Амьдралын тойрог

2025-09-10

Казахстан улсад: 1-р хэсэг. Улаанбаатараас Алматы руу

 Нэлээн удаан төлөвлөж байгаад Казахстан улсад аялав. Манай "Хүннү Эйр" компани Алматы хот руу шууд нислэг хийгээд удаж байгаа. "Хүннү Эйр" компани Бразил улсад үйлдвэрлэсэн Embraer Е195-Е2 загварын агаарын хөлөгтэй болоод удаагүй байгаа. Ингээд энэ шинэ агаарын хөлөгт суугаад Улаанбаатар хотоос Алматы хотыг зорив. 



Улаанбаатараас Алматы хот руу 4 цаг нисдэг юм байна. Онгоц нь шинэ, тав тухай юм оо. 



Онгоцоор нисэж явахдаа цонхоор нь ийм үзэсгэлэнтэй байгалийн тогтоцыг харлаа. Тэсэлгүй зураг дарав. 




Аялалд гарахдаа гэрээсээ жижиг таблетдаа Netflix-ийн кино суулгаад явсан оножээ. Онгоцны хоол идэж, таблетаа асааж кино үзсээр байгаад Алматы хотод газардав. 


Улаанбаатар ба Алматы хотууд нь 3 цагийн зөрүүтэй юм байна. Улаанбаатар хотоос 10 цагийн үед хөөрсөн онгоц Алматы хотод орон нутгийн цагаар 12:00 цагийн үед газардав. Урд нь сураг нь дуулдаж байсан Казахстаны Air Astana, FlyArystan зэрэг компаний онгоцыг харав. 


Алматы хотын онгоцны буудлын нэгдүгээр давхарт нь валют солих цэг нэлээн олон байна лээ.  Казахстаны мөнгө тэмдэгтийг "тенгэ". 1 USD 553 KZT ханштай. Би онгоцны буудал дээр байхдаа 100 USD солиулав. 

                                                             


Дараа нь нисэх онгоцны буудлаас хотын төв рүү нийтийн тээврийн автобусанд нь суулаа. Нийтийн тээврийн автобус, троллейбусаар зорчихдоо тусгай карт, эсвэл KASPI гэж банкны APP ашиглаад төлбөрөө төлж болох аж. Эсвэл 200 тенгэ жолоочид нь төлж болно. Гэхдээ жолооч нар нь бэлэн мөнгө авахдаа тийм ч дуртай биш. 


Миний захиалсан зочид буудал Алматы хотын төвд нь байлаа. Google map ашиглаж явсаар зочид буудлаа олов. 


Миний захиалсан зочид буудал ганц хүний л багтаамжтай жижиг тасалгаатай капсул байв. 


Энэ зочид буудлын тохижилт нь их аятайхан. Ирсэн зочид нь янз бүрийн дурсгалын үг үлдээжээ. 


Дэлхийн бараг бүх улсаас жуулчид энд ирж байжээ. 


Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байрладаг капсул нь тусдаа. Мөн зочин бүрд тусдаа шүүгээтэй. Энэ шүүгээнд ямар ч байсан  том хэмжээтэй чемодан багтах юм билээ. 





Нийтийн кабинтай шүршүүр, жорлон, нийтийн угаалтууртай. Мөн тодорхой цагуудад ажилладаг жижиг сауны өрөөтэй. 

Энэ зочид буудалд угаалгын өрөөтэй. Угаалгын машин, хувцас хатаагчийг үнэ төлбөргүй ашиглаж болно. 


Зочид буудлын төлбөрт нь өглөөний цайтай. Иймд өглөөний цайнд хэд хэдэн хоол санал болгож байна. Цэснээс нь хараад аль нэгийг нь сонгож болно. 

