сайхны мэс засал хийлгээд гарч яваа хүмүүс нь андашгүй юм. Маск зүүж, чих, хамар дээрээ шархны лент нааж, эсвэл нүднээс бусад хэсгээ бинтээр боосон хүмүүс ар гэрийнхнээрээ хөтлүүлээд л гараад явах юм билээ. Ажиглаад байхад нүдний давхаа хийлгэсэн, зовхио татуулж оёулсан бол эмнэлэгт хэвтээд байх шаардлагагүй, тухайн өдөрт нь гэр рүү нь явуулаад байх шиг. Ямар төрлийн гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагаас хамаараад мэдээж үнэ ханш нь өөр байдаг биз. Гадаадын хүнээс ахиу төлбөр авдаг юм билээ. Гоо сайхны эмнэлэгт нь монгол орчуулагч ажиллаж байна. Солонгост их дээд сургууль төгссөн залуу охид эмнэлэгт орчуулагчаар ажилладаг юм билээ.  Гоо сайхны эмнэлгээс гадна клиник эмнэлгээр нь ч очиж үзсэн. Бүтэн биений шинжилгээ, үзлэг оношилгоо хийлгэх, Монголд эмчлэхэд түвэгтэй хүнд өвчнийг эмчлүүлэх гэж манай монголчууд БНСУ-д очих нь элбэг болсон доо. Ийм эмнэлгүүд нь бас л монгол орчуулагчтай юм билээ.

Сөүлд байх хугацаандаа идэж уусан хоолны зурагнуудаа дараад байсан юм. Нэлээн хэлэн хоолны зураг оруулъя. 


 























Монголд заримдаа хоолны газар ороход захиалсан хоол амт шимт тааруухан байх, сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол гардаг даа. Харин Сөүлд аялаж байх хугацаанд ийм зүйл надад лав тохиолдсонгүй. Захиалсан хоол болгон л сайхан амттай байлаа.  Ер нь нэг удаа хооллоход дунджаар 15000ー30000 вон болох юм билээ. KFC, McDonald's, Lottery зэрэг түргэн хоолны газар орвол дундаж хэмжээний стандарт багц 10000ー12000 вон орчим. 

Сөүлд байх хугацаандаа үзсэн дараагийн музей бол БНСУ-ын Цэргийн музей байлаа. Музей үнэ төлбөргүй. Зураг авах чөлөөтэй.  Энэ музейн үзмэрийн үлэмж хэсгийг 1950-1953 онд Умард ба Өмнөд Солонгосын хооронд болсон дайны түүхтэй холбоотой үзмэр бүрдүүлж байна лээ. 







Бас эртний Чосон гүрний үеийн цэргийн эдлэл хэрэглэл, хуучны цайз хэрмийг дуурайлгаж хийсэн үзмэр ч байна лээ. 




Сөүлийн "COEX" худалдааны төв дотор байдаг аквариум үзэв. Далай тэнгисээс хол  монгол хүнд  янз бүрийн далайн амьтан, загас үзэж нүдээ баясгах нь сайхан л байлаа. Аквариум руу ороход төлбөртэй байсан. Тасалбар нь ямар үнэтэй байсныг мартжээ. 





COEX худалдааны төвд бас дэлхийн хамгийн том задгай номын сан бий. Инстаграм дээр хамгийн олон удаа зураг нь орсон газар гээд сурталчилгааны шинжтэй мэдээлэл олж уншиж байсан юм байна. Шалнаасаа тааз хүртэл битүү ном өрсөн том танхим. 




Сөүлд байх хугацаандаа GRINDER ашиглаж нутгийн залуутай болзож гэрт нь зочилж очсон юм. Гэрийн хаягаа өгөхөөр нь явж очсон. Гурван давхар тоосгон байшингуудаас бүрдсэн хотхон байна лээ. 


