Амьдралын тойрог

2024-03-26

Зуныг хүссэн аялал: 3 дугаар хэсэг. Пукет- үргэлж зун болдог газар

Пукет арал дээр идсэн оройн хоол шаурма.  Орост амьдарч байхдаа иддэг байсан шаурмаг бол гүйцэхгүй юм. Сүүлийн 10 гаран жил шаурма идээгүй байсан учраас сайхан л байлаа.  

Пукет арал дээр Орос, Украин, Беларусь, Казахууд их ирдэг учраас орос ба  дундаж ази, төв азийн орнуудын хүмүүс таашаан иддэг хоол ресторанд нь зарж байна лээ. Амралтын газар дотор ийм мини бар ажиллаж байна лээ. 


Пукетэд ирсний маргааш өглөө. Цонхоор хармагц бадамлянхуа цэцэгттэй цөөрөм, халуун орны мөнх ногоон мод мэлмий баясгана. Дундуур нь алхаад явахаар шувуудын жиргээ сонсогдоно.  


Өглөөний цай нь буфет-ресторан. 
Амралтын газар нь дотроо аква парктай аж. Амрагчид үнэгүй. Аква парк руу орохдоо өрөөний дугаараа хэлж бүртгүүлнэ. Бас хүсвэл электрон бугуйвч авч дансанд нь мөнгө байршуулж болно. Аква парк руу ороод юм уухаар бол бугуйвчаа уншуулаад тооцоогоо хийдэг тогтолцоотой юм билээ.  Аква парк руу ороод хоёр цаг орчим тоглолоо. Янз бүрийн л гулсуур байна.  






Үдээс хойш нь Пукет хотын төвөөр нь явж үзлээ. 



Пукет арал дээрх гурав дахь өдөр. Энэ өдөр өглөөний цайгаа буфет ресторанд ууж идээд хэд хэдэн арал руу явах аялалд явлаа. Ингэхдээ аяллын компанид хандсан юм.  Аяллын компани миний байгаа амралтын газраас үйлчлүүлэгчээ автобусаар зөөнө. Аяллын газрын офис дээр ирмэгц ямар чиглэлийн аяллын хөтөлбөр сонгосон бэ? гэдгээс нь хамаарч өнгөөр ялгасан бугуйвч үйлчлүүлэгчид зүүлгэж байна. Энд бас өглөөний цай, сендвич үнэгүй. Аялалд гарахаасаа өмнө хөтөч нь мэдээлэл өгөв. Аялал хэдэн цаг үргэлжлэх, ямар чиглэлд билд аялах, өдрийн хоолоо хаана идэх вэ? Гэнэтийн осол гарвал яах вэ? гэх мэт аюулгүй байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулж байна. Бас аялагч бүрийн гэрэл зургийг дарж байна. Энэ нь даатгалын нэг хэсэг гэж тайлбарлав. Ингээд надтай нийлээд 20 хүн моторт завинд суугаад аялалд гарлаа. Завинд сууж дадаагүй хүмүүсийн дотор нь муухайрахаас сэргийлсэн эм тарааж байсан.  Эмнээс нь аваад уучихлаа. 


Андаманы тэнгист Пукет арлаас гадна өөр 32 жижиг арал байдаг гэж өмнө нь бичиж байсан. Тэднээс энэ удаа 3 арал руу нь моторт завиар явах юм байна. Задгай далайд моторт завиар салхи татуулан хурдлан давхих нь сайхан байлаа. Аяллын хөтөчөөс гадна усан онгоцны ахмад, мөн өөр 2 аврагч завинд явдаг юм байна. Тэд аялагчдад үе үе хүйтэн ундаа, ус өгч байлаа. Ундаа, ус үнэгүй. Үнэгүй ч гэж.... Ундаа, усны үнэ нь аяллын төлбөрт угаасаа багтчихсан байгаа. 
Эхний очсон арал дээр сармагчин сүрэглэн амьдардаг юм билээ. Энд моторт завь түр зогсож, усны тусгай хэрэглэл (сноркелинг) тарааж, хүссэн хүн болгон усанд сэлж болно гэж зөвшөөрч байна лээ. Би усанд сэлж чаддаг боловч задгай тэнгист сэлэхээс татгалзав. Би бассейнд л сэлж байсан туршлагатай. 



20 минутын дараа моторт завь хөдөлж Маябэй хэмээх өөр нэг арлын зорив.



Холливуудын жүжигчин Леонарда де Каприогийн гол дүрд нь тоглосон "Наран шарлагын газар" (The Beach) уран сайхны киноны зурагт авалт Маябэй арал дээр хийж байжээ. Одоо энэ арлыг жуулчид зорин ирдэг болсон байна. Тунгалаг устай энэ хэсгийн байгалийн үзэмж нь тансаг сайхан. 



