Хятадын Күнминь хотоос 18 цаг 10 минутын үед хөөрсөн онгоц 1 цаг 35 минут нисээд харуй бүрий болсон хойно Вьетнамын нийслэл Ханой хотын нисэх онгоцны буудалд газардав. Хятад ба Вьетнамын хооронд 1 цагийн зөрүүтэй. Онгоц Вьетнамын цагаар 18 цаг 45 минутад No Bai олон улсын нисэх буудалд газардлаа.

Ханойд захиалсан зочид буудлынхан онгоцны буудлаас машинаар тосох боломжтой гэсэн санал тавив. Онгоцны буудлаас зочид буудал руу 18 USD төлбөр гарна гэв. Би зөвшөөрсөн юм. Вьетнамын хилийн шалган нэвтрүүлэх дээр дугаарлаж байх зуур захиалсан машин ирсэн гэдэг мессэж ирэв. Онгоцноос буугаад Вьетнамын хилийн шалган нэвтрүүлэх шалгалтаар орохын тулд бүтэн 2 цаг дугаарлаж зогсов. Сүүлдээ ч тэр жолоочийн тэсвэр алдагдсан байх оо. Та ачаа тээштэй юү? Одоо дөхөж байна уу? гэх мэтээр баахан мессэж бичиж байлаа.
Вьетнамын хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтан миний паспортыг эргүүлж тойруулж харангаа тамга дарав. Гэхдээ гадаад паспорт дээр маань тосон балаар он сар бичиж байна. Паспортоо аваад харсан чинь 28 хоног байж болох хугацаа бичсэн байлаа. Гадаад паспорт дээр шууд тосон балаар он сар бичих нь арай л болхи юм шиг санагдав. 2025 оны 1 дүгээр сарын байдлаар би дэлхийн 15 улсад очиж үзсэн. Вьетнам бол миний хувьд очиж байгаа 16 дахь улс. Хүний паспорт дээр тосон балаар гар бичмэл тэмдэглэл хийдэг улс байдаг юм байна. Ойлгох ухаан надад дутжээ. Хаха.
Дараа нь онгоцны буудал доторх валют солих газар орлоо. 100 USD солиулж 2.535 900 вьетнам донг авлаа. Ингээд орон нутгийн мөнгөтэй болж аваад, онгоцны буудлаас гарч захиалсан таксигаа олж суув. Үдшийн 23:00 цаг болж байхад захиалсан зочид буудалдаа ирлээ. Таксинаас буугаад тооцоогоо хийв. Жолооч надад тооны машин дээр 470.000 донг төлөх хэрэгтэй гэв. Би ч хэлсэн мөнгийг нь өгөв. Ингээд зочид буудал руугаа орлоо.

Зочид буудлын ресепшин нь нүдний шилтэй цэвэрхэн хувцасласан вьетнам залуу байв. Энэ зочид буудалд 3 шөнө хонох төлөвлөгөөтэй. Booking.com дээр хийсэн захиалгын үнийн дүн нь 1625 000 донг. Гэтэл буудлын ресепшин залуу "Booking.com сайтын захиалгын үнэ хэт өндөр. Биднээс их хэмжээний шимтгэл авах гээд байна. Та захиалгаа цуцалчих." гэж надаас хүсэв. Би "Үгүй. Яагаад гэвэл, хэрэв би booking.com дээр захиалгаа цуцлах юм бол торгууль төлөх заалттай. Миний банкны картаас шууд торгуулийн мөнгө татаж авах болно." гэв. Зочид буудлын ресепшин ийм зүйл болохгүй гэж амлаад, "Бид таныг хүлээн авах боломжгүй гээд эндээс цуцалж болно. Гэхдээ таныг бид буудалдаа хүлээн авна." гэлээ. Би олон ч газраар аялсан. Гэхдээ ийм асуудлыг зочид буудлынхан гаргаж байсан тохиолдол байхгүй. Ойлгох ухаан бас л надад дутав. Би ч тэр дор нь "Тэгвэл та бүхэн надад зочид буудлынхаа үнийг хямдруулах боломжтой биз дээ" гэсэн хариу сөрсөн болзол тавилаа. Тэд зөвшөөрөв. Гэхдээ маргааш өглөө танд хариу өгнө. Ямар ч байсан та эхлээд 1.625 000 донг төлчих гэв. Би дотроо эргэлзэж байсан ч хэлсэн мөнгийг нь ресепшин залууд өгөөд, өрөөгөө хүлээн авлаа.

