Амьдралын тойрог

2025-11-08

Казахстан улсад: 7 дугаар хэсэг. Астана хотын шөнийн цэнгээний газар

8 дугаар сарын 8. Баасан гараг. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр учраас дэлхий хаа сайгүй хүмүүс хөгжилдөж зугаацах гэж боддог.  Орой 23:00 цаг болсон хойно зочид буудлаасаа гарлаа. Зочид буудлын ресепшинд хандаж такси дуудаж өгөхийг хүсэв. Казахстанд такси дуудлагын Yandex Go хэмээх APP ашиглах нь түгээмэл юм билээ. Yandex бол оросын компани. Гэхдээ Казахстаны зах зээлд нэлээн том орон зай эзэлсэн бололтой. Би гар утсандаа Yandex Go APP татаж суулгасан боловч бүртгүүлж чадаагүй юм. Учир нь орон нутгийн утасны дугаар заавал шаардлагатай. Гар утасны дугаарт нь нууц код бүхий мессеж ирснээр бүртгэл баталгаажих ёстой. Ийм учраас такси дуудахын тулд өөр хэн нэгэн хүний тусламж заавал хэрэгтэй болно. Дуудлагын такси 10 минутын дараа ирэв. Очих газрын хаяг тодорхой. Хаяг нь: просп. Республики, 33А, Астана.  Оройны 23:00 цагаас хойш хотын замын хөдөлгөөн эрс татардаг юм байна. Түгжрэл алга. Астаны хотын клубд ирлээ. Энэ бол "Music bar 33". 


Үүдэнд нь орох тасалбар (манай Монголд бол такс төлнө гээд яриад хэвшсэн) заавал авах шаардлагатай. Орох тасалбар 3000 тенгэ юм байна. "Энэ ямар байгууллага вэ?" гэдгийг нь та мэдэж байгаа юу? Энэ бол энгийн нэг клуб, бар биш гэдгийг та ойлгож байгаа юу?" гэж хүн бүрээс лавлаж байв.  "Энэ ямар газар болохыг би мэднэ ээ" гэж хариулав. "Та өмнө нь иймэрхүү газар орж байсан уу? Ийм сэдэвчилсэн үдэшлэг зохион байгуулдаг газраар орж байсан бол ядаж нэрийг нь хэлнэ үү." Сүүлийн асуулт миний хувьд огт утгагүй санагдав. Яагаад гэвэл Төв Азийн Казахстанд би анх удаа ирж байгаа. Монголд, АНУ-д, Солонгост, Хятадад, Японд гээд миний очиж байсан иймэрхүү газруудын нэрийг хэлсэн ч энэ такс тасалж суугаа хүүхэн мэдэхгүй нь ойлгомжтой. Би Монгол, Солонгост орж байсан клубын нэрийг хэлэв. Яг миний таамаглаж байсны дагуу өнөө хүүхний нүд нь томорч мөрөө хавчин "Тийм газар байдаг юм уу?" гэх нь тэр. Би "Энэ бол Улаанбаатар, Сөүлд байдаг сэдэвчилсэн клуб" гэж тайлбарлаад, "Яагаад ингэж шалгаагаад байгаа юм бэ?" гэж дургүйцсэн аясаар хэлэв. Миний араас орж ирсэн орос залуу инээд алдав. Гэтэл клубын такс таслагч хүүхэн "Өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Бид ямар нөхцөлд байгаа билээ" гэх гэж хэлэнгээ миний бугуйнд карт такс төлсөн баримт наав. Ингээд би клуб рүү орлоо. Шатаар өгсөж шууд хоёрдугаар давхарт гарлаа. Тайз, дэлгэцтэй, танхимын голд нь баар ажиллаж байна. 




Би тайзтай ойрхон сул сандал олж суугаад лонх шар айраг захиалав. Эргэн тойрноо ажвал үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 21-28 насны залуус байв. Зарим нь бүүр 18 настай ч байж магадгүй. Казах залуус овор багатай, наснаасаа залуу харагддаг ч байж магадгүй.


Төдөлгүй тайзны хөшиг нээгдэж шоу эхэллээ. Дуу бүжиг, стэнд-ап комеди хосолсон DraqQueen шоутай юм байна. Угаасаа үзүүлбэртэй өдөр нь орох тасалбар зардаг нь хаа газрын жам юм даа.




Хоёрдугаар давхар нь бас задгай террасстай. Ү
зүүлбэр дууссны дараа нэгдүгээр давхар руу нь буув. Тэнд бүжгийн талбай. Үзүүлбэр дуусмагц ихэнх залуус доошоо бууж бүжиглэж байлаа. "Central station", "Music bar 33" -аас гарч хажууд нь байдаг "Bunker 96" гэдэг саунд орж үзэв. 


Баасан гараг юм чинь үйлчлүүлэгч их байх болов уу? гэж бодож байсан юм. Гэтэл эсрэгээрээ... Бараг 50+ насны гэмээр гурван хүн, 20+ насны ганц залуу л байлаа. Дотоод засал, тохижилт нь иймэрхүү...
Хувцас солих шүүгээ


VIP өрөө. Энэ хаалганы цаана юу байгаа нь бүү мэд. 
 
Нийтийн 00, шүршүүр

Халуун уурын өрөө

Жижиг баар,  баганын дээр өлгөсөн дэлгэцээр ямар нэгэн хөгжлийн клип тасралтгүй гарах аж.


Тэнд нээх сонирхолтой байсангүй. Нээх удалгүй тэндээс гарч өнөөх "Music bar 33" такс тасалж байсан хүүхнээр такси дуудуулав.


"Music bar 33" байрладаг байшингийн ар талд нь ийм хөөрхөн хөшөөтэй талбай байсан.  


За ингээд зочид буудалдаа ирээд нэлээн бөх гэгч нь унтав. Өдөр сэрээд Астана хотын төвөөр зугаална даа гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн дээ. 



2025-11-01

Казахстан улсад: 6 дугаар хэсэг. Астана гэдэг үгийн учир

Алматы, Астана хотууд хоорондоо бараг 1000 км зайтай. Хэрвээ машинаар явбал сонгосон замаасаа хамаарч 1215-1250 км, шууд онгоцоор нисвэл 970 км туулах хэрэгтэй. 
Миний суусан онгоц Астана хот руу дөхсөн бололтой. Нисэх багийнхан газардах бэлтгэлээ хийв. "Хүндэт зорчигчдоо, манай агаарын хөлөг 20 минутын дараа Астана хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах гэж байна. Та суудлын түшлэгээ эгцэлж, эвхэгддэг ширээг хурааж, цахилгаан хэрэгслээ бүрэн унтраана уу. Мөн цонхны хаалтыг нээнэ үү." гэж зарлав. Онгоц Астана хотын олон улсын нисэх онгоцны буудалд 18 цаг 30 минутын орчимд газарлаа. Агаарын хөлөг зогсоолдоо хүрсэн ч хоолой залгаагүй тул хэдэн минут хүлээв. Миний суудал бизнес ангиллын суудлаас дараах учраас хаалгатай ойрхон. Босож гар тээшээ аваад гарахад бэлтгэж зогсов. Энэ зуур би хажуудаа сууж байсан зорчигч бүсгүйгээс "Астаны хотын онгоцны буудлаас хотын төв рүү нь явдаг нийтийн тээврийн автобус байдаг уу?" гэж асуув. Тэр бүсгүй: "Би эндэхийн оршин суугч биш л дээ. Тийм болохоор сайн мэдэхгүй байна." Гэтэл бидний ард зогсож байсан хижээл насны эмэгтэй бидний яриаг сонсоод: "Хотын төв рүү явдаг автобус байдаг шүү. Би хүүгээсээ лавлаад асууя" гэв. Би хариуд нь баярлалаа гэлээ. Ингээд онгоцны буудал руу орж ачаа тээшээ хүлээв. Энэ зуур нөгөө хичээл насны эмэгтэй дахин тааралдаад, манай хүү утсаа авсангүй. Гэхдээ хотын төв рүү явах өөр нэг хүнийг би олоод өгье гээд өөр нэг бүсгүйтэй танилцуулав. Түүнийг Айнур гэдэг. Тэр насны хувьд надтай үе тэнгийн, сэтгүүлч мэргэжилтэй боловч одоо ус цэвэршүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах ажил хийдэг юм байна.  Хотын төв рүү явдаг автобус мөд ирэхгүй бололтой. Онгоцны буудлын гадаа Айнур надтай тааралдав. Түүнийг нөхөр нь тосохоор иржээ. Айнур: Би танд такси захиалсан. Та суугаад явчих гэв. 
Би: Би хэдийг төлөх вэ?
Айнур: Би захиалга хийхдээ төлчихсөн. Та санаа зоволтгүй. 
Би: Яалаа гэж ингэж болох вэ. Та үнийг дүнг нь хэлээрэй. Би танд бэлэн мөнгөөр тооцоо хийе. Надад бэлэн мөнгө бий.
Гэтэл Айнур надаас мөнгө авахаас эрс татгалзав. Би нөхөрт нь хандаж, таксины мөнгө хэдийг төлөх үү гэж асуутал "Эхнэр төлсөн учраас та санаа зоволтгүй. Хэрвээ бид Улаанбаатарт ирвэл та бидний тосоорой" гэв.


Би нэрэлхээд, чемоданаа ухаж хамгийн түрүүнд гарт тааралдсан ууттай монголын сүүн чихэр өгч талархалаа илэрхийлэв. Бас Instagram хаягаа солилцов. Ингээд Астана хотын онгоцны буудлаас захиалсан зочид буудалдаа таксигаар хүргүүлж ирлээ. 


Нисэх буудлаас хотын төв рүү явах замд хамгийн түрүүнд энэ сүмийн барилга анхаарал татав. Оройны 21:00 цагийн үед зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авлаа. Дараа нь шүршүүрт орж, оройн хоол идэхээр гадагш гарав.  Алматы хотод өдөр шөнөгүй шорт, футболка өмсөж явсан. Гэтэл Астана хотод оройдоо сэрүүхэн юмаа. Зуны нимгэн өмдтэй гарсан боловч даарах мэдрэмж авлаа.  Энэ зун ингэж даарч байсангүй. Ойр хавийн ихэнх үйлчилгээний газрууд хаажээ. Ажиллаж байсан ганц газар нь түргэн хоолны сүлжээ ресторан. 


За ингээд ямар ч байсан хоосон ходоодтой байснаас л дээр. Астана хотыг тэгш тал газар байгуулжээ. Газар зүйн ном сурах бичигт Астана хот орчмын хөрш нь хүрэн өнгөтэй гэж бичсэн байсан.  Астана хотын дундуур Ишим гэдэг бол урсдаг. Өөрөөр хэлбэл, Ишим гол нь Астаны хотыг баруун эрэг, зүүн эрэг гэсэн хоёр хэсэгт хуваадаг байна. Ишим гол нь Сарыбулак, Акбулак гэсэн хоёр цутгалантай. 
Хотын эргэн тойронд 25-30 км газарт нэлээн олон жижиг нуур байдаг.  Эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай.  Зун халуун, өвөл хүйтэн. Жилд ойролцоогоор 300 мм хур тунадас унадаг байна. Зуны улиралд дунджаар 20 хэмийн дулаан боловч заримдаа 40 хэмийн халуун болох тохиолдол бий. Өвөл дунджаар 25-30 хэмийн хүйтэн. Өвөл цельсийн -50 хэм хүйтэн болж байсан тохиолдол байжээ.  
Орчин үеийн Астана хот байрлаж байгаа энэ газар нь эрт дээр үед тэмээн жинчид дамжин өнгөрдөг цэг байжээ. Археологичид төмөр, хүрэл зэвсгийн үед хамаарах эд өлгийн зүйлийг малтлагаар олж байжээ. Астана хот байгаа газар манай тооллын VII-VIII зуунд жижиг суурин байсныг гэрчлэх баримт олдсон байна. Дараа нь ямар нэгэн шалтгаанаар суурин эзгүйрч хаягджээ. XII-XIV зуунд энэ газар дахин суурьшлийн бүс сэргэжээ. 1830 онд өнөөгийн Астана байгаа энэ газар Акмолинск гэж нэрлэсэн цэргийн бааз байрлаж байв. 1862 он гэхэд энэ газар цэргийн бааз төдийгүй худалдааны томоохон суурин болж өргөжсөн байна. XX зууны дунд үеэс атар газрын эзэмших хөдөлгөөн өрнөсөн он жилүүдэд Целиноград гэж нэрлэжээ. Газар тариалан эрхэлж байгаа сангийн аж ахуй эргэн тойронд нь байсан бөгөөд гол төв нь энэ хот болжээ. Казахстан улс тусгаар тогтнолоо зарласны дараа 1992 онд Целиноград гэх орос нэрээс татгалзаж, Акмола гэх казах нэрийг нь эргүүлэн өгчээ. 1997 онд Акмола хотыг Казахстаны нийслэл хот гэж зарласан байна. 1998 оноос Астана гэж шинэ нэр өгчээ. Астана гэдэг казах үгийг монгол хэлнээ хөрвүүлэх юм бол "нийслэл" гэсэн утгатай. 2019 онд Астана хотын нэрийг Нур-Султан гэж өөрчилжээ. Гэвч 2022 онд Астана гэдэг нэрийг нь буцааж өгсөн байна.

 
1998 оноос Астана хотын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөжээ. Орчин үеийн загвартай шилэн тэнгэр баганадсан барилгууд, цагаан гантиг чулуун өнгөлгөөтэй мусульман шашны сүм олон бий. 

Астана хотод Ерөнхийлөгчийн ордон, Засгийн Газрын ордон, Парламентын ордон, Үндсэн Хуулийн шүүх гээд бүх төрийн гол байгууллагууд бий. Хотын төв хэсэг нь шил толь болсон цэвэрхэн. 

Астана хотын ерөнхий төлөвлөгөөг Японы архитекторч Кисё Курокава (Kisho Kurokawa) боловсруулжээ. 1997 онд Казахстаны төр шинэ нийслэл хотын зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж, 40 орчим баг оролцжээ. Японы архитекторч Кисё Куракава хотын зүүн, баруун эргийг ашиглан шинэ хуучин гэсэн хоёр зааг гаргаж, гол тэнхлэг нь Ерөнхийлөгчийн ордон, Байтерек цамхаг болжээ. 


Сонирхуулахад улсынхаа төв хотыг "нийслэл" гэж албан ёсоор нэрлэсэн хоёр улс бий. Энэ нь БНСУ-ын төв хот Сөүл, Казахстаны төв хот Астана.  Гэхдээ нийслэл гэдэг үг орсон хотууд дэлхийд бий. Жишээ нь Японы Токио хот (東京). Монголоор "Дорно зүгийн нийслэл" гэсэн утгатай. Хятадын Бээжин (北京) хотын нэрийг үгчилж орчуулах юм бол "Хойд зүгийн нийслэл", Нанжин (南京) Өмнөд нийслэл гэсэн утгатай.  
Астана хотод ирсэн 2025 оны 8 дугаар сарын 8 бол баасан гараг байлаа. Баасан гарагт ихэнх хүмүүс орой үдшийн цагаар хаана их цуглардаг билээ? Хүмүүс их цуглардаг газар руу би ч гэсэн очсон.  Энэ тухай дараа үргэлжлүүлээд бичье.

2025-10-08

Казахстан улсад: 5 дугаар хэсэг. Шымбулак оргил - Далайн түвшнөөс 3200 км өндөрт

2025 оны 8 дугаар сарын 8. Зочид буудалдаа өглөөний цай уугаад чемоданаа чирээд гарлаа. Одоогоос 2 жилийн өмнө Тайландын Пхукет арал дээр аялж явахдаа санаандгүй танилцсан казах найз маань машинтайгаа ирлээ. Амьдрал гэж сонин юмаа. Гэнэтийн байдлаар танилцсан гадаад хүнтэй 2 жилийн дараа түүний эх оронд нь уулзах гэж... Тэр Казахстаны иргэний агаарын тээврийн Air Astana компанийн нисэгч. Боинг 767, Airbus 320 загварын онгоц жолооддог. 2023 онд Алматы хотоос Пхукет чиглэлд онгоцоороо нисэж ирээд 3 хоног амарч байх үед нь танилцаж байсан юм. Яг л эртний найзууд шиг дотно байдлаар уулзлаа. Алматы хот ямар байна? Казахстанд ирсэн сэтгэгдэл ямар байна? Хотод хаагуур явсан бэ? гэж асуув. Ингээд миний хариултыг сонсоод миний очиж үзээгүй газруудаар дагуулаад явах болов. 

 


Алматы хотод "Абылай хан өргөн чөлөө" гэдэг гудамж бий. Энэ бол хөл хөдөлгөөнтэй том гудамжны нэг нь.  Панфилова, Желтоксан гудамжны дунд нь энэ өргөн чөлөө байдаг. Абылай ханы өргөн чөлөө нь өмнөд хэсэгтээ Абай өргөн чөлөөтэй нийлдэг бөгөөд уузвар дээр нь Казахстаны үндэсний номын сангийн орчин үеийн барилга бий. Харин Абылай хан өргөн чөлөөний хойд хэсэгт нь "Алматы 2" гэж нэрлэсэн төмөр замын өртөө байрладаг.  Абылай ханы өргөн чөлөө бол Алматы хотын хуучны гудамж бөгөөд социалист нийгмийн үед барьсан Грек, Ром хэв маягийн баганатай 3-5 давхар барилгуудыг олж харах боломжтой. Хотын төв нь гэсэн үг. Алматы хот Казахстаны нийслэл байхад энэ гудамжинд Засгийн Газрын ордон, төрийн байгууллагууд, яам, тамгын газар төвлөрч байжээ.  Дараа нь казах найз маань намайг дагуулаад Кабанбай батыр гудамж руу явлаа. Энэ гудамжинд солонгос гаралтай дуучин Виктор Цой-н хүрэл хөшөө бий. Энэ хөшөөг 2018 оны 6 дугаар сарын 21-нд энд байрлуулжээ. "Игла" (Зүү) уран сайхны киноны 30 жилийн ойг тохиолдуулан хөшөөг бүтээжээ. "Игла" уран сайхны киног Казахфильм студид 1988 онд бүтээсэн юм. 


Виктор Цой гэж энэ дуучны намтраас нь товч бичье. 1962 оны 6 дугаар сарын 21-нд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотод төрсөн. Солонгос гарал угсаатай. Аав нь солонгос, ээж нь орос бүсгүй байжээ. Виктор Цойгийн аавын талын өвөг эцэг Цой Ён Нам нь Солонгосын хойгт өнөөгийн БНСУ-ын Вонжу хотын орчимд ажиллаж амьдарч байгаад Орос руу шилжин ирсэн байна. 1907 онд Цой Ён Нам (1893-1917) Солонгосын хойгоос Оросын Владивосток хотод иржээ. Төдөлгүй Анна Васильевна Югай гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна. Харин ээжийн талын өвөг эцэг нь Филимон Алексеевич Гусев (1880-1939) Оросын алс дорнодын бүс нутагт шилжин ирсэн тариачин байжээ.  Тэрээр 1905 онд Орос-Японы дайнд татагдаж, улмаар цэргийн байгууллагад насаараа ажиллажээ.  
Виктор Цойн удам угсааны тухай товчхон дурдвал ийм. 
Виктор Цой "Кино" хамтлагийг үндэслэн байгуулсан дуучин. Хамтлагийнхаа ихэнх дууны ая, үгийг Виктор Цой зохиожээ. "Кино" хамтлаг бол тухайн цаг үедээ нийгмийн томоохон үзэгдэл болсон гэж урлаг судлаачид тодорхойлдог юм байна.  Ази гаралтай зүүн Европт төрж өссөн хөгжмийн авьяастай залуугийн уран бүтээлд Брюс Ли багагүй нөлөө үзүүлсэн байна. Учир нь Виктор Цой Хонгконгийн кино жүжигчин Брюс Лигийн шүтэн бишрэгч нь байжээ.  Хамтлагтаа дуулахаас гадна Виктор Цой кинонд тоглосон юм. 1988 онд "Игла" киноны гол дүр тоглосон бөгөөд 1989 оны шилдэг кино жүжигчин гэж "Советский экран" ("Зөвлөлтийн дэлгэц") сэтгүүлд бичиж байв. Латви улсын Тукумск гэдэг газар 1990 оны 8 дугаар сарын 15-нд Виктор Цой явж байхдаа зам тээврийн ослоор нас баржээ. 
Виктор Цойд зориулан бүтээсэн хөшөөг үзээд дараа нь Алматы хотын өмнөд хэсэг рүү машинаар давхив. Ер нь Алматы хотын өмнөд хэсэг нь чинээлэг хүмүүс нь амьдардаг хувийн байшингууд, тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол нь байдаг юм байна.


Алматы хотын өмнөд хэсэгт байдаг  өвлийн спортын цогцолбор "Медео"-д ирээд, тэндээсээ дүүжин тээвэр (cable car)-д суугаад уул руу өгсөв. Cable car-аар зорчих тасалбарын үнийг казах найз маань төлсөн учраас үнэ ханшийг нь тогтоосонгүй. Ямар ч байсан 3 удаа сэлгэж суусан. 


Медео спорт цогцолбороос дээш Шымбулак гэж нэрлэдэг жуулчны бааз руу cable car нийт 4.5 км  зам туулдаг байна. Энд жуулчдад зориулсан амралтын газар, ресторан бий. 


Алматы хотод ирсэн жуулчид төдийгүй, хотын оршин суугчид амралтын өдрөөр Шымбулак оргил руу явган аялал хийж, цэвэр агаарт гарцгаадаг байна.


Энэ газар далайн түвшнөөс 3200 м өндөрт.  Дүүжин тээвэрт сууж дээш гарч ирэхэд ууланд агаарын температур нь хүйтэн байлаа. Казах найз маань намайг өмс гээд илүү цамц авч явжээ. Үүргэвчнээсээ тэр цамц гаргаж өгөв. Хүйтэн байсан учраас би өмслөө. 
Би амьдралдаа анх удаа л мөнх цаст ууланд ингэж ойрхон очиж үзэв. Дээш гарахад агаар сийрэг, хүчил төрөгч бага  гэдэг нь мэдрэгдэж байлаа. Жаахан эрчимтэй хурдан алхах юм бол дорхноо амьсгаадаж, хүчил төрөгчийн дутагдалд орох юм билээ. Энэ өндөр уулын наад бэлд нь ирэхэд л амьсгалахад жаахан хэцүү болов. Өндөр ууланд авирдаг тамирчдад ямар хэцүү байдаг нь ойлгомжтой. 



Сүрлэг уул юмаа гэж бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Зураг хараад бүрэн мэдрэмж авахгүй юм билээ. Бодит байдал дээрээ илүү сүрлэг, хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан шүү.



Алматы хот тэртээ доор... Хотын дээгүүр бүхэлд нь нарийн ширхэгт тоосонцор тогтжээ. Яг л Улаанбаатар шиг.


Дараа нь бид дүүжин тээвэртээ суугаад доош буулаа. Казахстаны үндэсний хэв маягаар тохижуулсан ресторанд өдрийн хоол идэв. 


300 жилийн өмнө барьж байгуулсан чулуун байшинд энэ ресторан ажилладаг юм байна.



Хоол идэнгээ бид Монгол Улс, Казахстан Улсын нийгэм, хүмүүсийн аж амьдралын тухай ярилцаж суув. Дараа нь би монголоос авч ирсэн бэлгээ найздаа өгөв. 



Хоолны дараа найз маань намайг нисэх онгоцны буудал руу хүргэж өгөв. Алматы хотод байх төлөвлөсөн өдрүүд маань дуусаж би дараагийн хот руу явна.  Онгоцны нисэгч найзтай байх сайхан юм аа. Нисэх буудлын гадаа ирмэгцээ ажилчид машинаа байрлуулдаг талбайгаар дамжин нисэх буудлын барилга руу оров. Казахстаны иргэний агаарын тээврийн Air Astana компанийн онгоцоор Алматы хотоос Астана хот руу нисэх тийз надад байгаа юм. Ингээд казах найзтайгаа дахин уулзах ерөөл тавиад би дараагийн хот руугаа нислээ. 

Казахстан улсад FlyArystan, Bek Air гэх мэт нийт 10 орчим агаарын тээврийн компани байдаг юм байна. Ер нь хамгийн  сайн нь Air Astana. 
Үйлчилгээ нь боломжийн сайн юм билээ. Алматы хотоос нийслэл рүү нь 2 цаг гаруй нисээд хүрсэн. Орон нутгийн нислэг, бас ердөө 2 цаг орчим тул халуун хоолоор үйлчилсэнгүй. Харин ундаа, цай, жүүс, шоколад, пирожокоор үйлчилж байсан.



Алматы хот надад таалагдсан. Улаанбаатартай харьцуулахад том хот. Гэхдээ харьцангуй цэвэрхэн, хүмүүс нь эелдэг юм шиг санагдсан. Дахиад Алматы руу ирэх үү? гэж асуувал би "Очно оо" гэж хариулна. За ингээд тун удахгүй Казахстаны нийслэл Астана хотын аяллын тэмдэглэлийг  минь уншаарай.