Маябей нь Пи Пи (Phi Phi) арлын нэг хэсэг. 
Дараа нь өдрийн хоол идэх гурав дахь арал руу хөдлөв. Буфет хоолтой.  



Өдрийн хоолны дараа чөлөө цаг гээд 90 минутын хугацаа гаргаж өгөв.  Ингээд үдээс хойш 15:00 цагийн үед Пукет руу буцаж хөдлөв. 17:00 цагт Пукет арал дээр эргэж ирлээ. Аяллын төгсгөлд жуулчдын гэрэл зургийг нь хэвлээд, жаазанд наагаад 200 баттаар зарж байна. Хүмүүс мэдээж өөрсдийнхөө зургийг худалдан авч байна. Зурагаа авах гээд ирэхээр нь хөлдөөсөн цэлцэгнүүрээр дайлах аж. Ер нь жуулчдаас хэрхэн мөнгийг нь салгахаа сайн мэддэг хүмүүс юмаа. Хамгийн гол нь мөнгө салгахдаа хүчилж биш, маш боловсон байдлаар үйлчилгээ санал болгох юм. Зурагаа худалдаж аваарай. Үнэгүй цэлцэгнүүр идээрэй гэхээр хүн огт үгүй гэж  хэлэхгүй юм билээ. 
Пукет арал дээрх дөрөв дэх өдөр. Энэ өдөр Пукет арал дээр байдаг заан үржүүлгийн газар очиж үзэв. Тасалбар нь 1 хүний 25 доллар. Энэ нь 820 батт гэсэн үг. Заан үржүүлгийн газар ороод заан хооллож, дэргэд нь зогсоод зурагаа авахуулж болно. Заанд өгөх гээд зориулан бэлтгэсэн тарвас сагсанд овоолсон байна лээ. Тарвас бариад очихоор заан хошуундаа ороож аваад ам руугаа хийгээд хальстай нь тэр чигээр нь идчих юм билээ. Энэ төвд 10 орчим заан байна лээ. Заан хооллохоо бодоод цөөхөн зураг даржээ. 

Дараа нь Пукет арлын төвд байдаг нэг худалдааны төвөөр орлоо. Дэлгүүр хэсэж бага сага юм худалдаж авлаа. Тайландад McDonalds нь ямаршуу амттай вэ? гэдгийг мэдрэх зорилгоор McDonalds оров. Ингээд оройны 20:00 цагийн үед амралтын газартаа буцаж ирэв.

Буцахдаа Пукет арлаас Хятадын Кунмин хотоор дамжин Өвөрмонголын Хөх хот руу явах онгоцны тийзтэй байв. Дараа нь Хөх хотод хоёр хоног байх зочид буудал захиалсан байлаа. Дараа нь Эрээн рүү галт тэргээр хүрээд, Замын Үүд орж, цаашлаад Улаанбаатарт монголынхоо орон нутгийн галт тэргээр ирэх төлөвлөгөөтэй байв. Гэвч Trip.com сайтаар худалдан авсан  онгоцны тийзээ цуцлав. Оронд нь Пукетээс Хонгконг руу нисэх тийз 74 доллараар худалдан авлаа. Дараа нь Хонгконгоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэх МИАТ-ын тасалбар худалдаад авчихлаа. МИАТ-ын онгоцны тасалбар 845.000 төгрөг. 

Ингээд Пукетээс шөнийн 3:00 цагт Hongkong Airlines компанийн баджет нислэгээр хөөрлөө. Өглөөний 6:00 цагт Хонгконгын олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Хонгконгийн нисэх онгоцны буудлаар сэлгүүцэж, татваргүй барааны дэлгүүр хэсэж, онгорхой байгаа хоолны газраар нь орж өглөөний цай уув. Өдрийн 12:00 цагийн үед МИАТ-ынхаа онгоцонд суугаад Улаанбаатартаа 17:00 цагийн үед газардав. Онгоцны буудал дээр намайг тосох хүн угаасаа байхгүй. Тиймээс Чингис хаан нисэх онгоцны буудлын нэгдүгээр давхарт байрладаг автобусны үйлчилгээг сонгов. УБ хот руу  явах автобусны тасалбар 30.000 төгрөг.  Ийнхүү энэ өвлийн зуныг хүссэн аялал дуусав. 


PS: Нийт замын зардлаа  дахин тооцоолж үзье. 
УБ-аас Замын Үүд хүртэл галт тэрэгний тасалбар 80.000 төгрөг
Замын Үүдээс Эрээн хүртэлх автомашин төлбөр 50 юань (1 юань 470 төгрөгийн ханшаар тооцвол 23500 төгрөг)
Эрээнээс Хөх хот хүртэлх галт тэрэгний тасалбар 67 юань (1 юань 470 төгрөгийн ханшаар тооцвол 31490 төгрөг)
Хөх хотоос Чэндү-Пукет хүрэх онгоцны тийз 257 доллар (1 доллар 3400 төгрөгийн ханшаар тооцвол 873800 төгрөг)
Пукетээс Хонгонг хүртэл онгоцны тийз 74 доллар (1 доллар 3400 төгрөгийн ханшаар тооцвол 251600 төгрөг)
Хонгконгоос Улаанбаатар хүртэлх онгоцны тийз 845.000 төгрөг
Нийт зардал 2105390 төгрөг
Хоолны зардал, амралтын зардал, үзвэр үйлчилгээний зардал тусдаа. 





2024-03-20

Зуныг хүссэн аялал: 2 дугаар хэсэг. Ченду хотоос Пукет рүү

Хөх хотоос 17 цаг 40 минутад хөөрсөн онгоц 20 цаг 30 минутад Чэндү хотын Тианфу олон улсын нисэх онгоцны буудалд газардав.  Хятадын орон нутгийн нислэгийн хоол нь иймэрхүү.  Air China компанийн хоолны үйлчилгээ. 


Чэндү хотод онгоц газардах үед гадаа түнэр харанхуй болсон байлаа. Чэндү хот бол Хятадын Сычуань мужийн засаг захиргааны төв.  Энэ хотын түүхийг интернэтээс хайж уншлаа. Манай эриний өмнөх IV зууны үед энэ хотыг үүсгэн байгуулсан гэж Хятадын түүхэн эх сурвалжид бичсэн аж. Манай эриний өмнөх 316 он хүртэл Чэндү хот Шу хэмээх хаант улсын нийслэл байжээ. Түүхийн уртад энэ хот хөгжил цэцэглэлт, уналтын аль алиныг нь туулсан. Манж Чин улсын үед Чэндү хот бараг хүнгүй шахуу болж байсан тул хотыг  сэргээн байгуулах, хүмүүсийг Чэндү рүү нүүлгэн, хүчээр суурьшуулах ажлыг зохион байгуулсан гэдэг. 1952 оноос Чэндү хот нь Сычуань мужийн төв гэсэн статустай болов.  Энэ хотод хань үндэстнүүдээс гадна түвд, цян, лисү, наси зэрэг үндэстний цөөнх аж төрдөг.  Хотын оршин суугчдын тоо 20 сая орчим. Одоо Чэндү нь БНХАУ-ын аж үйлдвэрийн томоохон төв болжээ. Боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэр, сансрын ба агаарын тээврийн технологийн туршилтын баазууд, төмөр замын үйлдвэр, химийн үйлдвэр, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр Чэндү хотод байрладаг. Чэндү хотод хулсны баавгай үржүүлдэг эрдэм шинжилгээний төв ажилладаг. Энэ хотод иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг хоёр нисэх онгоцны буудал бий. "Шуанлю" нисэх онгоцны буудал нь Чэндү хотын төвөөс 16 км зайтай. Харин хоёр дахь нисэх онгоцны буудлыг нь Тианфу гэж нэрлэдэг бөгөөд хотын төвөөс 50 км зайтай. Намайг тээвэрлэсэн онгоц Тианфу нисэх онгоцны буудалд нь газарджээ. Чэндү хот 2010 онд метротой болсон бөгөөд нийт 6 чиглэлтэй. Уламжлалт тээврийн хэрэгслүүдээс гадна устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг хотын алслагдмал дүүргүүдийн хооронд зорчигч тээвэрлэдэг. Чэндү үнэхээр том хот аж. Энэ хотод үзэж харах, миний сонирхол татах зүйл арвин бололтой. Энэ удаагийн аяллын хувьд Чэндү дамжин өнгөрөх цэг.  Чэндүгээс Пукет руу явах нислэг маргааш өглөө 9:45 цагт Тианфу олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын терминалаас. Хэрвээ би аяллаа эрт төлөвлөсөн бол Чэндү хотоор тухтай зугаалдаг байжээ гэж бодов.  Дараа нь Чэндү хотыг зорин ирж тухтай аялах юм шүү гэсэн шуналт бодол толгойд эргэлдэнэ. Тианфу олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо хоногийн 21 долларын төлбөртэй жижиг зочид буудалд хоноглох захиалга booking.com сайтаар дамжуулан хийсэн байлаа. Зочид буудал ба нисэх буудлын хооронд үнэ төлбөргүй автобусаар үйлчилдэг гэсэн нөхцөлтэй байв. Энэ нь тус зочид буудлыг сонгох болсон гол шалтгаан байв.  Зочид буудлынхантай booking.com сайтын мессэнжэрээр холбогдож "Би гадаадын иргэн. Анх удаа Чэндү хотод ирж байна. Намайг заавал тосоорой" гэж бичив. Удсангүй "Ok" гэсэн хариу ирлээ. Онгоцны буудлын гадаа 30 орчим минут хүлээсний эцэст намайг тосох микро автобус ирэв. Цорын ганц үйлчлүүлэгч нь би. 