Амралтын өдрийг тааруулж байгаад "Jongno 3 ga" дүүрэг рүү явж "Gnome" хэмээх анги бааранд оройг өнгөрүүлсэн юм байна. Google map дээрээс харж байгаад хайж олсон юм. Энэ баараар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэлийг ч google map-ээс уншсан. Бүгд үйлчилгээ сайтай, эзэн нь гадаадынханд найрсаг байсан гэхээр нь зорьж очсон. 

Баар нь жижигхэн. Баарны эзэн нь надтай үе тэнгийн шахуу  найрсаг залуу байна. Угаасаа баарны эзэн найрсаг байхаас ч яахав. Орж ирсэн хүмүүстэй сайхан харилцаж байж л уух юм зарж мөнгө олно шд. 7 жилийн өмнө энэ баарыг нээсэн гэж байна лээ. Жижиг орон зайг  ашиглаад сайхан тохилог орчин бүрдүүлсэн нь таалагдсан. 






Бааранд сууж байхдаа itaewon дүүргээс өөр цэвэрхэн саун хаана байдгийг асуухад нэг газрын хаягийг хэлж өгөв.  Sinseol-dong метроны өртөөнөөс холгүй аж.  

itaewon дүүргийн нөгөө сауныг бодвол гадаадын хүн бараг ордоггүй бололтой. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь дундаж ба хижээл насныхан байсан. Давуу тал нь харьцангуй цэвэрхэн юм билээ.

Өөр нэг өдөр Солонгосын хамгийн өндөр байшин Lotte tower-ийг үзсэн. Хажууханд нь Lotte хүүхдийн тоглоомын парктай юм билээ. 







Заавал очиж үзэх газрынхаа жагсаалтад Сөүл дэхь Солонгосын хааны ордон музейг оруулсан юм. Зарим хүн хааны ордон музей гэхээр "Хэдэн хуучин модон байшин, хана хэрэм л байгаа" гээд тоохгүй байдаг. Надад бол хуучны хана хэрэм дотор алхаж явах нь тийм ч муугүй л санагддаг. Хааны ордон музей рүү ороход тасалбар нь 3000 вонн. Гэхдээ Солонгосын цагаан сарын баярын өдрүүдэд Хааны ордон музей нь үнэ төлбөргүй оруулж байсан. 


Сөүлд очсон жуулчид Намсан цамхаг руу бас очдог. Би ч бас Намсан цамхаг руу очлоо.  Цамхаг руу дүүжин тээврээр (CABLE CAR) гарав.  




Намсан таур руу дээш гарахад тасалбар худалдаж авсан. 1 хүний 15 доллар орчим байсан санагдаж байна. Өмнө нь 2016 онд Сөүлд ирэхдээ "Намсан таур" дээр гарч байсан. Тийм болохоор энэ удаа Намсан цамхаг дээр гарахад тэгтэлээ их догдолсонгүй. 

2023 оны эхээр Сөүлд хотод байхаар төлөвлөсөн өдөр хоногууд маань нэг мэдэхэд өнгөрчээ. УБ руугаа буцах өдөр болов.  Онгоцны буудалд очиж бүртгэлээ хийлгэж, хилийн шалган нэвтрүүлэхээр гараад (паспортоо автомат төхөөрөмжид уншуулж БНСУ-ын хилээр гарна) хамгийн түрүүнд НӨАТ-ийн буцаалт хийх цэгийг хайж олов. Сөүлд байх хугацаандаа томоохон сүлжээ дэлгүүрээс (Жишээ нь: E-MART, ZARA, H&М, UNIQLO гэх мэт) худалдан авалт хийсэн бол баримтыг нь хаялгүй хадгалаад онгоцны буудлаас нь нисэхийн өмнө төлсөн татвараа буцааж авч болно. Гэхдээ худалдан авалт хийхдээ дэлгүүрийн кассанд нь гадаад паспортоо үзүүлж TAX FREE гэдгийг хэлэх ёстой.  Их биш боловч хэдэн доллар буцааж авна гэдэг чинь аятайхан л биз дээ. 