                                            

Зочид буудал BOOKING.COM дээр үнэлгээ сайтай байсан. Зочид буудлын өрөөгөө авч, шүршүүрт орчихоод Алматы хотод ажиллаж амьдардаг танил залуугийнхаа гэр бүлтэй уулзахаар болов.  Тэр залуу Монголын Баян-Өлгий аймгийнх. Одоо эхнэртэйгээ хамт Алматы хотод суурьшаад 10 орчим жил болжээ. Алматы хотын өмнөд хэсэг байдаг уулын бэлд очив. Энд ресторан, амралтын газар ажиллаж байна. Монголын Баян-Өлгий аймгаас Казахстанд нүүж ирсэн гэр бүл уг амралтын газар, рестораныг ажиллуулдаг байна. Уулын бэлд байдаг энэ амралтын газрын хашаанд алим, чавганы мод ургажээ. Алим модноос нь тасдаж идэж үзлээ. Бага зэрэг исгэлэн алим байв. 

                                                  
Энд казах хоол идэв. Амттай байсан.  Надтай уулзсан танилуудтайгаа ахуй амьдрал, оюутан үеийн дурсамжаа ярилцав. Бас Монголын сонин сайхнаас хуучлав. Тэд Монгол Улсад төрж өссөн учраас Монголд, Улаанбаатарт юу болж байгааг сонирхдог юм байна. Улаанбаатараас хүн ирсэн бол уулзаж, хуучлахаас хэзээ ч татгалздаггүй аж.



Эндээс холгүй мөсөн талбай, уулын орой руу гардаг дүүжин тээвэр, ресторан ажилладаг юм байна.







Үдэш болсон хойно бид Алматы хотын төв рүү буцав. Тэд намайг машинаараа зочид буудалд хүргэж өгөв. 

Буудалдаа ирсэн хойноо хэсэг амраад буцаж гадагш гарав. Зочид буудлынхаа эргэн тойрны орчинтой танилцах хэрэгтэй. 


Гурван цагийн зөрүү гэдэг бас мэдрэгдэж байна. Хотын төвөөр нь хэсэг алхаж байгаад буцаж буудалдаа ирэв. Ийм байдалтай Алматы хотын аяллын эхний өдөр минь өнгөрлөө. Маргааш эрт сэрнэ гэсэн зорилго тавиад унтлаа. 


2025-09-08

Шилин хотод дахиад

Би хувийнхаа блогт зөвхөн аяллын тэмдэглэл л бичдэг боллоо шүү. Энэ удаа 2025 оны 7 дугаар сарын дундуур БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилин хотод очсон тухайгаа бичье. Шилин хотод би 2024 оны 8 дугаар сард очиж байсан. Тухайн үед Шилин хотоор хэрхэн аялсан тухайгаа блогтоо бичиж байсан. Энд дараад нөхөөж унших боломжтой шүү. 
Энэ удаа Шилин хотод хуримын ёслолд уригдаж очив. Эхлээд эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Замын Үүд хот руу галт тэргээр явлаа.


Замын Үүд хотоос автобусанд сууж Эрээн рүү гарлаа. Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан монголчуудаас аяллын зорилго, хэр удах вэ? гэх зэргээр асуудаг болсон байна лээ. Өмнө нь юу ч асуухгүй шууд л паспорт дээр тамга дараад хил рүүгээ оруулдаг байсан. Байдал өөрчлөгджээ. Паспортоо шалгуулахаар дугаарлан зогсож байхдаа би гар утасныхаа google translate дээр хуримын ёслолд уригдаад Шилин хот руу явж байна гэдгээ бичээд хятад руу орчуулав. Үүнийгээ скриншот хийж зураг болгож хадгалаад хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан залууд харуулав. Тэр хятад орчуулгыг уншаад инээмсэглээд миний паспорт дээр тамга дарлаа. 

