Амьдралын тойрог

2008-07-02

Гэртээ харих замд...

Өчигдөр ажил уул овоо шиг их байлаа. Шөнийн нэг цаг хүртэл ажил дээрээ байсан. МАХН-ын ойр орчимд болж байгаа эмх замбараагүй байдлыг шууд дамжуулж байгааг үзлээ. Албан үүргээ биелүүлж байгаа сэтгүүлч нарыг өрөвдлөө. Хэд хэдэн телевизийн зураглаач тархиа хагалуулсан, сурвалжлагчид чулуунд оногдож хөнгөн гэмтэл авсан. Монголын өдөр тутмын Өнөөдөр сониний гэрэл зурагчин залуу толгойн яс нь цөмөрөөд гэмтэлийн эмнэлэгт бие нь маш хүнд байдалтай байна. Халуун цэг дээр ажиллаж байгаа цагдаа нар дээрээс өгсөн үүргийг л биелүүлж байгаа болохоор тэднийг буруутгаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Улс төрийн зорилготой эхэлсэн жагсаалд оролцсон хүмүүсийн нэлээд хэсэг нь үймээнийг далимлуудаад дээрэм тонуул хийжээ. Зурагтаар шууд нэвтрүүлэг үзэж байгаа манай ажлын газрын зарим хүмүүс буун дуу, цус нөж хараад "Яанаа, боевик кино, эсвэл олон улсын мэдээгээр үзүүлдэг Ирак, Афганиста, эсвэл Израилийн Газын зурвас шиг л санагдаж байна" гэж дуу алдаж байсан.

Эмх замбараагүй байдалд оролцсон хүмүүс сүүлдээ хэнийг ч хамаагүй зодож нүдэж, юу ч хамаагүй эвдэж сүйтгэхэд бэлэн байсан гэдэгийг өөрийн биеэр мэдэрсэн. Шөнийн нэг цагийн үед гэртээ харихаар ажлаа гарсан. Гэр нь нэг зүгт байдаг ажлын газрынхаа нэг бүсгүйтэй хамт явсан юм. Улсын төв музейн ойролцоо иртэл машин зам дээр энд тэнгүй хэсэг бүлгээрээ залуучууд зогсож байх юм. Машин зам эзэгнэсэн хүмүүс юу хийж байгаагаа сүүлдээ ухамсарлахаа больсон байх. Машины руу дайрахаар завдаж араас чулуу шидсэн. Уушиг зүрх амаар гарчих шахсан. Шулуухан яваад гэртээ хүрч болох байсан ч арга буюу зам буруулж хотын хойд хэсэгээр тойруу замаар явж гэртээ ирсэн дээ.Гэртээ орж ирэхэд манай гэрийнхэний санаа амарсан даа.

No comments: