Амьдралын тойрог

2012-01-26

Зад уух юм сан

Ойрын үед стресстэй байна оо. Ажил жаахан урагш муутай. Гадуур явахаар утаа униар... Хотын зам нь машиндаа хахчисан. Гудамжинд явж байхад машинууд тал талаас цочтол чигнаалдаад... Мөсөн каток шиг болсон замаар хөлөө зөөж ядан, хөлд орж байгаа хүүхэд шиг бээвэгнэж явахад хүрч байна. Ер нь бол ямар нэгэн юм дутагдаад ч байгаа юм шиг. Хамаг стрессийг таягдан хаяж, сайхан шоудах юм сан. Бүүр тас үсрэх хэмжээнд ууж, хэн нэгэнд дотороо хуралдаад байгаа бодлоо ярих юм сан...
Өнөөдөр facebook-ээ шалгатал хамгийн анх дурлаж байсан нэг бүсгүйн зургийг санаандгүй олж үзлээ. Нэг жаахан хүүхэд тэвэрчихсэн байна. Бодвол хүүхэд нь байх. 
Бараг 14 жилийн өмнөх асуудал. Саяхан л юм шиг санагдаж байна. Хэрвээ тэр бүсгүй надад "За" гэж хэлсэн бол миний амьдрал өдийд ямар байх байсан бол? гэж бодлоо. Зургийг нь хармагц миний зүрх түг түг гэж хүчтэй цохилоод нэг л сонин мэдрэмж. Би тэр бүсгүйд одоо болтол хайртай юм байх даа? Гэтэл тэр хүн одоо айлын эхнэр, хүүхдийн ээж шд. 
"Hanzo" гэж ангийн bar  нээгдсэн гэж байгаа. Очиж үзэх төлөвлөгөө зохиочихсон байгаа. Тэнд л очиж зад ууя. Таньдаг ангийн хүүхдүүд ч тааралдах биз. Бие сэтгэлийн жаргал ч эдлэе. kkkk