За ингээд Сөүлд хийсэн аялал өндөрлөв. Сөүлд байсан өдөр хоногууд сайхан л байлаа. Сөүлд үзэж хараагүй өнгөрүүлсэн зүйл зөндөө байгаа байх оо. Дахиад Солонгост очиж аялах боломж гарвал би лав татгалзахгүй.  Дараагийн аялал хийх хугацаагаа тэсэн ядан хүлээе дээ. 

2023-06-13

Сөүлд бүтээсэн дурсамж: 1-р хэсэг

Миний блогийг уншиж суугаад та сайн байна уу? MNED нь 2023 оны эхээр БНСУ-ын Сөүл хотоо аялаад ирсэн. Тухалж суугаад, сэтгэл санаагаа цэгцэлж, оюун бодлоо дайчилж аян замын тэмдэглэлээ бичихгүй явсаар хагас жил өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам аяллын гоё дурсамжууд мартагдах гээд байдаг гэмтэй юм байна. Зарим нарийн ширийн зүйлсийг мартаад, Сөүлд явж байхад яг яалаа гэх мэтээр өөрөө өөрөөсөө асуучих, санах гэж оролдох үе гарч байна. 
Монголчуудын хувьд одоо Өмнөд Солонгос тийм ч үл мэдэх нууцлаг ертөнц биш. Өчнөөн олон монгол хүн БНСУ-д зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ажил хөдөлмөр хийж, бас үй түмэн монгол залуус энэ улсад их дээд сургуульд нь сурч байгаа. Тийм учраас Сөүлийн тухай монголчууд бүгд сайн мэднэ дээ. Яахав, хүн бүрийн хувьд аялал өөр. Нэг газраа дахиад очсон ч аялал бүрээс авах мэдрэмж нь ондоо. Би өмнө нь 2016 онд Сөүлд очиж байлаа. Тухайн үед зугаалаагүй. Харин энэ удаагийн зорилго аялж зугаалах байсан юм. Ингээд эртнээс төлөвлөж байгаад Сөүл рүү ганцаараа аялав. Үүгээр оршил хэсгээ дуусгаад Сөүлд бүтээсэн дурсамжаа та нартай хуваалцъя. 
2023 оны эхээр Сөүл рүү нисэх онгоцны тийзээ би 2022 оны намар худалдаж авсан юм. Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар гэсэн чиглэлээр "Asiana Airlines" агаарын тээврийн компанийн нислэглэгийн тасалбарыг 1 сая 400 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэг талдаа 700 мянган төгрөгөөр ниссэн дээ. Өмнө нь "Asiana Airlines"-ийн онгоцоор нисэж үзээгүй байсан юм. Үйлчилгээ нь ямаршуу бол, хоол унд нь ямархуу вэ? гэж тандах зорилгоор зориуд энэ компанийн нислэгийг сонгосон.


Улаанбаатараас 3 цаг гаруй нисээд Инчон олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Хилийн шалган нэвтрүүлэхээр өнгөрч, жижиг чемоданаа тээшнээс аваад нисэх буудал дотроос  тээврийн хэрэгслээр зорчих T-Money карт  4000 воноор худалдаж аваад, 12000 воноор цэнэглэв. Ингээд метронд суугаад Сөүлийн төвд ирлээ. Booking.com сайтаар урьдчилж захиалсан зочид буудалдаа очив. Мёндонг дүүрэгт байдаг буудлаа олоход Google map л их хэрэг болсон доо.  Зочид буудалдаа ирээд цаг харсан чинь 19:00 болж байна. Усанд орж нэг сэргээд ойролцоох CU дэлгүүр рүү очиж ус, талх банана, тараг  худалдаж авлаа. 