Энэ зочид буудлын өрөө нь зай талбайн хувьд миний төсөөлж байснаас том, дажгүй цэвэрхэн юм. Нэг гэм нь цонх нь арын гудамж руу харсан, үзэгдэх орчин гэх юм байхгүй. Товчхондоо харууц муутай. Шүршүүрт орж, замын тоосноос салав. Ингээд буудлаас гарч жижиг дэлгүүрээс өглөө идэх юм худалдан авахаар шийдлээ. Миний байрлаж байгаа энэ зочид буудлын эргэн тойронд 1-2 давхраас хэтрэхгүй намхан барилгууд, харанхуй гудамжнууд байлаа. Алхаж явахад үе үе таагүй үнэр мэдрэгдэв. Жижиг дэлгүүрээс чоко-пай, цэвэр ус авлаа. Үнэндээ өөр авчихаар олигтой юм харагдсангүй. Гар утсан дээрээ google map хартал зочид буудлаасаа 800 метр холджээ. Буцаад буудалдаа эргэж ирэв. Ийнхүү Ханой хотын эхний өдөр дуусав. Маргааш өглөө нь 9:00 цагт сэрээд зочид буудлын ресепшинтэй уулзав. Ресепшин солигджээ. Гэсэн ч би надад хямдрал үзүүлнэ гэж амалсан тухай сануулав. Шинэ ресепшин бүх асуудлыг мэдэж байна. Надад 125 000 донг эргүүлэн өгөв. Ийнхүү би энэ зочид буудалд 3 шөнө хонохдоо 1 500 000 донг төлөв. Зочид буудлаасаа гарахын өмнө GRAB аппликейшн ашиглаж такси дуудав. Учир нь миний байрлаж байгаа зочид буудлын ойролцоо метроны өртөө байсангүй. Хамгийн ойролцоох метроны буудал руу таксидахад 69 000 донг төлөв. Ханой хотын өнгө төрх нь нэг иймэрхүү. Мотоциклтой хүмүүс л дэндүү олон юм. Машин, мотоцикл холилдож явна гэдэг бэрх байх. Гэхдээ вьетнамчууд үүндээ дассан бололтой.