2012-01-18

Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байдаг

Шинэ он гарсанаас хойш блогтоо салхи оруулаагүй юм байна. Ингээд 2012 оны анхны тэмдэглэл. Өнгөрсөн оны 12 сарын сүүлээр ажлынхаа шинэ жилд оров оо. Харин маргааш нь миний хоолой өвдөв. Хоолой загатнаад байгаа юм шиг сонин мэдрэмж. Болдогсон бол хоолойгоо гаргаж ирээд сайхан маажаад хаячихмаар санагдав. Хоолой нь өвдөж байсан хүн болгон ийм мэдрэмжийг даван туулсан байх л даа. Хэд хоногийн дараа байдал хүндэрч хамар нэг бол битүүрч, эсвэл шингэн нус гоожоод хачин царайлав. Хоолой өвдсөн нь хамрын ханиад болж даамжирсан хэрэг. Хамартайгаа ноцолдсоор байгаад ойр орчимын арьс нь хуурайшиж, улайлт үүсэв. 12 сарын 31-нийг ханиадтай үдэж, шинэ оны эхний өдрийг ханиадтайгаа угтав. 2012 оны 1 сарын 1. Оюутан цагийн стрэйт найз маань гэртээ урьж байна. Гэрлээд удаагүй, хүүхэд нь дөнгөж нэг ой өнгөрч байгаа залуу гэр бүл. 
Би: -Ханиадтай учраас би гэрээсээ гарч чадахгүй гэж тайлбарлаад урилгаас нь татгалзав. 
Тэр:-Ханиад бол асуудал биш. Манайд хүрээд ир.
Би:-Хэрэггүй биз дээ. Нярай хүүхэд ханиад халдаачихна. Чи өөрөө анагаах ухааны чиглэлийн хүн ханиад хэрхэн халддагийг мэдэж байгаа шд
Тэр:- За тэр, яахав дээ. Чамайг ирэх үед бид хүүхдээ нөгөө өрөөндөө байлгана. Чи манай гэрт заавал ир. Эхнэр бид хоёр ширээ зассан.
Би: Энэ удаа гэрээсээ гарах арга алга аа.
Тэр: -Уг нь чи хүрээд ирсэн бол их сайн байсан юм. 
Ингээд бидний яриа дуусав. Гэтэл хагас цагийн дараа өнөөх маань дахиад над руу залгаж байна.
Тэр:-Чи хэзээ гэрээсээ гарах гэж байна?
Би:-Танай гэрт очно гэж би хэлээгүй шд.
Тэр:-Чи яасан сүртэй юм бэ? Ганц нэг муу ханиаданд дарлуулаад гэртээ шигдэж байх ч гэж. Ханиад хамаагүй. Хүрээд ир
Айлд зочилж чадахгүй гэдгээ дахин хэлсэнээр бидний яриа дуусав. Цагийн дараа дахиад над руу утасдаж байна. Энэ удаа миний дугаар руу залгаад тэр
-Ээжтэйгээ яриул гэлээ. 
Би элдэв юм бодолгүй утсаа ээждээ өгөв. Учир нь энэ найз маань манай гэрийнхэнийг бүгдийг нь танина. Ээжийн утасны яриа:
Ээж:-Сайн. Сайн байна уу миний дүү. Ажил нь сайн уу? 
Тэр:-...   ....     ....
Ээж: -Баярллаа Шинэ оны мэнд. 
Тэр:-...      ....     ....
Ээж.:-Өө тийм үү? За тэгье.
Ээж утсаар ярьж дуусаад надад хандаж "Чи хувцасаа өмсөөд найзынхаа гэрт оч."
Би:-Энэ удаа яах юм бэ? Ханиад томуутай байж айл хэсмээргүй байна.
Ээж:-За, яахав дээ. Хүн дуудаад байхад оч. Найз чинь чамайг нэг бүсгүйтэй танилцуулая гэж байна.
Намайг байн байн дуудаад байсан шалтгаан нь энэ байж. Утас дахиад дуугарлаа. 
Гэртээ уриад байсан гол шалтгаан нь эхнэрийнхээ найз бүсгүйтэй намайг танилцуулах санаатай байж. Надтай танилцуулах гээд байгаа бүсгүй нь далайн чанад дахь нэг улсад магистрын зэрэг хамгаалсан (боломжийн боловсролтой), эрдэм шинжилгээний ажил хийдэг, сэхээтэн, даруухан, нөхөрт гараагүй юм гэнэ. Найз маань над руу дөрөв дэхь удаагаа утасдахдаа л намайг уриад байгаа учир шалтгаанаа тайлбарлав. Их сургуульд сурч байхдаа танилцсан сайн найз маань надад санаа тавьж эхнэртэй болгох гэж оролдсон нь энэ байж. Гэрт нь очихгүй болохоор ээжээр намайг дарамтлуулах арга хэрэглэсэн байгаа юм даа. Тэр найз маань намайг "ангийнх" гэж мэдэхгүй л дээ. Намайг хань ижилтэй болгох гээд санаа тавьж байгаа найздаа баярламаар ч юм шиг. Бас намайг албан хүчээр хүнтэй танилцуулах гээд байгаад нь бухимдал ч төрөх шиг болов. Гэхдээ, хэрвээ би ханиад шуухнаа тусаагүй байсан бол найзыгаа анхны удаа утасдахад нь л хүүхдэд нь бэлэг сэлт аваад найзынхаа гэрт гүйгээд очих байсан юм. Тэгээд гэрт нь очоод надтай танилцуулах гээд байгаа бүсгүйтэй нь ч танилцах л байлаа. Даанч би ханиадтай юм чинь гэрээсээ гараад явах дэмий шд. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байдаг гэж үнэн юм даа. 