Манай Замын Үүд хотод элс тоос ихтэй, мод бут нь арчилгаа муутай тул хатаж гандах янз орсон байдаг. Гэтэл Эрээн хотод огт өөр дүр зураг угтдаг. Ер нь манай монголчууд мод бут суулгаад, дараа нь арчилж тордохоо л орхигдуулаад байдаг юм шиг санагддаг. Замын-Үүд, Эрээн хотууд зэргэлдээ оршдог. Байгаль, цаг уурын нөхцөл байдал нь яг ижил шүү дээ. 


Эрээнд ирсэн даруйдаа Эрээний зээлээс холгүй байдаг SINOTEA хэмээх цэвэрхэн ресторанд очиж цагаан будааны зутан шөл идэв. Энэ бол миний өглөөний цай учраас ийм хөнгөн юм сонгож идсэн хэрэг.  Цагаан будааг угааж, дараа нь шууд усанд буцалгаад, дээрээс нь эрдэнэшишийн үр, цэцэгт байцаа, бага зэрэг лууван зэргийг хийчихдэг. Бараг давсгүй шахуу энэ хоол ходоод гэдсэнд ээлтэй байх гэж бодсон. 


Дараа нь зээл орж чемоданыхаа гадуур нь хамгаалалтын уут авч хийв. Үнэ нь 25 юань. Монгол төгрөгөөр 12750 төгрөг гэсэн үг. (2025 оны 7 дугаар сарын байдлаар 1 юань 510 төгрөг). Зээл дээр зарж байгаа худалдагч хятад өвгөн ааш муутай юм аа. Намайг үнэ асуучихаад яваад өгнө гэж бодсон бололтой. "Чемоданы уут байна уу?" гэж асуухад "25 юань" гэж хариу хэлээд хөдөлж өгсөнгүй. Би "Надад харуул. Би үзье." гэхэд дуртай дургүй болсон цүнхнээс гаргаж ирэв. Миний чемоданд таарах эсэхийг, бас чемодандаа хийсний дараа өнгө загвар нь надад таалагдах эсэхийг би шалгах эрхтэй биз дээ. Тэрхэн зуур өнөө хятад худалдагч уцаарлаж, бүдүүлэг ааш гаргаж "авбал ав, энэ шууд таарна аа" гээд муухай бархирч байна. Би мөчөөгөө өгсөнгүй. "Ууртай хүнээс би юм худалдаж авахгүй шүү" гэсэн чинь өнөөх дорхноо чимээгүй болсон доо. 


Над шиг аялах дуртай хүнд  чемоданы хамгаалалтын углаа яг хэрэгтэй зүйл гарцаагүй мөн. Ялангуяа онгоцоор нисэх үед ачигч нар чемоданыг гамгүй шидэж, холцруу үүсгэж, дугуйг нь эвдсэн тохиолдол надад өмнө нь гарч байсан. Дугуй нь хамгаалж чадахгүй ч ядаж холцруу үүсэхээс сэргийлж "бэлгэвч" угласан нь дээр. 😂


Эрээний зээлээр элдэв юм сонирхож яваад нэлээн цаг үрэв. Дараа нь өдрийн хоолны цаг дөхөх үед KFC-ээр өлсөөд байх шиг... Ингээд Эрээнд байдаг цорын ганц KFC салбараар орлоо.  Ашгүй тэнд өвөрмонгол охин ажиллаж байна. Монголоор захиалгаа өгөөд кофе, шарсан төмс, бургер, нарийн боов авч идэв. Үнэ нь 42 юань 50 мо. Монгол төгрөгөөр 21675 төгрөг. 


Өдрийн хоолны дараа Эрээний төв гудамжаар хэсэг сэлгүүцэв. Орой болохын хэрд Эрээний төв гудамжид байдаг онгоцны тасалбар зардаг газар очив. Тодорхой цагуудад эндээс Эрээний нисэх онгоцны буудал руу автобус явдаг гэдгийг нь би мэддэг болсон. 15 юань төлөөд онгоцны буудал руу нь хүрчихнэ. 