Талх, банана, ус нийлээд 6000 вон, тараг 1700 вон болсон юм байна. Ганцаараа явж байгаа болохоор хэчнээн мөнгө үрж байгаагаа хянаад их цэгцтэй байхыг хичээж байгаа  юм. Сөүлд ирсэн анхны орой Тэгү хотоос нэг танил маань ирэв. Монголоос гарахын өмнө нь түүнд хэл дуулгасан бөгөөд надад ойр зуурын илгээмж захисан юм. Надаас илгээмжээ авах гэж ирж байгаа юм. Цаг 23:00 болсон байсан ч Тэгүгээс ирсэн танилтайгаа шөнийн Сөүлийг үзэх гэж гарсан юм байна. Jongno-gu, бас Itaewon дүүрэг рүү нь очлоо. Метро зогссон тул таксидсан юм байна. Itaewon руу очихдоо Тэгү хотоос ирсэн танил маань, буцахдаа би таксины мөнгийг төлөв. Ажлын өдөр байсан учраас аль алин нь эл хуль. Itaewon дүүрэгт туркүүдийн ажиллуулдаг жижиг хоолны газраар орлоо. 

Ингээд буцаж буудалдаа ирэв. 
Маргааш нь Тэгү хотоос ирсэн танилтайгаа хамт Монгол таун орж гар утасны сим карт худалдаж авлаа. Интернэт хязгааргүй 2 сарын хугацаатай сим карт 36300 вон. Интернэт байхад дэлхийн хаана ч алзахгүй болсон эрин үе юм даа. 



Монголоос яваад удсан учраас Тэгү хотоос ирсэн танил маань Монгол Таун дотор байдаг монгол хоолны газраар орох санал гаргав. Дөнгөж өчигдөр Солонгост ирсэн надад бол монгол хоол сонирхолтой биш. Гэхдээ хань болж орлоо.  


Олон төрлийн хоолны сонголттой, цэвэрхэн аятайхан газар байна лээ.



Монгол таун дотор бас монгол бараа зардаг дэлгүүр байдгийг бүгд мэднэ дээ.  Монголоос авч ирсэн хүнсний бүтээгдэхүүн зөндөө. Мэдээж Улаанбаатараас 1997 км алсад зөөж авч ирсэн учраас үнэ ханш нь хэд дахин илүү. 


Үдээс хойш Тэгү хотоос ирсэн танил маань Сөүлээс буцав. Ажил, сургуульдаа явах ёстой хүн юм чинь буцалгүй яахав.  Ингээд би ганцаараа үлдэв. Сөүлийн төвөөр, Намсан цамхаг орчимд ганцаараа гудамж метрлэж нэлээн алхав. 





Бас Мёндонг дүүргийн худалдааны гудамжийг нүхлэх шиг болсон доо. 2023 он гараад удаагүй байсан учраас гацуур модны чимэглэлээ хураагаагүй байсан үе.


Сөүлд ирсэн 3 дахь өдрөө интернэтээр хайж байгаад E-MART дэлгүүр рүү явлаа.  


E-MART дэлгүүрээс гадна бас өөр супермаркетаар нь ч орсон. Барааны үнэ ханшийг нь сонирхов. 2023 оны 1 дүгээр сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ Сөүлд ямар байгааг зураг хөрөгтэй оруулъя. Дараа хэдэн жилийн хойно харьцуулахад сонирхолтой байх гэж бодлоо.  Доорх зурагнууд нь Сөүлийн E-MART дэлгүүрийн зураг биш. LOTTE супермаркетынх.



















Хүнсний дэлгүүрээс гараад буудал руугаа явж байтал Сөүлд ажиллаж амьдардаг өөр нэг танил маань над руу холбогдов. Facebook, Instagram руу оруулсан story хараад "Хүүе, та ирчихсэн юм уу? Өнөөдөр амралтын өдөр учраас би завтай байна. Байгаа газар чинь очоод уулзъя" гээд бичиж байна. Би "OK" гэлээ. Мёндонг метроны өртөөний ойролцоо кафед уулзаж сайхан хууч хөөрөлдөв. 