Жолооч нисэх буудлаас гарч хурдны замаар 10 орчим минут давхиад, дараа нь нарийнхан туслах зам руу оров. Жолоо барих зуураа жолооч хятад залуу гар утасны орчуулгын программ ашиглан "Чи аль улсын иргэн бэ?" гэж асууж байна. Хятадаар хэлмэгц орчуулгын программ англи руу хөрвүүлээд дэлгэц дээр бичвэр болгоод хувиргаж байна. Замын хоёр талаар өндөр хулс ургажээ. Хятад хэл ч мэдэхгүй. Шөнийн харанхуйд огт таньж мэдэхгүй газар, ганцаараа микро автобусаар ингээд явж байгаад бага зэрэг айдас төрөх шиг болов.  Нэлээн явсны эцэст 8 давхар байшингийн гадаа микро автобус зогсов. Зочид буудалдаа иржээ. Жолооч залуу намайг дагуулаад зочид буудлынхаа угтах хэсэгт очоод бүртгэл хийв. Энэ үед өөр нэг хаалганаас жижигхэн биетэй хятад бүсгүй гарч ирээд надтай англиар мэндлэнгээ тоор жимс хоёр гардан өгөв. Өгсөн жимсийг нь авлаа. Ирсэн зочиндоо сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа оролдлого гэж би шууд бодов. Миний байрлах өрөө 7 дугаар давхарт ажээ. Лифтээр дээш өгсөж байх үед би гар утасны орчуулгын программ дээр "Чи энэ зочид буудлын эзэн нь үү?" гэж англиар бичээд хятад руу хөрвүүлэв. Залуу хармагцаа инээмсэглэж толгой дохиж байна. Зочид буудлын ажилчид нь яагаа вэ? гэж би орчуулгын программ ашиглан үргэлжлүүлэн асуулаа. Цагаан сарын баяр дөхсөн учраас миний ажилчид амарч байгаа гэж хариу бичиж байна. Зочид буудлын өрөө тансаг биш боловч цэвэрхэн юм. Буудлын эзэн залуу агааржуулагч хэрхэн ажиллуулахыг зааж өгөөд, өөр хэрэгтэй зүйл байвал бичээрэй гэж орчуулгын программаа ашиглан надад хэлж байна. Би ойлголоо гэлээ. 

Зочид буудлын өрөөнд ороод шүршүүрт орж замын шороо тоосноосоо салав. Өглөө эрт нислэгтэй тус бушуухан ор руу шургалаа. Өглөөний 7 цагт зочид буудлын эзэн хаалга тогшиж намайг сэрээв. Онгоцны буудал руу намайг хүргэж өгөх учиртай. Зочид буудлаас гарлаа. Өнөөх маань намайг шууд онгоцны буудал руу хүргэсэнгүй. Харин өөр нэг зочид буудлын гадаа буулгаад, ондоо микроавтобусанд суулгав. Ингээд өөр гадаадын аялагчидтай нийлж нисэх буудал руу очлоо. Нисэх буудалд ирэхэд миний явах нислэгийн бүртгэл эхэлсэн байв. Онгоцны бүртгэлдээ ороод, хилээр гарч Тайландын Пукет арал руу нисэв. Чэндү хотоос Пукет рүү 4 цаг нисэв.  Хятадын иргэний агаарын тээврийн Air China компанийн онгоцоор нисэхэд ийм хоолоор үйлчилж байна. 

Тайландын Пукет арлын цагаар 12 цаг 50 минутад газардав. Пукет бол Тайланд улсын баруун эрэгт Андаманы тэнгист Энэтхэгийн далайд байдаг арал. Тайланд улсын хамгийн том арлын тоонд ордог бөгөөд эргэн тойронд нь өөр 32 жижиг арал бий. Арал 543.034 км квадрат талбайтай. Арал 400.000 оршин суугчтай.  Арал дээр тай, хятад, малай, урак лавай, лао, кхмер зэрэг үндэстнүүд амьдардаг. Нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь аялал жуулчлал, түүнийг дагасан худалдаа, наймааны бизнес.  Мөн каучук  эдийн засгийн өөр нэг тулгуур нь. 

Пукет арлын түүхийг сонирхов. Хятадаас Энэтхэг хүрэхээр яваа худалдаачид Пукет арал дээр түр буудалладаг байжээ. XVI зууны хоёрдугаар хагаст Голландын далайчид Пукет арал дээр суурин байгуулжээ. Тэд арлаас тугалга олборлож байв. XVII зууны үеэс Пукет арлаас тугалга олборлож авахын тулд Португаль, Франц, Англичууд ирж өөр хоорондоо өрсөлдөж байсан сонирхолтой түүх бий. Энэ өрсөлдөөнд Францчууд 1680 онд ялагч болсон бөгөөд Пукет арал тэдний хяналтад бүрэн орсон байна. 1785 онд Бирмийн цэргүүд Пукет руу гэнэт довтолсноор Францчууд арлаас хөөгджээ. Хожим Пукет арал нь Тайландын хаант улсын мэдэлд ирсэн байна. Тайландын нийслэл Бангкок хотоос 862 километрийн алсад байгаа энэ арлын эргэн тойронд наран шарлагын газар байгуулж болохуйц торгомсог зөөлөн ширхэгтэй элс, тунгалаг цэнхэр устай. Арлын Патонг хэсэг газар жуулчдад зориулсан зугаа цэнгээний газар, шөнийн клуб, худалдааны төв бий. 2004 оны 12 дугаар сарын 26-нд Энэтхэгийн далайн гүнд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунамид Пукет арал нэрвэгдэж маш их хохирол амссан байна. 
Пукет арал нь экваторын бүс орчимд хамаардаг тул жилийн дөрвөн улирлын турш цаг агаар халуун. Хуурай ба нойтон гэсэн хоёр улиралтай. 11 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд хуурай улирал үргэлжилдэг. Харин 4 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал нойтон улирал нь. Энэ хугацаанд бараг өдөр болгон бороо орно. Агаарын температур жилийн туршид эрс тэс хэлбэлзэхгүй. Агаарын дундаж хэм цельсийн 34. 1972 он хүртэл Пукет арал дээр жуулчдад зориулсан ямар ч үйлчилгээ байсангүй. Харин 1973 оноос хойш арал дээр жуулчид хүлээн авдаг болжээ. 
Пукетийн олон улсын нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 32 километрийн зайтай. Онгоцны буудал дээрх мэдээлэл нь тай, англи, орос гэсэн гурван хэлээр бичсэн байлаа. Хүүхдээ дагуулсан, гэр бүлээрээ амрахаар ирсэн орос, беларусь, казах, украинчууд олон байв. Хилийн шалган нэвтрүүлэх цэг өнгөрөөд валют арилжааны цэгт очиж мөнгөө солиулав. 1 USD нь 32.81 тайланд батт. 100 америк доллар солиулж 3281 тайланд баттай болов. Миний очих амралтын газар руу нисэх онгоцны буудлаас 600 баттаар такси явдаг юм байна. Гадаа 30 хэмийн халуун. Онгоцны буудал дотор өвлийн гутлаа тайлаад торонд хийв. Үүргэвчнээсээ Монголоос авч гарсан зуны углаашаа гаргаж өмслөө. Тайланд улсад тээврийн хэрэгслийн зүүн гарын дүрэм үйлчилдэг. Хотын төвийн замын хөдөлгөөнд унадаг дугуй, мотоцикл их оролцох юм. Очих ёстой амралтын газраа ирээд шүршүүрт орж, гоймон идчихээд далайн эрэг дээр очлоо. Саяхан л Номхон далайн эрэг дээр Калифорнид байсан MNED ингээд Энэтхэгийн далайн эрэг дээр зогсож байх гэж...



Тайланд миний ирсэн 14 дэхь улс боллоо гэж бодонгоо нисэх буудлаас хөөрч, өндрөө авч байгаа онгоцыг ширтэв. Хөл доор торгон зөөлөн элс. Пукетийн аяллын тэмдэглэлээ дараа үргэлжлүүлье.

2024-03-19

Зуныг хүссэн аялал: 1 дүгээр хэсэг. Хөх хотод

Монголд хүйтэн цаг агаартай байдаг хугацаа арай л урт гэдэгтэй санал нийлэх үү? Номхон далай гаталж ирчхээд нарлаг Калифорниаг санаж гэгэлзээд. Цагаан сар болох гээд байдаг. Ер нь энэ жилийн "Цагаан сар"-ын баяраар гадаадад байж байвал дажгүй ч юм уу гэсэн бодол толгойд эргэлдээд болдоггүй ээ. За тэгээд "Цагаан сар" болохоос өмнө Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний тасалбарыг https://eticket.ubtz.mn/ сайтаас онлайнаар худалдаад авчихлаа. Би купений тасалбар сонгов. Үнэ нь 80000 төгрөг. Дараа нь Замын Үүдээс Эрээн орно. Эрээнээс цааш явах ямар нэгэн унаа олж сууна. Тэр нь мэдээж Хятадын орон нутгийн онгоц, эсвэл галт тэрэг байх болно гээд л тооцооллоо. Сэтгэл хаашаа тэмүүлэх нь вэ? Тэр зүг рүү л явна даа гээд л үүргэвчээ үүрээд замд гарчихлаа.  Өдөр бүр 16 цаг 20 минутаас Улаанбаатар  Замын Үүд чиглэлийн галт тэрэг аялалд гардаг. Дараа өдрийнхөө 7цаг 20 минутад галт тэрэг Замын Үүд хотод ирнэ. Галт тэрэгнээс буумагц Замын Үүдийнхэн хил гарах уу гээд хоргооно. Монгол Улсын Замын Үүд боомтоос  БНХАУ-ын Эрээн боомт руу зорчигч зөөдөг том оврын автобус бий. Автобусны үнэ нь 32000 төгрөг. Бас хувьдаа машинтай хүмүүс зорчигч тээвэрлэнэ. Тэд нэг хүнээс 50 юань авч машинаараа үйлчилдэг. 2024 оны 2 дугаар сарын байдлаар 1 юань 470 төгрөг байв. Энэ нь 23500 төгрөг гэсэн үг.  За ингээд MNED нь өглөө Замын Үүдээс Эрээн рүү гарах гэж яарсангүй. Өдрийн 11 цаг хүртэл Замын Үүдийн зорчигч үйлчилгээний төв дотор сууж гар утас, power bank цэнэглэв. Үдийн хэрд Эрээн рүү гарна гэсэн машинд суугаад хил гарлаа. 