Ер нь Хятад улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлын барилга руу нь дотогш орох үед бүх ачаа барааг рентгенээр тоноглосон сканераар харж, бас үүрч яваа цүнх, заримдаа хувцасанд зориулалтын саваагаар хүрч сорьц аваад тэр дор нь шинжилж үздэг. Энэ нь ямар нэгэн хориотой бодистой (жишээ нь хар тамхи) харьцсан эсэхийг л түргэн оношлуураар шалгаад байгаа юм болов уу гэж би хувьдаа таамагласан.
 

Ийм шалгалтыг нь даваад Шилин хот руу нисэх цагаа хүлээв. Эрээн хотын нисэх онгоцны буудал дээр манай Монгол Улсын Hunnu Air компанийн сурталчилгаа байна лээ. Улаанбаатараас Эрээн рүү шууд нислэг хийж байгаа. 
Орой болсон хойно хятадын орон нутгийн China Express Airlines компанийн  Bombardier Regional jet 900 загварын жижиг онгоцоор Эрээн хотоос Шилин хот руу нислээ. Тийз нь 35 USD. Эрээнээс Шилин хот руу ердөө 40 минут ниснэ. Одоогоос яг нэг жилийн өмнө ийм маршрутаар явж байсан минь бодогдов.  Шилин хотод ирсэн хойноо зочид буудал руугаа таксигаар хүрч дараа нь оройн хоол идэв.



Маргааш нь хуримын ёслолд зочин болж очив. Өвөрмонголын нутаг аймаг бүрийн хуримын дэг ёс нь хоорондоо ялгаатай байдаг аж. Шилин хот бол Шилийн гол аймгийн төв. Эндэхийн дэг ёс, уламжлал нь бас л яггүй их аж. 


Улаанбаатарт бол хуримын албан ёсны ёслол нь өглөөгүүр болж, үдээс хойш аль нэг ресторанд найрлаж, зочид нь бэлэг сэлтээ өгөхдөө ерөөл дэвшүүлж, үг хэлээд гардуулдаг. Хурим орой 22:00 цаг дөхүүлж тардаг сан. Гэтэл энд ондоо юм. Өдөр 
11:00 цагт ресторанд эхэлсэн хуримын найр 14:00 цаг гэхэд дуусаж, зочид нь тарцгаав. Ресторанд ирээд хоолны ширээнд суухын өмнө зочид нь бэлэг сэлтээ үүдэнд нь суугаа хүнд өгч, бүртгүүлдэг юм байна. 
Хуримын найр өндөрлөсөн хойно намайг уйдаахгүйн тулд Шилин хотын цэнгэлдэх хүрээлэн рүү авч явах юм болов. Өвөрмонголд наадмаа жил бүр аль нэг аймгийнхаа төвд зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Энэ жил Өвөрмонголын наадмыг Шилийн гол аймгийн Шилин хотод зохион байгуулж байгаа аж.  Наадмын талбай нь Шилин хотоосоо нэлээн зайтай газар байрладаг юм байна. Замдаа түгжрэл ч их байлаа. Наадмын талбайд нь очих үед бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг нь аль хэдийнээ дуусаж, оройны концерт нь эхэлж байлаа. 





Ийнхүү Өвөрмонголын наадмын талбайг тойрч үзээд, зочид буудал руугаа буцав. Маргааш нь өглөөгүүр  таксинд суугаад Шилин хотоос Эрээн хот руу явлаа. Шилин хотоос Эрээн рүү машинаар 3 цаг давхидаг юм байна. 


Эрээнд ирмэгцээ шууд хил гарч Замын-Үүд хотод хүрэв.  Замын Үүдээс оройны 18:00 цагийн үед галт тэргэнд суугаад Улаанбаатартаа ирэв. Ийнхүү Шилин хотод хоёр дахь удаагаа очсон аялал минь дууссан юм. Улаанбаатарт гэртээ ирээд дараагийн аялалдаа бэлтгэв. Дараагийн аяллынхаа тухай тун удахгүй бичнэ.