Энд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа. Би ер нь Монголдоо очиж мэргэжлийнхээ ажлыг хийсэн нь дээр үү? Эндээ ажиллаад байх уу? гэх мэтээр надаас зөвлөгөө хүсэв. Сайн мэргэжилтэн Монголдоо ирээд ажиллах юм бол алс хэтдээ эх оронд маань хэрэгтэй. Гэвч Монголдоо очоод ажиллах юм бол Сөүлд авдаг шиг цалин авч чадахгүй л байх даа гэж би хэллээ. Үнэн юм чинь яахав дээ. Сөүлд ажиллаад монголтой харьцуулахад арай илүү цалин аваад агаарын бохирдол багатай газар амьдрах нь хувь хүнд илүү дээр сонголт гэж би хэлсэн. 
Сөүлд ирснээс хойш дөрөв дэх өдөр. Өдөржин Сөүлийн төвөөр алхаж урьд хожид ирж байгаагүй гудамж талбайн барилга байшинг харж, зураг дарж видео бичлэг хийв. 













Орой нь Сөүлд сурдаг оюутан залуутай уулзаж хамт Itaewon дүүргийн хэдэн баар, цэнгээний газраар орлоо.  Эхний орсон Nigth club-ын такс нь 20000 вон. Такс төлмөгц гаран дээр тамгална.  

Доторх зай талбай нь жижиг юм билээ. Доор харагдаж байгаа зураг дээрх улаан хаягтай хаалгаар орж шатаар дээр өгсөнө. Ойролцоогоор 50 м. квадрат талбайтай нэг заал. Гаднаа 10 м квадрат орчим террастай. 



Энэ клубт цаг хэртэй болоод дараагийн газрын зорив.  Дараагийн орсон клуб нь "EAGLE". Такс нь 10000 вон. Нэг байшингийн хонгилын давхрыг засаж тохижуулаад клуб нээж. Шатаар доошоо уруудаж клуб руу орно. 
"EAGLE" нь бүжгийн заалнаас гадна жижигхэн "dark room"-тэй. Энэ клубт мөн л цаг гаруй болов.  Itaewon дүүргийн хоёр ч клубээр ороход ерөнхий дүр зураг ойлгомжтой мэт санагдав.  Энэ хавьд GOLD BURGER гээд жижиг мухлаг байсан. Хэдий цаг шөнийн 3 болж байгаа ч шоудаж байгаа залуус бургер худалдаж авч идэцгээх юм билээ. Бургер нь амттай. 


Цаг нэгэнт орой болсон, метро зогссон, таксидаад зочид буудал руугаа явах нь зардлын хувьд үнэтэй болох учраас Itaewon дүүрэгт байдаг саунд орж хонолоо. Саунд ороход 20000 вон. Ариун цэврийн хувьд миний сэтгэлд хүрэхээр биш. Угаасаа ямар зорилгоор хүмүүс ордог нь ойлгомжтой газар. Ер энэ саунд Сөүлд ирсэн гадаад залуус нэлээн их ордог юм шиг санагдсан.  
Сөүлд ирснээс хойш тав дахь өдөр.  Өглөө эрт саунаас гарч Мёндонг дүүрэгт байдаг зочид буудал руугаа явлаа. Хэсэг амарч байгаад цогчин дуган үзэхээр явлаа. 



Дараа нь Солонгосын үндэсний музей үзэв. Музей нь үнэ төлбөргүй. Дотор нь ороод гар утсаар зураг авах нь чөлөөтэй. 




Музейд Солонгос Улсын түүх соёлтой холбоотой олон хосгүй үзмэр байна лээ. Сөүлд ирвэл энэ музейгээр ороод гараарай. 

Сөүлд өнгөрүүлсэн эхний 5 өдрийн тайлан иймэрхүү. Үргэлжлэлийг нь  хэсэг засварлаад  бичье.