Эрээнд ирмэгцээ жолоочид 50 юань төлөв. Ингээд зээлийн гадаа байдаг жижигхэн мухлаг руу орж Хятадын гар утасны сим карт 100 юаниар худалдаж авлаа. Цаашаа явахад интернэт хэрэгтэй учраас сим карт худалдаж авах нь маш зөв сонголт байв. Эрээнд хамгийн сүүлд хэзээ очиж байсан билээ гээд бодлоо. Ойролцоогоор 2013 онд  Эрээнд ирж байсан юм байна. Тэр цагаас хойш Эрээн өөрчлөгджээ. Эрээнд ийм өндөр барилга сүндэрлүүлсэн байна. Гэтэл манай Замын Үүд 30 жилийн өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй дээ. 


Эрээнд ирсэн хүн байна даа. Зээлээр нь нэг тойрлоо. Цагаан сар дөхсөн учраас Эрээний хятад худалдаачид нутаг руугаа буцсан бололтой. Монголчууд ч тун цөөхөн тааралдав. Ер нь Эрээн хот эл хуль байв. Манай монголчууд цагаан сарын бэлэг сэлт бэлтгэх гэж Эрээн рүү явахаа болиод удаж байна доо. 


Үдээс хойш 17:00 цагийн үед KFC орж кофе, бургер, шарсан төмс авч идлээ. Үнэ нь 50 юань болов. 


Дараа нь Монголоос гарахын өмнө гар утсандаа татсан VPN асаав. Google map ашиглаад Эрээний галт тэрэгний буудал руу алхав. Эрээн хотоос Хөх хот руу явах орон нутгийн галт тэрэгний тасалбарыг онлайнаар захиалсан юм. Үүнийгээ баталгаажуулж асуух зорилгоор галт тэрэгний буудал руу явж байгаа нь энэ. Кассад дээр нь Өвөрмонгол бүсгүй ажиллаж байна. Паспортоо үзүүлээд, онлайнаар захиалсан тасалбарынхаа скриншотыг харуулав. Таны галт тэрэг орой 23 цагт замд гарна. Зорчигчийн танхим руу 20:00 цагаас оруулна гэж хэлэв. Ямар ч байсан онлайнаар захиалсан хүчинтэй л юм байна.


Эрээнээс Хөх хот руу явах галт тэрэгний тасалбарын үнэ суудлынхаа зэрэглэлээс хамаарч харилцан адилгүй. Хятадын галт тэргэнд суудалгүй зогсоогоороо явах тасалбар, сандал дээр сууж явах, унтлагын гэх мэтээр зэрэглэл нь янз бүр. Эрээнээс 23:00 цагт хөдөлж, Хөх хотод өглөө 6:00 цагт очих учраас мэдээж унтлагын ортой зэрэглэл сонгох нь зөв. Галт тэрэгний тасалбараа баталгаажуулчхаад сэтгэл амарч буцаад Эрээний төв рүү алхав. "Бүдүүн дэлгүүр" рүү нь орлоо. Худалдаж авах юм угаасаа байхгүй. Зүгээр л цаг нөхцөөх зорилгоор л тэнэв. Орой 19:00С цагийн үед буцаж галт тэрэгний буудал дээр ирлээ. Тасалбар зардаг танхимд нь хэсэг сууж байгаад ам цангахаар нь буцаж гараад замын эсрэг талын дэлгүүр рүү орж ундаа, ус худалдаж авлаа.