Метроны тасалбар зарж байгаа хүнээс Вьетнамын үндэсний музей рүү хэрхэн явах вэ? Аль метроны өртөө ойрхон бэ? гэж англиа хэлээр асуув. Гэтэл өнөөх тасалбар түгээгч нь англи хэл таг юмоо. Google translate ашиглаж арай хийж ойлголцов. Вьетнамын үндэсний музейн ойролцоо метроны өртөө байхгүй бололтой. Арай дөхүү байж болох өртөөг нь хэлүүлж аваад метроны тасалбар худалдан авлаа. Метроны тасалбар 10 000 донг. Метрогоор явах гэсэн гол зорилго нь нэгдүгээрт, Ханой хотын метроны сүлжээний учрыг нь олох; хоёрдугаарт, нийтийн тээвэр хямд байх учиртай гэх бодол. Ханойд метрогоор хүмүүс их явдаггүй бололтой. Метро нь хүнгүй хоосон байв. Харин төв замаар нь дүүрэн мотоциклтой хүмүүс.
Метроноос буугаад голын эрэг дагаж алхав. Манайхаар бол Сэлбэ гол юм шиг байгаан. Өдрийн 12:00 цаг болох гэж байна. Өглөө 9 цагт сэрсэн. Гэтэл нэг ч юм үзэж хараагүй явж байдаг. Яасан бүтэл муухай байна аа гэж өөрийгөө зэмлэнгүй бодов. Өглөө зочид буудлаас гарахдаа олигтой цай унд уугаагүй. Замд Tous les jours нарийн боовны газрын салбар харагдав. Тэнд орж өглөөний цай уулаа.
Миний худалдан авсан боов, цайны үнэ 128 000 донг.
Гар утасны цэнэг ч талаас доошоо болжээ. Музей үзээд зураг дарна. Тиймээс гар утас дүүрэн цэнэгтэй байх хэрэгтэй. Цай уунгаа гар утсаа цэнэглэв. Дараа нь музей рүү очлоо. Гэтэл үдийн цайны цаг гээд хаачихсан байв. Музей өглөө 10:00 цагт нээгдэж 12:30 цагт хаана. Үдийн цайны дараа 14:00 цагаас эргэж нээгдээд 17:00 цагт хаадаг аж. Ингээд бодохоор ажилладаг цаг нь маш бага юм шиг санагдав.
14:00 цаг хүртэл хийх юмгүй боллоо. Энэ хооронд Ханой хотын хүнсний дэлгүүр орж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ судлахаар болов. Вьетнамын бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг монгол төгрөг рүү шилжүүлэхэд их амархан Үнийг дүнг нь 7-д хуваахад л монгол төгрөгөөр үнэ нь илэрхийлэгдэнэ. Жишээ нь доорх зурагт харагдаж байгаа шүдний оо 39900 донг. Энэ нь 5700 монгол төгрөг гэсэн үг.
Дэлгүүрт үйлчлүүлж байгаа хүмүүс нь дээгүүрээ өвлийн зузаан куртик, доогуураа резин усны таавчигтай байх юм. Ийм дүр зураг хаа сайгүй. Загварын зоримог шийдэл гэж л энэ байх.
Ингээд 14:00 цаг дөхүүлээд музей рүү буцаж очлоо.
Музейн тасалбарын үнэ 30 000 донг
Музейд зураг авах нь чөлөөтэй. Сонирхолтой санагдсан зарим үзмэрийн зураг:
Энэ бол Вьетнамын үндэсний хөлөгт тоглоом юм билээ. Хэрхэн тоглох заавар нь хажууд нь байсан. Музейн үзмэр болгож байрлуулснаас гадна, музей дэргэд ажилладаг бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаж байсан.
Будда
Музейд байсан авангард модон хөшөөнүүд анхаарал татав. Эротик сэдэвтэй юм билээ.
Вьетнамын ахуй амьдралыг харуулсан үзмэртэй хэсэг нь харин ойлгомжтой байлаа.
Музейгээс гараад тэнгэр баганадсан өндөр барилгууд олж харав. Бизнесийн байгууллагуудтай аятайхан л дүүрэг юм шиг санагдав. Дотор нь бас дажгүй ресторан ч байх шиг. Өдрийн хоолоо идээгүй байгаа хүн. Салат, шпагетти, цай захиалав.
Гэтэл гай болж, салат дотор нь хорхой хөдөлж байхыг олж хардаг юм даа. Рестораны зөөгчийг нь дуудаж хэллээ. Зөөгч нь менежерийг дуудав.
Эцэст нь надаас салатны мөнгийг аваагүй. Ийнхүү ресторанаас гарч, явган алхалтаа үргэлжлүүлэв. Ханойд гудамжинд нь ийм жимсний модны суулгац зарж байгаа худалдаачид олон харагдсан. Чухам ямар учиртайг нь бүү мэд.
Алхаж явсаар Вьетнамын сэтгүүлчдийн холбооны гадаа ирчихсэн байсан. Бас энд нь Вьетнамын хэвлэлийн музей гэсэн хаяг харагдана лээ. Орж үзэх гэтэл хаалттай байсан.



Энэ барилгын гадаа нэг Вьетнам залуутай танилцав. Вьетнамын хэвлэлийн музей рүү яаж орох вэ? л гэж асуусан. Өнөө залуу англиар дажгүй ярьж байн. Өнөөдөр бямба гараг учраас Вьетнамын сэтгүүлчдийн холбоо, музейн аль алин нь ажиллахгүй гэв. Би түүнээс хамгийн том худалдааны төв, хүнсний дэлгүүр нь аль вэ? гэж асуув. Ингээд "BIG G" гэсэн худалдааны төвийн нэрийг мэдэж авав. Таксидаад BIG G худалдааны төвд ирлээ. 4 давхар барилгатай том дэлгүүр байсан даа. Нэгдүгээр давхарт нь үнэртэн, гоо сайхан, янз бүрийн гутал хувцас зардаг лангуунууд битүү. 2 ба 3 дугаар давхарт нь өөртөө үйлчлэх дэлгүүр, 4 дүгээр давхарт нь кино театр байв.
Дэлгүүр хэсээд нэдээн ч ядарлаа. Худалдааны төв дотор байрладаг DING TEA хэмээх цайны газар орж хөлөө амраангаа, утсаа цэнэглэв.
Би энэ худалдааны төвөөс ийм чемодан худалдаж авлаа. Үнэ нь 600.000 донг. Монгол төгрөгөөр бол 86 000 төгрөг. Ийнхүү үүргэвчтэй аялагч маань чемодантай болов.
Цаг орой болжээ. Дэлгүүрээс гарч таксинд суугаад зочид буудалдаа ирэв.

Сониноос Вьетнамд гей залуучууд нь GRINDR аппликейшн ашиглах нь түгээмэл юм байна. Үй түмэн вьетнам залуучууд янз бүрийн санал бичсэн шд. Тэдний нэгэнтэй нь чаталж байгаад уулзаж үзсэн. Ийнхүү Ханой хотын нэг өдөр дуусав.