Ер нь бол намайг богтолж аваад хань ижилтэй болгох гэж нэг бус удаа оролдож байгаа юм. Ээж өөрийнхөө нэг найз авгайн охинтой суулгах гэж шахаж байлаа. Цаадах нь ч гэсэн дуртай байсан гэнэ лээ. Гэхдээ дургүйд хүчгүй болохоор би танилцаагүй юм. 
Дараа нь манай ажлын газрын нэг ах өөрийнхөө охин дүүтэй танилцуулах гэж оролдож байлаа. Энэ тухай өмнө нь блог дээрээ цухас бичиж байсан санагдаж байна. Дараа нь манай ажлын газрын нэг ах  "Чамайг хүргэнээ болгомоор байна. Миний охинтой суу" гэж санал тавьж байлаа. Ажил дээрээ "цус ойртоод дэмий" гэж бодоод, бас угаасаа тэр охин нь надад таалаглаагүй тул би эелдэгээр татгалзаж билээ. 

Он гарсанаас хойш "одоо хань ижилтэй болох цаг чинь аль хэдийнэ ирсэн" гэж гэрийхэн шахах нь улам нэмэгдэв. 1 сарын 1-нд ТЭР найз маань гэртээ урьсанаас л ийм сэдэл үүссэн нь гарцаагүй л дээ. Шинэ он гарсанаас хойш болсон гол үйл явдал бол энэ. Уг нь хүүхэдтэй болоод "ааваа" гэж дуудуулах гоё л санагдаад байгаа юм. Даанч бас асуудал байна шүү дээ. Тиймээ? 
За ингээд өнөөдрийн тэмдэглэлээ дуусгая даа.




2011-12-31

2011 оны сүүлийн өдрийн тэмдэглэл

Энэ он дуусахад 5 цаг л дутуу байна. Хаа сайгүй л 2011 оны тайлангаа гаргаад шилдэгүүдээ тодруулаад, алдаа оноогоо тооцож байна. Би ч гэсэн юу дутах вэ дээ. Оны тоймоо бичье. 

2011 онд анх удаа блогийнхоо төрсөн өдрийн тэмдэглэсэн юм байна. Блог бичдэг болоод нэлээн олон жил болчихжээ.

2011 онд анх удаа Богд хааны ордон музейг анх удаа үзлээ. Улаанбаатарт амьдарч байсан хэрнээ огт хааны ордон руу орж үзээгүй явсан байна лээ. Энэ жил Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийг тэмдэглээд Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг төр засаг их өндөр үнэлээд байгаа юм билээ.

2011 онд MNED пицца хийж сурсан. Одоо бол пицца хийх асуудал биш. Гал тогоонд хэмээх блог хөтөлдөг бүсгүйд хандан амттай сайхан хоолны жор бичиж нэтэд оруулдаг нь талархал илэрхийлье. 

2011 онд сэтгэл маань татагдаж байсан нэг бүсгүй надад "Уучлаарай" гэж хэлээд өөр хүнээс жирэмсэн болоод маамуу гаргачихан. Гэхдээ иймэрхүү зүйл надад анх удаа тохиолдож байгаа биш болохоор сэтгэлээр нэг их унаагүй. Бид найзууд хэвээр үлдсэн.

2011 онд  анх удаа Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж үзлээ. үүргэвчээ үүрээд л ганцаараа аялалд яваад ирсэн.

2011 оны 11 сарын 11-нд 11 цаг 11 минутад төрсөн өдрөө тэмдэглэсэн. 2011/11/11 11:11 ховор тохиох мөч шүү. Би их гоё өдөр төржээ. Ийм гоё өдөр төрүүлсэн аав ээждээ баярлаад баршгүй.

2011 онд анх удаа ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улс руу ганцаараа үүргэвчтэй аялал хийсэн. 400 жилийн өмнө Монголоо орхиод явсан монгол угсаатнуудтай уулзах сайхан байлаа. Халимаг найзтай болсон. 
Ер нь халимаг, буриад, тува гээд харь улсад байгаа Монгол угсааныханд  монгол хэл, ёс заншилаа мартахгүй байх, Монголд ирж суурин амьдрах хүсэлтээ гаргасан хүмүүсийг тосоод авч байх төрийн бодлого хэрэгтэй юм байна даа гэж бодсон.   12 сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ "Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн." гэж хэлсэнийг сонсоод хувьдаа дэмжиж байлаа. 
 
Баяртай 2011 он минь.