Монголоос гарахын өмнө Hi Pay хэмээх APP гар утсандаа суулгасан юм. Байнга ашигладаг банкны данснаасаа Hi Pay данс руу багахан хэмжээний төгрөг шилжүүлэв. Хятадын Ali Pay төлбөр тооцооны системд Монголын Hi Pay нэгдсэн гэдэг мэдээлэл өмнө нь уншиж байсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг шалгаж ундаа усны төлбөрөө Hi Pay аппликейшн ашиглан төлөх гэж оролдов. Гүйлгээ амжилттай. Хятадад явж байхад төлбөр төлөх нэг сонголт нь Hi Pay юм байна шүү гээд сурталчилгаа хийчихье. Хятадын галт тэрэгний өртөө рүү орох үед аюулгүй байдлын үзлэг шалгалтаар оруулдаг. Энэ нь яг онгоцны буудлынх шиг. Галт тэрэгний өртөө рүү орохдоо ачаа тээшээ рентген аппаратаар шалгуулж, өөрөө ч металл илрүүлэгч дундуур гардаг. Сэжигтэй гэж үзсэн эд зүйлийг ачаа тээшнээс гаргуулж, хураагаад авах тохиолдол ч бий. 23:00 цагт галт тэргэндээ суулаа. Яваад орсон чинь миний унтах ор 3 дугаар давхарт. Авираад дээшээ гарлаа. Орон дээрээ гараад нам унтлаа. Үүрийн 4 цаг гэхэд сэрэв. Олон хүн бужигнахаас өмнө 3 дугаар давхрын орноос бууж, гутлаа өмсөөд ариун цэврийн өрөө орж шүд амаа угаав. За ингээд өглөөний 6 цагийн үед Өвөрмонголын Хөх хотод ирлээ. 


Хөх хотын галт тэрэгний буудлаас нь гарч өглөөний цай уув. Сайхан хийцтэй сүүтэй цай, өрөм,  мантуун бууз идэв. Зэс тогоонд өрөм, бяслаг, шар будаа гэх мэт цайны хийцтэй бэлдэц авч ирнэ. Яг харж байхад газын плитка асааж ус, сүү хийгээд самарна. Цай ч дорхноо бэлэн болов. Яг иймэрхүү цайны газар Улаанбаатарт нээвэл хүмүүс сонирхоод орж магадгүй юм гэж бодлоо. 


Энэ цайны газрын үйлчилгээний танхимын зургийг нь дарсан боловч, ууж идсэн хийцтэй цайны зургийг дарахаа мартжээ.  Өглөөний цай 1 хүний 30 юань. 
Өглөөний цайны газар нэлээн тухаллаа. Бараг өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл суусан. Өглөөний 9 цаг дөхүүлээд гарч Хөх хотоор нэлээн алхав.  Дараа нь таксидаад Хөх хотын төвөөр нь явлаа. 

Хөх хотын тухай мэдээлэл интернэтээс хайлаа. Хөх хот гэдгийг Хятад ханзаар 呼和浩特 гэж бичдэг юм билээ. Ер нь Хятадад явж байхдаа ядаж очсон газрынхаа нэрийг ханзаар хэрхэн бичдэгийг нь хараад нүдэлж авсан байхад илүүдэхгүй. Хөх хот 2020 оны байдлаар 3 сая 400 мянган оршин суугчтай гэсэн статистик мэдээ байна. 1580 онд Алтан хааны зарлигаар Хөх хотын үндэс суурь тавигдсан гэж түүхчид үздэг юм байна. Тэр цагаас хойш улс төр, эдийн засгийн төв болж хөгжсөн байна. 1922 онд Бээжингээс Бугат хот руу төмөр зам тавихдаа Хөх хотоор дайран өнгөрөх чиглэл баталж байжээ. БНХАУ байгуулагдсан хойно 1949 оны 12 дугаар сарын 2-нд Өвөр Монголын өөртөө засах орныг байгуулсан. Хөх хот Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл болжээ. Хөх хотын түүх гэвэл товчхондоо ийм л мэдээлэл олдов. Хөх хотын цаг агаар, уур амьсгал нь эх газрын эрс тэс. Өвөл 1 дүгээр сард 24 хэм хүртэл хүйтэн болно. Харин зун 7 дугаар сард 30 хэм хүртэл халуун болно. Засаг захиргааны хувьд Хөх хот  Синьчэн, Хуэйминь, Юйцюань, Сайхан гэсэн 4 дүүрэгт хуваагддаг юм байна. Хөх хотод 1557 онд Алтан ханы зарлигаар үүсгэн байгуулсан Да Жао хэмээх сүм бий. Сүмийн бүтээн байгуулалт 1557 онд эхэлж 1579 онд дууссан гэдэг. Хөх хотын өөр нэг түүхэн дурсгал гэвэл 1732 онд барьж байгуулсан мянга гаруй бурхантай суварга. Очсон газрынхаа музейг үзэх хобби надад байдаг. Хөх хотод "Өвөрмонголын музей"-г очиж үзлээ.  Өвөрмонголын музейг 1957 онд анх нээсэн юм билээ. Хожим Өвөрмонголын музейд зориулан шинэ том барилга барьж ашиглалтад оруулжээ. Өвөрмонголын музейг үзэхэд үнэ төлбөргүй. Гадаадын хүн паспортоо, харин нутгийн оршин суугч бол өөрийгөө нотлох баримт бичгээ автомат төхөөрөмжид уншуулаад, нүүр царайгаа камерт уншуулахад л хангалттай аж. 


Өвөрмонголын музейд 4400 гаруй үзмэр хадгалж байна. Хүннү, Сяньби, Кидан, Монгол, Манж, Даурын үед холбогдох хосгүй ховор үзмэрүүд энд байна.  Музейд гар утсаараа зураг авахыг зөвшөөрч байсан. Иймд зарим үзмэрийн гэрэл зургийг нь авлаа. 


Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, пайз тэмдэг 


Манжийн эрэгтэй хүний хувцас


Манжийн эмэгтэй хүний хувцас 


Авдар 


Өвөрмонголын зүүн хойд хэсэгт аж төрдөг Даур угсаатнуудын амьдралыг хэм маягийг харуулсан баримал. Даур хүмүүс ан гөрөө хийж, загас агнаж, иймэрхүү урцанд амьдарч байжээ. 


Харин энэ бол XX зууны үед амьдарч байсан Өвөрмонголын өөртөө засах орны анхны тэргүүлэгч Улаанхүү даргын эдэлж хэрэглэж байсан морины эмээл



Өвөрмонголын музейд сансрын технологийн сэдэвтэй хэд хэдэн үзмэр байсны гол цөм нь энэ. 2003 онд Хятад улс бие дааж сансрын нислэг хийсэн. Хятадын анхны сансрын нисэгч нь эх дэлхийдээ эргэж ирэхдээ Өвөрмонголын элсэн цөлд газардсан юм байна. Иймд  музейд анхны сансрын пуужингийн жижиг хуулбар байрлуулжээ. 


Өвөрмонголын нутгаас үлэг гүрвэлийн араг яс их олддог. Үлэг гүрвэлийн араг яс гол үзмэр нь болжээ. 


Өвөрмонголын музейгээс гараад яг зэргэлдээх барилга руу нь орлоо. Тэнд Өвөрмонголын шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхим ажилладаг юм байна. Орж үзэхэд мөн л үнэ төлбөргүй. Шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхимыг 2019 онд Хонгконгод явж байхдаа үзэж байсан. Үзмэрүүд нь бараг ижилхэн байсан тул төдий л сонирхол татсангүй. Хонгконгын шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхимд байгаагүй нэг үзмэр Хөх хотод байсан. Энэ бол Хятадын сансрын Шэньжоу пуужингийн доторх хэсгийг 1:1 хэмжээтэй хийсэн үзмэр байв. 




Үзэсгэлэнгийн танхимаас гараад өдрийн хоол идлээ. Хөх хотын нисэх онгоцны буудал руу явлаа. Хөх хотод хийсэн хагас өдрийн аялал ингээд өндөрлөв. Хөх хотын нисэх онгоцны буудлын нэрийг нь Байта гэдэг юм байна. 1959 оны 10 дугаар сарын 1 нд Хөх хотын онгоцны буудал нээгджээ. 1980, 1990, 2007 онд нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж үйлчилгээний танхим өргөтгөж барьж байсан юм байна. Одоо Хөх хотын Байта олон улсын нисэх онгоцны буудал 54499 метр квадрат талбай бүхий терминалтай. Жилдээ 3 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. Хөх хотоос Хятадын 28 хот руу нисэх боломжтой. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгтэй. Хонгконг, Өмнөд Солонгос,  Тайланд, Оросын зарим хотууд руу үе үе чартер нислэг үйлддэг.  Би 17:40 минутад Өвөрмонголын Хөх хотоос Хятадын Чэнду хот руу нисэв. Онгоцны тийзээ Trip.com сайтаас худалдан авсан. Эцсийн зогсоол маань Ченду биш. Ченду хотоос цаашаагаа Тайландын Пукет арал руу нисэх тийзтэй. Тайландын Пукетээс буцахдаа Хятадын Кунмин хотоор дамжаад буцаад Өвөрмонголын Хөх хотод газардах төлөвлөгөөтэй. Онгоцны тийз 2 талдаа 373 USD. 2024 оны 2 дугаар сарын байдлаар 1 америк доллар 3400 төгрөг байв. Энэ нь 1.268.200 төгрөг гэсэн үг. 


Тайландын Пукетээс буцахдаа энэ чиглэлээрээ яваагүй. Trip.com сайтаас авсан буцах тасалбараа цуцалсан. Мэдээж бага зэрэг торгууль төлж, нисээгүй тийзнийхээ мөнгийг эргүүлж авсан. Энэ тухай дараагийн тэмдэглэлдээ бичье.